Friday, May 4, 2007

ОНГОН


ОНГОН
(Nostalgia)



Нэг.

Зэрэглээ яг л өдийд усан цэнхэртдэгсэн, манай нутагт. Хаврын усан цэнхэр зэрэглээ татаад ирэхээр хүн болоод адгуусны дотор өөрийн эрхгүй ямархан нэг гүйдэл оршчихдог байх. Хүлэг морь хаврын нялх ногооны униар татаж, цэнхэр зэрэглээ босохын үесэд л нутгаа тэмцэн гүйдэг хэмээнэ. Хүний үр ч ялгаагүй. Багын нэгэн явдал санагдчихлаа.Онгон сумын бага сургуулийн дотуур байрны хүүхдүүд хичээл тараад Шар бүрдийн “гөлөөн” хэмээх манханд авирч гараад элсний налуу руу гулсаж тоглодогсон. Нэг өдөр ээжийнхээ оёж өгсөн цагаан ямбуун цамцаа элсэнд даруулчихаад олсонгүй. Найз нартайгаа хавийн элсийг ухаж самраад цөхрөнгөө барах үес гэрээ санах өвчин минь сэдэрчихэв. Гүйхээр шийдлээ. Сумын төвийн урд дээрх Шувуун овоот дээр гараад гэрийн бараа туруу юу ч эс үзэгдэх мэнэрсэн их тал руу ширтээд дотроо онгойтол уйлав.
Эргэн тойрон усан цэнхэр зэрэглээ. Зэрэглээ нэг намсан, нэг өндөрсөн хот балгад маань ч эс танигдаж, суудал солбиод илбэ жилбийн орчлон гэдэг л ийм байдаг болов уу гэлтэй. Таньдагаас хоёр алтан хараацай л энүүхэнд юу нэгний эрэх мэт, өмнүүр хойгуур ээрүүлдэнэ. Бодвол мөнхийн усаа л хайж яваа байх. Алтан хараацай мөнхийн ус олоод хүнд өгөх гээд амандаа балгаж явсан юм гэнэлэй. Гайт хар хэрээ цочоогоод зээргэнэ дээр мөнхийн ус асгачихаж. Зээргэнэ мөнх ногоон болж, хүн мөнх бус болжээ. Аав минь энэ домгийг ярьж өгсөн сөн. Их ном сураад мундаг эрдэмтэй хүн болж алтан хараацайн хэлийг сурна. Тэгээд мөнхийн усыг олоод аав ээждээ өгнө… Домгоос ургасан бодлоосоо ичих шиг болж, би чинь эрдэм ном сурч байгаа хүн шүү хэмээн өөртөө сануулаад сумын төв рүү эргэв. Ард морин төвөргөөн сонсогдох шиг болоход эргэн харвал мөнөөх зэрэглээн хот балгад дундаас хөтөлгөө морьтой хүн айсуй. Аав минь намайг авахаар ирж яваа нь тэр санж. Ингэж би гүйж яваа хүлэг морины зовлон, хүнийг ээрүүлдэн нисч буй алтан хараацайн шаналанг мэдэрсэн юм.
Тал нутгийн хаврын зэрэглээ хүмүүний сэтгэлийн амгаланг өөрийн эрхгүй сэмэлнэ. Ингэ ботго буйлах, үнээ тугал мөөрөх, адуу үүрсэх, унага янцгаах… ямархан нэг уян зөөлөн эгшиг зүрх сэтгэлийг амар заяа эс үзүүлэн, уярах хийгээд гуниглах, санаашрах хийгээд мөрөөдөхийн хязгааргүйд төөрүүлдэг байх. Талын хүний хөнгөн гунигтай мөрөөдлийг, хаврын цэнхэр зэрэглээтэй цуг цээжиндээ тээж хүн хүлэг болж дээ, хөөрхий.
Адгуус амьтан битгий хэл, уул ус ч ахан дүүс, амраг садны холбоотой. Бие бие рүүгээ тэмүүлэн таталцах нь ч байгалийн жам ажээ. Дөхмийн бор овоо гэж талд сүндэрлэх майхан цэнхэр уул бий. Аав тэр уулыг Алтан – Овооны дүү юм гэнэлэй гэдэгсэн. Нээрээ ч Алтан-Овоотой адилхан. Ахдаа золгохоор явж байхад нь их цэрэг хөндөлсөн эндээ үлдсэн юм гэнэлэй гэж ах бид хоёрт аав хэлээд “ахан дүүсийн ёс уул усанд ч буй” хэмээн сануулсан юм. Өнгөрсөн хавар мөн л өдийд дөө. Гурван бор манханы өвөрт муу ахыгаа нутаглуулчихаад Онгон элсний алтан бумба шиг олон шаргал бөөрөг, тэртээх зэрэглээнд сүүмэлзэх манан хөөрөг шиг талын таван уул, хурдны морь унаж өссөн Сүжийн хөндийг нулимс цийлэлзсэн нүдэндээ удтал хараачлаад мөнөөх аавын домгийн учгийг хэзээ хойно нэхэн тайлж билээ.
Он цагийн хүрдэн тойрог дотор үхэн төрж, үүдэж мөхөх нь хүмүүний ёс бөлгөө. Аав минь, ээж минь, ах минь алга. Нутгийн минь үлгэр домгоос бүтсэн өвгөд эмгэд ч алга. Ер олон юм алга болжээ. Тэдэнтэй цуг өөрийг минь бүрэлдүүлж байсан нэг хэсэг ч өмрөн алга болсон ажээ. Хүмүүн зөвхөн өөрөөсөө бус өрөөл бусдаас бүрэлдэн оршиж байдгийгаа анзаардаггүй билээ. Ирж буцдаг хүмүүний хорвоод мөнхийн усыг хүртэхийн тавиланг иртэл ертөнцийн жам ёстой эвлэрэн суухаас өөр яалтай. Одоо энд намайг хүлээх нэг ч хүн үгүй болов хэмээн бор манханыхаа орой дээр хамаг гунигаа нулимсаараа угааж тайтгараад боссон сон. Би эндүүрчээ. Нутаг ус бол хүүгээ хүлээхийн гүн ухаан юм. Хүмүүний үр нутгаа тэмцэх нь мөнхийн оршихуйн зөн билиг ажгуу. Нутгийн минь үнэртэй торгон салхин шүлэг нойрын дунд магнай илбэх ээжийн гар мэт санагдаж зүүдэн бие Онгон нутагтаа одмуу.

Хоёр.

ХҮЛЭГ МОРЬ ГАНИХАРЧ
НУТГАА ТЭМЦЭХ ЦАГ ДОР ...




Өвсөн толгойд цан цэцэглэх өвлийн өдрүүд одлоо ...
Өдөн дэрнээс өндийн дорнын тэнгэрийг дурандлаа
Өдийд талын зэргэлээ гүйж, зэргэлээнд хүлэг гүйж яваа!

Соргүй болсон хээрийн өвс соосойж мухайж үзэгдээд
Саргүй шөнө царцсан газраар малын чийр шажигнаж
Сүргүй хэдэн хайлаас навч зүүдэлж байгаа!

Сөөг гурван дэрстэй хөтлийг хөндлөн тэгнэж
Хөөгтатсан алс руу нүүдэл хөтөлж явна гэж
Чийг цонхоор үнэрлээд шөнөжин зүүдэлж хонолоо!

Он жилүүд одох бүрий шуугиант хотдоо идээшив чиг
Орь ганцаар ирсэн би олуул долуул болсон чиг
Онгод найргийн чуулганд одтой, адтай яваа чиг

Эхэн хаврын урь цонхоор шургах төдийхөнд
Ээжийг тавьсан энгэрийн эрээн бут хөдлөх шиг
Элгэн тус газрынэртний хөндүүр сэдэрвэй

Ороон хотын амьдралд хөл тэнцэж босоод
Онгоцхөсгийгхөлөглөж дэлхийн нүүдлийг гүйцсэн чиг
Оорцог толгодын дундах отгийнхоо нүдлийг гүйцсэнгүй!

Дэлхийн нөгөө бөөрөнд дэвээд хүрэх цаг дор
Дээвэрт харшийн дээгүүрх утсан торон дотор
Дэргэд байгаа нутагтаа дэгдээд очихын чөлөөгүй ээ!

Хөөрхий муусайн нүүдэлчид хайрга шороогоор шилбүүрдүүлж
Хөсөг тэрэгний нь дугуй уруудаж өнхөрдөг хаварт нь
Хөлөг онгоц шиг ордондоо хөлгүй найрлаад завгүй ээ!

Элгэн тараг дэлгэрдэг энхжин бумбын улиралд нь
Элсэн дээр нь тарваадахаар эрээн майхантай очдог нь
Эдүү цагийн хотынхны энгийн араншин мөнөө!

Хүлэг морь ганихарч,нутгаа тэмцэх цаг дор
Хөх зэрэглээхөндий уруудаж талруу зулрах цаг дор
Хүний үр л харин эрх чөлөөндөө чөдөрлөгдмүй



Гурав.
Шар бүрдэндээ очихоороо би ямархан нэг юмаа гээчихсэн хүн шиг Онгон элснийхээ манхан сэрвээ, эрэг гангын судаг даган тонгойн алхдаг зантай. Лав л багын хаясан цамцаа хайгаагүй. Улаан эрэг орчмоор алхахад эртний хүмүүсийн ирлэж хийсэн чулуун гилбэрээс авахуулаад тээрэм, нүдүүр, араатан гөрөөс, арслан заантай үзэлцэхдээ барьдаг чулуун муна өдий төдийг олдогсон. Тэр хавьд хуучин шинэ чулуун зэвсгийн үеийн томоохон дарханы газар байсан бололтой юм билээ. Тэгээд ч би Шар бүрдэндээ эртний хүмүүсийн чулуун гаререй байгуулах мөрөөдөл цээжиндээ асааж хэдэн жил давхисан юм. Гэгээн мөрөөдөл маань зах зээлийн шуурганд тас ороолгуулаад одсон ч хэзээ нэгэн цагт хэн нэгэн аавын хүү миний хүслийг гүйцээх л болно.
Жараад онд Н. Сэр-Оджав гуайн ахалсан археологчид Шар бүрдийн орчмоос чулуун зэвсгийн үеийн загас хэлбэртэй маш уран хийцтэй тариа цайруулагч олсон нь одоо түүхийн музейн ховор үзмэрийн нэг билээ. Уржнан чулууны хаан Г. Гонгоржав гуайдаа би тэр газраа зааж өгсөн юм. Өвгөн ганзага хоосонгүй буцаж ирсэн байна лэй. Ерөн зургаан онд манай “Сувдан сондор” аялалынхан Шар бүрдэнд өнжүүт хонуут амсхийн саатахдаа нэрт археологич Д. Наваан гуайгаараа удирдуулан зуугаадхан ам дөрвөлжин талбайд нэг мөч хиртэй ил хайгуул хийсэн чинь зуу гаруй чулуун зэвсэг олж билээ.
Онгоны элс бол ган зуд, гал усны аюулгүй диваажин гэлтэй орон. Хайлаас бургас нь халдсан хүнд халгаатай гэлцэнэ. Байшинтын дивизийн түлээнд Онгон таван булгийн хайлаасыг хөрөөдөн түлж, лусын хорлол хийгээд мянга мянган аавын хүүг хижиг өвчинөөр булшилсан гэдэг. Харин манай нутгийн нэг өвгөн ганц мод сэтэрлэн үлдээж тэр нь үржээд хайлаасан шугуй нь одоо шувуудаа чуулаагаад шуугиж байна.
Манай нутгийнхан тэнгэрийн сум хэмээх хүрэл гилбэрийг ихэд эрхэмлэн хүүхдийн өлгий орныхоо толгойд зүүнэ. Тэнгэрийн сум бол бас л Онгон нутгийн баялаг юм даа. Тэр жил Мигжэд Жанрайсиг бурхан бүтээлцээд намайг гавъяат болоход манай нутгийн мэргэн ах С. Лувсанноров гуай надад нэг тэнгэрийн дуут сум бэлэглээд
-Эрт нэгэн цагт Шар бүрдийн эртний хүний сэтгэн бүтээсэн энэхүү исгэрдэг дуут хүрэл сумыг хүүдээ бэлэглэе. Чамд ээлтэй. Харин чи хэзээ нэгэн цагт үүн лүгээ шинэ содон зохиол бүтээгээрэй гэсэн билээ.
Хэдэн арван мянган жилээр ярих эртний хүмүүсийн орон гэрийн туурин дээр эдүгээ цагийн бид үе залган аж төрөхдөө мөнөөх задын чулуу хийгээд дуут хүрэл сумаар дамжин илгээсэн өвгийнхөө оюун санааны эрчимийг өвлөн аж төрнөм бус уу. Дарьгангачуудын чулуу шүтэх, хүрэл эрхэмлэх уламжлал тасраагүй яваа нь тэртээх өвгийн халуун илчийг алдаагүйн илрэл юм.
Би өөрийгөө жинхэнэ Онгоны хүү гэж бат итгэсэн хоёр шалтгаан буй. Нэг дэх нь, бас л амралтаараа ирчихээд хөл нүцгэн Шар бүрдийнхээ улаан манханд алхаж явахдаа олсон эртний хүний гарын зэвсэг юм. Яг л хүний атганд багтаан тааруулж урласан тэр гар тулааны бие хамгаалагч зэвсэг одоогийн гар утас шиг өвгийн минь алганд насан туршид нь атгаастай байсны халуун илчийг би мэдэрдэг. Эртний чулуун зэвсгийн урлаачин, хорин нэгдүгээр зууны гар утасны дизайныг зохион бүтээгч хоёрын таашаал яаж тэгэж ижилхэн хийцийг сонгож зохион бүтээгээ вэ гэж би гайхдаг юм. Одоо болтол эртний хүний ийм гайхалтай урлал үзээгүй. Нөгөө нь, манай нутгийн гэгээнтэн Гэлэг гүүш гуайн нандигнан хадгалж байгаад өөрийн бэр Аюур эмээгээр дамжуулан надад хүрч ирсэн Онгоны хүний эртний хүрэл онго юм. Гөхөл үстэй, тоногтой бүстэй, тахил юм уу даллагын аяга барьсан энэ хүрэл хүмүүн юуг эс өгүүлдэг гэх вэ. Дээд тэнгэр, дэргэдэх газар лусын эзэдтэй хүүрнэн, арьсан хэнгэрэг нижигнүүлэн уухайлан дуулдах эртний хүмүүсийн дуу авиа, бодол сэтгэлийг гарцаагүй шингээсэн энэхүү хүрэл онго буюу Онгоны онгоныг эртний биетээс соронзон бичлэг хийж уншдаг арга шинжлэх ухаанд нээгдтэл хадгальюу.

Дөрөв.

Чингис хааны хоёр хар бух мөргөлдөж гэнэ. Хоёр бухын хэрж зогсохдоо авч шидэн, мөргөлдөн дайтахдаа босгосон шороо чулуу үйрэн шигшигдэж Онгон, Молцог хоёр элс үүссэн гэдэг сэн. Энэ домогт нэг нууц түлхүүр байх шиг санагддаг юм. Эртний хөлөг баатарыг онголход энэ мэт элс чулууг нэг газраас нөгөө газар луу шилжүүлэн байршуулж хэзээ ч олохооргүй нууцлах шалтгаан байсан буй заа.
Онгон сумын нутаг эзэнт их монгол гүрний үеийн түүх домог, тэмдэг улбаагаар нэн баялаг билээ. Чингис хааны бэр жирэмсэлсэн газрыг давхар, хүү төрсөн газрыг Хүүт хэмээн нэрлэсэн гэх жишээтэй. Хоёр загалыг дутаалгаад харвасан газрыг Харваах, сүүжинд оносон газрыг Сүүж, хавирганд нь туссан газрыг Хавирга хэмээн нэрийдсэн гэх.
Чингис хааны шарил тээсэн хас тэрэг Ордосын тохойд шаварт шигдэн эзний сүнс хоргодсон гэх санаанаас үүдэн тэнд Онгон байгуулсан гэдэгтэй тун адилхан домог манай нутгийн өвгөдийн цээжинд байсан юм.
Хааны шарил тээж явсан хас тэрэг элсэнд шигдэж тэнд эзний бүс тэргүүтэн нандин зүйлсийг онголоод Онгон элс хэмээн нэрийдсэн гэлцэнэ. Дээрх хоёр домог төстэй ч гэсэн Онгон хэмээх үгтэй чухам л ая дан зохицох манай хувилбар сонирхолтой хийгээд “сэжигтэй” байж мэдэх л юм. Дөхмийн говиор Чингисийн зам хэмээх их шар хоолой гарсан байдаг. За энэ ч яахав.
Гурван жилийн өмнө Д. Наваан гуай маань их сургуулийн археологийн ангийн оюутануудтай мэргэжлийн дадлагаар манай суманд очсон юм. Тэд Онгоны таван толгойд арван гурав дугаар зууны нэгэн булшийг малтахаар майханаа шааж, зэр зэвсгээ буулгаад хоноглож. Өвгөн үүр цүүрээр босоод гүйж явтал хэдэн булш үүрийн гэгээнд зэрвэсхийн тусав гэнэ. Өглөөний дасгалаа тэр хавьд хийгээд отог руугаа буцах гэтэл өвгөнийг ямар нэгэн юм чангаасан байна. Тэгээд л отгоо нүүлгэж Таван толгойн булшийг малтсан байна. Тэндээс Хиад боржигоны сүлд цагаан шонхор шувууг дүрсэлсэн алтан бөгж тэргүүтэн язгууртан хүмүүний шарил, эдлэл, эмээлтэй морь өдий төдий зүйл гарчээ. Таван толгойн хүн чулуун хөрөгийн ойролцоо хийсэн малтлагаар илэрсэн монголын эзэнт гүрний язгууртаны шонхор сүлдэлсэн дурсгалууд гадаад дотоодын түүхчид, сонирхогчид, сонжоочидын анхаарлыг хирдхийн цочоовой. Нэг хэсэг нь дэвхцэн баярлаж, бас нэг хэсэг нь элдэв хэл үг дэгдээж л байгаа сурагтай. Нутгийнхан алтан ургийнхны онгоныг хадгалж байснаараа бахархан омогшиж, хөлсөн хөөрөлдөхийн хамт одоо үлдсэн булшнуудаа онгичуулахгүй, бид онгоныг үе улиран сахиж буй. Эзэд нь мэдье гэж байна. Аль аль нь зөв буй заа. Бас тэгтэл харийн анчид Онгон руу давхилдан мөнөөх алтан ургийнхны хүн чулуун хөрөгүүд хийгээд булш онгоны дээгүүр нисэлдэх шонхор шувууд руу ангуучлахаар давхилдан ирлээ гэнэ. Сумынхан хэд гурван ногоон юманд нь болоод шонхор шувуудаа Араб руу илгээж эхлэв. Гэхдээ нэгэн их чухал юм анхаарах ёстой.
Газар доор нь шонхор сахиустай өвгөд нойрсож, газар дээр нь тэдний чулуун хөшөө нутгаа сахиж, шонхор шувуу нь тэнгэрээ манаж арван гурав дугаар зуунаас өвгөдийн илгээсэн мөнхийн санаа нь яг хэвээрээ оршин буйг яагаад анхаарахгүй байх вэ. Манай найз Б. Доржпүрэв санаачлаад хүн чулуун хос хөрөг бүхий цагаан шонхорын дүрстэй хөшөө дурсгал бүтээлгээд “Онгон нутгийн сүлд” хэмээн нэрийдэн нутагтаа заллаа. Ард олны зүрх сэтгэлд нутгаас олдсон олдвор онцгой цочрол өгсөн байлаа.
Мөнөөх үнэт олдвор олсон газарт алтан ургийн хаад ихэсийн болов уу гэмээр онцгой уран хийцтэй хүн чулуун хөрөг буй. Исэрт ихэмсэгхэн сууж, үүлэн хээтэй ташуу энгэрт дээлэндээ тоногтой бүс бүсэлж, шивэлгэр үс, залаатай малгайгаа тэгш асаасан байх энэ хаан хэн бэ? гэж асуумаар байдаг. Цагаан гантиг чулуугаар онцгой чамин урласан хоёр чулуун хөрөг барын арьсыг исэр дээгүүрээ тохсон байх бөгөөд нэг нь барын толгой дээр, нөгөө нь сүүлэн дээр хөлөө тавьсан байдаг. Мөн ч их юм хэлж байнаа даа. Манай түүхчид одоо болтол дуугүй л байцгаах юм. Довдойн Баяр л нэг сайхан ном бичсэн байдаг. Онгон сумаас олдож буй археологийн баримтууд нь аандаа Онгон хэмээх нэрийн учир утгыг тодорхойлсоор буйг анзааралтай.
Наваан гуайн нээлтийн дараагаар Солонгосын баахан эрдэмтэд нисдэг тэрэг хөлөглөн Таван толгойд шогшрон бууцгаав. Тэд Онгоныг Хонгириад овгийнхны нутаг байж магадгүй хэмээн таамаглаж байна. Юутай ч манай нутаг түүхийн хувьд соёлын их баян бүрд болохоо нэгэнт зарлачихлаа. Омгорхоход сайхан ч олигтойхон эзэн суухгүй бол манаж суухад хэцүү болох вий. Гэхдээ хамгийн “чухал” онгон Онгоны элсний доор буй. Онгон их элсийг нүүлгэн зөөж тэр доорх онгоныг онгичтолоо өдий биз. Бас ч гэж нууц түлхүүр, нум саалийг нь атгасан далд хүчин буй. Онгон элсний их баларт буй нууц газарт оноолттой малчид нь ч өөрсдөө тэр болгон хүрч чаддаггүй. Тэр гэж тэмдэглэх бололцоогүй. Элсэн бөөрөг байнга хөдөлж нүүж, мөнөөх нууц асрын сэжүүр нэг цухуйж, нэг далд орох бөлгөө.

Тав.

Торой Бандь хэмээх домогт эр бол манай Онгоны хүү юм. Тэрбээр Онгоныг хамгаалагч байсан юм. Бударын чулуун дахь “Өвгөн хурал” хэмээх нууц тарнийн сүмд шавилан сууж байсан Торой Бандь бээр их эзэн Чингис хааны үеэс уламжлан адуулж байсан торгон сүргийн удмын адууг нутгийн дээсэн дотор тогтоон барих үүрэг хүлээж байсан хүмүүн болой. Энэ тухай миний бие удахгүй хэвлэгдэх шинэ зохиолдоо тодорхой бичсэн байгаа.
Чулуун хот балгад гэлтэй Бударын чулуун дотор ч нууц газар олон буй. Нутгийн малчин Өнийн Шар гуайн адуунд хулангийн гүү ирж ижилсчихээд тэрхүү амьтан онгон зэрлэгээрээ үлдэх хийгээд одоогийн адуун сүрэгтэй ураг барилдахын зааган дээр тээнэгэлзэн зогсоно. Ийнхүү шарга агт Онгонд ээлтэй.
“Жаахан шарга” хэмээх домогт дууны хүлэг морь нэгэн цагт Торой Бандийн унаа байсан юм гэнэлэй. Жаахан шарга морь бол Тэмүүжиний найман шаргын угшил юм. Торой бандь түүнийг эхээс босоо бууж байхад нь олж үзээд тавьсан тэмдэгээрээ хожим нь таньж олоод олон жил унасан гэдэг юм. Хожим Онгон нутгийн дууч хүү Инжжэноровыг ядарч явахад нь Жаахан шарга морио өгч, тэр их хүлгийн нуруун дээр “Дарьгангын жаахан шарга” дуу төрсөн түүхтэй. Жаахан шарга морь ийнхүү Онгоны хоёр их хүмүүнийг эрдэнийн нуруундаа залаад дүүлж явсан домогт хүлэг буюу. Миний бие энэ тухай “Алтан – Овоо” хэмээх хөлгөн судартаа нэгэн бөлөг болгон өгүүлснийг уншсан хүмүүс бий л байх. Домогт Дарьгангын “Жаахан шарга” дууны эзэн Инжээноровын зээ хүү “дээл” хэмээх хочит Гомбодорж гуайнх манайтай айл аймаг, сааль саахалт явлаа. Нутаг жалгын хурим найр болоход аав хуурдаж, Гомбодорж гуай “Жаахан шаргыг дуулдагсан. Гомбодорж гуай шимийн охинд жаахан халамцаж, удган сайвар морины гүйн хар алхаагаар манайх руу ирдэг сэн. Гомбодорж гуай Дарьгангын Жаахан шаргыг анх Монголын залуучууд оюутны анхдугаар наадам дээр дуулж, монголд таниулсан бөгөөд алдарт уртын дуучин Лхамзав гуайн хоолойгоор энэ их дуу дэлхий дахинд танигдсан юм. Лхамзав гуай Нарангийн отрядад цэрэгт байхдаа нутгийн нэгэн бүсгүйгээс анх дуулуулж сурсан гэж ярьдаг сан. Одоо Дарьгангын Жаахан шарга дууг олон хүн дуулж байгаа ч “дээл” Гомбодорж гуайн аялгуу, миний аавын хуурын эгшигэн дэх аялгуунд эн тэнцэх нь даанч алга даа. Миний аавын хуурын аялгуунд зөвхөн Дарьгангын Жаахан шарга ч бус, Хулстайн шарга, Хүүхэн Цэмбэлийн нүцгэн цавьдар, Говийн халтар, Сүх жанжины ухаа хонгор хэмээх олон морьдын явдал гишгэдэл хадгалагдан үлдсэн юм. Дээд өвгө Чансангийн Дугарсүрэн хэмээх өвгөн Сүхбаатарын Ухаа хонгор морины явдлыг хуурынхаа аялгуунд анх оруулж, аав минь залгамжлан баяжуулж үлдээснийг хөгжим судлаач доктор, профессор Э. Энэбиш гуай “хууранд зориулсан хувьсгалт шинэ дан хөгийн бүтээлийн ууган нь” хэмээн тодорхойлсон байдаг.
Морин хуур бол дүрс зургаар юмуу, бичиг үсгээр тэмдэглэн үлдээх боломжгүй аялгуун түүхийг бичиглэгч гайхамшигт дуун шастир юм даа. Аав минь Онгондоо л тэргүүн хуурч байлаа. Нэг удаа сумын соёлын өдрөөр тайзан дээрээс хуурдах болж. Хөшиг нээсэн чинь үзэгчдийн нүүрэн талд үеэл ах нь сууж байв гэнэ. Мөнөөх тайзны “хөгжимчин” хэдийн босоод үеэл ахдаа очиж “золгож” бөөн инээдэм шуугиан болж байсан гэдэг сэн. Одоо ч гэсэн морин хуур эгшиглэхэд дотор бие урагдан цуурах шиг болдог юм. Аавын хууртай цуг хуурдуулан өссөн миний унаган мэдрэмж морин хуурын аялгуунд тэгтлээ автсаныг тэнгэрийн тавилан гэлтэй. Морин хуурын аялгууг тайзан дээр сонсоход гайхамшигтай байдагсан. Гэхдээ л талын малчин айлын хойморт, адуу малын чимээн дунд сонсох шиг тийм гайхамшигт агшиныг би лав одоо болтол мэдэхгүй юм. Онгон нутаг бол чухам морин хуурын орон юм. Богдын төрийн их хуурч Дарьгангын Шар хуурч хэмээх Дамдин-Очирыг төрүүлсэн энэ нутагт хожуухан Саарал хэмээх сохор хуурч тодорсон бөлгөө. Ерэн зургаан онд “Сувдан сондор” аяллалынхан хулан адуулагч Өнийн Шар гуайнд буухад манай сумынхан Саарал гуайг тэнд урьсан байж билээ. Монголын нэгэн уянгалаг чавхдас болох сонгодог зохиолч С. Эрдэнэ баавай маань түүний “Хөх нуурын тогоруу” хэмээх аялгууг сонсоод мэлмэртэл уйлж байж билээ.
Онгоны алтан ургийнхны удамтай адуун сүргийн хялгасанд ингэж л монголын домогт морьд, уул ус, шувуу жигүүртний аялгуун түүх бичигдсэн юм даа.


Зургаа

Тал нутгийн үзэсгэлэн энгийн юм болгондоо нуугдаж байдаг. Цагаан дэрс бол талдаа л ой шугуй юм. Гүйлс, алтан харгана бол манай нутгийн агар зандан юм. Талын нүдэн нуур бол манайдаа л далай. Өвсний толгойд цан молцоглох, таана толгойлох, бутны шар цэцэг буурцаглах нь талын уянга юм.
Хэсэн цагаан манан татах, манан дотор хэдэн бүгээн адуу байх, цэнхэр суунаг татах, хэдэн цагаан гэр цайлалзах, морин зэрэглээ жирэлзэх энэ болгон тал нутгийн дотоод хэмнэл, гүн бодлогшрол, сэтгэлийн долгисол юм. Талын таван уулсаас, Дөхмийн Бор-Овоо хүртэл, Дэнжийн Хэмнэгтээс Баавхайг говь хүртэл, Хонгорын ухаагаас Бударын чулуу хүртэл малын билчээрийн аяс дагаж эргэх дөрвөн цагийн хүрдийг эргүүлэн нүүж явсан малчны үр сад билээ, би.
Долоон бурханы сүүн цацалтай тэнгэр доор Хүн таван одтой цуг нүүж явлаа, гэж бодох нь хүртэл сайхан юмаа. Айлын хаяа бараадсан хэдэн хөх тогоруутай ижилсэж, дэрсэнд салхин шанздахыг сонсож, тэнгэр эрхисээс ямархан нэг далдын хүч эзэмдэн оршихыг мэдрэх юутай сайхан билээ. Нүүдэл хөтлөх нь залхуутай мэт, аян нүүдлийн зам ужиг урт мэт боловч уртын дуутай, уртын бодолтой болгохын дэг сургууль мэт санагднам.
Тал нутаг бол энгийн юм бүхэндээ, үл үзэгдэх болгондоо гоо сайхнаа нууцалж хүмүүн болон адгуусын амьдрахуйн шалгуурыг сорьдог өнө эртний буурал ертөнц авай. Талд төрж, талын хүн болохын шалгуурыг туулж, үл анзаарагдах болгоноос яруу сайхныг олж үзэхийн аян нүүдэл намайг яруу найрагч болгосон буй заа.
Он цагийн уртад өөрийн бүрэлдэн буй болсон дотоод ертөнц, зан чанарынхаа талстыг нутгийнхаа өвгөдөөс олж үздэг юм. Тэд нар Торой бандийн тухай, нутгийн их дуучин Инжээноровын Жаахан шарга хүлгийн тухай, Дарьгангын домогт хүлэг морьдын тухай хуучилдаг сан.
Хууч яриа өндөрлөхийн хирд аавын хуур хүнгэнэж, ээжийн нэрмэлд улаан зээрд болсон өвгөчүүл “Жаахан шаргын шогшоонд нь” хэмээн дуулцгааж, дуундаа бас уярцгаана. Өвгөчүүлийн хуучлахыг сонсох нь хөдөөгийн хүүхэд биднүүсийн хувьд одоогийн олон ангит кино үзэх шиг амттай байжээ.
Талд очсон хүмүүний сэтгэл уужирч, өчүүхэн зуурын хов жив атаа жөтөө хэдийн нисэн одоод гагцхүү энэ их уудам орон зайд хүмүүн бие биетэйгээ хийгээд ан гөрөөс адгуус амьтантай эвсэн зохицож амьдрахын ухааныг бясалгаж, тал мэт налайж эхлэнэ. Тал нутаг дахь өөрийнх нь амьдрахуйн яруу сайханд уусваас эртний их өвгийнхөө оюун сэтгэлийн өв соёлын дархлааг Онгон нутаг шигээ онголон хадгалах юу магад вэ?

Долоо.

ДИВААЖИН БА АЛТАН ХАРААЦАЙ
Хөх талын зэрэглээ тэнгэрийн балгад гэлтэй
Хөөрхий миний дээдэс энэ л диваажинд мөнхөрсөн юм.
Аглаг талынхаа дээсэн дээр хэдэн алтан хараацай л
Аавын минь оронд намайг угтаж айсуй.
Өтгөн хөх манан тэнгэрийн хэц дээр хөндөлсөхөд
Өнөөх алтан хараацайнууд л жигүүрээрээ хайчилж замчилбай.



Яруу найрагч, зохиолч
Г. Мэнд-Ооёо

2007.5.2.

Sunday, April 29, 2007

Данзангийн Нямсүрэн: Ирж буй цагийн яруу найрагч


Данзангийн Нямсүрэн: Ирж буй цагийн яруу найрагч


Дорнын их найрагч “Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч” хэмээх алдар уншигчдаасаа хүртсэн билигт хүү Данзангийн Нямсүрэн ХХ зууны сүүлийн хагаст аж төрж, ХХI зуун руу хоёрхон алхсан юм. Түүний яруу найргийн амьдрал 1970 аад оноос эхэлж, 80-аад онд төлөвшсөн бөгөөд улмаар 90-ээд он, шинэ зууны эхэн гараанд ид цэцэглэлтийн үедээ ирсэн гэж үзэж болно. Монголын оюуны ертөнцөд хожуухан танигдаж мэргэжлийн утга зохиолын хүрээнд онцгой анхаарал татаж эхэлсэн нь мөн л 90-ээд оноос хойш. Гэхдээ түүнийг утга зохиолын судлалд анхааран тэмдэглэх, талархан бахдах, алдаршуулан цоллох төдийхөн байгаа бөгөөд Д. Нямсүрэнгийн яруу найргийг шинэ зууны мэргэжлийн хэмжүүрээр танин мэдэх, судлаж нээх, ХХI зууны уншигчдад мэдрүүлэн хүргэх үйлс бидний ар талд байгаа юм. Ийм ч учраас Данзангийн Нямсүрэнгийн яруу найраг өөрийн амьдарсан цаг үеэсээ илүүтэйгээр ХХI зуунд онцгой хамааралтай болж байна. Энэхүү хамаарал зөвхөн цаг хугацааны хүчин зүйлтэй холбоотой төдийхөн бус түүний туурвил зүй дэх шинэлэг содон зүйлс, чиг хандлага, зөн совинлог, тарнилаг, далд ухамсрын чанад дахь нууцлаг чанар нь хүн төрөлхтний шинэ цаг үеийн яруу найргийн ирээдүйн эрмэлзэлтэй шууд холбоотой байгаад учир нь буй юмаа.
Данзангийн Нямсүрэнгийн намтартай холбоотой цөөн хэдэн үг энд хэлэх нь зүйтэй байна. Тэрбээр 1996 оны 4 дүгээр сарын 7-нд бичсэн “Төрсний гэрчилгээ” хэмээх шүлэгтээ өөрийн намтрыг тодруулах эрэл хийж, урьд өмнө андуу ташаа янз бүрээр бичсэн цаг хугацааг нэг мөр болгосон байдаг.
Дэлхий даяараа тэгээд
Тэнгэр дуугарсан гэж бодогддог
Тээр жилийн тэр нэг шөнө
Тэнгэрлэг гоо эхнэрийн
Тэрлэгэн дээлийн ташаагаар
Гялбаа цахихуйд
Тэнгисийн шорвог устай цуг
Эргийн мөргөцөг рүү шидэгдэж
Эхээс би мэндэлсэн юм..
гээд
Гамшиг зовлон үйлийн үртэй
Гахай жилийн зуднаар би төрсөөн
хэмээн тодотгосноос үзвэл 1947 оны зудалсан хаврын хахир цагт Дарьганга нутгийн Асгат уулын Авдрантын урд биед ханзраагүй их хөр цасан баринтагт мэндэлсэн юм байна.


Д. Нямсүрэн “Хаврын урсгал” /1984/. “Сэтгэлийн байгаль” /1981/, “Аглагхан талаасаа” /2002/ хэмээх гуравхан ном амьддаа хэвлүүлсэн. Тэнгэр болсны нь дараа “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бид хэвлүүлсэн. Одоо “Алтан хазаар өвс” ном нь хэвлэгдэн буй. Бас цаана нь яруу найргийн хоёр ном, бас “Зүүдний тэмдэглэл”, “Захидлууд” хэмээх тэр аяараа яруу найргаар бялхсан номууд нь хэвлэгдэж амжаагүй байна. Үүнээс үзвэл тэрбээр яруу найргийнхаа амьдралыг ХХI зуунд илүүтэйгээр даатгажээ.
Данзангийн Нямсүрэн Дарьгангын хээр талд төрж өсөөд залуу насныхаа анхны мөрүүдийг нутагтаа бичиж эхэлсэн хэдий ч, талаас ихэнх амьдрал нь Дагуурын их дархан газрын ай сав буюу алс бөглүү Эрээнцав нутагтай салшгүй холбоотой юмаа.
Дарьганга хийгээд Дагуурын олон цэнгэг нуурыг эрдэмтэд, “шувуу судлалын диваажин” гэж үздэг бөгөөд гэхдээ тэднээс илүүтэйгээр Д. Нямсүрэнгийн яруу найрагт энэ гайхамшигт нутгуудын шувууд үгийн билиг дэх тэнгэрлэг утга чанараар “судлагдсан”-ыг анзааралтай. Өвс, шувуу, бүсгүй хүн бол түүний яруу найргийн гэрэлт дүр нь юм. Талд гялалзах ганц алтан харгана, бутны ёроолд хунгарласан алтан хазаар өвс, Хөх нуурын хөвөөгөөр тонголзох хөх лонхон тогоруу, талын тэнгэр дэх улаан хэлтгий сар нь түүний яруу найргийн байгаллаг ахуйг тодотгох агаад усны долгионд хөвөх адууны шар хомоол, хэцэн дээр угаасан юм тохож буй бүсгүйн өврөөс хоёр шувуу нисэх, түмпэн дотроос хэлхээтэй хоёр юм гаргаж өлгөх, түрүүчийн ниссэн шувууны үүр тэр байх, эгэл бүхнийг энгийн бус, дээд ярууслын мэлмийгээр харах билиг авьяас нь тал нутгийн эрчимлэг байгал, Данзангийн Нямсүрэнгийн “сэтгэлийн байгаль” хоёр нэгэн биед нэгдэн найрссаны үр шим буй заа.
Д. Нямсүрэн монголын утга зохиолын практикт сэтгэхүйн загвар болгон тогтоод байсан хоёр зүйлийн хэвшмэл үзлийг эвдсэн найрагч юм. Нэгдэх нь хөдөө суувал зэвэрдэг, хотод амьдарвал өсөж дэвждэг хэмээх үзэл, хоёр дахь нь яруу найраг бол залуу насны урлаг гэх үзэл. Д.Нямсүрэн насан туршдаа хөдөө сууж, харин Эрээнцавын шүлэг улам цолгорон гялалзаж, бидний харсаар байтал хотынхны найраг ижилсэн зэвэрч байсан юм.
Д.Нямсүрэнгийн яруу найраг нас ахих тусам утгын буйд аглагийг замнаж, улам гэрэлтэн ярууссаар байсныг бид харж болно. Ялангуяа түүний 90-ээд оны шүлгүүдийг дотоод мэлмийгээр, судалгаа шинжилгээний шинэ арга барилаар судлах шаардлагатай байгаа юм. Д. Нямсүрэн яруу найргийн гэгээн сүмийг өөртөө бүтээж, тэрхүү сүмийн гэгээнтний олбогт өөрөө завилж оюуны мэлмий хийгээд сонор нь дээд аглагийн оронд оршиж Туурвихуйн гэгээрлийг буй болгосон найрагч юм. Тиймээс ч түүний хувьд онгод бол нас намбанаас хамаарах зүйл огт бус болой. Яруу найргийг зөвхөн залуу насны дэврүүн сэтгэлийн хөг аялгуу мэт ташаа ойлголтыг Д Нямсүрэнгийн бүтээлч оюуны туршлага няцааж байгаа төдийгүй, түүний тодорхой өндөрлөгт бичигдсэн шүлгүүдийг танин мэдэхэд оюун санааны дээд аглагт хийх нислэг зайлшгүй хэрэгтэй болж байгааг сануулах юун. Яруу найргийн судалгаа шинжилгээ нь сэдэв дүр дүрслэл, сайндаа философи утгын тайлал төдийхөний задаргаа байхаа хэдийн больж., бидний танин мэдэхүйн гадна хүрээн дэх шидэт эрчимлэг оршихуйд авч үзэх эринд бид ирэв.
Эрээнцавын урланд очсон авьяаслаг зохиолч, сэтгүүлч Б. Золбаяр, “Д. Нямсүрэнгийн шидэт бийр бэх нь орших бүлээн мөрийг олж”, ер бусын ялгуун шившлэгт “уран сайхны агаартай” хэмээн мэдэрсэн байдаг. Д. Нямсүрэнг Эрэнцавгүйгээр, эндэхийн уран сайхны “агаар”-аар судлах аргагүй юм.
Зөвхөн аравдугаар анги төгссөн, бага ангийн багшийн дамжаа дүүргэсэн энэ хөдөөх эр яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд агар зандан мэт анхилан ургаж тэнцсэн төдийгүй урлал туурвил, уран чадварын сургуулийг буй болгосны нууцыг холоос эрэх хэрэггүй юм. Тэрбээр Улаанбаатар хотод далаад оны сүүл, наяад оны эхэн үеэс бүрэлдэн буй болсон яруу найргийн “Гал” хэмээх бүлгэмд төлөвшиж бойжсоныг онцлон тэмдэглэе. Түүнийг шавь О. Дашбалбар нь дагуулж 1976 онд энэ “Гал”-д элсүүлсэн бөгөөд хөдөөнөөс дөрөвхөн шүлэгтэй ирж байсан Д. Нямсүрэн Дорнын их найрагч хэмээх тодотголтой болтлоо энэ “Гал”-д бойжсон юм. Түүний багш нь нутгийнх нь хоёр том яруу найрагч Доржийн Гомбожав, Данзаннямын Шагдарсүрэн хоёр бөгөөд их найрагч Б. Явуухулан, М. Цэдэндорж, П. Пүрэвсүрэн, Д. Нямаа, Д. Маам нар түүнийг талархан дэмжсэн билээ.
“Хаврын урсгал” номыг гарсны дараахан Ч. Билигсайхан анх түүний яруу найргийг “Гэгээн өглөөний шүлгүүд” гэж нэрлэсэн юм.
О. Дашбалбар нэгэнтээ Д. Нямсүрэнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Г. Мэнд-Ооёо хэмээн тодорхойлсон бөгөөд “сэтгэлийн байгаль”-ийг анх бидний үеийнхэнд нээсэн гэж бичсэнийг миний бие хүлээн зөвшөөрөхөөр барахгүй энэ хувь тавилангаараа бахархаж байна. Одоо ч гэсэн төдийлөн сайн судлагдаагүй байгаа энэ “Гал” ХХ зууны хоёр сод яруу найрагч О. Дашбалбар,Д.Нямсүрэн хоёрыг буй болгосныг Монголын утга зохиолын түүх мартах учиргүй. “Гал” бүлэг гоо сайхныг үлэмж дээдэлж, ярууслыг төгс мэдрэх, оюун сэтгэлгээний хязгааргүй боломжийг эрж хайх, ертөнцийн мэдлэгийн түгээмэл ойлголтын чинадад нэвтэрч оюунаа тэлэх, хүний хувьд төгөлдөржих зорилгыг өмнөө тавьж бие биеэс суралцаж биесээ хөгжүүлж , цэвэр тунгалаг яруу найргийг тунхаглаж байв.
О.Дашбалбар “Гал”-ынхаа нөхдөөс хамгийн түрүүнд 1991 онд Д. Нямсүрэнгийн хөргийг бичсэн бөгөөд “Түүний шүлгүүдийг манай яруу найраг дахь үзэгдэл гэвээс зохилтой. Тэр бол Равжаа, Нацагдорж, Явуухулангийн зиндааны найрагч гэдгийг хүссэн ч, эс хүссэн ч зөвшөөрөх цаг айсуй ” гэсэн байдаг.
Д.Нямсүрэнгийн яруу найраг ялангуяа 90-ээд оныхон буюу өөрсдийгөө “Мөнгөн” хэмээх тодотголтой томьёолдог үеийнхэнд онцгой нөлөөлсөн юм. О. Дашбалбар бас мөн үеийнхний олонхийнх нь багш байсан. Дээрхээс гаргалгаа хийх юм бол Д.Нямсүрэн, О.Дашбалбар хоёрыг “Алтан” хэмээх томьёололтой авч үзмээр байдаг.Гэхдээ энэ хоёр их найрагчид тиймэрхүү материаллаг нэр томьёо огт таарахгүй л дээ
Д.Нямсүрэнгийн яруу найраг ертөнцийг дэндүү гэхээр гэрэл гэгээтэй харж, эгэл юмсын чанадыг ер бусын яруу сайхнаар мэдэрч, түүнийг дээд оюуны эрчимлэг мандалд энэрэхүй зөөлөн утга уянгаар адисладаг. Орчин үеийн гэх рок, поп хэмнэл бүхий төмөрлөг цаг үеийг эерүүлэн зөөллөх байр суурин дээр тэр байсан бөгөөд яруу найргийн эрхэмсэг тансаг хэл аялгуу, шүлэглэх зүйн өөрийн дэг сургуулийг үүсгэсэн юм.
Д.Нямсүрэнгийн амьдарсан өөр нэг орон зай бол хэн болгоны хараахан хүрч очоогүй байгаа үгийн шидийг бясалгахуйгаар нээдэг яруу найргийн шамбал юм гэдгийг энд цухас дурдаад орхиё.
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан
Эрээн цавд бороо орох сайхан …

Энэ хоёр мөрийг эгэл нүдээр харахад ер гоц юмгүй. Харин Д.Нямсүрэн хэмээх ертөнцийн дотоод цонхоор үзэхэд өөрийн эрхгүй аньсага чийгтэнэ. Яруу найргийн дотоод эрчимээр адислагдсан яруу найраг ийм байдаг. “Дөрвөн цаг” түүний яруу найраг дотор чухал байр эзэлнэ. Гэхдээ оюун санааны арай өөр мандалд хүлээн авах онцгой гэхээр ур хийцтэй олон шүлэг Д. Нямсүрэнгийн өв санд байгааг олж харах хийгээд нээн судлахыг судлаачдаас хүлээж байна.
Хэний ч анзаарч тоож хардаггүй харганын ёроолд хунгарласан хазаар өвс Д.Нямсүрэнгийн яруу найргийн шамбалд “Алтан хазаар өвс” болж гэрэлтэхийг ХХI зууны уншигчид нээх болно.
Д.Нямсүрэнгийн нэгэн цагт өөрөө мэдэрч бичсэнээр

“Өтлөхүй цаг дор” шүлэг нь “хувилгаан” чанарт шилжсэн бөгөөд
Тэмээний нулимсанд бийрээ дүрж
Тэлмэн давхих морины гүйдэл дунд
Тэнгэр дээр бичиж явсан
түүний шүлгүүдийг шинэ зууны жинлүүрээр цэгнэн үзэж, сонгодог яруу найрагчийн зиндаанд авч үзэх ёстой гэж бодож яваагаа сонордуулсу.

Чухамхүү Д.Нямсүрэн бол ирж буй цагийн яруу найрагч бөлгөө.

Дэрний дэргэд бүсгүй хүн мэдрэгдэм зөөлөн гишгэлээд
Дээгүүрээ даашинзаа тайлах нь сүрэг шувууны нисэх шиг ирж буй цаг
Ноёлог өндөрт элээ, тас бөөрөн толгод тойрон эргээд
Номин талын энтээх утасны модон дээр бодлогошрох ирж буй цаг

Сэтгэлийн уяанд хүлэг морь гэрэлтэх дорно зүгийн шөнө
Сэвшээ зөөлөн салхи өмнөөс үлээх ирж буй цаг
Хаа эртний сайхан дуу шиг хаврын үүрээр шувууд ганганан
Харанхуйн чанад чиний зүг алсрах ирж буй цаг /Д.Нямсүрэн/




Утга зохиолын доктор Г.Мэнд-Ооёо

Tuesday, April 24, 2007

Calligraphy and Poetry Яруу найраг – Уран бичлэг

Уран бичлэгийг Г.Мэнд-Ооёо
Шүлэг Г.Мэнд-Ооёо





Цагийг эргүүлэгч шувуудад хаврын даллага өгөхөд
Цадиг хадгалсан шүлэгчийн магнайд зурсан жигүүр хөдлөөд
Цагаан үүлсийн чөлөөгөөр шувуудыг угтаж нисэвэй.


The lines on the forehead of the poet came alive and flew to welcome to migrants
When the sighting of the migrants-harbinger of Spring appeared in the sky.





Г. МЭНД-ООЁО

ЦАГЛАШГҮЙ ГЭРЭЛТ



Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе.
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье.
Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье.
Явуухулан багшынхаа уянгын бадганд дэврэе.
Ятга болоод хуурын яруухан эгшгэнд бадрая.
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандъя.
Яргай ташуураа бариад ялгуун сааралдаа дарцаглая.
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асъя.
Яшил зандан модноос аялгуу цацрааж эгшиглье.
Ямбуу, магнаг хоёрын ялгааг арилгаж бясалгая.
Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзъя.
Ямх ямхаар өгсөж өөрийнхөө оргилд дүрэлзье.
Янжинлхам бурханы ятгын чавхдасанд эгшиглье.
Яруу найргийнхаа болор сүмд цагийн цагт гэрэлтье.





by G.Mend-Ooyo

INFINITE GLARE
I love to rejoice, when at daybreak a white, chatty camel calf bellows.
I love to glint, when, amidst clouds, the transient bright moon pops out.
I love to flare, when a kid is born late in autumn’s reddish wind.
I love to thrill, when listening to harmonious stanzas by Master Yavuukhulan.
I love to blaze, when listening to melodious tunes of a cither and fiddle.
I love to rise along with the sun from beyond of my anemone-blue steppe.
I love to gallop like a flying flag, my cotoneaster whip in my hand.
I love to climb the snow-covered peak with leaping mountain goats on it.
I love to use Buckthorn and Sandalwood to produce melodious tunes.
I love to contemplate to distinguish calico from brocade.
I love to shine lighting stars in the night’s gentle sky.
I love to flare at the peak of mine going up inch by inch.
I love to sing on the strings of the cither of the Holy Yanjinglhama.
I love to infinitely glare in the Crystal Temple of Poetry.

Translated by Sh.Tsog









Saturday, March 24, 2007

Vлэмжийн орчлонд би удаан амьдарна буюу

Vлэмжийн орчлонд би удаан амьдарна буюу
Урианхай ахын vсэн хаврын
салхинаа намирахуй



/Саяхан бид гурав дугаар сарын 18-нд Богд уулын Ноён оргил Цэцээ гүний оройд Монголын нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбарын 50 насны ойд зохиулж” Үлэмжийн орчлонд би удаан амьдрана” хэмээх яруу найрагч, уран бүтээлчидийн аврилт хйсэн билээ. Бидний багт хамт явсан энэхүү авъяаслаг залуу уралн бүтээлчийн энэ аялалын талаар Өдрийн Сонинд бичсэн нийтлэлийг та бүхэндээ толилуулж байна. Ингээд нийт уншигчидийнхаа өмнөөс Б. Золбаяр дүүгийнхээ цаашдын уран бүтээлд өндөрөөс өндөр оргилыг хүсье. Г.Мэнд-Ооёо/

Б.ЗОЛБАЯР
Төр хурахын амны хэвлийд өглөө эртлэн ирлээ. Нар Налайхын дээгvvр дөнгөж л тусч бай­лаа.Тунгалаг алтан туяа нь толгодын оройг сэрмэнэ. Амны vзvvрт өвөлжөөлсөн ойн цагдаагийн хотонд шинэ хургалсан хонь хургасах нь сонсогдоно. Тэндээс бид өөдөө шаламгайлан өгслөө. Тавиухан сайхан амны хойд биеийг бэллэн эрмэглэж явсаар шигvv модод болоод цасан хунгарласан жалгын хөвөөнд хvрээд зогсов. Ма­ши­наас бууцгааж, агаар цас­ны тунгалгийг ам амандаа шагшаад ер бяцхан ч азналгvй оргилыг чиглэн өгслөө. Ор­гилыг чиглэн гэж хэллээ, яг vнэндээ оргилын vзvvрийг модод далдалсан байлаа. Одоогоор оргилын vзvvр болж мод харагдана. Оргилд гарахын өмнө оргил бий.
Оргил оргилоор өргөгдөж, оргил болж төгсдөг. Цэцээ гvн бол vй тvмэн моддын орги­лоор өргөгдсөн оргил билээ.
Яруу найрагч М.Баттө­мөрийн нэгэн шvлэгт шороо нь өөдөө урсаж уул болсон гэсэн утга бvхий нэгэн мөр бий. Бид тийм нэг өөдөө шороо нь урсаж уул болсон ертөнцийн нэгэн гайхамшигт оргил өөд “урсаж” явна.
Уулын цас өглөө эртдээ vл уясаад, хатуулагтсан хөр дээр гишгэхэд хvр хvрхийн цөмөрнө. Тийн хvр хvрхийх чимээ алхалт бvрийн хэмнэл айзам болоод, ар араасаа дагалдан яваа бидэн алхал­таараа цасан тагшаа vvсгэн урагшилна. Хөлөөр нэг хөглө­рөх борог хааяа шаргалтан тохиолдох бөгөөд тэрхэн хоромд өнөөх ер бусын цасан тагшаа өшиглөгдсөн өвсний vл ялиг хавирах чимээгээр солигдоно. Уулын модод ихэнхдээ цасан мөсөн манж­лагаа гөвчихжээ. Хөөрхөн саарал хэрэм модноос модонд дvvлж, эд ер нь яах гэж явна гэсэн шиг бvлтийтэл ширтсэнээ мөчир сvлжин гэдрэг эргэн гялсхийх нь аальгvйтэж байна даа гэмээ­рээ. Тэнгэр хөв хөх. Цэв цэнхэр, гэгээн тунгалаг. Улаан­баатарт буй бид тэн­гэрийн vнэн өнгийг их цөөхөн олж хардаг юм шиг санагдана. Ойд модод анир чимээгvй саглайлдана. Хааяа нэг тон­шуулын мод жадлан тон тон­хийлгэх чимээ ойртож нэг, холдож нэг сонсогдох нь хаврын ойн аль нэгтээ цохи­лох цаг мэт ээ.
Vндсээрээ өмхөрч уна­сан бvдvvн нарийн модод хаа сайгvй тааралдана. Булгар­сан vндсээрээ оргил тийш жийгээд унасан, зэргэлдээ модоо тvшиж ойчсон хөгшин залуу тэр их моддыг ойгоос авч цэвэрлэмээр ч юм шиг, бас тэгмээргvй ч юм шиг. Авчихбал цэв цэвэрхэн бол­но. Авахгvй бол жам ёсоороо vлдэнэ. Бид бvгдийг хялбар­ч­лахыг хvсч сурчээ. Тэр бол­гон ойд явахгvй атлаа, ганц нэгхэн энэ мэт явахдаа тvvр­тэж тээршааж байгаагий нь.
Моддын дунд хэвтэж тэн­гэрийг харна. Хэвтсэн надад ерхөгийн толгой тээр дээр мэт дохино. Моддын орой бvvр дээр. Тvvнээс дээш хөх тэнгэр vргэлжилнэ. Хөх тэн­гэрийг моддын цоорхойгоор харахад хөх заан, хөх луу, хөх арслан зурагдаж vзэгдэнэ. Хэвтсэн намайг тойрч урга­сан тэр моддын vзvvрийн мөчрvvд л тийн зураг vйлдэн харуулж байгаа хэрэг. Талд хэвтэж тэнгэрийг ажихаас тайгад хэвтэж тэнгэрийг хар­вал илvv гоёмсог vзэгдэлтэй мэт. Гэвч талдаа очоод хэв­тэж харвал тайгад байгаагvй өөр нэг гоо сайхан заавал тэнд байж таарна.
Бид уулын нэлээд цээ­жинд шиг гарч ирлээ. Г.Мэнд-Ооёо ах тvрvvлээд л алхаад байгаа. Тэр бол талын, тол­годын хvн. Дарьгангын, Он­гоны хөвгvvн билээ. Ууланд гарах ерын бус нэг шалтгаан тvvнийг шаламгайлуулна. Уулын энгэрийг тvшиж уулын хvн мэт алхална. Магнайн нь зvvн баруун vсний эрхий дарамхан хэсэгт өдрийн од буусан мэт цайжээ. Тэр жаахан цагаан нь зэрвэс харахад цантчихсан юм шиг. Даанч энэ өдөр цан татах хvйтэн алга даа, ямаа ихэр­лэж ишиглэмээр өдөр байх чинь.
Араас нь Д.Урианхай ах аажуухан агаад намуухан гишгэлсээр явна. Зөөлөн амгаланд хvлэгдсэн тэр сай­хан хvний гэрэлт цэнхэр са­хал vсийг хаврын ойн сэрvvн тунгалагхан салхи зvлгэн зvлгээд улам гэгээн ихэмсэг болгох шиг санагдана. Урт буурал vсний нь vзvvр vл ялиг долгилон намих алхалтын нь аясаар аа.
Жаран найман настай Урианхай ахын араас далан найман настай Ж.Гэндэн­дарам гуай цочсон vргэсэн мэт ойрхон ойрхон, тvргэн тvргэн алхалан дагна. Нэртэй дуун хөрвvvлэгч тvvний “Шагун­далай”, Р.Таагvvрийн “Гора” зэрэг олон сайхан зохиолыг англи, хинди хэл­нээс орчуулсныг бид мэднэ. Наян насны босгон дээр зогсч байгаа энэ буурал ийн шам­дуухан алхах нь чухамдаа “дэгдсэнээс” өөрцгvй.
Ц.Бавуудорж, А.Эрдэнэ-Очир хоёр тэдний араас зугуухан алхахдаа ам хуурай явсангvй. “Нөхөрсөг хайку” шvлэглэж явав.
Утаат онгоц тэнгэрт уухилна
Урианхай ах газарт уухил­на
Хэнийг нь ч гэх вэ дээ
гэх шигийг хэлж инээлдэнэ. Урианхай ах vvнийг нь сон­соод хэ хэ инээсэн шигээ явна. Ишиг дээр нь гараад тоглоход хивж хэвтдэг хөгшин сэрх шиг.
Өнөө хоёр чинь тэгснээ хамт яваа бvсгvйгээ цааш­луулж
Шинэсний мөчир
Мөнхнарангийн хацрыг сэрмэх нь
Дvнжингаравын хавар бөлгөө
гэх шиг сайхан маазарч байна. Бас нэгийгээ цаашлуулж
Энэ тvнэр шугуйд
Эрдэнэ-Очирыг хараад шувуу жиргэх нь
Юуны учир вэ
гээд баа­хан инээдэм болгов. Арын энгэрт инээлдсэн биднийг урд талын энгэрийн цохио давтан “инээж” байлаа. Ийн найрсан явагсдын араас хуурч, шvлэгч нарын хэдэн нөхөд дагалдан дөрвөн цаг явсаар Цэцээ гvний оргил дээр ирэ­хэд арван хоёр цаг болж байлаа. Дөрвөн зvг найман зовхис, алган дээр мэт. Цас­ны цанхир манан бууралтаж, тэртээд уулс цавцайн хоргил­тоно. Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн
Өндөр уулын оройд мацан мацан гарвал
Өөр нэгэн уулыг олж хардаг жамтай гэсэн мөр сэтгэлд урсан ирэв. Тийм ээ, өөр олон олон уулсыг энэ уулын тэргvvнээс vзлээ. Өмнө умар, зvvн баруунд Монголын уулсууд ойр холд харагдана. Дэргэд минь алхах яруу найрагчдыг ч би бас уулс хэмээн бодно.
Өндөр ууланд мацаж гарч ирээд бид өөр нэгэн уулынхаа тодыг, өн­дөрийг магтах гэсэн билээ, бахархах гэсэн билээ, мөнхлөх гэсэн билээ. Өөр тэр нэгэн гай­хамшигт уул бол Очирбатын Дашбалбар юм. Өөрөө тэр “Vлэмжийн орчлонд би удаан амьдарна” гэсэн мөнхийн vгээ хэлсэн юм.
Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь хэмээн эхэлж
Сэтгэлээ ариус­гаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бvхэнд өгье

Санаагаараа жаргаж, гол усны чинь ариун тун­галагт уусъя гэсэн тарнит мөрvvдийг нь анд нөхөр Г.Мэнд-Ооёо нь уншив. Дээш дэвж цойлсон хангарьдын цээж мэт Цэцээ гvний торгон оргилын нөмөр цохион өехийгээс тэнгэр огторгуйд, газар уснаа дуулган дуулган уншив. Тэгээд хvv Д.Ганга­баатар нь “Vлэмжийн орчлонд би удаан амьдарна” хэмээн уйгаржин монгол бичгээр таталган бичсэн далбаа бvхий тугыг их овооны баруун биед залсан бөлгөө. Д.Урианхай ах О.Дашбалбарт зориулсан шvлэг уншив. Ц. Бавуудорж, А.Эрдэнэ-Очир, Т.Эрдэнэ­цогт их найрагчийн шvлгийг хуурын аялгуунд уншив.
Алган дээрээс минь элс гоожих шиг
Алгуурхан өдөр хоног урсч байна
Аниргvйн дунд хад чулуу элэгдэж
Аяархнаар гол ус эргээ долоож байна
. Ийн О.Даш­балбар авгай нэгэнтээ бич­жээ.
Алган дээрээс элс гоожих шиг алгуурхан өдөр хоног урсах боловч, энэ цаг шиг цаг ховор санагдав. Аниргvйн дунд хад чулуу элэгдэж, аяархнаар гол ус эргээ до­лоох боловч, энэ өдөр цас хайлах нь жирийн биш шиг бодогдов. Амжиж энэ бvгдийг тэр гэгээн найрагч бидэнд дуулжээ. Энэ мэтийг дэн­сэлж, эргэцvvлсээр оргилоос уруудлаа. Бид бэллэж жаахан уруудаад цасны усаар цай чанаж уусан юм. Энэ цайг Ц.Бавуудорж чанасан юм. Ийм сайхан цай гэж бас байдаг аа гэмээр цай болжээ. Нохойн хошуугаар амталсан юм байжээ. Би хувьдаа энэ цайг vлэмжийн орчлонд удаан амьдрахыг сануулсан цай гэж бодов. Тэд бас тийн бодсон биз ээ. Ингээд бид ирсэн замаараа буцлаа. Бэл уужрах тусам холын уулс далдарч байлаа. Холын бараа харахгvй удан удан амьдарч байгаагаа дахин санав. Уруудаж явахад өгссөнөөс удаан байх шиг санагдав, ядарсаных уу, хоргодсоных уу, vл мэдэв. Ийм мэдрэмж олж, ингэж явах нь л оршихын чанар буюу.
Төдөлгvй хар гэгээ татан бvрийшч байлаа. Урианхай ахын цагаан vс харанхуйших тусам хусны хальс салхинаа сэвэлзэх шигийг санаг­дуул­на. Vлэмжийн орчлонд удаан амьдарч Урианхай ахын гэ­рэлт vс хаврын салхинаа намирахыг хvмvvс олон олон vзээсэй. Тэнгэрт болор одод тvгэж, шөнийн энэ идэрт бид шиг жаргалтай алхах хvмvvс өөр vгvй мэт санагдана. Цэцээ гvнийхээ оргил тийш харлаа. Өдөр бидний байсан тэнд одод чуулжээ. Бид одны савслагад очоод, тэднийг тvгэхээс өмнө буцсан тул, битгий яараач гэж буй юм болов уу даа.


2007.3.21

Thursday, March 8, 2007

Г.Мэнд-Ооёо ЭРЭЭНЦАВЫН ЭЛЕГИЙ


Улз голын хөндий нь
Уйтай болоод жавартай
Дуулим шүлэгч Нямсүрэнг байхад
Дулаахан л байсан юмсан.

Намрын сарын тэргэлд
Найрын тосгон харанруй
Гэгээн шүлэгч Нямсүрэнг байхад
Гэрэлтэй л байсан юмсан.

Хөх дуурлиг уулс нь
Хөх мананд дүнсгэр
Хөх өвсний шүлэгчийн эзгүйд
Хөггүй хуур шиг байна даа.

Хөх нуурын тогорууд нь
Хөх мананд бөрзийжээ.
Хөх зогдорыг нь самнадаг хүн
Хөөрхий шүлэгч Нямсүрэн сэн.

Алагхан талынх нь өвс
Анхны хяруунд бөхжээ.
Өвсний зовлонг ойлгодог нь
Өнөө л муу Нямсүрэн сэн.

Ар сэмбэрүү нутаг нь
Арз хорзоор элбэг ээ
Аршаалдаг шүлэгч нь эзгүй болохоор
Амсаад ч би яахав дээ.

Намрын хүйтэн уулыг
Нарлан суугаад уйлмаар
Аргаддаг шүлэгч нь эзгүй болохоор
Асгаруулж уйлаад ч яахав дээ...

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХАД

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлнэ
Хулсан лимбэний гуниглангуйн чанадах тайтгарал
Хуудуу холоос бурхадын гэгээг дуудмуй

Шингэн бэхээр татсан эртний ханз үсэг мэт
Шинэхэн тэнгэрт сүмийн сүүдэр утгын дүрстэй
Замбуу тивийн сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй

Хумхын тоосны чинээ хувьхан чөлөөнд ч
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор...


2003.09.15

* Миний энэ шүлэг 2005 онд Дэлхийн Яруу найрагчдын дунд зарласан “Бурханы хайр” сэдэвт яруу найргийн уралдаанд тэргүүн баяр эзэлсэн билээ.

ДӨРВӨН УЛААН НАВЧ

1.
Чийг дааварласан хөвчийн шинэс модод чичрүүстэй ч
Чи бидэн хоёрын өмнөх навч ассан гал шиг улайвай
Салаалж, нийлж сарнисан олон замын бэлчир шиг
Саяын навчны судал бидний зугаалгыг бичиглэвэй.

2.
Лэглэгэр цагаан манан тайзны хөшиг шиг унжиж
Хөглөгөр их ой хөрөөдсөн тайрдас шиг харагдавай.
Хүслийн мод бүхэн ногоон навчин дэвүүртэй сэн
Хүйтэн царайтай тэнгэр улаан навчаар уйлвай.

3.
Хамгийн сүүлчийн бороо улаан навч шижигнүүлж
Харуй бүрийн завсарт нүцгэн ой нүүгэлтвэй
Хайртай хүмүүс жаргахынхаа төлөө зовдог хорвоод
Харин, бидэн хоёр зовохынхоо төлөө жаргавай.

4.
Намар оройн бороо цагийн хөлд царцаж
Насны энэхэн хөтөл дээр цасны ширхэг цайрвай
Зурсан зүрх гэмээр час улаан навчис
Лавсан нэвсийх цасан хөнжил нөмөрвэй.

Saturday, March 3, 2007

“Цаглашгүй гэрэлт” номынхоо тухай




Хоёр оны зааг дээр миний “Цаглашгүй гэрэлт” нэртэй яруу найргийн номыг хятад, англи, монгол хэлээр Тайваны Poemculture.corp хэвлэлийн газраас Тайпей хотноо хэвлүүлж, шинэ жилээр нээлтийг нь хийсэн билээ. Энэхүү номын нээлтэд Белгийн Их сургуулийн доктор, утга зохиол судлаач тавьсан илтгэлийг энд толилуулж байна.


Яруу найрагчийн гэрэлт гэж чухам юуг өгүүлнэ вэ?

(Г.Мэнд-Ооёогийн “Цаглашгүй гэрэлт” шүлгийн түүвэрт сэтгэгдэл бичих нь)
Ши Чаоин
/Белги Улсын Louvain Их сургуулийн доктор/


Оршил:

Өнөөдөр миний бие Монгол Улсын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн Тайваньд хийж буй шинэ номын баярт уригдсан завшаанд түүний “Цаглашгүй гэрэлт” шүлгийн номын талаархи өөрийн сэтгэлд буусан санаануудаа хуваалцах гэсэн юм. Хамгийн түрүүнд буусан санаа гэвэл яруу найрагчийн гэрэлт хэмээх үг чухам юуг өгүүлж буй? Монгол нутгийн өргөн уудам тал Монгол яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн гэрэлт юм болов уу? Үүний нэгэн адил Тайванийн далайн эрэг, өмнөдийн сүм, Номхон далай гүн цэнхэр ус, яруу найрагч Юй Си-гийн цаглашгүй гэрэлт юм болов уу?

Нэг. Яруу найрагч өнөөдөр чухам ямар үүрэгтэй вэ?
Г.Мэнд-Ооёогийн шүлгийн түүврийг уншиж дуусахад миний сэтгэлд хамгийн түрүүнд буусан зүйл бол XX зууны нэрт философич Мартин Хэйдгерийн алдарт бүтээл болох “Ойн харгуй зам”/Holz wege/ -ын нэгэн үг байлаа. Тэрбээр “Энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам ямар үүрэгтэй вэ?” хэмээн өгүүлсэн байдаг.
Мэдээж Хэйдгерийн өгүүлсэн “энэхүү ээдрээтэй эрин үе” гэдэг нь улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технилогид гүн нэвчсэн одоогийн бид нарын амьдран буй энэ эрин үеийг хэлж байгаа юм. Учир нь өнөөдрийн энэхүү худалдаа арилжаа, шинжлэх ухаан, техник технологийн иргэншилд бид нарын нэвтрүүлж буй технилоги, арилжаа худалдааны бүтцийн хэлбэр түүний хэрэгжүүлэлт өдрөөс өдөрт улам нарийн төвөгтэй болох тусам амь амьдралаас биднийг улам бүр холдоход хүргэж байна. Өөрөөр хэлбэл “яруу найргийн” уг утга, мөн чанараас улам холдоход хүргэж байна…

Иймд Хэйдгерийн “Энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам ямар үүрэгтэй вэ?” хэмээн асуулга тавьсан нь энэ бизээ.

Гэвч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн түүврийн эхний шүлэг болох “Нээхийн утгын хэлхээ” шүлгийг уншаад яруу найрагч бидэнд өнөөдрийн энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам юу хийж чадах талаар нэгийг бодогдуулам санаа олж авлаа. Тухайлбал: “Нээхийн утгын хэлхээ” шүлэгтээ шүлэглэсэн нь:

Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм

Хэдийгээр яруу найрагч энэ шүлгийнхээ эхний хэсэгт өөрийгөө тайлагдаагүй оньсого, ойлгоход бурх уулзвар зам, арвин их усыг өөртөө агуулсан мөст уултай зүйрлэвч, шүлэг яруу найргаас түүний сэтгэлд оршсон нандин нууцыг харж болно. Өнөөдрийн энэхүү ээдрээтэй, хүнд бэрх эрин үед яруу найрагч хүн юу хийж чадах талаар л бидэнд өгүүлж буй мэт. Энэ нууц энэхүү түүврийн 15-р шүлэг “Гэрэлтэх агшин бүр” шүлэгт дүрсэлсэнээр илэрхийлэгдэж байна.

Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй

Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй

Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй

Энэ шүлгээрээ дамжуулан яруу найрагч маань бидэнд өнөөдрийн улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технилогийг урьтал болгогч харанхуй эрин үед яруу найрагчийн энэхүү “гэрэлт” тэрхүү ээдрээтэй харанхуй нийгмийг гэрэлтүүлж чадахыг өгүүлж байна.

Хоёр: Яруу найраг бол хүн төрөлхтөний оюун санааны иргэншлийн үндэс язгуур мөн.
Эдүгээ хүн төрөлхтөний долоо, найман мянган жилийн соёл иргэншил нь яруу найргийн бүтээлээс эхэлсэн гэж хэлж болохыг та бүхэн мэднэ. Жишээ нь: Египетийн “Нарны дуулал”, Энэтхэгийн “Ведийн дуулал, “Махабарата”, Грекийн “Илиада”, “Одессей” болон Хятадын шүлэг яруу найргийн судрууд гэх мэт дурдаж болно. Ямар ч соёл иргэншил нь философи болон шинжлэх ухааны онолоос эхлээгүй. Энэ нь хүн төрөлхтөн унаган эх байгальтайгаа улам ойртох үед түүнийг бүрдүүлж буй соёл иргэншлийн ололт амжилтын илэрхийлэх хэлбэр нь “яруу найраг” болж байгааг бидэнд тодорхой хэлж буй юм. Иймээс “Яруу найргийн иргэншил” хэмээж болно. Гол утга санаа нь хүн байгаль хоёр улам ойртох үед хүнийг илэрхийлэх хамгийн шууд хэлбэр нь яруу найраг болж байгаад оршино.

Иймд гайхах зүйл үгүй болов уу. Эртний Хятадын түүхэн ном болох “Таншу”-д “Яруу найраг ямагт утга санаа, үзэл бодлыг илэрхийлдэг, дуу аялгуу үргэлж хүний сэтгэл, эх байгалийг төлөөлдөг” гэж дурдсан байдаг.

Энэхүү “байгаль” ба “хүн” хоорондын нийцэл нь одоогийн хэллэгээр бол “хүн” нь хязгааргүй “эх байгаль”-д нийцэн зохицох хоорондын харилцааг хэлж буй юм. Мөн аугаа их философич Лаоци өөрийн “Ёс суртахууны номлол” –ын 25-р хэсэгт: “Хүн газар дэлхийдээ захирагддаг, газар дэлхий тэнгэртээ захирагддаг, тэнгэр ёс суртахуундаа захирагддаг, ёс суртахуун эх байгальдаа захирагддаг” гэж бичсэн байдаг.

Иймд “хүн” болон “эх байгаль”-ийн хоорондын гүн уялдаа Г.Мэнд-Ооёо найрагчийн түүврийн гол утга санаа болж байна. Тухайлбал: түүврийн 3-р шүлэг болох “Уулсын дүрийг тайлахуй” шүлэгт яруу найрагч оюун санаа бүхий нэгэн “уултай”адилтгасан байна.


Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шаштираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана

Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна…

Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?

Мөн түүврийн 4-р шүлэг болох “Чулууны аялгуу” шүлэгт

Чулуу дуулдаг гэж багадаа би итгэсэн болоод
Чухам шидэт аялгууг нь сонсохын хорхой хөдлөөд
Дүүжүү холын дуугий нь цаламдан олохын хүслэн
Хуучин голын сайр дагаж нэг өдөржин явлаа.

Цаглашгүй үүрдийн урсгал он жилүдийн нугачаанд
Цагийн цагт дуу хуураасаа хагацашгүй заятайдаа
Ус голынхоо чулууг хөгжим гэж бахдах юм
Угийн хайртай эх орондоо улам л хайртай болох юм.

Ийнхүү өгүүлсэн нь яруу найрагчийн өөрийнхөө амь амьдрал, зүрх сэтгэлээ чулуутай уялдуулан холбож, түүний Монгол нутгаа хайрлах хөг аялгуу бэлгэдэл “тотем” болж байгааг харж болно.
Хүн эхээсээ төрөхдөө “соёлт” иргэн байдаггүй “байгалийн хүн” байсан, харин хожим “соёлт” хүн болж төлөвшдөг. Бид бүгд “жаахан хүүхэд” байж байгаад “насанд хүрсэн хүн” болохтой адил утга нэг юм. Энэ үүднээс харахад хүн төрөлхтөний үүсэл хөгжилд уг гарал чухал болохыг ойлгож болно.

Хүний төрөлхийн мөн чанарыг авч үзвэл хүн болгон өөрийн гэсэн “хүүхэд ахуй цаг”-тай, харин аажмаар “насанд хүрдэг”.
“Түүхийн” хувьд авч үзвэл соёл иргэншлийн ололт дэвшилт нь эхлээд “уг язгуур”-аас соёл иргэншил рүү хувьсан хөгждөг.
“Илэрхийлэх хэлбэр”-ийн хувьд авч үзвэл хүн болгон эхлээд “урлагаар” дамжин илэрхийлэгддэг. Хожим нь “бичиг үсгээр” дамжин илэрхийлэгддэг болсон ажгуу.

Иймээс “хүүхэд ахуй цаг”, “төрөлх байдал” ба “урлаг” нь бид нарын хүн төрөлхтөний “уг нүүр царай” юм. Өөрөөр хэлбэл хүн төрөлхтөний соёл иргэншлийн үндэс суурь буюу эх булаг юм. Харин “яруу найраг” бол “яруу найрагч хүн”-ий сэтгэлийн илрэл. Өөр өөр нийгмийн байгуулалттай үеүүдэд ч гэсэн яруу найрагч хүн яруу найргаараа дамжуулан хүн төрөлхтөнийг өөрсдийн уг язгуур, эх булгаа мартахгүй байхыг уриалан дууддаг. Хүн төрөлхтөний хамгийн их санаа тавьж байх ёстой зүйл бол эх байгаль дэлхий, уг мөн чанартаа эргэн очих явдал юм.

Бид нэгдмэл ойлголттой болж чадаж гэмээнэ Г.Мэнд-Ооёогийн шүлгийн түүврийн 12-р шүлэг болох “Яруу найрагчийн цадиг оршвой” шүлгийн утга санааг илүү тод ойлгох учиртай.

Яруу найрагчийн цадиг оршвой


Орийн ганц нь л бусдаасаа
Ондоо замыг оноон сонгож.
Өрлөг сайдад нь өөтэй үзэгдэн
Өөрийн үнэнийг эрж явжээ
Үүрэглэж униартсан уулсаа хараад
Үүлс уймарсан тэнгэрээ ширтээд
Яралзсан морьтнууд цэрэглэн мордоход
Яруу найргийн хүлэгтээ дөрөөлжээ
Хөрст дэлхий хөрвөж бүхийд ч
Хөвчин улс амарч бүхийд ч
Цагийн хөлд цалгарч суулгүй
Цаглашгүй үнэнийг бичиж явжээ


Гурав. Яруу найрагчийн мөхөшгүй гэрэл гэж чухам юу вэ?
“Байгаль эх дэлхий” нэг л төрхөөрөө байдгийг бид бүхэн мэднэ. харин хүн төрөлхтөн бидний сэтгэл зүрх байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Бидний тэмцэл, зовлон нь нэг ёсны өөрсдийн сэтгэлд буй тэрхүү “бодрол” болон “ганцаардлыг” эгүүлэн олж авахын тулд байдаг буй заа. Гэвч хэзээ нэгэн өдөр тэнгэр газар, эх дэлхий энгүүн төрөлх байдлаараа бидэнд хандан инээмсэглэх үед тэрхүү бодрол, зовлон өд хийсэхтэй адил зөөлнөөр замхран алга болдог.

Цонхны цаанаа туяаран харагдах хөх уул болон үе үе сэвхийн хөвөх цагаан үүлийг одоогийн эмх замбараагүй, нүд эрээлжлэм орчин үеийн нийгмийн аж үйлдвэр, арилжаа худалдаа, техник технилоги бүхий нийгмийн цэгцгүй байдал ба эрх мэдэл, албан тушаалын төлөөх хүмүүстэй тусган харахад өнөөдрийн “ээдрээтэй эрин үе”-д амьдарч байгаа яруу найрагчийн “мөхөшгүй гэрэл” чухам ямар утга санааг илэрхийлж байгааг тодорхой харж болно.

Эртний Хятадын аугаа яруу найрагч Тао Юаньмин ийм нэгэн шүлэг бичиж байсныг сийрүүлвээс:

Оршин буй газарт минь тэрэг тураг морьдын чимээ ч үгүй
Одоо чухам юу хийх билээ би, сэтгэл минь хөдөө аглагт одмуй
Үзэсгэлэнт цэцэгсийг дэргэдээсээ түүн уулсаа шимтэн үзмүй
Үүрийн гэгээ үдшийн зураг үзэсгэлэнтэй нисэх шувуудын бараа тодорхой
Өөрийн эрхгүй сэтгэлд буух ахуйг үгээр илэрхийлэх аргагүй


Уг шүлгээс харахд эртний яруу найрагч яагаад тэрэг тураг морьд байхгүй тайван сайхан орчин гэж тодотгож бичсэнийг асуумаар санагдана. Үүн лүгээ адаил бид нарын амьдарч буй орчин үеийн аж үйлдвэр, арилжаа худалдаа техник технологийн иргэншилт нийгэмд түүний дүрсэлснээр амьдарч болох болов уу?

Би бодохдоо асуудлын гол нь “эртний” ба “орчин үеийн” хоорондын ялгаандаа бус юм. Учир нь “эртний хүн” ба “орчин үеийн хүн” түүний хүн чанар ижил, он цагийн ялгаа байдаггүй. Иймд бид өөрсдийн “мөн чанар”-ын ойлголтоор эртний хүн “яруу найраг”-ийг тайлж унших боломжгүй. Гагцхүү мянган жилийн тэртээх эртний нийгэм өөрөө харьцангуй хялбар байсанд орших ба харин өнөөгийн нийгэм харьцангуй ярвигтай гэж хэлж болно.

Иймд яруу найрагч болон яруу найргийн бүтээл нь “хүний мөн чанар” дотоод ертөнцийг тайлан илэрхийлэхэд оршиж байна. Түүнчлэн яруу найраг нь “эх байгал” руу хөтлөн хүргэж байна. Өнөөгийн амьдралд өөрийн гэсэн “бодот байдал” , “мөрөөдөл” буйг үгүйсгэх аргагүй. Гэвч хүний төрөлх мөн чанарын үүднээс харахад бодот оршин буй дэлхий маань нэгэн төрлийн хоосон чанарын өрөөсгөл амь амьдрал болж, харин “яруу найргийн” дэлхий нь бидний мөрөөдлийн, хувиршгүй “биет дэлхий” болж байна. Үүнээс “бодит байдал” ба “мөрөөдөл”-ийн хоорондын ялгааг тунгаан бодох буйзаа. Магадгүй энэ нь яруу найрагчийн бидэнд илэрхийлж буй “ мөхөшгүй гэрэлт” тэр ертөнц болов уу. Энэ тухай яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн шүлгийн түүврийн 20-р шүлэгт өгүүлснээр тодотговоос:

Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийх бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Хайрын охь – мөнхийн дуугаа эрсээр
Чам уруу би явж байна…

Төгсгөлд миний бие Энэтхэгийн аугаа яруу найрагч Таагүрийн бүтээл “Хүн төрөлхтөний шашин” номонд бичсэн хэсгээс дуудаж өөрийн сэтгэгдэлээ өндөрлөе.

“Хүн төрөлхтөн нь цорын ганц үүрд оршин байх амьтад билээ. Бид нарын эрин үе нь ирээдүйн нэгэн хэсэг. Биелүүлж чадаагүй мөрөөдөл, биет болоогүй оюун ухаан бид нарын төсөөлөл, бодох чадварыг улам нээж, эргэн тойрон хүрээлэн буй түмэн зүйлсээс ч улам бодит зүйл мэт санагддаг.
Бид нарын эрин ирээдүйн уур амьсгалаар тэтгэгдэх тэр үед хэзээд мөхөшгүй, хувиршгүй, үүрдийн тэрхүү мэдрэмж төрөх болно.

Бид нар огторгуй ертөнцийн дуу хоолой
Бид нар зүүдэн дундах мөрөөдлийн эрэлч”

Friday, March 2, 2007

О. Дашбалбарын 50 насны ойд


Ìîíãîëûí íýðò ÿðóó íàéðàã÷, òºð íèéãìèéí ãàðàìãàé ç¿òãýëòýí, öîãòîé ýõ îðîí÷ Î÷èðáàòûí Äàøáàëáàðûí 50 íàñíû îé ýíý æèë òîõèîæ áàéíà. Èíãýýä òà á¿õýíäýý ò¿¿íèé ø¿ëýã íàéðãèéí äýýæ áîëñîí íýãýí ñàéõàí ø¿ëãèéã òîëèëóóëúÿ.




***

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь…
Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье!
Санаагаараа жаргаж, гол усны ариун тунгалагт уусъя!
Мөнх наст тэнгэр чинь намайг ширтэнэ, эх орон минь!
Цал буурал үүлсээр чинь би нулимсаа арчина.
Монгол нар алтлаг өнгөөр нүд гялбуулж
Миний Гангабаатар хүү шиг инээнэ.

Нар туссан шаргалхан уулсын чинь хормойд эрхэлье, эх орон минь
Нас буянаа хайрла, уулñ минь…
Яруу эгшиг зүрхэнд шингээж үдшийн агаарт болжмор жиргэнэ.
Янжинлхамтай ханьсаж сэтгэлийн дотор алтан ятга эгшиглэнэ.

Хот айлын яндангаар суунаглах утаа
Холын уулсын бэлд цэнхэр хөшиг татаж,
Хонь ямаа майлалдан, үхэр мөөрөхөд тунгалаг агаар цалгина.
Үнэхээр сэргэлэн багачуудын цовоо дуун голын урсгалыг хөгжөөж
Үл мэдэгхэн сэвэлзэх сэвшээнд нарсны орой сортолзоно.
Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсон агаарт ууснам … үлгэрийг би мэднэ!




O.DASHBALBAR


***
Like a beautiful swan stretching its neck and folding its wings
A dozing girl falls asleep, resting her head on her arms
Evening dusk settles in the fading glimmer
Filling the space around it with its magic, soft and flowing waves

Crafting a piece of extraordinary beauty
Is the Universe, displaying its twinkling golden flash before my eyes?
I gaze, afraid of the slightest move, forcing down the lightest breath of mine
How splendid her golden and silky hair?

For this flash of time, did I leave behind thousand years in my dreams?
Or did I turn into a marble stone with no heart beating with life?
As if in a Heavenly Voyage to a distant world beyond compare
Everything around me looks so new and so magnificent.



Translated by from Mongolian into English by
TSOG Shagdarsuren.

Алтан Овоо удахгүй таны гэрт зочилно


Ìèíèé áèå 1989 îíä “Àëòàí Îâîî” õýìýýõ õºëãºí ñóäàð áè÷èæ äóóñãàñàí áèëýý. Ýíýõ¿¿ íîìîî 1993, 2002 îíóóäàä õýâëýæ óíøèã÷äàäàà áàðüñàí áºãººä õýäèéãýýð öººí òîîòîé áàéñàí ÷ áàñ ÷ ãýæ íèëýýä õ¿ì¿¿ñ ¿çýæ óðìûí ñàéõàí ¿ãýý èëãýýñýí áèëýý. ªíººäºð ýõ îðîí, ãàçàð øîðîî, óóë óñ, óã ãàðâàëàà äýýäëýõèéí ÷óõàëûã öàã ¿å õèéãýýä óëñ îðíû íèéãìèéí áàéäàë áèäýíä ñàíóóëñààð áàéíà. ßëàíãóÿà ¿¿õ ò¿¿õ ìàðòàãäàæ, ¿íýò ñî¸ë óñòàæ, í¿¿äýë÷èí ìàë÷äûí ñî¸ë èðãýíøëèéí ãàéõàìøèãò ºâ óëàìæëàë ãýýãäñýýð áàéíà. Ãàçðûí äýýðõ ñî¸ë õèéãýýä ãàçðûí õýâëèéí áàÿëàã ðóó ýçýðõèéëýí äàéð÷ áàéíà. ×óõàì èéì ¿åä “Àëòàí Îâîî” íîìûíõîî Ø äàõü õýâëýëèéã äàðóéõàí ãàðãàõûã íóòãèéí ñàõèóñ ñàíóóëëàà. ªìíºõ õî¸ð õýâëýëýýñ õîéø íýìæ ñàéæðóóëñàí ç¿éëýý îðóóëæ áóé øèíý íîìîî òàíä óäàõã¿é áàðèõ áîëíî. 300 ãàðóé õóóäàñòàé ýíýõ¿¿ á¿òýýëèéã ìààíü íýãýí öàãò Àðäûí óðàí çîõèîë÷ Ñ.Ýðäýíý ãóàé ¿íýëæ “Àëòàí Îâîî áîë ýõ îðíû äóóëàë ìºí. Æèíõýíý ïàíòåèñò àðèóí ñóðãààëü íîìëîñîí ººð õ¿÷òýé á¿òýýëèéã áè ¿ë ìýäíý.” ãýæ áè÷ñýí áèëýý. Øèíý õýâëýëèéí ýõýíä ìîíãîëûí íýðò çîõèîë÷, ñýòãýã÷ Ä.Óðèàíõàé ºìíºòãºë áè÷ñýí þì. Ò¿¿íèéã òàíäàà òîëèëóóëúÿ.



Өөрийнхөө замаар, өөрийнхөө хурдаар…


Юмсын үнэн, гоо сайхан угтаа тэр юмсад орших бус, түүнийг сэрж, бясалган нэвтэрч буй хүний оюун сэтгэлд л жинхэнэ бодтойгоор оршдог гэж зарим сэтгэгчид үздэг.

Энэ метафизик сэтгэлгээнд ямар их хүчтэй, анхаарууштай үнэн туссаныг “Алтан Овоо” ном давхар нотолж байх шиг санагдахын сацуу номын үг өгүүлбэрийн нухац далайц, найруулгын мэтгээс, уран содон шигэтгээс олж хатгах эрдэм нь уг номын амтанд олзлогдсоор уншиж барахын эцэст өөрийн эрхгүй нэг юмыг мэдрүүлэх нь, -юуг ном зохиол гэх, юуг биш гэхийн ялгааг шинэ оны ногоо, хуучин оны хөрмөг хоёрын ялгаа лугаа адил эрс өөрийг сайтар мэдрүүлэх аж.

Г.Мэнд-Ооёогийн бэлгэ билгүүний хэвд цутгагдсан сэтгэхүйн гольдрол, урлах, найруулах авъяас нь монгол мэргэдийн сонгодог бичгийн хэлний гайхамшигт өвөөс хөхсөн шим шимүүсээс эх ундрагатай нь харагдах ч тэрбээр өөрөө өнөөдөр эртний мэргэд тэдэнтэйгээ эн зэрэгцэн уншигдах, түүхийн хойтод, эсэргэн цагийн номын хайвуудад өв уламжлал болж дамжих түвшинд монгол хэлээр дуун өгүүлэх эрдэмд боловсорсон нь монголын ахмад, залуу аль аль үеийн зохиолчдыг ихэд баярлуулах боллоо.

Б.Ринчен гуай 1974-1975 оны хавьцаа байх (чухам аль оныг нь яг оноож эс санана!) Монголын Зохиолчдын Эвлэлийн Хороонд нэг өдөр морилон ирж залуу зохиолчидтой ярилцахдаа намайг ёжилж,
-Та цатгалан арслан шиг хүн юм! гэж нодготойгоор сахлаа шувтрахад нь би, - Цатгалан арслан яадаг юм? Яагаад би цатгалан арслан шиг байгаа юм? гэж асуувал, Б.Ринчен гуай, - Цатгалан арслан амьтан барьдаггүй, зүгээр л самардаад орхичихдог гэдэг юм. Самардуулсан амьтан нь болохоор үхдэггүй, айхтар сүрхий сэглэгдээд л үлдчихдэг байна. Иймд ном бичих хүн бол цатгалан арслан шиг бус, оготно барьж буй муур шиг байх ёстой юм хуна. Муур цатгалан ч бай, өлсгөлөн ч бай, оготно ангуучилахаараа заавал барьж сална, тэгэхдээ, тоглоом тохуу хийж байгаа юм шиг энд тэндээс нь нэг хазаж нэг тавьж ийш тийш нь зориуд гүйлгэнэ, гүйхээр нь хумсаараа савардаад хэдэн хурам хөдөлгөхгүй хэвтүүлж эгдүүгээ хүргэнэ, оготно нь хөдөлбөл дахиад савардаад авна, тэгж хамаг үйлийг нь барж барж бүүр муужрахтай нь зэрэг сая таатайхан “зооглож” орхидог юм. Ном бичихэд, чингэж, оготно барьж байгаа муур шиг бах таваа хангаж, цаадахынхаа эсэргүүцэх гоочийг барж, хаашаа ч мултрахааргүй болтол нь нухаж ноолвол л сая гүйцэд зохиол гараас гарах учиртай шуу юм! гэж айлдаж билээ.

Залуу цагтаа Б.Ринчен гуайгаас сонссон энэ сануулгын утгыг одоо бодохноо, ном зохиол гэдэг, -Оготно, зохиолч гэдэг нь, - муур, “оготно барьж идэх” гэдэг нь, - ном дэвтэр бичих үйл явцтай нээрээн л төстэй юмсанжээ.

Үгийн таяг тулж ном туурвил бүтээхэд, Б.Ринчен гуайн зүйрлэснээр, оготно “нухаж” байгаа муур шиг л тийм няхуур арга дадал, омой хуугиагаас хагацсан чанар, хүлээнгүй тэвчээр, санаа бодлоо лавтай гүйцээх нөр нут ажиллагааны ур чадвар зайлшгүй чухал байдаг нь маргаанүй хэрэг байна.
Дээр өгүүлсэн, Огоно – Муурын үлгэрээс ургуулаад цаашлуулан бодоход, НОм-суварга (Г.Мэнд-Ооёогийн оноож дүрсэлснээр!) цогцлооход олон цогчин багананд уллуулж байж босгодог шиг байна.

Эдгээрээс өөрт минь хамгийн ойлгомжтой нэгийг нь “Алтан ОВоо” номыг уйгагүй хэлтэлж суухдаа ухаарч авсан минь гэвэл, - нутаг усаа үнхэлцэг зүрхнийхээ голоос уйлан хайлан хайрлах хайр байдаг юм байна.

Эх нутгаа, ижий ааваа, ахуй ёсоо хайрлах элэг дурдайм хайр… бүүр элэг бэтгэртлээ санан хайрлах “зовлонт” хайр, нүдэндээ харсаар атлаа хагацсан мэт аймсан хайрлах “харам”, эмзэг, соргог хайр л сайн ном бүтээх тухайлбал, “Алтан Овоо” мэт уянгалаг, халуун элгэмсүү, амт шимт нитгэрсэн намрын айраг шиг өл өгөөж гүйцэд дуулал – туурвилаар “хүний будангуйрагч оюун сэтгэлийг гэрэлтүүлэх” ном бүтээх “тулгын чулууд”-ын нэг чулуу нь болдог аж.

“Шилийн Богд … Гангын Цагаан Овоо… Дөш… Ганга нуур … Баян дулаан … Молцог элс … Дагшин … Дуут нуур … Лүн хайрхан … Хараат … Гурван нарт … Хөргийн ширээ …” гээд дэлхийг бүтээлцсэн ариун, онгон газар ус бол Г.Мэнд-Ооёо найрагчийн сэтгэлийн нар аргамжаатай, аргамаг онгод, гэгээн сүсэг мөргөлийн нь зул хорголоотой орон хангай юм. Нүдээр үзэгч, сэтгэлээр бүтээгч Бурхадын адис оршсон энэ найрагчийн цээжин дотор цэнхэрлэгч Дар-а (гэтэлгэгч) Ганга (эх) нутаг ус нь гараг дэлхийн багасгасан дүр зураг юм.

Найрагч сэтгэлийнхээ тольтод ургадаг дүр, зөн, совин, зүүд зураг хийгээд сэрэл сэрэхүйн үл баригдах эрчимийн урсгалуудаар газар орныхоо эзэд, лус савдагуудын чинад хүчнүүдтэй нөхчиж, газар усны нууцлаг үг хэлийг бидэнд “орчуулан” дамжуулжээ. Хүний сэтгэл оюун тэнгэрлэгээр гэрэлтэж ахуйд тэр хүнд уул, ус өөсөөн ойртон харагддаг, бусдад сонсгоогүй үгээ сонсгодог, магадгүй, задалдаггүй үнэнээ ч задалдаг нэг үл үнэмшим сонин учир ёс байдаг юм шиг байна.

Г.Мэнд-Ооёо, “Хорвоогийн юм бүхний учир шалтгаан нэгэн утсаар сүвлэгдсэн мэт санагддаг!” гэснийг баримтлан, “Алтан Овоо” ном бүхэлдээ ширэгдсэн “учир шалтгааны утас”-ыг хайж хөөхдөө, “Тэр утас бол, -Эх нутгаа хайрладаг сэтгэлийн нь эрчим, шид хүч байжээ!” гэдгийг оллоо.

Тэрбээр эдүгээ ном бүтээлийнхээ аянд өөрийнхөө сэтгэлийн замаар, өөрийнхөө сэтгэлийн хурдаар урагшилж явна.

Хүний сэтгэлийн замын хэмжээ, хурдыг би тодорхойлж эс чадна. Магадгүй, шинжлэх ухаан ч тодорхойлж эс чадам за!

Үл өгүүлэн өгүүлэх нь:

Дэлхийн Урлаг Соёлын Академийн доктор, Монголын Соёл, утга зохиолын нэрт зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” номын гарчиг, бүлэг, үг өгүүлбэрийн “хаваас”, “ширээс”-ээр орчиход, зохиогч нь монгол хэлний найруулгын аньс, эрдэмд мэргэжсэн нь үгийн гэм алжаасаас илт хагацсан, туулсан чанарт нэгэнт хүрчээ.

“Алтан Овоо” ном сонгодог бичгийн хэлний ур чадварын “сурах бичиг” болохуйц тансаг, эрхэмсэг найруулга хийцтэйг туйлаас бахдууштай ч түүнийг торгоны хээ мэт товойлгохоо албаар орхисхийж, эзэн хүний сэтгэл ч гэж нэрлэж болмоор, эсвэл энхрий үрийн сэтгэл ч гэж нэрлэж болмоор гүнээ шүтэн барилдсан элбэрүү сэтгэлээр, тийм нэг далд увьдас, оньсоор энэ ном бүтсэнийг цухас ч болов заавал сөхөх хэрэгтэй шиг сангдаад илүүц үгэнд гэнэ алдан хорхойслоо….

Дэлхийн Урлаг Соёлын Академийн доктор
Улаан ямаат Дамдинсүрэнгийн Урианхай

2007.2.16-22
Алтан Тэвшийн Хөндий