Tuesday, January 6, 2009

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларч буй
Тэртээх үүлс манайх руу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр ч бас тэрүүхэн дээрээс ширтэнэ.
Мөнгөн гүцэнд охь сөгнөе, аршаан болтугай
Алтан хундаганд дүүргэж адислая, аз жаргал орштугай.

Бэлгэтэй үг хэлэхэд булингартай ус тунгалагшдаг
Ерөөлтэй хүмүүс учрахад ертөнцийн магнай тэнийдэг
Буурцагт хорвоогийн үр бүхэнд төлжихийн шалтгаан оршдог
Бууралтахуйн жам нь шинэдэхүйн цагийг хүлээн зөвшөөрдөг
Бутарч сарнихуйн зохисгүйг эвсэн бүтэхүйд найрсуулмуй
Бурангуйн мунагийг ариусахуйн чанарт шилжүүлмүй.

Гадаад оршихуйн хаан суудал тань уул мэт байг
Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй
Дотоод оршихуйн амар амгалан тань тэнгэр мэт байг
Хүмүүний заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй
Буцахуйн гунигланг ирэхүйн инээмсэглэлд урвуулмуй
Будангуйрахуйг тунгалагшихуйд одуулмуй.

2008

No comments: