Wednesday, January 27, 2010

“УТГЫН БОЛОР СҮМ” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭГДЛЭЭ














“Г.МЭНД-ООЁОГИЙН УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД”- ИЙН ХӨТӨЛБӨР
“УТГЫН БОЛОР СҮМ” УРАН БИЧЛЭГ, БИЧИГ СОЁЛЫН
ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭГДЛЭЭ.



Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн соёл, утга зохиолын олон талтай олон талт үйл ажиллагааны нэгэн хэсэг болох монгол яруу найраг хийгээд уран бичлэгийн найрсал хослолыг харуулсан “Утгын болор сүм” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15 цагт Монголын уран зургийн галерейд боллоо.
“Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн хишиг өдрүүд”-ийн нээлт болж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэв.
Үзэсгэлэнг нээж, МУГЖ, нэрт хөгжмийн зохиолч, МУЗ-ийн тэргүүн Н.Жанцанноров үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ “Монголын ард түмний олон зуун мянган жилийн турш бүтээж буй болгосон морин хуур, уртын дуу, бичиг соёл оюуны билгийн эрих болсон ном судраа эрхэмлэн дээдлэх дэмжин тэтгэх нь манай төрийн уламжлалт эрхэм дээд бодлого билээ.
Өнөөдөр монголын жилийн нэгэн сэхээтэн яруу найрагч өөрийн бичиг ном, яруу найраг, соёлын ажил үйлсээ дэлгэн танилцуулж оюуныхаа ертөнцийг бүтэн долоо хоногийн турш өглөг хишиг болгон хүртээх соёлын томоохон үйл явдал болгон зохион байгуулж байгааг нь хувьдаа эх оронч сайхан үйл хэмээн үзэж дэмжиж байна” хэмээв.
Яруу найрагчийн 30 жилийн тэртээ туурвисан “Дэлхий Ээж” дуундаа зориулан бүтээсэн Дэлхий Ээж тамганы анхны дардасыг ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид барив.
Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын оюуны мэргэд, уран бүтээлчид, хэвлэл мэдээлэлийн 200 гаруй хүмүүс хүрэлцэн ирж үзэж сонирхлоо.
Үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна, Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулсан өнөө үеийн монголын уран бичлэгийн төлөөлөгчид болох Д.Баттөмөр, Жалайр Батбаяр, С.Бадрал, Д.Ганбаатар, Ж.Түвшинжаргал, Д.Болдгарав Б.Буд Ц.Тамир нарын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд, мөн Г.Мэнд-Ооёогийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэг нийт 80 орчим бүтээл дэлгэгдсэн байна.
Уг үзэсгэлэн 02-р сарын 03 хүртэл үргэлжилэх бөгөөд Та бүхнийг хүрэлцэн ирж сонирхохыг урьж байна.

О.Мөнхнаран

2 comments:

Anonymous said...

Уншигч, үзэгч олон түмэндээ уран бүтээлээ дэлгэн тавьж гэгээлэг, сайхан хишиг өдрүүдөө толилуулж буй Монголын соёлын нэрт зүтгэлтэн Танд чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Уран зургийн галлерейд болсон нээлтийн ажиллагаанд оролцож амжаагүйдээ харамсаж байна. МУБИС дээр болох Эрдэм шинжилгээний хурал, яруу найргийн дотоод сэтгэлийг илэрхийлсэн уншлаганд тань оролцох болно. Монголын яруу найргийн шидэт долгион, нүүдлийн соёлын мөнхийн бүтээлүүд улам бүр гэрэлтэн цацарч байх болтугай.

Хүндэтгэсэн,
Г.Долингор

GUNU said...

Эрхэм дүүгийн эрдэм соёл, буян хишиг арвижих болтугай. Бүх зүйл нээлттэй шүү. Ирээрэй миний дүү. Утсаар чинь ярьсан. Холбогдохгүй байсан.