Monday, February 9, 2009

ЧИНГИС ХААНЫ ТАМГАТАЙ ЗАРЛИГ ЦАГААН ҮҮЛИЙН СҮМД БУЙ


Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө Хятад газрын зүүн өмнөд аглагт даяанчлан суугаа Бомбын шашны хутагт Чан Чунь аршид урилга илгээжээ. 1219 оны билгийн улиралын таванд тэр цагт төрийн бичиг болох монгол бичгээр үйлдсэн эл урилгын бичиг Бээжин хот дахь Цагаан үүлийн сүмд 790 дэх жилдээ нандигнан хадгалдсаар буй ажээ.
Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлдмүй
Дэлхий дахины илбэн засахын тулд оюунт мэргэдийг залмуй
хэмээсэн гүн яруу утгат үгс бүхий энэ захидалд түмэн уулыг давж, мянган голыг гатлан явж Чингис хаантай уулзан найман сарын турш шадарлан дэлхийн эзэнд ном айлдсан Чан Чунь бомбо гэж хэн байсаныг товч тодорхойлсныг үзвэл “Сурвалжилан мэдвээс Цю багш / Чан Чунь/ чиний дүр байдал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёсон ариун, зан төлөв эрхэм, Богд хүний оворыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ” хэмээсэн байна. Чингис хаан Чан Чунь аршийг урьж буйн учир шалтгаанаа захидалд дурдахдаа “Багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн ажааралгүй миний бие сэтгэлийг тохинуулах бодлыг өвөрлөн морилон ирвээс таны ширээн дээр хаан би биеэ ариутган үйлчилж багшийн сургаалийн эрхэмлэн хүлээмүй” гэжээ.
Монголын түүхийн ховор чухаг дурсгалт бичгүүдийг хадгалан бүхий Цагаан үүлийн сүмийг бид зоривой. Бээжин хотын баруун урд дүүрэгт орших бомбын /даогийн/ шашны энэ сүмийг Чингис хаан мэддэг байсан ажгуу. Бээжинд суугаа эрдэмтэн, нэрт орчуулагч Я.Ганбаатар биднийг газарчилан монголын түүхийн халуун мөрийг гэрчлэх дурсгалт газруудаар аялуулсны нэгэн сондор нь энэ болой. Чингис хаан энэ сүмийг хутагт Чан Чунь аршид соёрхон бэлэглэсэн гэх бөгөөд хожим нь Чан Чунь аршийг жанч халахад энд нь бунхлан оршоосон юм байна. Чан Чунь аршийг жанч халахаас гурван сарын өмнө тэнгэрт хальсан их эзэн Чингис хаанд зориулсан тахилын сүмийн үүдэнд Чингис хаан отгон хөвгүүн Тулуй төр барьж бүхийдээ 1228 онд үүнийг бариулсан тухай хятад англи хэлээр бичсэн байх юм. Сүмийн нэг дуганд “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн дагуу уран баримлаар үйл явдлыг томруун сүрлэгээр дэлгэн үзүүлсэн нь энэхүү түүхэн агуу хоёр хүний уулзалтыг нүд хийгээд сэтгэлд энэ тодорхойяа өгүүлэх ажээ.
Чингис хаан морин дэл дээр явж дэлхий дахиныг төвхнүүлэн тохинуулж дуусах цаг нэн дөхсөн хийгээд насны наран дээр хөөрсөн цаг дор тухайн үед ихээхэн алдартай хувилгаан Чан Чунь аршийг урьж мөнхрөх хийгээд урт наслахын ухааны таньж мэдэхийн хамт мориноосоо буугаад улс хотлоор амар тайван аж төрөхүйн мэргэн сургааль юуныг өөрөө болон мэргэд сайдууддаа айлдуулахыг нэн их хүсч байжээ.
Чан Чунь арш улс, хотлоос урилга заллага олонтоо авсан боловч Чингис хааны урилгыг эрхгүйеэ хүлээн аваад нас хэвийсэн 73-ны жилдээ 20 шавиа дагуулан алсын аянд гарч бараг хоёр жил аялан одоогийн Афганстаны нийслэл Кабул хотын хойш этгээд дэх Гиндугушийн нуруунд 1222 оны өвөл очиж Чингис хаантай уулзсан Чан Чунь аршийг дагалдан явсан шавь Ли Чжаны замын тэмдэглэл хожмоо “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээн алдаршсан сурвалж бичгээс үзвэл Чан Чунь, Чингис хааны дэргэд бараг найман сар орчим байж олонтоо уулзаж, зам мөрийн сургааль хийгээд урт наслахын нууцын талаар ном айлджээ. Чан Чунь бомбын тэмдэглэл бичсэн нь Бомбыг буцахын өмнөх уулзалт дээр “Хаан хэлсэн нь: “Тэднийг алба гувчуураас чөлөөлөх хэрэгтэй гээд түүнд эзэн хааны тамга бүхий зарлиг гардуулав” гэжээ. Ийнхүү Чан Чунь аршийн Чингис хаантай уулзаад агуу их ээл ивээлд нь багтаж санаж ирсэн хэргээ ч бүтээсэн бөгөөд Чингис хааны зарлигийг дараах аль ч хаан үл өөрчлөх төрийн уламжлал олон зуун жил үргэлжилсэн нь мөнөөх зарлигийн бичиг сүм дор бат хадгалагдахын түлхүүр болсон бизээ. Чингис хааны өрлөг сайдууд болон шадар ноёд ч мөн хэд хэдэн удаагийн айлтгалд нь суусан байна. Чан Чунь Монгол нутгийг зүүнээс баруун тийш нэвт туулан аялахдаа Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны отгон дүү Отчигинтой, Алтайн нурууны ар дах ордод хааны нэгэн хатантай уулзсан хийгээд Хэрлэн голын хөвөөн дэх Киданы суварга бүхий Хэрлэн барс хотын балгасыг үзэж, тэндээс кидан бичигтэй тоосго олдсон тухай зэрэг чухал мэдээнүүд уг тэмдэглэлд буй. Өөр нэгэн сонирхолтой мэдээ бол Алтайн нурууны ард нэгэн балгаст ирсэн бөгөөд тэнд будаа тариалангийн газар үргэлжилэн бүхийг тэмдэглэлд бичсэн нь Чингис хааны зарлигаар Алтайн ард тариа тарьж байсан мэдээтэй таарч байна. Чингис хааны дотнын хүн Чингай чинсан энд Чан Чунийг угтан авч олон цэргээр хамгаалан баруун зүгт хамт аялсан байна.
Чан Чунь энэ хавьд саатан үлдэж Чингис хааныг буцахад нь нь угтах санаатай ахар богино хугацаанд Бомбын шашны олон дугантай сүм бариулсан бөгөөд арга буюу аяндаа гарч, харин есөн шавиа үлдээсэн байна.
Цагаан үүлийн сүмийн хэрмийн дотор талд Чан Чунь аршын аялалын замыг газрын зураг дээр томоор дэлгэн үзүүлснийг үзвээс хутагт бээр орон нутгаасаа их холын аянд мордсон өдөр нь 1219.01.18-ны өдөр байх бөгөөд бидний Цагаан үүлийн сүмийг үзэж буй өдөр нь 2009.01.18-ны өдөр байсныг бэлгэшээн түүхийн нэгэн их чухаг үйл явдлын тэртээ рүү зорчиж орох мэт мэт болбай.
Судлаач, орчуулагч Я.Ганбаатар, түүхч П.Дэлгэржаргал бид хэд сүмийн хэрэм дотор энэ мэтийг сониучирхан үзэж, элдвийг ярилцаж байх зуур бомбын нэгэн залуухан лам хүрэлцэн ирэв. Я.Ганбаатар тэд урьдын танил ажээ. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч энэ сүмд зочлоход тэд уулзсан юм байна. Нас залуухан, эрдэм ном хийгээд ёс мөрд гайгүй нэвтэрсэн болов уу гэмээр залуу бомбо Чан Чунь аршийн зураг дээрх шиг эрүүндээ багашаархан сахал ургуулсныг ажиглав.
Ламын нэр Ли Шинзун гэх бөгөөд сүмийн музейн эрдэм шинжилгээний ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Тэд биднийг монголоос яваа түүх, соёлын ажилтан, зохиолчид болохыг мэдээд
- Та нар Чан Чунь гэгээнтний шавийн бичсэн замын тэмдэглэл, Юлуй Чуцайн
тэмдэглэл сэлтийг үзээ биз ээ. Чан Чунь гэгээнтэн уул нь Чингис хааныг өмнөдөд дайлаар мордох гэж байхад нь тосч уулзая гэж бодож байсан юм билээ. Гэтэл баруун зүгт мордлоо гэсэн мэдээ аваад араас нь аян замд гарсан юм. Харин Чингис хаан Чан Чунь гэгээнтэн хоёрын ярьсан ярианы дэлгэрэнгүй эх нь янз бүрийн номд ороогүй нь хаан өөрөө хэнд ч нууцаа задруулж болохгүй гэж зарлигласан учраас юмаа. Биеийг тэжээх арга ухаан, энх тайван улс орныг засах тухай олон уулзалтын яриа буй гэв.
Бид ч хамгийн гол зүйлээ асуулаа:
- Танай сүмд Чингис хааны зарлиг бичиг хадгалагдаж байгаа гэж дуулсан юм
- Тиймээ Чингис хааны хоёр бичиг байгаа
- Яг эх нь мөн үү?
- Тиймээ, тэгэлгүй яахав яг эх нь!
- Монгол бичгээр байна уу?
- Хоёул монгол бичгээр бичсэн эх байгаа. Нэг нь Чингис хааны Чан Чунь
гэгээнтэнийг залах урилга бичиг, нөгөө нь Чан Чунь багшид энэ сүмийг соёрхсон зарлиг бичиг. Хятад Улсын нэгдүгээр зэргийн түүхийн ховор чухаг дурсгалд бүртгэлтэй байдаг юмаа.
- Хоёр бичиг тамгатай байна уу?
- Тиймээ, хоёулаа тамгатай!
- Бид нар тэр бичгийн эхийг үзэхээр ирсэн юм. Та үзүүлж болгоооно уу?
- Одоо боломжгүй байна. Онцгой хамгаалалтад байх учраас олон газраас
зөвшөөрөл авдаг журамтай. Тахилын сүм, зарим дугануудад засвар хийж байгаа. Удахгүй засвар дуусаад түүхийн энэхүү ховор чухаг эх дурсгалыг үзүүлэхээр дэлгэн тавих болно. Тэгэхээр ирж үзэхийг урьж байна гээд лам ямар нэгэн юманд яаран ажил гарлаа уучилаарай гээд явахдаа нэмж хэлсэн нь:
- Чингис хаан, Чан Чунь гэгээнтэн хоёр их хүний уулзалт өнөөдөр улам бүх
үнэ цэнэтэй, ач холбогдолтой болж байгаа. Энх тайван, дайн дажин, амар амгалангийн тухай олон чухал зүйл ярьсан. Чан Чунь гэгээнтэн Чингис хаан хоёр гуравхан сарын зөрүүтэй тэнгэр болсон. Тэд юу ярьсан, ямар нууц дохиогоор холбоотой байсныг хэн ч мэдэхгүй хэмээгээд яваад өгөв.
Нэн удахгүй манай эрдэмтэн мэргэд найман зууны тэртээх монгол бичиг хийгээд хааны тамганы дардас бүхий нэгэн чухаг дурсгалыг судлан шинжлэх боломжтой болох нээ. Түүхч, соёл судлаач, зохиолч, орчуулагч бид хэд залуу бомбын үгийг алмайран сонсч, нэн хөхүүнээр хөөрөн баясвай. Лам яасан ч андуу хэлэхгүй. Чингис хаан агуу их хүчирхэг тэнгэрийн мутраараа дарсан тамганы дардас бүхий XIII зууны монгол бичиг, түүх соёлын хоёр гайхашигт дурсгал түүхийн товрог дундаас товойн гарч ирэх хугацаа нэн холгүй болжээ хэмээн бид бэлэгшээн ярилцаж тахил шүтээнд нь хүж өргөж сүмийн доторх мянган наст модноос адис аваад эгвэй.
Бээжинд төрийн томилолтоор ажиллах хугацаандаа монголынхоо түүх соёлын олон дурсгалын тухай судалж сурвалжилан сайхан ном бүтээлүүд туурвисан Я.Ганбаатар гүүш маань Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг монгол хэлнээ орчуулж дуусаад байгаа аж. Энэ тэмдэглэл дотор Чан Чунь гэгээнтэний бичсэн олон сайхан шүлэг монгол нутаг, монгол ахуй, монгол газарт төрсөн гүн сэтгэгдэл, түүхэн эгшинүүдээр дүүрэн гэнэ. Чан Чунь гэгээнтэний монгол газар бичсэн шүлгийн бадгаас Я.Ганбаатарын орчуулгаар толилуулбай.
Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад
Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.
Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа
Охьюу өнгөт шүхэр усан болорыг хүлхэх мэт ээ.
Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,
Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.
Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч
Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй
Монголын хөх тэнгэр доор, мөрөн голын уснаас нь амсаж, цэнгэг агаараар нь амьсгалж бичсэн хутагтын шүлгүүд хүн төрөлхний яруу найргийн сан хөмрөгт ийххүү найман зууны дараа орж ирвэй. Түүх алсрах тусмаа бүдгэрдэг бус, агуу их түүх бол харин түүхийн манан дундаас гэрэлтэн тодордог хувь тавиланг, мөнх тэнгэр адисласан бус уу.
Профессор Г.Мэнд-Ооёо
Бээжин, 2009.01.22

1 comment:

namuuhai said...

Эрхэм ахын энэ өдрийн амгаланг эрье. Энэ ямар сайхан мэдээ вэ. Их хааны зарлигийг нүдээр үзэх нь удахгүй болох нь ээ. Энэ хоёр бичиг Чингис хааны түүхтэй холбоотой цорын ганц биет зүйл нь байхаа даа. Монголчуудын хувьд их үнэт зүйл байна даа. Манай засгийн газар эрдэмтэд судлаачдаа явуулж энэ талаар улам тодорхой болгох байх гэж найдаж байна. Таны уран бүтээлд амжилт хүсье.