Saturday, September 19, 2009

ЧУЛУУН ХҮН БА ИНТЕРНЭТ

Цахим дэлгэцний араас өндийж хээр тал руугаа давхилаа
Цаг цагаараа байсангүй, нутгийн өвгөд эзгүй…
Цахилдаг хөхөрч ахуйд эндээс мордсон юмсан
Цагаан дэрсний ёзоорт хазаар өвс хунгарлажээ.

Цахиур алаг толгодынхоо хормойг дэвсэн
Цайдам хөхөлбөр хөндий руу хөлөө жийлээ
Интернэтээр дэвэн дэлхийг хэсүүчилсээр би ядарчээ
Ийм тэнүүн билүү, миний нутаг чинь!...

Түмэн оны цаадтай ямархан нэг шалтгаанаар
Түүхийн хөсгөнд сууж гурав дах мянганыг алхсан
Чулуун хүний байдлыг дахин нэг ажиглахад
Чухам миний гарваль чулуун илтэст нь орших мэт

Хөшгөн цагаан зэрэглээ хөх уулсаас уйдаж
Хөндий тал руу шилэрсэн ингэ шиг хулжжээ
Цагаан дэрст довондоо чулуун хүн үнэнчээр
Цавьдар тоосны будан дунд торойжээ!

Өдий мянган жил үүдэж, мөхөх ээлжлэхэд
Өтөл чулуун зүрх л юунд ч эс догдолж
Өмнөх зуунуудын өвтэй, цөтэй явдлыг
Өнөөх чулуун хүн ярихгүй хэмээн жимийжээ!

Өдтэй бичиг Хар хорумаас моринд мордоод
Өдөртөө Евразийг сүлжиж ниссэн XIII дахь зуун!
Ийм санаанд багтамгүй хурдыг
Интернэтээс өмнө хүлгийн дэл дээр атгажээ!


Чилсэн биднүүс интернэтээсээ уйдах цагт
Чимээгүй хотдоо нэг нэг чулуу босгож очно оо
Хойно хойноосоо цувсан чулуун хуаран ч яахав дээ
Хойчийнхонд энэ чулуун хүн л содон!

Жирийн амьдарсан биднүүсийн толгой дарсан чулуу
Жил жилийн тоосонд булагдаж орхих нь магад аа
Гудайлгүйхэн зогссон энэ ганц чулуун хүн л
Гурав дахь мянганаас биднийг нулимсгүй үднэ ээ!

Интернэтээр дамжаад зуун болоод мянган руу зорчих яах вэ?
Ийм л гүдэсхэн чулуун өвгөдөөрөө дамжаад
Цагаан дэрст хаваржаандаа жилийн жилд очиж
Цахилдаг хөхөртөхийг өнжин хонон харамзэй!

3 comments:

... said...

Алдрын титэмт яруу найрагч” цол хүртсэн таньд баяр хүргье

Anonymous said...

"Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана?
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахаын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана." Ene muruud setgeld uuriin gegee zurhnii
aizam aylguug egshigluulej baina aa..Bayralaalaa Gegeen
ah aa!

Jambal said...

"Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана?
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахаын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана." Ene zurhnii aizam setgeld gegee asaaj tuner haranhuin dund anivchih gegeen zul bolj baina minii setgeld! Bayarlaalaa!