Saturday, November 1, 2008

ДЭЭДСИЙН ҮЛГЭР ЛҮҮ НЭВТРЭХҮЙ




Оюун билгийн аливаа сод туурвил нь нэгэн улс үндэстний хүрээнээс хальж, тив дэлхийн соёлт хүмүүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдэн догдлуулснаар мөнх хутаг олдог жамтай билээ. Орон зайн хязгааргүйг гэтэлж, цаг хугацааны алсаас бидний үед хүрч ирсэн суут бүтээлүүдийн нэгийг та дэлгэж байна.
Английн утга зохиолыг үндэслэгч, сэргэн мандалтын үеийг эхлүүлэгч, англи хэлт яруу найргийн анхдагч их дууч Жеоффрей Чосер (1340-1400) дэлхийн соёлын түүхнээ алтан үсгээр бичигдсэн агуу их хүмүүн бөлгөө.
“Кентерберийн туульс” хэмээх 24 шүлэглэсэн туужаас бүрдсэн их хөлгөн судараа Ж.Чосер 1386 оноос эхлэн насан төгс хүртлээ 14 жилийн турш туурвижээ. Эртний гүн ухаантан Аристотелээс эхлэн дэлхийн алдар суут хаад, жанжид, эрдэм билигтнүүд зэрэг агуу их хүмүүсийн түүх домог, онцгой үйл явдлуудын товчооныг үнэн бодит явдлаас ургуулан уран сайхны дүрээр, англи хэлний яруу баялгаар бүтээсэн түүний туурилууд цаг хугацаа, түүхийн хатуу шалгуурыг даван туулж XXI зуунтай золгосон байна.
Алдарт “Кентерберийн туульс”-ын нэгэн тууж болох “Дээдсийн үлгэр” бол дэлхийн агуу их хүмүүн Чингис хааны тухай өрнө дахинд дуулсан яруу найргийн ууган туурвилын нэгэн болой.
Ж.Чосерийн амьдарч туурвин бүтээж байсан цаг үе нь Тогоонтөмөр ухаант хаан Юань улсыг захирч монголын судар ном бичиг шастир цэцэглэн дэлгэрсэн хийгээд, бас Юань улс доройтон мөхөж асан цаг үетэй давхцаж буй бөгөөд түүхэн ийм цаг үед Чингис хааныг туужийн гол баатар, үлгэрлэгч болгон зохиолын төвд хөрөглөн тавьсан нь санаандгүй хэрэг бус аа. Чингис хаанаар үлгэр болгосон “Дээдсийн үлгэр” англичуудын оюун санааны амьдралд нөлөө үзүүлээд зогсоогүй, Британийн эзэнт гүрэн мандан цогцолоход Чосерийн энэхүү суут бүтээлийн оролцоо буй хэмээн зарим судлаачид тэмдэглэсэн байдаг нь учиртай.
Ж.Чосер “Дээдсийн үлгэр”-ийг бичихдээ Марк Пологийн аяллын тэмдэглэл хийгээд, дэлхийн хамгийн хүчирхэг орон Юань улсаас өрнө рүү нээсэн соёлын хаалга ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Америкийн нэрт эрдэмтэн Чингис хаан судлаач Жек Ведерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх бестселлер болсон судалгааны томоохон номоо Ж.Чосерийн “Дээдсийн үлгэр”-ийн оршил хэсгээр эхэлсэн байна. Ер нь өрнө зүгийн сүүлийн үеийн түүхийн бүтээлүүдийг үзэхэд түүхэн цаг үеийн амьд тусгал болсон яруу найргийн сонгодог мөр бадгаар ишлэл авсан нь олонтаа. Яруу найраг бол цаг хугацаа орон зайн хязгааргүй алсыг тогтоон бичиглэсэн шидэт агшин юм.
“Дээдсийн үлгэр”-т гарч байгаагаар Чингис хааны асарт харийн хөлөг баатар гэв гэнэт гуулин биетэй хүлэг морьтой нисэн ирж байна. Араб Энэтхэгийн их хаан Монголын эзэн хаанд энэхүү шидэт гуулин морь, далдыг тандан мэдэгч толь, мунхагийн харанхуйг тас татагч илд, мөн хааны гүнжид шувууд жигүүртний хэлийг мэдэгч бөгж тэргүүтнийг бэлэглэж байгаа нь XXI зууны интернэтийн дэвшил, халаасны цахим орчуулагч, тив алгасан онгоц пуужингаар зорчих тэргүүтнийг зөгнөсөн мэт.

Тэнгист яагаад таталт түлхэлт болдгийг
Тэнгэрт яагаад манан будан бүрхдэгийг
Тэнд энд яагаад үер уруй буудгийг
Энэ бидний үе тааж ядан явавчиг
Ирээдүй хойчийн хүмүүс танин мэдэх бизээ

хэмээн эзэн Чингис хэлж байгаа нь шинжлэх ухааны танин мэдэхүйн ирээдүйн хөгжлийг зөгнөн гэрээсэлсэн мэт буюу. Чухам үүнээс үзвэл Ж.Чосер агуу их зөнч найрагч ажгуу. Харийн зочны хүлэглэсэн гуулин морийг эзэн хааны ордныхон шинжин тандахдаа “Pegasus” буюу эртний Грекийн үлгэрт гардаг туурайн төвөргөөнөөс нь яруу найргийн онгод дэвэрдэг жигүүрт хүлэг байх хэмээн таамаглаж буй нь монголчуудын яруу найргийн зөнч мэдрэмжийг хэлсэн гэлтэй. Бас мөнөөх онцгой толийг үзсэн хүмүүн:

Олон өнцөгтийг цараанд нь зөв суулгасан
Орох гэрлийг доош нь дээш нь солбисон
Ойх тусгалын хуулийг оноож яг чадсан
Одон оронч Альхазен, Вителло, Аристотель нарын
Онол номын дагуу бүтээсэн толь байна


хэмээвэй. Энэ нь чухам физикийн призм хэмээх талстыг санагдуулна. Жан Коктоугийн яруу найрагчийг призмтэй адилтгасантай жишиж тунгаан үзвэл тэрхүү шидэт толь нь яруу найргийн увдис буюу шидэт чанар бололтой.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн онд эзэн Чингис хааны эрдэм билиг, оюун сүлд эргэн залрах мэт олон чухал тэмдэглэлт үйл явдал монгол оронд тохиосны нэг нь Ж.Чосерийн “Дээдсийн үлгэр” эзэн хааны эх хэлнээ амилан хөрвөсөн явдал юм.
Монгол Улсын нэрт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Дамдины Бямбаа эх оронч эр зориг гаргаж хэн хүн зүрхлэн барьж авмааргүй нэвтэрхүйеэ бэрх үгийн оньс шидээр сүлжсэн мөнөөх туульсийг орчуулан толилуулбай. “Дээдсийн үлгэр”–ийн энэхүү орчуулга дэлхийн сонгодог яруу найрагч Ж.Чосерийн “Кентерберийн үлгэр”-үүдээс монгол хэлнээ гарч буй анхны бүтээл болохынхоо хувьд төдийгүй шүлэглэх уран чадвар, монгол хэл, яруу найргийн боломжийг чадамгай илэрхийлсэн шилдэг орчуулга болсон гэж үзэж болно. Орчуулагч бээр “Дээдсийн үлгэр”-ээс өмнө мөн Английн их яруу найрагч Самуэл Тейлор Колерижийн “Хубилай хаан” хэмээх алдарт шүлгийг орчуулсан нь яруу найргийн боловсролтой соёлт уншигчдын талархалыг хүлээсэн болно. Чухам тэрхүү урам зориг нь “Дээдсийн үлгэр”-ийг орчуулах тэнхээ болсон нь лавтай.
“Дээдсийн үлгэр” Д.Бямбаагийн орчуулгаар анх нийтлэгдсэнээс хойш дорхноо л монголын хэвлэл мэдээллийн орон зайд хүндтэй байр эзлэж эхлэв. Хэдийгээр нэгэн жил гаруйхан хугацаа өнгөрөөд байгаа ч “GUNU”, “Өнөөдөр”, “Дал”, “Зууны мэдээ” зэрэг арав гаруй сонин сэтгүүл, эмхэтгэлд нийтлэгдэж, Дундад Улсын “Дэлхийн уран зохиол” сэтгүүлд монгол бичгээр гарчээ. Түүгээр ч үл барам “Их Монгол -800”-ийн оргил үйл явдал болох хамгийн шилдгийг шалгаруулах цэнгүүнийг “Дээдсийн үлгэр”-ийн оршил хэсгээр нээсэн нь учрал тавилангийн зураг төөрөг буюу. Монголын ахмад үеийн нэрт яруу найрагч Д.Бямбаа гуай маань “Дээдсийн үлгэр” болоод “Хувилай хаан” хэмээх дэлхийн яруу найргийн очир эрдэнэс болсон туурвилуудыг эх хэлээрээ яруу төгс буулгасан нь монгол орчуулгын яруу найргийн эрдэнэсийн санд орох нь магад буюу. Тэрбээр яруу найрагч туурвин цогцлоохын ид хавыг эзэмшсэн уран бүтээлч болохоо энэ бүтээлээрээ нотлон харуулж чадвай.


2006

No comments: