Tuesday, November 10, 2009

ГОВИЙН ГУРВАН САЙХАН

... Цагаан шөнө урсана...

Гурван цагаан тэмээ гуван гуван алхаатай
Гурвансайхан уул гүвэн гүвэн бараатай
Гурван залуу бүсгүй Гурвансайханд нутагтай

Хойно хойноосоо өвсөн толгой намалзаад
Хорол сарны мяндас туяа намилзаад
Холдож ойртох уулсын бараа шоволзоод

... Цагаан шөнө урсана...

Амгалан шөнөөр тэнгэрийн гоо манлай нь
Арван тавны саран
Алиахан зантай говийн гурван бүсгүй нь
Арван тавны саран
Аялах дууны нь түвшин дүүрнийг хэлбэл ч
Арван тавны саран

... Цагаан шөнө урсана...

Хулсан хуурын аялгуу жиргэн жиргэн айсуй
Холын нэгэн домог сэрэн сэрэн айсуй
Холбоо гурван уул өндөс өндөс айсуй

Хөхөл хөхөл уулс хэлхэлдэн хөлхөлдөөд
Энхэл донхол бартаа ирэлзэн жирэлзээд
Анхил танхил аялгуу эргэлдэн зэргэлдээд

... Цагаан шөнө урсана...

Туяан сортой зогдроо сугсрах тэмээн тэшээ
Туяхан салхины хэлийг хуурдана
Гоо сайхны бэлгэдэл гурван уулын сэвшээ
Говийн нэгэн домгийг хуурдана
Өнө эртний домгоос гурван сайхан хүүхэн
Өнөө бидний сэтгэлийг хуурдана

Гурван сайхан оргилын бутуул бургалж сэртэлзээд
Гурван сайхан бүсгүйд дөхөж ойртож ширтэлцээд
Гурван сайхны домог босож алдан сортолзоод

Бүгээхэн сарны туяанд цагаан алчуур дэрвэнэ
Хуруухан чинээ хулсанд цэн цэн уянга цуглана
Бүдэгхэн шөнийн дунд үлэмжийн чанар тодорно

... Цагаан шөнө урсана...

Өнгө үзэмжийн хослол хөгжмийн хэлээр цогцолж
Байгаль дархан өөрийгөө туурвина
Үүрд мөнхийн гоо нь үеийн үед удамшиж
Хүний сайхан нутгаа туурвина
Хосгүй уянган бүрдэл аяндаа ийнхүү зохицож
Хожмын үлгэр оршлоо туурвина ...

... Цагаан шөнө урсана...

1986 он

No comments: