Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Tuesday, March 20, 2012

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ


3.21 Дэлхийн яруу найргийн өдөрт
Г.МЭНД-ООЁО

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ
Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгисыг зөвхөн яруу найраг л тогтоон барина. Яруу найргийн өөр нэгэн гайхамшиг нь тухайн хэл сэтгэлгээний үнэт зүйлсийг хадгалан өвлүүлэгч болохын хувьд оюуныг дээдлэгч хүмүүст бол үнэт очир эрдэнэсээс ч үнэтэй буюу. Материаллаг баялагт хэт шунан шимтэгч өдгөө цаг үед яруу найргийн ханш буурсан гэх буюу технологи хэт өндөр хөгжсөн зарим оронд яруу найраг үгүй болж байгаа мэтээр ярих болсон ч өнөөдөр манай дэлхийд зуу зуун сая хүн яруу найраг дахь тайлагдашгүй дотоод эрчим рүү нь шимтсээр, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсээс дотоод оюунаа ариусган гэгээрүүлж, яруу найргаас үлэмжийн чанарыг олж нээсээр байна.
Монголчуудын бүтээсэн яруу найргийн гайхамшигууд гэвэл бид юу юуг нэрлэж, тэрхүү эрдэнэсийн санд оруулах вэ? хэмээх асуултыг өөртөө тавьж бичсэн шинэ номынхоо эхээс товчлон эхэн удаад дараах есөн гайхамшигийг нэрлэж байна.
1. “Хос уянга”, “Ертөнцийн гурав” хэмээх очир алмааз
Хамгийн их санаа хийгээд утга уянгыг хамгийн цөөн үг, хэм хэмнэлээр яруу найраг болгон цогцлоох урлаг бүхий л улс үндэстэнд буй. Тэдгээрийн дотроос эртний Персийн Омар Хайямын “Рубай” хэмээх дөрвөн мөрт, Японы Мацуо Башёгийн “Хайку” хэмээх арван долоон үет /гурван мөрт гэх нь буй/, Исакава Такубокугийн “Танка” хэмээх атга эм буюу таван мөрт, Түвдийн Гунгаажалцаны Субашидийн дөрвөн мөрт, Энэтхэгийн Рабинадраат Таагүрийн “Ирсэн шувуу” хэмээх богино хүүрнэл шүлэг, Өрнө дахины “соннет” хэмээх 14 мөртүүдийг дэлхийн яруу найргийн эрдэнэсийн сондорууд хэмээн зүй ёсоор үздэг билээ.
Тэдэнтэй эн зэрэгцэх яруу найргийг монголчууд бүтээсэн нь “хос уянга” хэмээх товчит, “ертөнцийн гурав” хэмээх гуравт болой.
Сайн юманд үр буй
Муу юманд мөр буй
хэмээх хос уянгын зэрэгцүүлэл, хэм хэмнэл, шүлэглэх ур утга уянга гэх мэт олон зүйлийг дээрхээс шууд ажиглаж болох бөгөөд сайн бүхэн урган төлжих арвижих нэгэн санаа, муу бүхэн ул мөрөө үлдээх боловч цагийн элэгдэлд элрэн арилахын хоёр дахь санааг үгүүлэх болой.
Үгийг үг болгох
Үгүйг бий болгох
...
Айл хүний амь нэг
Саахалт хүний санаа нэг...
гэх мэтээр монголчууд өдөр тутмын яриандаа зүйрлэн хэлж буй хэдэн зуун мянган билиг дотроос дээжлэн сорчилбоос “нэгэн хас хуурцаг дүүрэн очир алмаас” тунарах болой.
Орчлон
Гаслан... хэмээх хоёрхон үг, дөрөвхөн үе энэ хос уянга бол манай дэлхий дээрх хамгийн товчхон мөртлөө хамгийн их санааг багтаасан шүлэг байж ч магадгүй юм.
Тэнгэрт багана дутуу
Дэлхийд бүслүүр дутуу
Далайд таглаа дутуу...
гэх /ертөнцийн гурван дутуу/ шүлгийн ур, уран санааг тайлбарлах нь илүүц буй заа. Үүнд зохиогдсон цаг үеийн хүмүүний ухааны далайц байхын хамт ирээдүй судлалын холч билгүүн хараа ч бас хадгалагдсан байна. Бидний олж цуглуулснаар ертөнцийн гурав хэмээх 300 орчим гурван мөрт шүлэг буй. Ертөнцийн гурав бол утга уянгын нэгэн их санааг илэрхийлсэн нүүдэлчний тулгын гурван чулуу мэт урлал ажээ.
2. Монгол их хөлгөн туульсууд буюу тэнгэрийн найраг
Энэтхэгийн “Раамачандраан туульс”, Грекийн “Иллиада”, “Одиссей”, Францын “Роландын дуулал”, Оросын “Игорийн хорооны тууж”, Персийн “Шахнаме”, Киргизийн “Манас” тэргүүтэн хүн төрөлхтөний туульсын яруу сайхан сор бүтээлүүдийн зиндаанд “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ын туульсуудаа товойлгон, тод томруунаар гаргаж ирэх нь өдгөө цагийн монгол мэргэдийн эрдэм оюуны чансааг сорих үйлс төдийгүй, улсын алтан хайрцаг дотор байх бодлогын хэрэг гэдэг нь хэнд ч ойлгомжтой буй заа. Монгол туульс нь зөвхөн дээрх гурав төдий бус аа. Хэдхэн цагаас эхлээд хэдэн сараар аялгуулан хэлдэг их хөлгөн туульсууд үе үеийн үлгэрч туульчдын цээжнээс тэнгэрийн эрчимээр ундран цэцлэгдэж гараад дараа дараа үедээ дамжин уламжилсан нь ч бий. Эзэн хүнтэйгээ элэрэн мартагдсан нь ч буй. Баруун Монголын алдарт туульч Парчины хайлсан “Хан Харангуй” туульсийг өнгөрсөн зууны эхээр А.Бурдуков тэмдэглэн авч профессор В.Котвич руу Санктпетербург хотноо илгээснээр монгол тууль судалгааны эргэлтэнд оржээ. Парчины хайлсан “Бум эрдэнэ” туульс 5000 мөр шүлэгтэй бол амаар уламжлагдан ирээд ХХ зууны эхээр бичигт тэмдэглэгдсэн “150 насалсан хөгшин луу мэргэн хаан” хэмээх туульс 14000 мөр шүлэгтэй ажээ. Туульсийн нэгэн гайхамшиг бол ундран гарахдаа домог түүхийг өрнүүлэн үгүүлэхийн хамт, тэнгэрс, уул усны эзэн савдагийг баясган тайтгаруулах шидийн хүчийг үзүүлэх увдистай. Монгол туульс бол хүмүүний ой санамж, оюуны багтаамж, илэрхийлэх ур чадварын гайхамшиг болохын хувьд хүн төрөлхтөний аман билиг, цэц-найргийн охь, монгол хэл соёлын их эрдэнэс бөлгөө.
3. Дэлхийд ганцхан хувь чулуунд шингэсэн яруу найраг
Монголын эх оронч, яруу найрагч “Чөөхүр” хэмээх Цогт тайж бээр 1621 оны намрын эхэн сард Хангай ханы Цэцэрлэгийн хойд ууланд авлаж явахын цагт авга эгчээ дурсан санаж нэгэн шүлэг хайлсан нь түүхэнд “Цогтын чулууны бичиг” хэмээн алдаршжээ. Цогтын цэцэлсэн шүлгийг Эрх хиа тэмдэглэн авсныг гурван жилийн дараа Дайчин хиа, Гүен баатар хоёр Дуутын хар чулуунд сийлэн мөнхөлснөөр бидний үед хүрч ирсэн юм.
...Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд
Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын
Илт бие дүр өөр боловч
Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй
хэмээх 28 мөр шүлэг бол 400 шахам жилийн өмнө зохиогдсон монгол яруу найргийн гайхамшигт дуулал болой. 2021 онд энэ шүлэг зохиогдсоны 400 жилийн ой болно. Цогтын хаднаа мөнхөрсөн энэ шүлэг бол үгийн урлагийн үнэт зүйлсийг Монголчууд хэрхэн үнэлэн дээдэлж ирсний түүхэн гэрч төдийгүй монгол бичиг соёлын ховор чухаг дурсгал юм. Яруу найргийн очир эрдэнэсийг байгалийн хад чулуунд ийм гайхалтай уран тод бичиглэлээр сийлбэрлэн мөнхөлж үлдээсэн нь хүн төрөлхтөний түүхэнд нэн ховор үзэгдэл билээ. Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Цогтын бичигт чулуу алга боллоо хэмээн хэвлэлээр гарсан шуугиан нь азаар цуурхал байсан ч хатуухан сануулга болсныг төр улс анхааралдаа авсан буй заа хэмээн найдъя.
4. Хаадаасаа харцаа хүртэл шүлэгч ард түмэн
Чингис хааны “Оюун түлхүүр” тэргүүт билиг сургаалиуд бол монгол яруу найргийн эрдэнэсийн дурсгалууд мөн.
Алд бие минь алжааваас алжаатугай
Аху төр минь бүү алдартугай
Бүтэн бие минь зовбоос зовтугай
Бүрэн улс синь бүү сандартугай...
гэх тэргүүт үгс нь хойчийн хаад, төр улсын жолоо баригчдад илгээсэн мөнхийн сануулга бус уу. Чингисийн билиг сургуулиудад энэ мэт гайхамшигт шад олон буйг эрхэмлэн саналтай. Хувилай хааны “Чун Шан ууланд төрсөн сэтгэгдэл”, Тогоонтөмөр хааны “Мингийн жанжинд илгээсэн шүлэг”, Тугтөмөр хааны “Хөх гүйлсийн шүлэг”, Мандухай сэцэн хатны “Тангарагийн шүлэг” тэргүүтэн нь төрийг илдээр засахын зэрэгцээ эерүү ухаан эрдэм билгийг онцгой эрхэмлэж байсны тод гэрч болой. Хаадын билиг өрлөг сайдуудад ч хамаатай аж. Сөнөдийн Гилгүүдэй баатарын хаан эзнийхээ цогцосны дэргэд хайлсан шүлэг, Юань гүрний үеийн жанжид болох Баян, Агай гүнж тэргүүтний шүлгүүдийг дурдаж болох юм. Эгэл ард нь ч шүлэг найраглал олныг туурвиснаас “Аргасан хуурчийн домог”, “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шастир”, “Эр хоёр загалын тууж”, Ижил мөрний хөвөөнөөс олдсон “Алтан ордны үйсэн дээрх бичиг” хэмээн алдаршсан эгэл цэргийн уянгат дуулал тэргүүтэн бол монголчуудын түүхэн цаг үеүдийн тусгал төдийгүй, яруу үгүүлэхүйн цэцэн мэргэн шүлэг найргийн шүр сувд мөн.
5. Нэгэн ам бүлээс таван шүлэгч
Монголын уран зохиолын түүхэнд нэгэн содон хувь заяа тохиосон нь Чингис хааны алтан ургийн тайж Түмэд баруун хошууны “Шударга бат хороо”-ны монгол сурвалжтан Ванчинбалынд /1795-1847/ дөрвөн яруу найрагч хөвгүүн төрж бойжсон явдал юм. Ванчинбал Монголын түүхэн уран зохиолын “Хөх судар” хэмээх романы эхний 8 бүлгийг бичсэний дотор олон шигтгэл сул шүлэг оруулсан байдаг. “Хөх судар”-ын 61 бүлгийг Ванчинбалын бага хөвгүүн Инжинаши /1837-1892/ 10 гаруй жилийн туршид бичиж туурвижээ. Инжинаши бол түүхч, зохиолч, яруу найрагч, зураач, утга зохиолын онолч байлаа.
Инжинаши,
Мянган оны учир шалтгааныг бийр бэхэсэээс асууж
Мяралзан эрээлжлэх үйл явдлыг судар бичиг лүгээ хэлэлцмүй
Миний энэ бие хэл сэтгэл гүнээ чилсэн шалтгааныг
Мятарш үгүй хожмын мэргэд айлднам болов уу үгүй юү?
хэмээн халаглан шүлэглэсэн нь буй. Ванчилбал тайжийн их хөвгүүн Гулиранса нь /1823-1851/ XIX зууны онцгой авъяаслаг шүлэгч бөгөөд 29 насалсан богино хугацаандаа 90 орчим шүлэг дуулал туурвиж, “Сүн улсын хүйтэн уулын бичиг” хэмээх алдарт туурвилыг монголчилжээ.
Гулиранса,
Өнгө чинь гурван хаврын тоорын цэцэг мэт
Үнэр чинь есөн намрын сүмэн өвс адил
Үсний хар, эгнэгт бэхсийн харыг даран чадаад
Үнэн улаан яахин, түүний уруулын улааныг гүйцмүй
гэх мэт олон гайхалтай уран шүлэг бичиж үлдээжээ. Ванчинбалын 5-р хөвгүүн Гунначуг /1833-1899/ 35-хан насалсан боловч багаас шүлэг бичиж, зураг зурж, яруу найргийн онол, монгол хятад шүлгийг харьцуулан судалсан бол 6-р хүү Сүнвэйданзан /1834-1898/ түүхч, гарамгай орчуулагч, яруу найрагч байлаа. Тэрбээр Гулирансын дуусгаж амжаагүй “Хүйтэн уулын бичиг”-ийг гүйцээн монголчилжээ. “Хөх судар”-ын нөхвөр дэвтэрийн зарим бөлгийн өмнө Сүнвэйданзаны шүлгүүдийг оруулсан байдаг. Ванчинбалынханы яруу найраг нь тэдний монголын эртний уламжлалт шүлэг хийгээд нанхиад утга зохиолын боловсрол, манж төвд хэл соёлын нөлөө бүхий өвөрмөц содон, нэн торгомсог уран тансаг туурвилууд байдаг юм.
6. Яруу найргийн хүлэг мориор гэгээрэлд хүрсэн найрагч
Монголын гучин гурван говийн аглагхан нэгэн чөлөөнд мэндлээд нартад аж төрсөн 53 насандаа хүмүүний оюун сэтгэлгээний дээд аглагт хүрч гэгээрсэн Говийн V ноён хутагт Данзанравжаа бол хүн төрөлхтөний яруу найргийн хойморийн сэнтийд заларвал зохих агуу их зохист аялгууч мөн болой. Азтай нь гэвэл, Равжаагийн шүлэг дуулал, “хазгар өвгөдийн хар авдараас” “хахир говийн хад агуйгаас” олдсоор байна. Харамсалтай нь гэвэл Равжаагийн яруу найргийн үнэт зүйлсийг өнөө болтол бүрэн таньж нээгээгүй байна. Равжаагийн шүлэг дуулалуудын эхэнд байх бясалгал залбиралын шадуудыг тарнич – егүзэрийн самадид оршихуйн төвлөрөл –шүлэг дуулалдаа шингээсэн адистэд жүд гэх талаас нь тунгаах ёстой. Хутагтын шүлгүүдийг морин дэл дээр яваа янаг амрагийн гансралын дуун мэт ойлгох нь олонтаа. “Цэвцгэр хурдан шарга”, “Сэргэлэн зант цагаан”, “Наранзул хул”, “Гишгэдэлт хээр”, “Дөмөн” тэргүүт Равжаагийн яруу найргийн хүлгүүд нь сэтгэлийн янаг амрагаа зорин яваа эр хүмүүний хүлэг морин төдийгүй дээд оюунаар бясалгал гэгээрлийн эрдэмд хөтлөх судар тарнийн билгийн хүлгүүд ажээ. Данзанравжаа бээр хутагтын эрдмийн нууц оньсонд нэвтэрээд үзэгдэл бүхнийг яруу төгөлдөрт увдислаж, шүлэг дууллынхаа төгсгөлд “бясалгал дунд ургасан” хэмээн тодорхойлсон байх нь тааралдана. Билгүүн гүүш Л.Хүрэлбаатар багш “...ертөнц хийгээд номын хоёр агуулгатай, янагуухь хийгээд үнэмлэхүйн давхар далд санаатай, залах хийгээд магадлахын хоёр утгатай” хэмээн түүний гүр дууллуудын тухайд хэлжээ. Данзанравжаагийн аялгуун жүд оршоосон “Үлэмжийн чанар”, “Урьхан хонгор” тэргүүт олон дуу нь дуулах бүр адистэд авшигаа улам арвижуулсаар байх утга чанараар “Үлэмжийн чанарыг нэгэнт дуулбал 1000 дара эх уншсантай тэнцэнэ” хэмээн хэлцдэг байх аа.
Данзанравжаа бээр: өөрөө;
Бие гэвч бие биш
Гэгээн хоосон солонго
Хэл гэвч хэл биш
Очирын гүн эгшиглэн” хэмээсэн нь түүний яруу найргийн тухайд хэлж болох хамгийн оновчтой тодорхойлолт авай.
7. Шидэт долгион буюу үгээр увдислахуй
Данзанравжаагийн яруу найраг бол үгээр увдислахуйн гайхамшиг мөн. Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын “Адистэдийн дээдийг хайрлагч эх” хэмээх залбиралын дуулалыг монголчуудын эв эеийг сахиулахын тухайд жүдэлсэн увдислаг ном хэмээнэ. Ер нь гэгээнтэнүүдийн бясалгалд ургуулан увдисласан гүр дуулалууд хийгээд бөө нарын онгодоор дээд оюунаас ирсэн яруу найргийн өв монголчуудын сан хөмрөгт дотоод эрчимээ хадгалан оршсоор байна. Ойрын эгэл жишээ авахад: Говийн ерөөлч Гэлэгбалсан бээр зохиосон “Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл” хэмээх найраг байна. Өөрийн нутагтаа жил дараалан нүүрлэсэн гангийн гачуугаас түмэн олноо гаргах чин хүсэл нь үгийн эрчимд төвлөрөн хуйларч шүлэг бүтээд, олон ардынхаа дэмжсэн уухай түрлэг, итгэл бишрэлээр цэнэглэгдэн идэвхжээд тэр нь байгаль уул ус овоо чулуунд оршин нойрсож асан далд эрчимийг сэргээн өдөөж үүлгүй тэнгэрт үүл хуйлран бөөгнөрөхийн шалтгаан болон бороо орж ган тайлсан ажээ. Монголчуудын уул усандаа тахилга дуулал зохион зориулдаг ёс нь “байгалийн эрхшээл дор сөгдөгч” түмний арга ядсан гуйлт төдийхөн бус, тэнгэр эрхис, байгаль дэлхийн оюун санаатай ойлголцон ярилцаж буй дотоод хүүрнэл хэмээн ойлговоос зохилтой. Үгэн дотор оршигч ийм далд эрчим хийгээд шидэт долгисыг танин барьсан нүүдэлчин монголчууд магтаал, ерөөл, бэлгэ дэмбэрэлийн сайн үгсийн сан хөмрөгийг үй олноор нь бүтээн цогцлоож цээжнээс цээжинд уламжлуулан өвлүүлсэн үгээр увдислахуй нь монгол яруу найргийн онцгой нэгэн үзэгдэл бололтой.
8. Аглагийн аялгуут дуулалууд
Мэргэдийн эрхэт хэмээх Алшаагийн Агваандандар лхарамба бээр сүмийн хязгаарлагдмал гортигоос өөрийгөө чөлөөлөн бяцхан бор гэр барьж аглагт суун олонхи зохиолоо туурвисан гэдэг. Цахар гэвш Лувсанчүлтэм бээр байн байн “цамд суух” хэмээх ёс барьж нийтийн хөл хорьж суугаад бүтээлүүдээ туурвисан байх ахул, эгэл нүүдэлчин шүлэгч Хишигбат “Хос морин сайвар”-ын явдал дунд олон шүлэг зохиожээ. XIX зууны хөдөөгийн жирийн шүлэгч тэрбээр “Ертөнцийг гоо сайхан аварна” хэмээсэн өрнө дахины их мэргэд Л.Толстой, Ф.Достоевский нартай эн тэнцүүхэн хоёр мөрийг бичсэн нь:
Хүмүүн утга уянгыг ойлгож чадвал
Хөлчин чөтгөр хувилгааныг айлгаж чадмуйяа. хэмээжээ. Данзанравжаагийн олонхи шүлгүүд Монголын их говь талыг морь тэмээгээр туулах урт аян нүүдлийн зам харгуйд цогцолжээ. Монгол нүүдэлчин ахуй нь өөрөө яруу найргийн онгод эрчим төвлөрөх, туурвилын таатай орчин болдог онцлогтой аж.
Ийн аглагт аян харгуйд бүтээгдсэн туурвил гэвэл Монгол уртын дууны яруу найраг болой. Уртын дууны аялгууг дэлхий даяар шагшин гайхаж байна. Гэтэл аялгуунд шүтэн барилдсан яруу найргийн найрсал, гүн ухаан, хэл сэтгэлгээний төгөлдөр уянга утгыг танин нээхийг он цаг хүлээж байна.
Энэ сайхан Замбуутивийн наран
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг билүү та мину зээ
хэмээх “Уяхан замбуутивийн наран” дууны яруу төгс шүлгийг яахин аялгуунаас нь салгах билээ. Монгол уртын дууны гарал үүслийг Хүннүгийн үетэй холбоотой гэдэг. Магад ч үгүй. Түүнээс ч эрт үетэй бас хожуу үетэй холбогдох байх. Тэгэхээр монгол хэл, монгол яруу найргийн эрт ба эдүгээ үеийг хадгалан үлдсэн яруу тансаг уртын дууны шүлэг бол монгол яруу найргийн нэгэн гайхамшиг ажгуу.
9. Он цагийн хүрдийг орчилдуулагч найраг
Хүмүүн төрөлхтөний эгэл бие цогцост буй дотоод цагийн хүрд нь од эрхис, байгаль дэлхийн хөдөлгөөн болох гадаад цагийн хүрдтэй шүтэн барилдана. Ийм шүтэн барилдлагын үүднээс “Дөрвөн цаг” хэмээх байгаль дэлхий, эргэх цагийн хувиралыг хүмүүний аж амьдрал, дотоод зүрх сэтгэлийн хөдлөлтэй холбон бичсэн яруу найраг нь монгол найргийн онцгой шинж бололтой.
Өдөр, шөнө, өглөө үдэш дөрвөн цагийн гишгэдэлтэй, өвөл, хавар, зун, намар дөрвөн улирлын хэмнэлтэй, амьдралын ийм хөдөлгөөн дунд яруу найргийн дөрвөн хөлт бадаг, хүлэг морины дөрвөн туурайн хэмнэлд цэгцэрч ертөнцийн оршихуйг дөрвөөр сүлжих хэлбэр цогцолсон буй заа. Дөрвөн цагийн хэм хэмнэл, цаг агаарын эрс тэс солигдол, түүнийг даган өөрчлөгдөх монгол хүний аж төрөл ахуй амьдрал нь ертөнцтэй дасан зохицох чадвар, авъаяс билиг оюун сэтгэлгээний онцлогийг бий болгосоны илрэл буй нь “Дөрвөн цагийн яруу найраг” юм.
Монголын эртний туульс” Алтай хайлах”-аас эхлээд Данзанравжаагийн “Дөрвөн цаг”, Инжиннашийн “Дөрвөн цаг”, “Д.Нацагдоржийн “Дөрвөн цаг”, Г.Сэр-Одын “Улирал ба би”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, “Миний араншин”, Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” тэргүүт олон гайхамшигт шүлгүүд он цагаас цойлон монгол хүний сэтгэлийн хойморт заларчээ. Ер нь Дөрвөн цагийг шүлэгтээ дуулаагүй монгол яруу найрагч үгүй байдаг нь хүн төрөлхтөний яруу найраг дотор ялгарах онцгойрол мөн. Суут Д.Нацагдорж дуулахдаа;
Өвөл хавар зун намар дөрвөн улирал
Уул ус нар сартай нөхөрлөнө
Хүн бүр өтгөсийг үдэж, нялхасыг угтаж
Мянга мянган жил өчүүхэн ч чөлөө завгүй.... хэмээжээ.
2012.3.15
"Өнөөдөр сонин" 2012.3.20 дугаарт

Friday, September 16, 2011

яруу найраг гэж юу вэ?....


/2006 онд бичсэн нэгэн нийтлэлийнхээ төгсгөлийн хэсгээс.../

..... Би урт холын аянд нисч явахдаа яруу найргийн тухай яриа яахлаараа дандаа дүүлэн нисэх утга агуулгатай байдаг билээ хэмээн бодож суув. Ер нь яруу найраг гэж юу вэ? Гэсэн асуултанд хамгийн сонгомол тодорхойлолтыг хэн өгсөн билээ? гэж ном судар онгичиж үзэв. Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчих гэвэл мэдэхээ байчихдаг” гэснийг хамгийн оносон хариулт гэж үзсэн ч байна. Яруу найргийн тухай, яруу найргийн үг хэлний тухай ч юмуу тодорхой нэг хэсэг ойлголтын тухай бол оночтой үг олон байнаа. Яг, яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд төгс хариулт одоо болтол гараагүй юм байна даа хэмээн бодоход хүрлээ.
Саяхан нэг өдөр Дэлхийн Яруу Найргийн өдрийг тэмдэглэх тухай бодож суугаад Явуухулан багшийнхаа “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх алдарт шүлгийг дахин уншаад ганцаараа дуу алдаж, босон харайлаа. Тэрбээр яруу найргийг,

УХААН БОДЛООС БОСООГООРОО ТӨРСӨН ГУУРСТ ХҮЛЭГ

хэмээн тодорхойлжээ. Морин дэл дээр нисч омог омогшил авсан Монгол найрагчаас өөр хэн ингэж томъёолж чадах билээ? Чухам бидний эрээд хайгаад байсан яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд өгсөн төгс хариулт энэ л байна. Би эрснээ оллоо! Олох олохдоо Монголоосоо оллоо!
Монголын үр сад бидний морин дэл дээр нисч ахуйд “ухаан бодолд” өдөлсөн тэрхүү онгодын “гуурст хүлэг” буюу яруу найргийн жигүүр дэвэн дүүлэх цаг болоод нөхцөл нь бүрдвэй. “Гүү-үү-үү-үүг”!

Яруу найрагч Г.МЭНД-ООЁО.

Улаанбаатар. 2006.III

Monday, September 12, 2011

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ”


/Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд/
Г.МЭНД-ООЁО

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН
ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ
Жамцын Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө Ж.Бадраа агсан энэ сод бүтээлийг орчуулахдаа дорнын бичгийн мэргэд томоохон туурвил бүтээлдээ зориулж төгсгөлийн шүлэг бичдэг уламжлалаар “Өргөлийн дуулал орчуулсан тухайд” хэмээх төгсгөлийн шүлэг (1964 онд) бичжээ. Тухайн үеийн үзэл сурталын шалгуураар орж төгсгөлийн шүлэг нь нийтлэгдээгүй ч зохиогчийн эрдэм номын сан хөмрөгт нь үлдэж хоцорсон байна. Одоо энэ шүлгийг үзье.
“Өргөлийн дуулал” орчуулсан тухайд
“Амрахын чөлөөнөө алгасал үгүй тавтай тухтай
Амин насны төгөлдөр өргөлийн дуу дуулмаар санаднам!”
Хэмээн соён айлдсан эрдмийн гэгээн Таагүр таны
Хэмэш үгүй гүн яруу “Өргөлийн дуулал” үүнийг
Хэтэрхий гүйхэн сурлага, арвис дургандаан гонсойлгүй,
Хэнхэдгийн чанад хураасан сан нимгэнээн чамлалгүй,
Үзэг зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин
Үлгэрийн орон шиг Энэдхэгийг үзэж харсандаан урамшин
Даамай хурц нарны нь төөнөх илчинд амьсгаадаад,
Дал, бибал модны нь төгөлдөр сүүдэрт амсхийж,
Тогос бүжин залах Ягшасын зардас үүлний нь
Тогтоолтой хугацаанд авчирдаг хурын рашааныг амталж,
Хаан Гүдүбүддийний байгуулсан хан өндөр цамхаг дээрх
Хар Охин Зарц таны өлмийн оронд бараалхаж,
Шар нохой жилийн зургаан сарыг зарцуулан
Шамдаж шимтэж байж Хинди гадарласан буянаар
Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сар
Хавтай урин улирлын өлзийт хорин долооноо
Эгшиглэнт монгол хэлнийхээ эрдэнийн алтан самбар дээр
Энэдхэг хиндии хэлнээс эвлүүлэн хөрвүүлж төгсгөвэй.
Өөрийн биеийг дөвийлгөж нэр горилсон минь бус
Өвгөд дээдсээс уламжилсан нэгэн заншлыг хүндэтгэж,
Судар номыг орчуулсны учрыг өчин мэдүүлэх
Сулхан атугай ч үнэн хэдэн мөрийг хэлхэлтэй!
Дээрээн ахлах мэргэд буйд өчүүхэн биеэн өргөж
Дэмий хоосон бардамнан өрвийж сөрвийх хэрэг юун?
Доороон залгах дүүнэр буйд номхон даруу болох гэж
Дотроон санаснаан илтгэхгүй нормойх урвайх учир юун?
Эцэг эхийнхээ хайрласан Бадрангуйцогт нэрийг
Эз дутсаны харгаагаар эвдэж хураан зуршуулсан
Салан хэлмэрч миний мэтгэж монголчилсон энэ ном
Санаа сайт түмнийхээн тааллыг хүртэх болоосой!
Буруу зөвийг дэнслэх өнөө маргаашийн мэргэд
Бундуу нахиа мэт дэлгэрэх үе хойчийн залуус
Буцлам халуун сэтгэлээр ослы минь ялган айлдваас
Булчин шөрмөс сунасны минь дээдийн заяа тэр буй заа!
Ж.Бадраагийн төгсгөлийн шүлгээс үзэхэд өргөлийн дууллыг орчуулсан тухайд хэд хэдэн чухал баримтыг бид олж харж болохоор байна.
1. Өөрийн сурсан эрдмээ нимгэн хэмээн чамлалгүй орчуулахаар зориглосоноо өгүүлж,
2. “Үзэг, зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин”, өөрөөр хэлбэл энэхүү дууллыг орчуулах зориг зүрхтэй насныхаа омогийг бахадаж,
3. “Үлгэрийн орон шиг Энэдхэгийг үзэж харсандаа урамшин”, Р.Таагүрийн эх орныг нүдээр үзсэн нь орчуулгын ажилд ихээхэн түлхэц болсноо хэлж,
4. Эртний Энэдхэгийн суут зохиолч Галидасын “Үүлэн зардас”-ын “хурын аршаанаас амталж” түүний орчуулгын уламжлал, аяс намбыг баримталж
5. “Шар нохой жилд зургаан сар зарцуулан шамдаж шимтэн байж Хинди гадарласаны баянаар” уг зохиолыг орчуулах нөхцөл нь дээрх хэд хэдэн хүчин зүйлээр бүрдсэнийг шүлэгт маш тодорхой товчоолсон байна
6. “Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сарын хорин долооноо” орчуулан төгсгөжээ. Энэ нь 1964 он байна.
“Өргөлийн дуулал”-ыг орчуулахдаа зохиолч их зохиолчийн Нобелийн шагналт бүтээлийг монгол уншигч олныхоо сэтгэл оюунд толилуулах эрдэм соёлыг эзэмшсэнхийхээ чадлыг сорих урам итгэлдээ дулдуйдаж, яруу найргийн дорно дахины орчуулгын эртний уламжлалыг баримтлахыг чухалчилан монгол хэлний яруу найруулгын боломжийг чадамгай хэрэглэх зорилго талбиж, түүнээ биелүүлжээ гэж үзэж болно.
Р.Таагүр бенгаал хэлээрээ “GITANJALI хэмээн нэрлэсэн энэ дуулалаа 1912 онд англи хэлнээ үргэлжилсэн үгийн шүлэг болгон орчуулахдаа SONG OFFERINGS” хэмээжээ. Оросоор ЖЕРТВЕННЫЕ ПЕСНИ” гэж орчуулагдсан байна. Санскрит болон бенгаль мөн хинди хэлнээ GITА хэмээх нь дуулал, ANGELI” нь тэнгэрийн дагинас, сахиулсан тэнгэр шүтээн гэж буудаг юм байна. Ж.Бадраа энэ бүхнийг харгалзан үзэж, “Өргөлийн дуулал” хэмээн буулгасан байна. “Өргөлийн дуулал” номын нэр нь хүний амин насан буюу насан хутгийн дуулал, амин насны урсгалаар хамаг юм нөхцөлдөж байдаг бөгөөд тэрхүү жам ёсны тэнгэрт өргөсөн өргөл юм хэмээх өргөн агуулгыг тодорхойлж байна. Нэрийг оноож орчуулна гэдэг нь маш чухал, хаад ихэсийн бол титэмийг нь бүтээхтэй адил буюу.
“Өргөлийн дуулал”-ын орчуулгад яруу найргийн амин насны тэнгэрт өргөсөн дууллын уянгалан хүүрнэсэн, учирлан ятгасан, ухааран тайтгарсан дотоод дүр, хөг хэмнэл хийгээд гэгээн гэрэлт өнгийг шүлэгнээс шүлэгт нэвт сүвлэж илэрхийлсэн байна. Энд нэг шүлгээр жишээлэн өгүүлье.
НЭГЭН САЙХАН ДУРДАТГАЛ
Нэгээхэн ч юм би чамаас гуйгаагүй
Нэрээн ч одоо болтол чихэнд чинь дуулгаагүй дээ.
Яваад өхөд чинь би тэхэд
Яахаа ч мэдэхгүй гөлрөн зогсож байсаан.
Тэр үес би ганцаархнаа худгийн дэргэд зогсож байсан.
Тэндэх моддын сүүдэр худаг дээр бууж ирсэн.
Шавар ваараа мялхтал ус дүүргээд усчин хүүхнүүд
Шаламгайлан гэр гэр өөдөө буцацгаасан.
Тэгснээ тэд намайг дуудаад: «Бидэнтэй яваа, орой боллоо гэсэн»
Тэгэвч би бүдэгхэн дуугаа л гүнгэнэсээр
Тэндээ л зогссоор байсан саан.
Хажуудаа чамайг ирэхэд хөлийн чинь чимээг сонсоогүй.
Харц чинь над дээр тусахдаа гуниг дүүрэн байсан.
«Ээ дээ, би тун их цангаж явна » гэсэн дуунд чинь
Эцэж ядарсан шинж илэрхий байсан.
Өдрөөр унтаад сэрсэн юм шиг би босон харайгаад
Өөрийнхөө хумхаар алган дээр чинь цэвэр ус хийж өгсөн.
Тэгэхэд моддын навч шаржигнан шуугиж,
Тэртээ далдаас хөхөө донгодоод,
Тэргүүр замын эргүүлгээс гаадамбын цэцэг анхилан байж билээ!
Нэрий минь асуухад чинь ичээд дув дуугүй зогссон.
Нээрээ ч чухам намайг дурсах гэж нэрий минь асуухаар
Нэмэртэй тустай юу ч хийчихсэн билээ дээ би?
Ашгүй цангаагий чинь гаргах гэж ус өгсөн дөө гэсэн
Аятайхан сайхан дурдатгал зүрхэнд минь цэцэрлэг дэлгэрүүлж,
Амьд явах хором бүрий минь амттай сайхан болгох бий
Өглөөн цаг үд тийшээ хэвийхэд
Эцсэн дуугаар шувуухай шаагилдана бизээ.
Өндөр дээрээс нимбийн навчис шаржигнахаас залхууран согтуурна заа.
Эндээ л суугаа би ямархан нэгэн бодлого болж
Өнө удтал, өнжиж оройттол бодон бодсоор байх биз ээ.
Хүний сэтгэлд гэрэл гэгээ болж хоногшсон амьдралын жирийн нэгэн агшин “зүрхэнд цэцэрлэг дэлгэрүүлж, алсад явах хором бүрийг амттай сайхан болгох” тэрхүү дурдагчийн сэтгэлийн зөөлөн хөг энэ шүлэгнээс ятгын аялгуу мэт эгшиглэнэ. Уншсан хүний сэтгэлд басхүү өөр нэгэн дурдатгалыг сэрээн эгшиглүүлнэ. Ядарсан хүн худаг дээр ирсэн, ус хийж өгсөн, тэр агшинд бие биесэд хандсан бүлээн зөөлөн харьцаа. Ийм л нэг агшин. Үүн дотор байгаа яруу хөг, гэгээн дурдатгал, хүлээлт, итгэл, тээнэгэлзлэл, тэр агшины дүр зураг, байгалийн байдал, нийгмийн ахуй, хүний зан чанар бүгдийг ганц агшины гэгээн дурдатгалын дэвсгэр дээр багтаан зураглажээ. Энэ шүлэг орчуулга уу, Ж.Бадраагийн шүлэг үү гэдгийг ялган зааглахад нэн бэрх. Энэ орчуулгад хүчээр албадсан, албаар оноож тавьсан үг алга, сэтгэлээс нэгэн хоромын онгодоор шууд л урсан гарсан мэт.
Яруу найргийн орчуулгын тухай утга зохиолын орчуулагч Х.Мэргэн нэгэнтээ хэлэхдээ “Шүлэг зохиол орчуулна гэдэг бол яг торонд байгаа шувуу шиг юм. Нэг талаас чи хүний санаа, хүний сэтгэл, хүний айзам, хүний хэмнэл, хүний адилтгал, хүний зүйрлэлд баглаастай, нөгөө талаас чи найргийн тэнгэрт эрх чөлөөтэй дүүлэх ёстой” гээд цааш “Гэхдээ эх зохиолтойгоо увдис чацуу орчуулга байдаггүй биш, байдаг юмаа” гэсэн байдаг. Ж.Бадраагийн энэ орчуулгыг би чухам тэр увдис чацуу орчуулга мөн хэмээн ойлгож байна. Энэ бол орчуулагчийн махчлал яавч биш, зохиогчийн дүр дүрслэлд хэт автаж баригдсан текник ажиллагаа ч биш юм. Харин “Өргөлийн дуулал” бүтээлийн сүнс сүлд доор сэрсэн яруу найрагчийн онгодын орчуулга хэмээн үзэж байна.
Ж.Бадраагийн орчуулгын яруу найраг нь дорно дахины яруу найргийн эртний монгол орчуулгын уламжлалын шууд тусгал буюу үргэлжлэл гэхээр байна. Энэ нь орчуулагчийн эрдэм, шүлэглэх ур чадвар, хэл соёлын баялаг мэдлэгтэй шууд холбоотой. Мөр бадаг болгондоо хүүрнэл хйигэд дүрслэл, зүйрлэл чимэглэлийг тэгш найруулж сэтгэл хөдлөлийн олон өнгө, хувирал, наминчлал, залбирал, цөхрөл, гутрал, тэмүүлэл, эрмэлзлэлийг хурц илэрхийлсэн дотоод хэмнэлтэй яруу найргийн орчуулга цогцлоон бүтээсэн байна. “Заяагүйяа” хэмээх шүлгээр жишээ авъя:
ЗАЯАГҮЙ ЯА
Явж ирээд хажууд суужээ тэр минь, тэхэд нь би сэрсэнгүй.
Яагаад ингэж их нойр хүрээ вэ? Заяагүй ч юм даа!
Яг түүнийг ирэхэд амгалан шөнийн цаг байлаа.
Ятга сайхан хуурыг тэр бариад ирсэн байлаа.
Яруухнаа жингэнэх эгшгээр зүүд минь урсаж байлаа.
Сэрж үзвээс зандан анхилам өмнийн салхи харанхуйд
Сэвэлзэн үлээж тансаг үнэрээ дөрвөн зүг түгээж байлаа.
Хамаг шөнө минь юуны учир ийнхүү хулжин зугтаа вэ?
Халуун амьсгаа нь намайг шүргээд байсан мөртөө
Харж, үзэж уулзаж учирдаггүйн учир юу болоо!
Халаг минь дээ! Сондор нь элгэнд хүрээд байсан билээ л
Харин тэврээд авч чадаагүй л юм даа хөөрхий!
Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг барин тавин хийгээд зөн мөрөөдлийн торгон ирмэг, хүслэн биелэх хийгээд үл гүйцэлдэхийн зааг дээрх хүний амьдралын амттай бөгөөд халаглалт мөчийг нэн яруусалтай дуулсан байна. Хүн гэгч аз жаргал, амтат цэнгэлийг барин алдан байх, тэр нь хүслэнт хүнийх нь хүзүүний сондор элгэн дээр нь хүрээд байхад тэвэрч амжаагүй байх шиг тийм эгзэгтэй байдаг эгшинийг уншигчидад бэлэглэж байна. Зүүдэнд нь урсах ятга хуур, зандан анхилсан өмнийн салхи, шүргэх халуун амьсгаа цөм энэ шүлгийн амтат тэр агшиныг чимэглэж байна. Тэгсэн мөртлөө эдгээр нь сэтгэлийн цангааг тайлсангүй, хүсэл таашаалыг хангасангүй. Амьдрал бол ийм ажгуу. Ийм яруу шүлгийг бүтээнэ гэдэг орчуулагчийн чадал буюу.
“Хөлний чимээ” хэмээх шүлэгт амин судалд ирэх цаглашгүй баяр, “баясгалангийн дохио” нүдэнд үл үзэгдэх, хөлийн чимээнд нуугдан, түүнийг хүлээх ахуйд “салхинаас балын үнэр анхилах”-ыг тогтоон барьж бичиглээд “Учрыг хянаваас чи минь нэн ойрхон ирсэн буй заа” хэмээх итгэлийн гэрэлт цэг дээр шүлэг төгсөж байна. Яруу найраг бол сэтгэлийн дүр юм. Яруу сайхны үнэт агшин юм. Яруу найргаас философичийн онч мэргэн үг хайх хэрэггүй. Яруу найраг үзүүлдэг юм. Таагүрийн “Өргөлийн дуулал”-ын амин сүнс нь чухам ийм бөгөөд Р.Таагүрыг монгол уншигчдадаа “увдис чацуу” хүргэх зорилгодоо хүрчээ гэж үзэж байна.
Ж.Бадраа “Өргөлийн дуулал”-ыг орчуулахдаа туурвил зүйн баялаг туршлагыг чадамгай ашигласан байна. жишээ татвал,
Өрөвдөм хөөрхий өлмийн орон тань ээжээ!
Өглөө цагийн час улаан туяан дээр байнам (“Улаан туяа”: “Өргөлийн дуулал” 19-р тал) Өглөөний нарны туяаны улбар их гийгүүлэл дотор үгүй болсон ээжийгээ байгаа мэт дурсан үзэж буйг зүгээр нэг тоочин өгүүлсэнгүй. Үгүй болсон ээжийнхээ ул мөрийг “өлмийн орон тань” хэмээн бурхад дээдсийг хүндэтгэн хэрэглэдэг дээд найруулгын үгсийг сонгосон байна. Эрхэлж наадаж өссөн багын нөхрийн эдүгээн дүр гэнэт “Сүрт дүр” /шүлгийн хэр/ болон үзэгдэж буйг дүрслэхдээ “Огторгуй тэнгэр мэлэрч, наран саран гөлөрнөм” (“Өргөлийн дуулал” 51-р тал) гэжээ. Энэ мэт уран яруу хэрэглүүр орчуулагын эл бүтээлд арвин байгаагийн заримаас гэрч болгон татвал “Сонсохуй чимэгт” дууны тухай бичихдээ
“Энэ дуу үгийн хашлагаас сулран алдуурч
Эгшигийн долгио болон одох буюу” (“Өргөлийн дуулал” 56-р тал) гэсэн бол бүрхэг шөнийг дүрслэхдээ “шөнийн зовхи, үүлсийн ачаанд дарагдан хамхигджээ” (“Өргөлийн дуулал” 58-р тал) гэх буюу. “Шинийн хоёрын сарны хангал залуу туяа” гэжээ. Зүгээр нэг залуу туяа бус бүүр “хангал залуу туяа” гэсэн нь яруу найрагийн хүчийг нэмэгдүүлж омогдуухан өнгөөр чимэглэж байна. Энэ мэт урлахуйн маш олон жишээг татаж болох боловч тэр бүхнийг тоочих зорилго тавьсангүй.
Ж.Бадраагийн орчуулгад байгаа бас нэг чухал зүйл бол монгол хэл найруулгад ховор хэрэглэгдэж байгаа буюу бараг хэрэглэхээ байж хуучирч мартагдсан үгийг сэргээн хэрэглэсэн явдал юм. Жишээлбэл: “ухаан санаа минь монширч байна. /36-р тал/, ёрог хувцаст /54-р тал/, эрэмцэл найдал /57-р тал/, насан турхруу /70-р тал/, чинхэр чанхар дуу чимээ /81-р тал/, нэн ужиж саатсан билээ /91-р тал, үлээх салхины хумхи /99-р тал/, мишил хар нүдээрээ / 107-р тал/ гэх мэт.
Дорно дахины уламжлалт яруу найргийн онолын найруулгын арван эрдэм буюу “эвсэл найрагт, маш тунгалаг, тэгш чанарт, яруу сонсголонт, орь залуу, утга тодорхой, агуу их, сүр жавхлант, өнгө үзэсгэлэнт, уран сэтгэмжит” (Дандины зохист аялгууны толь” шинэчилсэн орчуулга тайлбар. Ш.Бира, Х.Гаадан, О.Сүхбаатар. УБ 1981) байх үүднээс авч үзвэл Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” номын орчуулгад дээрх арван чанар бүгд найрсан бүрджээ гэж хэлж болохоор байна. Энэ нь Ж.Бадраа орчуулгын эл бүтээлдээ дорно дахины уламжлалт яруу найргийн найруулгын эрдэм ухааны уламжлалыг сайтар баримтласантай нь шууд холбоотой.
Нөгөө талаар Яруу найрагч Ж.Бадраагийн өөрийн нь сайтар эзэмшсэн дорно дахины болон монгол бичгийн найруулгын эрдэм хйигээд өөрийн нь яруу найргийн бичлэгийн арга барилтай найрсан сүлэлдэж буй нь тохиолдлын хэрэг биш ээ.
Ж.Бадраа Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” бүтээлийг орчуулахаар шулуудан шийдсэн урам зориг нь Таагүрийн ид шидлэг, тэнгэрлэг яруу найрагт нэвтрэн орж танин мэдэхийн хамт монгол яруу найргийн орчуулгын найруулгын уламжлалыг чухам энэ бүтээл дээр илэрхийлэн гаргах таатай боломжийг өөртөө олж барьсан нь мэдээж буй заа. Иймээс ч өгүүлэн буй эл номын орчуулгын яруу найруулга нь түүний яруу найргийн бүтээл, тэр дотроо дууны яруу найргийн бүтээлтэй нь салшгүй холбоотой төдийгүй бүүр уялдан найрсаж байгааг анхаарах хэрэгтэй. Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Хүрэлбаатар, Ж.Бадраагийн дууны яруу найргийн бүтээлийн тухайтад чухам онож хэлсэн дүгнэлт нь басхүү Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” яруу найргийн орчуулгын бүтээлийн нь талаар хэлэх үгтэй минь утга хоршиж байгаа тул эрдэмтэний үгийг энд яг хэвээр нь үлдээж эшлэн хэлэхийг хүсч байна. “Ж.Бадраагийн дууны яруу найргийн эрдмийг Монгол, дорно дахины яруу үгийн туршлага дээр задлан үзэхэд: авиа эгшгийн утгын зохирол, чанга сулын нийлэмж, хүнд хөнгөний жин, урт богинын хэмжээг “Тэнгэрийн ачаа ” мэт тэгшид барих хэрнээ, үсгийн чанга сулын байрлалыг үдшийн од мэт өтгөрүүлж, чингэж өтгөрүүлснээс үүрийн од мэт шингэрүүлж, чингэх атлаа өчүүхэн нялахын үе гишүүн сулаас орь залуугийн нас биед шилжин өсөх мэт алгуур ахиунаар чангаруулж, авиа үсгийн сул чангын эрдмийг аль зохистоор уран яруу найруулсан, үгийн хуучин хийгээд шинэ, зохист ба зохист бусын харьцааг жагсаал олон агтын дотроос, аль утгын холыг туулах тэнхээ тамиртайг нь сонгон олох атлаа бас явдал гүйдэл уран удганы нь танин барьж эмээллэх мэт үгийн элбэг баян, уран ярууг эрхэмлэсэн, дуун хийгээд утгын хувийг сайтар тэнцүүлэн, уран үг, гүн утгын сөөм цоожийг нээхийн тулд урнаар сэтгэх яруугаар дүрслэхийн тохой туршийн түлхүүрийг олж тааруулсан, шүлгийн утгын гүнзгийрэл, санааны баялаг нь утгын хаалгыг түлхэх бүр улам шинээр нээгдэн гарах “үлгэрийн лусын эд баялаг мэт” бөгөөд ямар ч ахуйд аль ч санааг өгч өмсгөвч шүлгийн доторхи бодит ахуйн гол эш модон хэдий өндөрийн хэрээр, түүнийг дагаж ороон ургах уран санааны ороонго модон төдий өндөрт хүрэх мэт, дууны яруу найраг нь санаа ахуй сайтай, агуулгын багтаамж ихтэй, шүлэглэлийн толгой холбох, сүл таацуулах хэмжээ хэмнэл, айзам аялгуу, цацалга цохилго, жигд найруу нь усан тэлмэн, удган жороон явдал мэт ялдам ялгум усхал тэгш ажээ,” /Л,Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ 2005, 437-р тал/
Миний бие эл бяцхан өгүүлэлдээ “Өргөлйин дуулал” –ын орчуулгын монгол яруу найрагт шингэж цогцолсон орчуулгын яруу найргийн урлах эрдмийг бахархан баясах сэтгэлээ илэрхийлэх төдий, хойчийн мэргэд номын дүү нарт судлан суралцахын тухайд сануулан илбэх төдийг л арай чарай хэллээ.
Бичгийн утгач, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Ж.Бадраагийн “Өргөлийн дуулал” –ын монгол орчуулгын бүтээлийн туршлага нь хүн төрөлхтөний яруу найргийн сонгодог бүтээлийг үндэсний хөрсөн дээр тарьж ургуулан, улмаар уншигч шимтэгч нарын оюуны таалалд соёолуулан цэцэглүүлэхийн нэгэн сайн үлгэр болсон бөгөөд Монголчуудын олон үеийн туршид цогцлоосон шилдэг орчуулгын тоонд баттайяа өөрийн байр сууриа эзлэх бүтээл, цаашид судлан шинжлэх, суралцан шимтэх их зүйлийг агуулсан соёлын үнэт өв мөн хэмээн үзэж байна. .
Ашигласан ном, бүтээл
1. Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” УБ 1965. /Орч. Ж.Бадраа/
2. Калидаса “Үүлэн зардас” УБ 1963 /Орч Б.Ренчин/
3. Ж.Бадраа “Ардын билиг ухааны оньс” УБ 2005
4. Л.Хүрэлбаатар “Эсэруагийн эгшиг дуун” УБ 1999
5. R.Tagor “GITANJALI” New York 1962
6. Р.Таагүр “Өргөлийн дуулал” /хинди хэлээр/ Дэли 1969
7. Р.Тагор “Собрание сочинений в четырех томах” Москва 1981
8. “Яруу Найргийн орчуулгын түлхүүр” хамтын бүтээл УБ 2006.
9. Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ. 2005.

Sunday, March 21, 2010

САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨ



САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨГИЙН
ГЭГЭЭН ГУНИГ БУЮУ УДЫН ДУУЛАЛ


Хятадын өмнөд далайн эрэг газар, тунгалаг уст гол усаар хүрээлэгдэн орших гоёмсог нэгэн хотыг Хуйзүй хэмээнэ. Бараг нэг мянган жилийн өмнө /1036-1101/ хятадын суут яруу найрагч Сү Дүнпө энд эзний алба хааж байхдаа долоон жилийн дотор бичсэн шүлэг дуулал нь өдгөөх хотынхоны эрхэм дээд бахархал болон үлджээ. Яруу найрагчийн гишгэсэн мөр, гэрийн буйр, шүлгийн мөр бадагтай утга учир хамаатай газар болгонд шүлэг дууллыг нь чулуунд сийлж, хөшөө дурсгал, уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг хотынхон цогцлоожээ. Чухам ийм л бахархалаар Гонг Конгийн яруу найрагч Ли Чингийн тэргүүлдэг Олон Улсын яруу найрагчдын Пен клуб ээлжит хурлаа энд хийхээр сонгосон аж. Тан, Сүн улсын үеийн найман их зохиолчийн эгнээнд “Гурван Сү” буюу аав нь хоёр хүүтэйгээ дуудагддаг бөгөөд хамгийн алдартай нь том хүү Сү Дүнпө /Сү Ши/ болой.


/With Li Qing, in Hui Zhou/

Сү Дүнпөгийн байгалийн уянгын шүлгүүд нь сонсоход яруу хөгжимлөг агаад, шүлгүүдээ үзэх яруу найраг болгон дүрслэн зурсан нь нэн гайхалтай ажгуу. Сү Дүнпө хятадын уламжлалт сэтгэлгээний гэгээн тунгалаг, тэнгэрлэг ариун яруу найргийг дахин сэргээн амилуулсан найрагч хэмээн зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний яруу найраг нь гэгээн сар, гэрэлт сэтгэл, санагалзан мөрөөдөхүй, хайрлан шаналахуйгаар дүүрэн бөлгөө.
Хуйзүйд ирсэн жуулчин гийчин яруу найрагчийн энэхүү гэгээн тунгалаг, гэрэлт сүмбэр Луфу уулыг зорих бөгөөд Сү Дүнпөгийн яруу найргийн ертөнцөд нэгэнтээ ороод гарна.
Сү Дүнпө энд ахуйдаа намрын шөнийн саран доор холд агч дүүгээ санагалзан хөлчүүрхэж, нэгэн шүлэг бичсэн нь ихэд алдартай бөлгөө. Тэрхүү “Найман сарын тэргэл сарны дуулал” тэргүүтэй дөрвөн шүлгийг эртний монгол хөвүүлэгүүдийн нь хэд хэдэн хувилбар болоод Оросын нэрт орчуулагч Михайл Басмановын орчуулгатай тулган нягталж эдүгээн төрөлх хэлнээ орчилдуулсан бичиглэснээ уншигч олондоо толилуулсугай. Монгол хуучны мэргэд хятадын сонгодог яруу найргийг олон зуун жилийн өмнөөс орчуулж уншиж байсан нь гайхалтай, гагцхүү тэр үеийн ёгт үгүүлэх хэллэгүүд нь эдүгээ нийтлэг уншигчдад ойлгохуйяа бэрх болсныг тэмдэглэе.


НАЙМАН САРЫН ТЭРГЭЛ САРНЫ ДУУЛАЛ

Гэгээн саран хэзээ чухам бий болсон бэ?
Жүнзтэй сархадаа сэржимлэж тэнгэрээс асуусугай
Өндөр тэнгэрийн орны орд харшийн тэндэх
Өнөө шөнийн он тоолол хэзээг заанам бэ?
Салхин хүлгээр сартай мандалд очъёо гэвч
Сахил мэт эрхэмсэн дагахаас жийрхмүй
Дэвэн дэлэн сүүдэртэйгээ бүжиглэх огторгуйн байдалыг
Дэлхий дэх хүмүүний явдалтай яахин зүйрлэлтэй.

Улаан асараас уруудан угалзат цонхоор бууж
Унтах нойр хулжихуйяа, улмаар уймран үймэн
Сэтгэл санаа хомстон бачуурахын энэ цаг дор
Сэрүүн саран тэргэлшихийн учир юусан билээ?
Хүмүүнд зовнил, баяр, хагацал, учрал буй
Саранд тунгалаг, бүрхэг, тэргэл, хэлтэрхий буй
Төгөлдөр бүтэн юмс хэзээнээсээ огт үгүй.
Төрсөн ахан дүүс энх мэнд урт насалж
Төгрөг сарыг мянганы холоос нэгэн зэрэг харж явсугай.



НАМРЫН ТЭРГЭЛ САРАН

Үдшийн улаан үүл эвхэрэн жихүүн амьсгал сэнгэнэж
Тэнгэрийн заадас орчимоор хас саран эргэлдвэй
Амьдын хорвоод үдэш бүхэн зохистой байхгүй ээ,
Айсуй жилийн тэргэл сарыг аль газар үзэхийг мэдэхгүй ээ.


ХАВАРТ ГУНИГЛАХУЙ

Цэцэглээд зулгарсан улаан гүйлс хорчгор
Цэнгэлдэж асан хараацайнууд ч бас нисч одвой
Цэл ногоон ус айлуудын дундуур мушгирч урсвай
Мөчир дээрх уд модны унгирал тоотой хэдхэн үлджээ
Мөнх тэнгэрийн хаяа цэлийх тийш өвс ханарчээ.

Хэрэмийн дотор дүүжин даажин, наадам зугаатай
Хэрэмээс гадагш зам чангааж хүмүүсийг хөтөлжээ
Хэрэмийн дотор царайлаг гоо хүмүүс хөхрөлдөнө
Инээлдэх дуун холд холдсоор, анир тасарвай
Их л найрлажээ, найрлах цаггүй болтлоо найралчихжээ.


ЛЭН ШИ ГОРХИЙН ХӨВӨӨНӨӨ

Уулын бэлийн цахирмаа горхийн хөвөө рүү дэлгэрчээ
Нарсан ойн зам элсэрхэг болоод балчиг үгүй
Намираа борооны зөөлөн сүрчис дунд ятуулаг донгодно.

Энэ төрөлдөө золгосон биднүүс, дахин золгох болов уу?
Үүдэн цаанх горхи баруун зүг зугтаж одчихуй
Үсэн буурал болсон би үүрийн гэгээг дуулаад ч яах билээ.



Г.МЭНД-ООЁО

Friday, March 19, 2010

БАЙРОНЫ ГАРЫН ҮСЭГ /Byron's signature in Chillon



Лорд Байроны гарын үсэг /Шиллоны ханан дээр Byron's signature in Chillon/




Шиллоны шилтгээний дэргэд /Швейцарь/




ШИЛЛОНЫ ШИЛТГЭЭНИЙ ХАНАН ДАХЬ БАЙРОНЫ ГАРЫН ҮСЭГ



Цаст уулын тунгалаг гол усаар улам цэнгэгшиж болор мэт гэрэлтэгч нуурыг Леман буюу Женев гэнэ. Цэнгэг тунгалагаараа дэлхийд гайхагдах энэ нуурыг Франц болон Швейцарийн гоёмсог хотууд бүслэн оршиж, цаст уулсаас нь салган тусгаарлах боловч, цал буурал Альпийн ханхар оргилууд өндөр харш ордуудын дээгүүр сүгнийн өнгийж нуурын уснаа ихэмсэг дүрээ тольдох нь нэн гайхамшигтай. Тэрхүү байгалийн сүр хүчтэй үзэсгэлэн юугаа булаалдаж Женевийн нуурнаа нэгэн мянган жил тольдсон гайхамшигт шилтгээнийг Шиллон хэмээнэ. Английн Савой аймгийн үе үеийн эзэд, гүнтэнгүүдийн ихэмсэг хэв маяг, дэгжин бардам байдлын сүрийг хана туургандаа шингээсэн Шиллоны шилтгээн мянган жилийн түүх, соёл, мандал бууралтын түүхийг өгүүлэх үй түмэн үзмэртэй боловч, түүний доторх алга дарам газарт жуулчин, гийчин олны нүд сэтгэл булаагдан сатаарах ажээ. Энэ бол Английн суут яруу найрагч Жорж Байроны гарын үсэг ажгуу. Чухам юуны учир Байроны шилтгээний багана дээр нэрээ ирт зэвсгээр сийлж үлдээв? гэх сониучхал хүн бүрийг хатгана.
Байрон улс төрийн үзэл бодлоосоо болж төрөлх Англи нутгаа 1816 онд үүрд орхин Рейн мөрнийг дагаж явсаар Швейцарьт ирж яруу найрагч Перси Шеллитэй гүн дотно нөхөрлөсөн юм. Тэд хоёулаа шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцэгч найрагчид байлаа.
Хоёр анд Женев нуурын хөвөөгөөр аялан Шиллоны шилтгээнийг үзэж явахдаа дээд давхарт нь дэгжин баячууд хагартлаа найрлаж байхад, хонгилд нь хатуу тамын шоронд хэцүү тамланг үзэж эгэл доодчууд тарчлан зовж байсныг мэджээ. Ялангуяа тэрхүү шоронгийн ян цэвдэг тамланг эр зоригоороо туулан гарсан домогт эр Симон Бониварын түүхийг сонсооод удалгүй “Шиллоны хоригдол” хэмээх алдарт найраглалаа бичсэн түүхтэй. Энэхүү найраглал нь мөнөөх домогт эр Симон Бонивар болон Жорж Байрон хоёрын нэртэй цуг Шиллоны шилтгээнийг дэлхий дахинд алдаршуулан, аянчин гийчин, жуулчин нарын цуваа үл тасрахын шалтаг болсон юм. Ялангуяа шилтгээний багана дах Байроны гарын үсэг нь бүхий л түүхийн арилшгүй сорви, үгүйсгэшгүй бат тамга болон дархлагджээ. Яруу найрагч тэнд гүн сэтгэл хөдлөлд автаж, хэзээ нэгтэйх алдрын алтан мөчийг зөгнөн чинжаал хутгаа сугалан хурц үзүүрээр нь гарын үсгээ зурсан нь лавтай.

Жорж Гордон Байрон

“ШИЛЛОН-Д ӨРГӨХ СОНЕТ”

/"Sonnet on Chillon" by Byron
translated into Mongolian by D Byambaa/

Мөхөшгүй Оюун ухааны мөнхрөхүй Сүнс
Мөс шиг гянданд ч гэгээрэхүй Эрх чөлөө
Мөчлөх тамлалд ч мохошгүй Зүрх зориг
Мөнийг түшсэн хайр ганцаараа үл дийлджээ.
Хөвгүүд чинь гав дөнгөнд хүлэгдэвч
Хөгцөт хүйтэн хонгилд өдрийг үл үзэвч
Эх орон нь үхэл зовлонг даван гэтэлнэ дээ.
Эрх чөлөөний жигүүрээ салхи сөрөн дэлгэнэ дээ
Шиллон! Чи шорон гэвч ариун газар,
Шалан дээр чинь сааралтах аюум уйтгар
Шаналан бүхний ул мөрийг тодлон үлдээвч,
Цаг нь ирэхээрээ айдас хүйдэс арилан одож,
Бурангуйн орноо Бурханы орон болгох уриа
Бониварынх байсныг хэн ч арчиж үл чадна.

“Шиллоны хоригдол” найраглалыг авъяаслаг орчуулагч Ц.Сүхбаатар орос хэлнээс нэн сайхан монголчилсоныг хэдэн жилийн өмнө уншсанаа санахын ялдамд мөнөөх найраглалынхаа өмнөтгөл болгон Байроны бичсэн сонетийг чадварлаг орчуулагч нэрт гүүш Д.Бямбаа гуайн дэвтэрээс олж үзээд уншигч олондоо хүргэхийг яарлаа.
Яруу найрагчийн явсан газар болгонд мөр нь үлддэг, мөр нь хүрсэн газраас шүлэг нь төрдөгийг гэрчлэх түүхийн энэ нэгэн бичээсийн дэргэд зогсож, Байроны гарын үсгийг хурууныхаа үзүүрээр тэмтрэх төдийд түүний найрагч анд Шелли-гийн зориулсан мөр нь санаанд буув. Тэрбээр Байроныг томъёолохдоо:

Үг бүхэн нь
Үүрд мөнхрөхийн тамгатай
... хэмээжээ.


Г.Мэнд-Ооёо /G Mend-Ooyo, poet/

Thursday, March 18, 2010

СТРУГА ХЭМЭЭХ ЯРУУ НАЙРГИЙН ЭХ ОРОН





Македони Улсын ерөнхийлөгч Ивановын хамт




1.
Дүнхэр дүнхэр ногоон хөх уулс, хүдэн дунд мануурна. Битүү ногоон ширэнгэ ой. Өгсүүр нарийн жим. Явсаар хөхрөн байгаа уулсын дүгнэгэр халзан тагтад гарч ирэв. Македоны хөвч ой, хөглөгөр уулс ногоон цэнхэр өнгийг бие биедээ уусган дуниартана. Яруу найрагч Траян Петровский биднийг эх орныхоо ханхар ногоон уулсын зулайд гишгүүлсний хариуд Македоны Александр хааны тухай “Сулхарнайн тууж” нэртэй домгийг ярьж өглөө.
- Эрт балар цагт Сулхарнай хэмээх хаан мянга насалж, тэнгэрээс дахин хоёр мянган насыг түүнд соёрхжээ. Хаан бээр нэгэн удаа Сүмбэр уулнаа гарч дөрвөн зүг найман зовхисыг халиагаад бас шингэх нартай цуг тэнгэрийн гүн харанхуй руу аялж үзжээ. Сулхарнай тоймшгүй урт дээс томуулаад тусгай хамгаалалт бүхий бүхээгт суугаад газрын доорх ёроолын харанхуй хонгилоор аялжээ. Далайн ёроолын харанхуй хонгилоор явж байтал бие нь үл үзэгдэх нэгэн хүмүүн цөгц дүүрэн ус өгөв. Тэр хүмүүн хэлэх нь: “Сулхарнай чи тэнгэрт соёрхогдож 3000 наслав. Та одоо энэ усыг уувал тэнгэр газар хувилтал мөнх насална” гэв. Сулхарнай дэлхийн гадаргад буцаж гараад нөхдөө цуглуулан мөнхийн усаа өгөв. Тэгтэл нэгэн сэцэн хүн эргэлзэн, чи биднийг мөнх наслахад төрөл садан бүгд үхэж үгүй болно. Ганцаар үлдэгсэд нь энэ усыг яах гэж уув даа хэмээн гэмших цаг ирнэ хэмээн ятгасанд, Сулхарнай цөгцтэй усаа цацаж орхив. Мөнөөх ус арц модны шилмүүсэнд сацарснаар арц мөнх ногоон болсон гэх ажгуу...
Домгийн төгсгөлийг батлах мэт Македоны уулсыг ширдэглэн ургасан арцын үнэртэй анхилуун салхи сэвэлзэнэ.
Македоны партизан цэргүүдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг үзээд цааш хөндий уруудан явсаар малын бууц ханхалсан хөдөөгийн айлд хүрч ирэв. Европын ногоон уулсын дунд малчин айл байх юм чинээ санасангүй. Миний багадаа киноноос үзсэн Александр хаан шиг бадриун хүрэн эр, эндэхийн чилгэр нарс шиг өндөр чийрэг бүсгүй хоёр биднийг юу байдгаараа дайлав. Үнэр нь сэнхийсэн шинэхэн талхыг зүсэх ч үгүй гараараа ураад таваглаж байна. Тараг, бяслаг, нэрмэлийн охь. Юу вэ энэ чинь, монголд байна уу? Мод захлаад ямаад идээшлэн харагдана. Байшингийн адараас бүтэн хонь борцолж дүүжилснийг сониучирхтал, огтолж аваад л өмнө тавьж байна. Тавхан алхамын зайд уулын тунгалаг булаг хоржигноно. Хүйтэн булгийн усанд тараг сүүгээ битонд хийж сойжээ. Яг л манай хөдөөгийнхөн шиг. Жаргаж байдаг улс ажээ. Царай зүс, алхаа гишгээ нь уулын эрүүл чийрэг махбодыг гайхуулна. Манай Дарьгангынх шиг газар ухаж суулгасан шавар зуухан дээр модон тагтай ширмэн тогоо угсраатай байна. Хаа газрын хөдөөх иргэншил төстэй ч юмуу даа.
Яруу найрагч Траян Петровскийн эдлэн гацаа мөн л битүү ойн чөлөөнд зэрлэг чавга, усан үзэм бөнжигнөсөн жимсэн төгөл дунд оршино. Арбинова хэмээх энэ тосгонд Туркийн эзэмшлээс эх орноо чөлөөлөх партизаны хөдөлгөөн үүссэн тэрхүү түүхээрээ бахархана. Петровскийн өвөг эцэг мөн л партизан. Арбинова тосгон ах дүү хоёр Петровскийтой. Ах нь түүх угсаатны ховор нандин зүйл цуглуулж гэр орноо тэр аяар нь музей болгожээ. Дүү нь тосгоныхоо жимсэн төгөл дундах задгай ногоон асартаа тухалж, Македоны оюу ногоон уулсын хүдэн дунд шүлгээ бичнэ. Хол ойроос ирсэн шүлэгч найз нараа зочлоно. Петровскийн гарын нэрмэл охь яруу найргийн адистэдтэй болоод ч тэрүү улам онцгой. Умардад дүнхийх уулс хараачлах задгай асарт сүү, тараг, бяслаг халуун бинг усан үзмийн нэрмэлээр даруулж хүртээд бараг суудлаасаа өндийгөөд л чавга, чангаанзыг эх модноос нь элдэвлэн амтархана. Ийм эх оронд хайрлан дурлахаас яахав.
Түүний хөрш, биендээ шивээстэй бадриун эр биднийг гэртээ оруулж дайллаа. Түүнийг анчин хэмээн танилцуулсан боловч, агнах биш хашаа хүрээгээ амьд амьтны хүрээлэн болгочихсон аж. Хэдэн ямаа. Бас уулын зэрлэг тахиа, туулай, хөхөө шувуу тэнд ижилдэн дасч халуун бин, тариа будаа, шинэхэн лууван зооглосон шиг жаргана. Тосгоны амьдрал гоё юмаа, Харин болсон жимс хөл дор бөмбөрөн унах нь тиймхэн. Жимсээр бол жиргэж байдаг тосгон байна. Ямааны сүү чавганы ундаагаар зочилсон чийрэг улаан анчин, дүүрэн шивээстэй зангирсан булчингаа илбэж жаал суугаач, усан үзмийн нэрмэлээр дайлъя гэж байна. Бас нэгэн ямаачин ирж нийллээ.
Илбэ жилбийг нэвтлэн гарч
Эрх чөлөө рүү нисэн дүүлэхдээ
Гүн ихээр санаа алдсаныг минь
Гүйцэд та нар ойлгохгүй

Траян Петровскийн шүлгийн нэг бадаг. Эрх чөлөө хийгээд элдэв бусын саад тотгор бол улс орны болоод хүмүүний амьдралд байж л байдаг зүйл. Александр хааны үед мандан бадарч, бас дараа нь ядран зовж, хожуухандаа Югославын холбоонд нэгдэж социализмыг байгуулж явлаа, эд нар. Югославын бужигнааны дараа холбооны улсууд салж, эртний алдарт жанжныхаа нэрээр Македон гэж улсаа нэрлэчихлээ. Грек түүнд нь дургүй. Македоны Александр манайх гэж булаацалдах.
Македон улс анхныхаа ерөнхийлөгчийг сонгоод удаагүй. Их сургуулийн профессор Иванов бээр ерөнхийлөгч болоод сар болсоны дараа Стругагийн яруу найргийн наадамд оролцогч нартай уулзаж вино тулгаж зогсох нь нэн аятай. Охрид нуур луу шахаж орсон хойгийн битүү модоор хүрээлэгдсэн ногоон уулсын халзан зулай дээрх байгалийн асарт Ерөнхийлөгч бидэнтэй дотносон ярилцав. Эрч хүч, эрдэм боловсрол жигдэрсэн залуу удирдагч эх орноо өөд татах нь лавтай. Аль дивангарт эртний Грекийн үеэс яруу найрагчдад дипломат эрх эдлүүлж, дайн самууныг намжаах энхийн элчээр томилж байсан түүхтэй. Өнөөдөр олон улс оронд хааны, вангийн, ерөнхийлөгчийн ивгээлд яруу найрагч нь хаяглуулж, шадар зөвлөхийн үүрэгтэй байдаг нь мөнөөх л уламжлалтайнх. Норвегийн вангийн яруу найрагч Кнут Өдигард энд эрхэмсэг дэгжин элгэмсэг ёсорхуугаараа ёстой нэг л нүд булааж байна. Энэ удаагийн наадмын гол баатар тэрбээр бүхий л хүндлэлийг хүлээж буй өөр нэг шалтгаан нь эрх ямба төдийгүй эгшиглэнт яруу найраг нь юм.
“Стругагийн яруу найргийн үдэш”. Энэ даруухан нэр явсаар дэлхийн яруу найрагчдын оролцохыг хүсдэг хамгийн том наадам болсон билээ. Пабло Неруда, Роберт Рождественский, Йософ Бродский, Аллен Гинзберг нарын дэлхийд алдартай яруу найрагчид Стругад ирж шүлгээ уншин, “Алтан эрхи” хэмээх эрхэм дээд шагналыг нь хүртэж байсан удаатай. Стругагийн яруу найргийн наадмын өнөө жилийн баатар нь Словянийн яруу найрагч Томас Шаламон. Түүний шүлгийн антологийг нэн гоёмсог хэвлэжээ.
Стругагийн яруу найргийн өөр нэгэн томоохон үйл явдал нь хамгийн шилдэг яруу найргийн нэг номыг шалгаруулж олгодог “Стругагийн гүүр” хэмээх шагнал. Их наадмын зохион байгуулах хороо Юнескотой хамтран шалгаруулж Дрим голын гүүрэн дээрх шагналыг гардуулна. Энэ жил Сенегалын яруу найрагч Оусманид энэ эрхэм шагналыг хүртээв. Жил бүрийн Стругад дэлхийн шилдэг яруу найрагчдын арван номыг хэвлэж, наадмын үеэр хотын аль нэгэн гудамжинд нээлтийг нь хийж уншигчдад танилцуулна. Өнөө жилийн номын баярыг яруу найрагч Траян Петровский удирдаж харагдана. Жил болгон аль нэг улс орны яруу найргийн антологийг хэвлэж, Стругагийн яруу найргийн үдэшээр нээлт хийдэг нь сайхан уламжлал юм даа. Ингээд Струга Дэлхийн яруу найргийн нэгэн том номын сан болчихжээ.

2

Үзэсгэлэнт тунгалаг Охрид нуурын болор мэт ариухан Дрим голын эрэгт орших энэ хотынхон жилийн жилд л яруу найрагт умбана. Голын хөвөө дагуулан дөч гаруй улсын төрийн далбааг мандуулсан байх агаад дунд нь Монголын минь далбаа намирч харагдана.
Стругагийнхан яруу найргийн үдэшлэгийг тэсч ядан хүлээнэ. Бүрий болмогц хот тэр аяараа Дрим голын модон гүүрээр гарч яруу найргийн ордон тийш урсаж байх шиг. “Яруу найргийн ордон”-ы үүдэнд их наадмын сүлд аялгуу уянгалахад хоёр жүжигчин эх нутгаа хайрлан санагалзахуйн зүрхний дуулал болсон “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг нэн яруу унших ажээ. Ах дүү Константин Миладинов, Димитр Миладинов хэмээх яруу найрагчдын дурсгалд зориулан энэ наадмыг 47 жилийн өмнө нээсэн түүхтэй. Яруу найрагч Константин Миладинов Москвад оюутан ахуйдаа Струга хот, Охрид нуураа санагалзан шаналж бичсэн энэ шүлэг 47 дахь жилдээ Дрим голын хөвөөнд эгшиглэж буй нь энэ ажгуу.

ӨМНӨД ЭХ НУТГАА ЭГЭЭРЭХҮЙ

Бүргэдийнх шиг далавчлах юмсан
Буйр нутаг руугаа би дүүлэн нисэх юмсан
Дассан уул ус төрөлх нутаг руугаа явах юмсан
Шамбалыг харна, төрөлх Куркушаа үзнэ
Мандах нараа бас харна
Манай нутаг энэ газрынх шиг ийм харанхуй биш ээ,

Хэрэвзэй наран ийм туниагүй бүүдгэр байвал
Хэрэвзэй эндэхийн наран сулбагар гэрэлтүүлвэл
Би алсын аяндаа дөрөөлөх болно
Би өөрийн эрэг рүүгээ нисэх болно
Одод шигтгэсэн оёоргүй хөх тэнгэртэй
Охьюу наран гялалзах өөрийн нутаг руугаа!

Одоо энд эргэн тойрон хав харанхуй,
Орчлон дэлхий мананд живээд бүрэнхий
Жавар тачигнаж, шамрага хаялана.
Цасан шуурга, нүдгүйлэн манарна
Зүг бүртээ манан, мөстлөг,
Зүрх сэтгэл хүйтэн, бодол харанхуй.

Үгүй ээ, би энд байж чадахгүй нь.
Үгүй ээ, энэ жавар, мананд байж чадахгүй нь.
Надад жигүүр ургуулаач. Би далавчлая!
Өөрийн эх нутаг рүүгээ дүүлэн нисье.
Өөр лүүгээ, төрөлх газар руугаа
Охридоо руугаа, Струга руугаа нисье.

Тэнд наран ургахдаа зүрх сэтгэлийг дулаацуулдаг
Тэнд наран жаргахдаа хөвчийн ойгоор гэрэлтдэг нь,
Дэлхий ертөнц нь дээдсийн хишигээр заяасан
Дэндүү төгөлдөр бэлгэ, билгийн гайхам сан
Салхин яралж, цагаан цацраатай нуур
Саруул тунгалагаар цэнхэртэх үзэмж,
Эргэн тойрон уулс, тал алиныг ч харсан
Энгүй төгс гоо сайхан бурхадын бүтээл буюу.

Элэг зүрхнийхээ гүн цээлээс Кавалаа эгшиглүүлнэ, би
Ээ, энэ наран шингэх аваас би үхнэ.

Стругагаас ирээд яруу найргийн их наадмын сүлд шүлэг болох Дмитрий Миладиновын “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг англи орчуулгаас нь буулгах гэж нилээд нухлаа. Нэг л болж өгсөнгүй. Англи эх, өөрийн орчуулгын хубилбарыг зэрэгцүүлээд Лийтэв анддаа илгээв. Тэрбээр Македон утга зохиолыг сайн мэдэх хүний хувьд эх хэлнээс нь орчуулсан орчуулгаа хариу болгож ирүүлэв. Ер нь ханатай. Гэхдээ л англи орчуулгад эх хэлнээс нь хазайсан зүйл нэлээд байна. Ингээд Лийтэвийн эх хэлнээс нь хийсэн хадмал орчуулга, англи орчуулга хоёрын дундаас өөрийн гэх орчуулгыг гаргалаа. “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийн тэмүүлэл санагалзал нь чухам яруу найрагч хүнд л илүү заяадаг хайрлан шаналахуйгаар дүүрэн ажээ.

3
Стругад өнөө жил хоёр зуу гаруй яруу найрагч тавь шахам орноос иржээ. Македоны онгоцны буудалд хөл тавьснаас хойших бүх зардлыг “Стругагийн яруу найргийн үдэш” наадмын сангаас гаргана. Жил бүр засгийн газрын төсөвт яруу найргийн наадмын долоо хоногийн зардал, хэвлүүлэх ном, олгох шагнал, хүлээн авалт бүгдийг тусгаад өгнө. Хуучин социализмын үеэс л ийм байсан, одоо ч ийм. Цаг төр хувьсаж, улс орон уруудан өөдөлж болно. Харин болохгүй юм гэж байх. Улс орныхоо оюун соёлын бахархал, ард түмнийхээ зүрх сэтгэлийн уянгалаг цэцэгсийг л гандааж болохгүй. Югославын холбоо тарж, тусгаар Македон улсыг байгуулахдаа хамгийн түрүүнд нэг л юмыг устгаж болохгүй гэж шийдэж. Энэ бол Стругагийн яруу найргийн үдэш”. Хөгжлийн оргилд тулсан хөгшин Европын хүчирхэг эдийн засаг, зуун мянганыг гэтэлж үлдсэн уран барилга байгууламж, тэр болгонтой арсалдах юун, оюун соёлын үнэт зүйл болох яруу найргийг бахархал болгон дээдлэх уламжлалыг л улам бататгая хэмээн Македоны улс төр, оюун соёлын хүрээнийхэн шийджээ. XXI зууны хүн төрөлхтөний оюуны ертөнцийн хамгийн чухал эрдэнэс нь яруу найраг байх болно хэмээх Юнескогийн тунхаглал ч бас л үүнтэй холбоотой байна. Манай хэллэгээр бол “алтан хайрцагны бодлого” ч гэх юмуу, улс оронд ямар ч төр засаг солигдлоо гэсэн өөрчлөгдөхгүй дотоод ухаан байдаг аж.
Хуучин Югославын үед Македоны их сургуулийн архитекторын ангид суралцаж байсан Монгол оюутан Лийтэв одоогийн нийслэл Скопи хотод тэндэхийн бүсгүйтэй гэр бүл болжээ. Гэргий хүүхдээ дагуулаад Монголдоо ирж ажилласан боловч эхнэрийнх нь эрүүл мэндийн байдлаас болж эрхгүйеэ Скопи руугаа буцав. Тэгтэл Югославын Гадаад Явдлын яаманд бичиг тоот ирж мөнөөх эрийг монголоос нь дуудуулжээ. Хоёр ч хүүхэдтэй болсон эр бээр аж амьдралаа зохицуулж амжаагүй байтал араас нь хоёр хүн томилолт аваад хүрээд ирэв. Монголын иргэнийг нутагт нь буцаахыг орон нутгийн захиргаанд шаарджээ. Хуулийн дагуу манай иргэнтэй гэр бүл болсон тул бид буцаах боломжгүй хэмээн хариу өгснөөр Македон Улс ганцхан Ази хүнтэй үлджээ. Талын монгол эр Намдагжанчивын Лийтэв Европ ёсоор нэрээ жаахан “редакторлаад” Лий Намдаг Жанчивын хэмээн алдаршсан болой. Одоо тэрбээр нэгэн том компанид загвар зохион бүтээгчээр ажилладаг бөгөөд Македоны элит хүрээнд ихээхэн нэр хүндтэй нэгэн бөлгөө. Миний үе тэнгийн энэ эрхэмтэй би гурван жилийн өмнө цахим шуудангаар танилцсан юм. Стругагийн яруу найргийн наадамд оролцох сургаар тэрбээр талын монгол найрагчтай эчнээ танилцсан нь тэр бөлгөө. Би түүнд “Алтан овоо” номоо шуудангаар илгээсэн бөгөөд хээр талын салхи, нүүдэлчин айлын бууц ханхалсан бүтээл маань өөрөөс минь өмнө энэ эрэгт хүрсэн билээ. Лийтэв Стругагийн яруу найргийн наадмын зохион байгуулах хэсэгт ажиллаж, энэ удаагийн наадмын турш бидэнд орчуулга хийж хамт аялсан юм. Ер нь миний ажигласнаар монгол аавын хүүхдүүд аж төрөн амьдран суусан газартаа эрдэм чадлаараа оройлогчийн эгнээнд орчихсон байх юм. Унгарт Д.Ганболд гэж залуу бий. Тэрбээр унгарын утга зохиолын хоёр ч том шагналыг нь хүртчихсэн бол, Австрид Баасанжав сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. Америкт Ширчингийн Баатар Монгол судлалын ховорхон номын сан байгуулж, Далай лам, Ажаа ринбүүчийн шашин соёлын үйлсэд нөлөөтэй ажиллаж байна. Лийтэвийн гэргий Буддын шашин соёлын талаар сонирхдог бөгөөд миний Македонид хэвлэглсэн “Nomadic lyrics” номоос “Гэтэлгэгч эхийн сүм” хэмээх бясалгалын найргийг маань уншиж ихэд таалснаа ярьж байв. Эдний ач хүү ааваасаа илүү монголжуу төрхтэй харагдах бөгөөд европын нэгэн бөглүүхэн ногоон уулсын дайдад монгол өрхийн тэргүүнтэй нэгэн ам бүл байгаа нь манай элчин төлөөлөгчийн газар мөн гэлтэй.

“Стругагийн яруу найргийн 47 дах үдэш” Слава Жорж Димоски, Данило Косевский нарын удидлагаар сайхан болж өнгөрлөө. Сурах ч юм ихтэй байлаа. Таатай нэгэн мөчлөгт Монголдоо ийм нэг сайхан яруу найргийн ордон болоод олон улсын наадам бий болгох юмсан гэж зам туж бодов. Нэгэн цагт Стругагийн яруу найргийн наадмын ерөнхийлөгч байсан нэрт яруу найрагч, дипломатич, Траян Петровский, яруу найрагч, хэвлэн нийтлэгч Бранко Цветовский нарыг Монголдоо урьчихлаа. Тэдэнд монголынхоо яруу найргийн ертөнцийг эхлээд танилцуулъя. Дараа нь ойрын жилүүдэд Македонид Монголынхоо яруу найргийн антологийг хэвлүүлж, Стругагийн нэгэн үдшийн хөтөлбөрийг Монгол яруу найргаа сурталчилахад зориулах тэр санаагаа гүйцэлдүүлэхийг хичээх болно. Монголчууд XIII зуунд Македоны Александр хааны тухай үлгэр зохиож, тэрхүү эрэлхэг баатарын жишээгээр ирээдүйн хан хөвгүүдийг сургаж байсны адилаар хоёр орны яруу найргийг хойч үедээ хүргэхийг хичээсний минь ул мөр хожмоо үлгэр болон үлдэх ч юун магад.
Юутай ч Струга хэмээх яруу найргийн эх орон дэлхий дахины яруу найргийн ертөнцөд өвөрмөц нэгэн солонголог туяа татуулсаар байх болно.

Г.Мэнд-Ооёо
2009.Х сар