Sunday, February 11, 2007

ДАШБАЛБАРЫН ХАЙРЛАХУЙН ТАРНИ



Нэг.

Зуны сүүл сарын ухаа ягаан үдшийг би тод санаж байна. Манайх Жигжидийн зуслангийн зүүн хаяаг бараадаж Сэлбийн хөвөөнд ойрхон модон тагз барьсан юм. Манай араар фермийн малтай айлууд зусч байв. Сүхбаатар аймгаас ирсэн шүлэгч О.Дашбалбар тэр зун шүлэг бичих ганцхан ажилтай. Орой ажлаасаа ирэхэд өвсөн дээр ширдэг дэвсэж түрүүлгээ хараад шүлэг бичиж хэвтэнэ. Шингэж буй нарны сүүлчийн туяа үнээн зэлэн дээр аргалын цэнхэр утаатай нийлэлдэн, улбар хөхөлбий манан татна. Үхэр тугал, мөөрөлдөн, хүүхдүүдийн цовоо дуу тэнгэрт хадна. О.Дашбалбарын тэр орой бичсэн шүлэг нь

Салхиар ганхах цагаан өвсөнд ч амь нас минь буй
Сайхан эх орон минь… хэмээн эхэлдэг юм.

Энэ мөр түүний бүхий л уран бүтээлийн оршил аялгуу болон эгшиглэсэн гэж би боддог. “Оддын эгшиглэнт аялгуу” нэртэй анхны номоо тэр энэ мөрөөр эхэлж, хожим арван боть номынхоо эхэнд энэ шүлгээ залсан юм.

Шүлгэнд цагаан өвс байна. Тэр цагаан өвс салхиар ганхах аж. Тэгвэл түүнд үндэс ёзоор, амь амьсгал буй агаад цагаан өвсөнд яруу найрагчийн бие сэтгэл нэгдэн оршиж буйг мэдэрнэм. Тэрбээр ногоорон халиурсан их тариалангийн бэлчээрийг бус, ганхах ганц өвсөнд амь нас буйг мэдрэхдээ өвсний амь, хүний амь хоёрын заагийг үгүйсгэж байна.

Сэтгэлээ ариусгаж, махан бодио өвс ногооны чинь ширхэг бүхэнд өгье
Санаагаараа жаргаж, гол усны чинь ариун тунгалагт уусъя.

Яруу найрагчийн өвс ногоо, гол усандаа уусан жаргаж, шүлгэн ертөнц дотор нь мөнх тэнгэр оршиж, монгол нар Гангабаатар хүү шиг нь инээж, шаргалхан уулсынхаа хормойд үүлсээр нь нулимсаа арчиж байна. Шүлгэн ертөнц дотор нь болжмор жиргэж, яруу найргийн тэнгэр Янжинлхам алтан ятгаа дэлдэж, аргалын утаа суунаглан, хонь ямаа үхэр малын чимээ, хүүхэд багачуудын цовоо дуу сонсогдоно. Чухам үгүй дутуугүй монгол ертөнц шүлгийн амь биеийг цогцлоож, монгол зураг дурайн, монгол аялгуу эгшиглэнэ. Ингэж анзаарваас О.Дашбалбарын хойшдын бүхий л уран бүтээлийн удиртгал, бэлгэ тэмдэг, эгэл өвснөөс эхлээд эх орон, дэлхий ертөнцөө хайрлах агуу их хайрын нь охь ундарага энэ шүлгээс бүрэн төгөлдөржиж эхэлсэн гэлтэй.

Өвс ногооны үнэртэй миний салхин сэтгэл
Үдшийн торгомсог агаарт ууснам.. Үлгэрийг би мэднэ.
Аль хэдийн яруу найрагчийн сэтгэл өвс ногооны үнэртэй холилдон салхин биед нэгдэж үдшийн торгомсог агаарт уусахдаа ямархан нэг үл тайлагдах “Үлгэр” эхлүүлэв .Яруу найрагчийн сэтгэлийн нууцлаг түлхүүрээр л онгойх тэрхүү “үлгэр”-т нэгэн ер бусын совин билиг далд оршин үлдэв. Харин үлгэрийг би мэднэ хэмээн яруу найрагч өөрийн ертөнц дотор бол нээлттэй орших тэр нууцлагт ирээдүйн бүх О.Дашбалбар байсан юм.

О.Дашбалбар 1978.7.24-нд Жигжидийн зусланд бичсэн энэ шүлгээ миний ажил дээр ирж бичгийн машинаар захидлын цаасан дээр хоёр хувь машиндаад өнгөн хувь дээр нь гарын үсгээ зураад надад дурсгасан нь хожмоо алтаар ч сольшгүй үнэт эрдэнэ болон үлдэх юм хэмээн бид хоёрын хэн нь ч санаагүй биз. Гэхдээ л цаг хугацааны үл тайлагдах “үлгэр”-ийн эхлэлийг совингоороо хэн хэн нь мэдэрсэн ч байж магадгүй. Аливаа сод бүтээлд он цагийн мэдрэмж, од гарагийн эрхшээл, оюун сэтгэлгээний совин бэлгэ, нар сарны солбицол, таталцал түлхэлцэлийн хүчин зүйл хамааралтай байдаг нь улам бүр тодорхой болж байна. Чухам ийм эрхшээлийн шалтгаанаар энэ шүлэг О.Дашбалбар хэмээх их мөрөн голын эх болсон ажгуу.

Хоёр.

1978 он бол О.Дашбалбарын уран бүтээлд онцгой байр суурь эзлэх мөчлөг юм. Дээрх “салхиар ганхах цагаан өвсний тухай шүлгээ бичсэнээс хойш ганцхан сарын дараа тэрбээр “эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө” хэмээх одтой шүлгээ, ёстой нэг онгодтой бичсэн юм.

Өвгө дээдсээсээ бид эх орноо хүлээж авсан,
Үр ачдаа хүлээлгэж өгнө!
Туг, сүлд, тусгаар тогтнол,
Тулгын гурван чулуу
Тулсан голомтоо
Өвөг дээдсээсээ бид хүлээж авсан!
Үр ачдаа хүлээлгэж өгнө…

Үнэхээр О.Дашбалбар хэмээх гол мөрөн уулсын хавцал дундуур түрхрэх мэт сад тавин гарч ирсэн шиг санагддаг юм. Тэр намар тэрбээр “Дарьгангад өргөх дуу”, “Би-гитар”, “Шүлэг бичих” зэрэг маш олон шүлэг бичсэн бөгөөд ер бусын сэрэл сэтгэлгээний “Тэнгисийн давалгаа” хэмээх нэгэн аймаг шүлэг нь биднийг гайхал төрүүлсэн бөгөөд түүнийг Горькийн сургуульд явуулах тухай санаа энэ намрын гол усны урсгал дундаас гарсан хэрэг.

Далан найман оны өмнөх О.Дашбалбар бол гэнэхэн, гуниглангуй, цайлган, балчирхан ахуй нь юм.
Энэ үедээ тэрбээр
Дэндүү эрт би дурлалтай учирч
Дэгдээхэй насаа өнгөрөөсөн юм
Хар нүдэн алдрайг мөрөөдөж
Хамаг амьдралаа үрсэн юм
хэмээн гудиггүйхэн, гэнэхнээр дуулж, бид түүнээс -Чи хэдэн настай вэ? гэхэд цагааханаар –Арван долоотой гэх мөртлөө “хамаг амьдралаа үрчихсэн” хэмээн бичиж бөөн инээд болж байлаа. Далан долоон онд би багшийн дээд сургууль төгсөх дадлага хийхээр Баруун-Уртад намаржиж, бид хоёр аймгийн төвийн зүүн хойт биеийг эзлэх “Дөрвөлж” хэмээх толгодын дундуур шүлгээр өвчилж сарны доор шөнөжин зугаалж явлаа. Намрын дунд сарын саран тунгалаг орой бид хоёр яруу найргийн ээлжит зугаалгаасаа ирэхэд Очирбат гуай маань хоёр усны шимийн охь халаачихсан хүлээж байв. Миний төрсөн өдрийг тэмдэглэж байгаа нь тэр. Бид хоёр дайлуулж, дайлуулчихаад бас ч болоогүй үзэг цаасаа бариад орондоо орцгоов. Дашбалбар төдөлгүй “Шүлэгч нөхөртөө”, би “Хорин таван нас” хэмээх шүлгээ бичиж бие биедээ уншсан юм. Дашбалбарын тэр шүлэг
Намрын шөнө тооноор тусах сарны туяа
Намайг чамтай хамт цаламдан, цагаан гэрлээр ороов


хэмээн эхлэнэ. Ийнхүү бид хоёр намрын шөнийн цагаан туяан нөмрөгийг хамт нөмөрч, цагаан гэрэлд нь ороолгон андын халуун журмын нөхөрлөлөө холбосон юм. Тэмүүжин, Жамуха хоёр сум, шагай солилцож анд нөхөр болсон шиг харилцан шүлгээ солилцож, яруу найргийн сүмд хүж барилдсан ажгуу. Хожим бидэн хоёр Алтан-Овоон дээрээ эрхий хуруугаа эсгэж, жинхэнэ монгол эр хүний ёсоор ахан дүүгийн андгай тавьсан бөгөөд тэр маань –Би дээрээ ахгүй төрсөн, одоо би ахтай болов хэмээн уйлж билээ. Тэр амьдралын ертөнцөд насан туршдаа намайг ахаа хэмээн хүндэлж, харин яруу найргийн ертөнцөд бол уран бүтээлийн анд нөхөр байсан юм.

Гурав.

Тэр намрын гэгээн дурсамжийг яахин мартана. Бидний уран бүтээлийн анд нөхөр Ё.Бадарч маань энэ намар “Дөрвөлж” дээр нэгэн сайхан цогцолбор бүтээж, О.Дашбалбар, Д.Нямсүрэн биднүүсийн шүлгийг чулуун элгэнээ гэрэлтүүлэн сийлэхдээ мөнөөх тэрхүү намрын гэгээн дурдатгалын ул мөрийг баттайяа эргэн сэргээе хэмээн халуун сэтгэлээ илэрхийлсэн ажгуу. Ерэн зургаан онд би аймгийн төв орохдоо Дөрвөлжийн оройд гараад нэгэн шүлэг бичсэн юм.

Талын тосгоны тархай гэрэл өлмий дор анивчих нь
Тасам харанхуйд тэнгэрийн одноос ч туниа муутай
Таанын аагинаас өөр юундаа ч хөлчүүрхэх билээ, тэр…
Таван жилийн дараа нохдыг бус, Монголыг шуугиулна гэлээ.
Ойворгон бор банди цамцныхаа энгэрийг задгайлж
Орой намрын жихүүн шөнөөр халууцлаа гэлээ.
Дэвсэг дөрвөлжийн чулуу бүхэн түүнд-гэрэлт од
Дэврүүн очит нүдэнд нь од бүхэн эгшиглэнт аялгуу
Хөглөөд тавьсан хуур шиг хөөрөгдөх салхинд хөвөөд
Хөл нүцгэн алхалж өргөст харганыг гишигчээд л
Хивст ордоны тайз шиг дэндүү зөөлнийг нь гайхаж
Хигээст хүрд шиг өнхөрч, онгирч гарлаа.
Баруун-Уртынхаа голыг Хэрлэнгээс урт гэж мэтгээд,
Баруун урдтай нохой боргоход чулуу авч нүүлгээд
Аглаг хэцээс олоод хэтэнд цахисан цахиур шиг
Асаж цацарч үзэгдэх нь алсын гэрлийн түрүүч байлаа.
Илүү элээсэн оймсонд нь зангуу наалдах нь зохисгүй
Ийм оргилуун цаг минь их л эрт нисчихжээ…
Чулуудсан юм шиг хоёр шувуу чих шүргээд сүрхийлээ
Чухам үнэнээ хэлэхэд цохлоод харж амжсангүй.
Омголон хөвгүүн тэрбээр онгод орлоо хэмээгээд
Очир алмаасан нүдтэй шөнийн шувуудыг дуулбай.
Од хүн хоёр адилхан харагдах орон зайд
Одоогийн цуут Дашбалбар арван ёстэй байвай.
Хуучин сар талын хаяанаас зул шиг мандахад
Хувилгаан туяа нь шүлгийн дэвтэрт шингээд
Хуур болоод ятгын эртний хөг сэрэхийн ахуйд
Худал ба үнэнийг гагцхүү гоо сайхан л хэмжмүү.
Сарны гэгээтэй салхин санчиг үсийг мөнгөлж
Саваагүй ноход саранд хуцах цагаан шөнөөр
Шальдархан хөвгүүнтэй зогсох талын цэцгэн дөрвөлж дээр
Шамбалын орны туяа зурвас тусахыг үзвэй.




Дөрөв.
Далан есөн оны намар Горькийн утга зохиолын дээд сургуульд сурахаар явсан О.Дашбалбараас бараг шуудан болгоноор захиа ирдэг байв. Нутаг ус, гэр орон, гэргий хүүхэд, анд нөхөдөө санан гансарч, Манант Москвагийн хүнд хэмнэл бүхий сэтгэлийн үгстэй захидалдаа заавал ч үгүй онгод урам сэргээсэн сайхан шүлэг хавсаргана. Тийм шүлгийн нэг нь 1980 онд бичсэн “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээх шүлэг нь юм. Энэ шүлэгт амьдралын утга учир, хайрлахуйн гэгээн ухаарал дүүрэн, юм үзэж хашир суусан том найрагчаас л гарахаар далайц байсаныг зөвшөөрч байсан ч шүлгийг тийм ч таатай хүлээж аваагүй юм. Уншсан хүмүүс, иймэрхүү шүлгийг тогтсон найрагч л бичдэг юм, байдаг л санаа гэх мэтээр хүлээж авсан. Аргагүй юм. Дөнгөж хорин гуравтай, утга зохиолд нэрээ гаргаж танигдаагүй шүлэгч ихээхэн өндөр дээрээс уншигчдад ийнхүү “сургамжлах” нь цаг хугацааны хувьд сэтгэлд буугаагүй л хэрэг.

Харин О.Дашбалбар энэ шүлгээ хаа л бол хаа уншина. Их дээд сургуулийн оюутануудтай уулзахдаа, айл хунарт зочилохдоо, ганц нэгээрээ байсан ч энэ л шүлгээ залхтал уншина. Нэгэн орой манайхаас гарахдаа хаалганы хажууд ханын цаасан дээр “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээн хөх бэхээр бичсэн байж билээ.

Яруу найргийн томоохон наадмын тайзан дээр “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээн уншиж л байсан, харин сонсогчид жирийн л шүлгийн хэмжээнд хүлээж авдаг байсан. Яруу найрагч энэ шүлгээ өөрийн “нэрийн хуудас” хэмээн баттайяа итгэж ганц уншигч байсан ч цөхрөлтгүй хүргэсээр л байв. Ингэсээр нэг мэдэхэд мөнөөх шүлэг яруу найрагчийн цээжнээс хорин оны намар шувуудтай цуг нисэн нисэн одсон юм. Яруу найраг бол шувуу юм. Яруу найрагчийн зүрхнээс ниссэн шүлэг-шувуу уншигчийн сэтгэлийн гол усанд суудал олох хүртлээ элин халин нисдэг бөлгөө. Яруу найраг бол нэгэн амьд ертөнц юм. Шүлэг төрөх агшин бол хүүхэд мэндлэхтэй адил юм. Яруу найрагчийн оюун сэтгэлгээ, онгод урамын онцгой агшинд сэтгэлийн их эрчимт догдлолоор тэсрэн гарсан шүлэг бол Б.Явуухулангийн хэлснээр “ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” юм. Тэр жигүүрт хүлэг уншигчийн сэтгэлийн орон зай, оюун сэтгэлийн ертөнцөд дахин мэндлэх хувь заяагаа эрэн нисч байдаг. “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” шүлэг ард түмний сэтгэлийн орон зайд хүрэх хүртлээ хорин жил ниссэн байна.

Тав.
Аливаа яруу найраг амьдрах цаг хугацаа, орон зайгаа хүлээж байдаг. Чухам тийм цаг хугацаа орон зай нь уг шүлэг зохиогдсоноос хойш хорин жилийн дараа байх юм гэж хэн мэдлээ. 1999 оны 10 сарын 17-ны гунигт хар өдөр монголын ард түмний сод билигт хүүгийн зүрх зогсож, сонинууд О.Дашбалбарын яруу найргаас яг тухайн цаг хийгээд орон зайд тохирох мөрийг төвөггүйеэ олж ишлэж нийтэлсээр байв. Тэр нь мөнөөх цаг хугацаа орон зайгаа эрэн нисч явсан “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээх шүлэг нь байвай. Мөнөөх шүлгийг урьд нь найрагчийн амнаас сонсож ном сониноос уншихдаа анзаарч ойшоогоогүйгээ хүмүүс олж мэдсээр л байлаа.

Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!
Алив сайханаа бүхнээ бусдаас битгий харамла!
хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх
!....


Хүмүүс мөнөөх шүлгийн эрэлд мордож, дахин уншиж үзнэ. Мөнөөх хашгичиж байсан амьд О.Дашбалбар бус, ард түмний зүрх сэтгэлийн дуу хоолой болж байсан талийгаач дуугүй, О.Дашбалбар хаа нэгтэйгээс “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээн шивнэх мэт. Хүмүүсийн орой руу нь шүлгийн мөр бадгууд нисэлдэн оров. Уншигчдын зүрх сэтгэлийн хаалгаар нисэлдэн оров.

Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учрал тохиолдно…
Ард түмний хүү О.Дашбалбарын
оршуулах цуваа Соёлын төв өргөөнөөс хөдөлж Их сургуулийн үүдээр гарч, Сансарын
хойгуур гараад Цайз захаар эргэж Алтан-Өлгий хүртэл үргэлжиж, замын хоёр хажуугаар
ард олон хэний ч шахалтгүйгээр зайгүй зогсож сод хүүгээ үдэж байлаа. Монголын радио,
телевиз , сонин хэвлэлүүдийг О.Дашбалбарын шүлэг найраг эзлэв. Яруу найрагч шүлгээ
уншсаар л байлаа.

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж цаадах чинь дуулна
Өлгий авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла

Ийнхүү энэ шүлэг анх зохиогдсоноосоо хойш хорин жилийн дараа жинхэнэ утгаараа орон зайгаа эзэлсэн нь ийм бөлгөө. Одоо энэ шүлгийн нэрийг, мөр бадгийг монголын үйлдвэрлэгчид, цай, сүү, идээ ундаан дээрээ бичиж, эмнэлэг, сургааль үйлчилгээний газруудын хананд сийлсээр байна. Яруу найраг нь эзнээсээ ондоо хувь тавиланг сонгож, өөр он цагийг эзлэвэй.

Зургаа
Юмны хувь тохиол сонин юм шүү. Эрхэм сод хүүгийн уран бүтээлийн анд, тангарагаар холбогдсон ах нь болох миний бие тэр үед О.Дашбалбарынхаа толгой дээр монголын утга зохиол, урлаг соёлынхоныг төлөөлж сүүлчийн үгийг хэлэх завшаан тохиосон юм.

Алтан –Өлгийд хэлсэн тэр үгэндээ би О.Дашбалбарын уран бүтээлийн ертөнц, түүний оюуны тэнгэрт эзлэх байр суурийг тодорхойлохыг оролдсон билээ. Энэ үгийг хаа ч нийтлээгүй. Өөрийн энэхүү нийтлэлдээ нэгэн бөлөг болговой.

(хүмүүс чив чимээгүй, тэнгэр дув дуугүй байв)

Монголын ард түмний цогтой эх оронч хүү, сод билигт яруу найрагч, төр нийгэм, соёлын гарамгай зүтгэлтэн Очирбатын Дашбалбарыгаа бид сүүлчийн замд нь үдэж байна.
Хүн төрөлхтөний оюуны эрдэнэсийн сан хөмрөгт “Монголын нууц товчоо”, “Гэсэр”, “Жангар”-ыг бүтээн, Ноён хутагт Данзанравжаа, Инжинннаш, Нацагдорж, Явуухуланг бойжуулсан Монголын их утга зохиолын шинэ арми таны өмнө эмгэнэн гашуудаж байна.
чи минь, Монголын утга зохиолын их үйлсэд амьдралынхаа гэгээн гэрэлт он жилүүдийг зориулж “Оддын аялгуу”, “Гол ус намуухан урсана”, “Гэрэлт хайр”, “Зүүдний мөнгөн шувуу”, “Бурханы мэлмий”, “Цаг хугацааны гуниг буюу орон зай дахь дүрсүүд” зэрэг яруу найргийн ном туурвиж, “Дорнын аялгуу”, “Дарьганга аялгуу”, “Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ”, “Эх орноо бид үр ачдаа хүлээлгэж өгнө”, “Өвгөд минь”, “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” зэрэг олон шилдэг бүтээлээрээ монголын утга зохиолын хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, уншигч олныхоо зүрх сэтгэлд мөнхөрсөн үгийн гарамгай уран дархан билээ.
О.Дашбалбар ерээд оны Монголын улс төрд ардын дипломатын үүрэг гүйцэтгэсэн шигээ, оюуны ертөнцөд өрнө дорнын шинэхэн гүүр, соён гэгээрүүлэгч байсан юм.
О.Дашбалбарын үгийн урлаг мунхагийн харанхуйг таслагч Манзушири бурханы илд мэт, чанадын уянга нь Янжинлхам бурханы ятга мэт, тэр өөрөө бурханаас илгээсэн үнэний элч мэт, гэгээрсэн тэнгэрлэг яруу найрагч байлаа.
О.Дашбалбар уран зохиол яруу найргийг сурталчилах, танин мэдүүлэх утга зохиолын залгамж үеийг төрүүлэхэд их хүч, цагаа харамгүй зориулж, шинэчлэгч чанараараа залуу үеийг араасаа дагуулж, урлах эрдмийн өөрийн сургуулийг бий болгосон билээ.
О.Дашбалбар 1980-аад оны сүүлчээр “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр”, “Номон дээр гишгэсэн алдас” зэрэг халуун эх оронч нийтлэлүүд бичиж, үгийн эрх чөлөө хязгаарлагдмал байсан нийгмийн бүрхүүлийг хуу татсан юм. Түүний нийтлэлүүд үндэснийхээ түүх соёлын өвийг өмгөөлөн хамгаалах, хайрлах бахархахад уриалан дуудсаныг монголын ард түмэн мартахгүй ээ.
О.Дашбалбар тусгаар тогтнол, төрөлх газар шороогоо өмгөөлөгч, эгэл ард түмний эрх ашгийг тууштай илэрхийлэгч, шударга ёс, үнэнийг эрмэлзэгчийн дуу хоолой байж түүний төлөө амь биеэ зохиулсан жинхэнэ эх оронч яруу найрагч байлаа.
Яруу найрагч хүн Унгарын Петефи Шандор, Татарын Муса Жалиль, Монголын Цогт тайж шиг жинхэнэ эх оронч байх ёстой гэж чи үздэг байлаа. Одоо тэдний жагсаалтанд XX зууны төгсгөл үеийн Монголын цогт эх оронч яруу найрагч чинийхээ нэрийг оруулан дурдаж чамаараа бахархаж байна.
Чи минь уран бүтээлийнхээ өвийг 10 боть болгон хэвлүүлэхээр бэлдэж байлаа. Эх орон, ард түмэн, үр ачдаа өвлүүлж буй чиний уран бүтээлийн өв монголын соёлын үнэт эрдэнэс болон үлдэж байна.
О.Дашбалбарын болор талст бодлын уянга, зөн билэгт зөөлөн мэдрэмж, огторгуйн хязгааргүйн оддын аялгуу, оюун сэтгэлгээний цараатай бүтээлүүдийг нь шинэ зуун шинэ хэмжүүрээр дахин цэгнэж, дорнын төдийгүй дэлхийн найрагч болохынх нь хувьд алдаршуулан сударлаж, бишрэн шүтэх цаг ирнэ.
Хайрт Дашбалбар минь ээ! Өмгөөлж, хайрлаж байсан эх орныхоо газар шороонд үүрд амгалан нойрсоорой! Таны минь цогт сүнс монголдоо эргэн заларч ирээдүйн зууныг эзэгнэх болтугай!

1999.10.20 Алтан-Өлгий

Долоо.

О.Дашбалбарын шүлгүүд гэгээн уянгалаг агаад хязгааргүй уудам сансарын орон зайд эрх дураар дүүлэн нисэж, од сар, цагаан үүлс, цэнхэр уулс, мөрөн гол, шувуудын жиргээгээр дүүрдэг. Би түүний яруу найргийн мөн чанар нь намуун уянга, өөдрөг гэгээн зураглал, дотоод нисэлт, цаг хугацааны хязгааргүй сэлэлт гэж ойлгодог. Харин түүний шүлэг наяад оны сүүл хирд ороо бусгаа цаг үе рүүгээ, бэртэгчин амьдрал хүү, хүний мууд дурлагч, эх орноо үл дээлэгч тийм хүмүүс рүү хандсан дотоод шаналал, өчилөөр дүүрэн болж ирсэн юм. Энэ нь цагийн араншинд үл тэвчих яруу найрагчийн зан чанарын хурц илрэл байв.

Өвөл гэдэг дандаа урт байдаг
Өнгөрсөн хойно л богинохон санагддаг
Амьд хүн болгоныг дандаа муу хэлдэг
Алга болохоор нь бүгдээрээ магтаж эхэлдэг. /1998.9.27/

Амьдралын мөн чанарыг тэр аль эрт таньсан болохоор өөр лүү нь зайгүй шүрших үгэн сумны өөдөөс ихэмсэг бардам алхаж явсан юм. Өөрийгөө “Би талын хөх чоно” хэмээн томьёолж, хүний ертөнцийн хар хүчинд хичнээн шахуулсан ч

Яруу найрагчаас өөр хэнд ч өрөвдүүлээгүй чоно
Ясны баатар эрс шиг тулалдаанд орох нь тэнгэрлэг
Алтан дэлхийд хүн байсан цагт чоно байх болно
Арцалдан тэмцэхийн дээд үнэийг яруу найрагч шиг мэдэрнэ

гэж чоно хэмээх байгалийн эр зоригоор өөрийгөө хатуужуулж байв. Түүний ааш араншин ч , яруу найраг нь ч амьдарч буй цагтайгаа тэрсэлсэн байдлаар улам хурцдаж байв. Хар хэл ам түүнийг ороож, амь нас, яруу сайхан бүхнийг нь мэрсээр байв.

Арга мэх башир заль, хов живэнд
Алтан сайхан бие минь элж зовж явсан ч
Андуу эндүүгүй нэгэн үзүүрт сэтгэлээр
Ард түмэндээ итгэж, бурхан болгож шүтсээн!

Одоо надад юу үлдэв? … хэмээн шуурган гал шуугиан дуулиан, хов живийн хар утаан дундах өчүүхэн гэрлийн аглагт тэр тасралтгүй бичсээр байв. “Өөр оршихуй бидний явдлыг зохицуулавч, үйлийн үрээс гажихгүй” хэмээн тэрбээр үхэлд сэтгэлээ хатамжилан бэлдсээр байсан.
Түүний шүлгүүдэд баахар хатуу гэмээр, тэрслүү гэмээр үгс давамгайлах болсон нь яруу найргийн дотоод намуун уянгаасаа татгалзсан хэрэг бус, яруу сайхан хийгээд утга уянга, эх орон, эгэл түмнээ хайрлан өмгөөлөх агуу их хайрынхаа өмнө босгож байсан үнэн хатуу үгсийн хана хэрэм байсан юм.
О.Дашбалбарын онош нь эмнэлэгийн шинжилгээгээр элгэний гүн хордлого гэж гарсан. Гэхдээ түүний элэг ямар нэгэн хорт идээнд гэмтсэн байж болох ч, үзүүртээ хор шингэсэн хар үгийн “нейтрон”-той тэр л “хар хүчинд” хордсон юм. Түүний зүрх өвчнийхөө гүн шаналгааг даалгүй тэсэрсэн гэх. Үнэндээ, үзүүртээ хараалын шившлэгтэй үг-суманд үй зайгүй цоочуулсан байсан юм. Үгийн шарх, үгийн хордлогыг өнөөгийн анагаах ухаан оношилж чадахгүй нь харамсалтай.

О.Дашбалбарын үхэл ард түмний хайр бахархал, өмгөөлөл, омогшил, үнэний төлөө өөрийгөө золих гэрэлт сургамж болсон юм. Тиймээс ч аль тэртээх балчир ахуйдаа “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээн гэрээсэлсэн бус уу. Чухам энэ үг бол О.Дашбалбарын хайрлахуйн тарни байсан юм.

Найм.

“Уулсын тэнхээ надад алгуурхан шингэж, он улирах бүр эмзэг зүрх минь уулстай нийлэх мэт” хэмээн тэр бичиж, Алтай, Хангай, Хэнтийн уулс, Дарьгангыхаа хөх уулсад алгуурхан шингэсээр оршихуйн байраа зугуухан шилжүүлсээр байв. Тэр амьдралаас уйдаагүй. Хүмүүст, амьдралд, ширхэг цагаан өвсөнд ч хязгааргүй хайртай байж, “Тэнгэрийн цэнхэрийг удаан харахсан, гол усны шивнээг удаан сонсохсон, хүмүүсийн дунд удаан амьдарахсан гэж адгана. Яагаад гэвэл хүмүүс, нар шувууд, модод дэндүү сайхан, Үлгэрийн орчлонд та нарынхаа дунд би удаан амьдарна” хэмээн хүсч тэмүүлж байв. Амьдрал байраа сэлгэхийн цагт өөрийг нь тамын орон бус, шамбалын хаалга урьж буйг тэр мэдэж байсан юм. Аливаа суу билиг төгс найрагчийн сүүлчийн үг ихээхэн учир утгатай байдаг. Түүний сүүлчийн шүлэг “Хүнд туслах агшин хайрла” нэртэй. Эмнэлэгийн орон дээр

Хүнд туслаагүй өдрүүд минь
Надад бараан санагддаг
Хүйтний туйл, хоосон цөл шиг санагддаг
Аяа бурхан минь!
Хүнд туслах агшин ч болов хайрла!

хэмээн бичиж байхдаа тэр өөртөө нас буян гуйх бус, харин хүнийг энэрч, хүнд туслахын агшинг л эрж байжээ. Хүнд туслана гэдэг хүнийг хайрлахын биелэл юм. Амьдралыг хайрлах ухаан юм. Чухам ийм л яруу найрагийн оршихуй агуу их хайраар дүүрэн байдаг жамтай аж. Өнөөгийн цаг үед хүмүүс хайраар дутаж, бие биеэ хайрлах хүндэлхүйн гэгээн үгсээр бус, уур хилэн, атаа хорсолын хорлолт үгээр бие биесээ жадлаж байна. Хамаг амьтны тусын тулд тарни уншдаг хүн ч цөөрч, нигүүлсэхүйн үйлсийг бүтээгч лам хуврагууд хүртэл хараал домын хар аргад мэргэшиж байна. Үүнийг аль эрт мэдэрсэн яруу найрагч өөрийн зүрхэний үгийг хүмүүст хамгийн шийдмэг хүргэх зам бол үл үзэгдэн оршихуйгаас тарнидах явдал юм хэмээн мэдэрсэн ч байж магадгүй.

О.Дашбалбар яруу найрагчийн хувьд өөрийгөө нэгэнт цогцлоон бүтээж, өөрийгөө шүлгээрээ бүрэн нээж, уншигч олондоо, ард түмэндээ, ирээдүй хойчдоо хэлэх л гэсэн үгээ үлдээлгүй хэлсэн, яруу найрагчийн хувьд би төгссөн гэж ярьдаг болсон юм. Тийм ч учраас өөрийнхөө амьдрах цаг хугацаа, орон зайг мэдэрч “Үлэмжийн орчлонд би удаан амьдарна” хэмээх үлэмжийн тансаг дуулалдаа тэнгэрлэг яруу сайханыг ирээдүйтэй цуг бичиглэн хадгалсан байдаг. О.Дашбалбарын газар шорооны төлөөх тулалдааныг ойлгохын тулд “салхиар ганхах цагаан өвсийг” хэрхэн хайрлаж, түүнд яаж оршсоныг ойлгох хэрэгтэй. О.Дашбалбарын эх орон ард түмний дуу хоолой нь болж байсан үнэн хатуу тэмцэгч үгийн язгуур бол ““Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ!” хэмээх хайрлахуйн тарни нь мөн болохыг таних ёстой. О.Дашбалбарын энэ тарни түүний яруу найргийг эхлэлээс төгсгөлийг хүртэл хэлхсэн эрхиний хэлхээс мэт тасралтгүй санагалзан урсаж буйг түүний яруу найргийн ертөнцөд нэвтэрч байж л сая ойлгоюу.

2007.1.7.

Г.Мэнд-Ооёо

Wednesday, January 10, 2007

ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА


ЯРУУ НАЙРГИЙН ДОЛГИОНЛОГ ШИДЭТ ЧАНАР БА
БАЙГАЛИЙН ЭРЧИМ



Яруу найраг бол одон ертөнцийн нууцлаг гэрэл дохио юм.
Яруу найраг бол оюуны эрчим хүчний шидэт долгион юм.
Яруу найраг бол хүний дотоод сансарын од эрхэс юм.
Яруу найраг бол хүний оюуны ертөнцийн гоц үзэгдэл юм.


Өнөөдрийн танин мэдэхүйн ойлголтын хүрээнд яруу найргийн тухай ярих нь ихээхэн учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл жинхэнэ яруу найрагт хадгалагдаж буй олон нууцлаг үнэт зүйлсийг өнөөгийн ойлголтын үүднээс тайлбарлах боломжгүй юм. Ийм зүйлийн нэг нь яруу найргийн эрчимт долгион юм. Яруу найраг дахь эрчимт долгион нь хүн төрөлхтөний яруу найргийн соёлын шавхагдашгүй үнэт зүйлс юм. Харин нүүдэлчдийн соёлын өв санд байгалийн эрчим хүчийг яруу найргийн эрчим хүчээр жолоодох гэсэн оролдлого гэмээр зүйл нилээд тааралддаг. Үүнийг анхааран судалж үзүүштэй байгаа юм.

Арван есдүгээр зууны сүүлчээр Монголын их говьд олон жил их ган болж хур бороо оролгүй газар дэлхий хатаж, хүн мал ядарч туйлдахын зовлонг амсчээ. Говийн яруу найрагч Гэлэгбалсан “Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл, /найраглал/ зохиож эртний тахилгын улбаа бүхий овоон дээр иржээ. Нутгийн ард олон ч цугларчээ. Яруу найрагч тэнгэр өөд хандан шүлгээ аялгуулан дуудаж, цугларсан олон ч түрэн дуулж мөргөн гуйжээ. Төдөлгүй бөртийх ч үүлгүй тэнгэрт үүл хуралдаж бороо орж эхэлжээ.

Энэ түүх нэгд яруу найргийн эрчим хүчний увдисыг, нөгөө талаар яруу найргаар өдөөгдсөн олон хүний сэтгэлийн хөөрлийн эрчим хүчээр байгалийн үзэгдлийг жолоодож байгаа яруу найрагийн чадлын тухай өггүүлж байна

Монголын нүүдэлч малчид уул овоо, ус булаг бүхэн эзэнтэй гэж үздэг. Тэрхүү эзэн нь энгийн нүдэнд үл үзэгдэх боловч бодол сэтгэлд хүртэгдэх далдын бодит чанартай гэж үздэг юм. Тэгээд ч уул овоо болгон шүлэг магтаалтай, зан үйлтэй байдаг. Уул овоогоо тахиж залбирал, магтаал, дуудлагаа зориулснаар хур бороо орох, солонго татах зэрэг байгалийн зохистой үзэгдэл болно.

Бөө нарын дуулага, тамлага, уриа зэргийг анхааран сонсвол, тэнгэр, лус, өөрийн онгодтой харилцсан шүлэг байдаг.

Монголын Дорнод хээр тал буюу Дарьганга нутагт Алтан – Овоо гэж талын намхан уул бий. Энэ уулыг нутаг усныхан маань олон зуун жил шүтэж, тахиж тайсаар ирсэн юм. XIII зууны үед бөөгийн ёсоор тахиж байсан бол, XVIII зууны үеэс Буддын шашны номоор тахиж эхэлсэн юм. Бөөгийн тахилга ч, Бурханы шашны тахилга ч аль алин нь шүлэг байдаг. Уул усаа магтаж, нутаг ус, тэнгэр газрын эздээс өршөөл аврал, бороо хур, аз жаргалтай найрсан амьдрахыг гуйсан магтаал, сан, сэржим, бясалгал залбиралын шүлгийг шашны ая данд оруулан уншдаг. Ард олон итгэл сүсэг бишрэлээ өргөж, сүү цагаан идээнийхээ дээжийг нутгийнхаа тэнгэрт өргөнө.


Алтан – Овоо минь
Алтан – Овоо минь
Алтан – Овоо минь

хэмээн сүсэглэн дуудацгаана. Маш олон хүний оюуны эрчим хүч төвлөрч, маш олон тоогоор давтан уншсан үг эрчимжинэ. Ийм үгэнд ер бусын цэнэг, долгион хуримтлагдана. Нутгийн малчид морио бүдрэхэд Алтан – Овоо минь гэж дуудна. Үнэхээр Алтан – Овоо түшиж мориноос унасангүй гэж бодно. Үгийг эрчимжүүлэн түүний нөлөөлөх долгионлог чанарыг нээж таньсан нүүдэлчид яруу найргийг маш их эрхэм дээд тэнгэрлэг зүйл хэмээн дээдлэдэг.
Чингис хааны үед төрийн хамгийн чухал мэдээ, ялангуяа тулган шаардах бичгийг шүлэглэж бичээд элчдээ цээжлүүлэн явуулж, тэр нь очоод аялгуулан дууддаг байв. Энэ нь яруу найргийн хүч чадлыг төрийн хэрэгт ашиглаж байсны жишээ юм. Чингис хааны сургаал номлолууд нь голдуу шүлгээр л уламжлагдан иржээ.

Монголын төр нилээд суурин иргэншилтэй болж төвхөнөсөн үе буюу Юань Улсын үеийн хаад өрлөг сайд нар бараг бүгд шүлэг зохиож байсан байдаг.

XVII зууны үеийн Монголын соён гэгээрүүлэгч Занабазар “Цагийг тохинуулагч залбирал” хэмээх шүлэг бичиж шавь нар нь түүнийг тараан дэлгэрүүлж дайн дажны байдалтай болж байсан улс орны дотоодын хямрал намжиж байсан түүх бий.
Нүүдэлчин монголчууд мал ахуйтайгаа харьцахдаа мөн шүлэг уриа дуудлагыг хэрэглэнэ. Мал адгуус хүний хэлийг мэдэхгүй боловч аялгуулан хэлэх шүлэг дуудлаганд уярна.
Жинхэнэ яруу найрагчийн хүч чадал нь түүний үг цоо шинэ ахуйг бүтээж, нууцлаг ертөнцийг нээдэгт оршино. Яруу найраг нь яруу хэмнэлтэй үгсийн чуулганаар хэлбэрийг олж, хэлбэртээ таацсан утга санааны эрчим хүчийг өөртөө агуулна. Сэтгэлгээний дүрийг бүтээсэн тэр дотоод хүч нь гадагш илрэн гарахдаа оюун ухааны бодит зүйл болж атомын эрчим хүчний урсгал мэт тархдаг. Яруу найрагт үг, айзам, агуулга нь төгс найрссан цагт утга увдисын хязгааргүй олон боломжийг агуулж, өөр өөр орон зай, өөр өөр цаг үед өөр өөр уншигчдад таацсан сэтгэл хөдлөлийн эрчим хүчийг нээж өгдөг юм. Жинхэнэ амилсан яруу найраг нь ямар нэг үл үзэгдэгч бодит хүч болон хүчжиж, утгын шидэт бөмбөрцөг болон оршоод тэр нь дөнгөж сэдэгдэх төдийд сэргэн амилж эзэмдэн хувьсгаж байдаг.

Оросын яруу найрагч, Нобелийн шагналт Б.Пастернак нэгэнтээ “яруу найрагчид минь ээ. Өөрийн гунигт үхлийг шүлэгтээ битгий зөгнөөч, тэр хэлснээр чинь болдогт яруу найргийн чадал орших юм” хэмээн дуу алдсан байдаг. Тэрбээр А.Пушкин, М.Лермонтов, С.Есенин зэрэг Оросын суу билигт яруу найрагчид өөрийн шүлэгтээ үхлийнхээ золгүй тохиолдлыг яг зөгнөн бичсэнийг ийнхүү анзааран харсан байдаг.

Сэтгэлгээний тухайн дүрийг бүтээсэн яруу найргийг хүлээн авч байгаа уншигч нь уг шүлгийг бүтэж цогцлох үеийн онгодын гунил ба цэнгэлийг мөн адилхан эдлэнэ. Маш олон уншигчийн хүрээнд уншигдаж буй шүлгийн онцгой хүчтэй дүр ба хэллэгүүд нь тэрхүү увдис хүчийг дамжуулагч болно. Яруу найргийн үг бүхэн, түүний эрчимжсэн авиа бүхэнд шингэсэн дотоод хүч нь гадагш цацран гарахдаа уншигч, сонсогчийг эзэмдэн эрх мэдэлдээ оруулна. Жинхэнэ яруу найраг цаг хугацаа орон зайнаас үл шалтгаалан оршин амьдрах хүчийг олсон байдаг. Энэ бол яруу найраг дахь эрчим хүч буюу шидэт долгион юм. Яруу найргийн эрчим хүчний энэхүү шидэт чанарыг хүн төрөлхтөний түүхийн янз бүрийн цаг үед сайнаар болон муугаар ч ашиглаж байлаа. Үгийн эрчимжсэн шидэт долгионыг дайсагнагч талаа ялан дарангуйлах зэвсэг болгон ашиглаж байсан удаа бий. Улмаар хараалын яруу найраг гэгч зүйл бий болж байсан явдал ч бас буй.
Монголчууд: “Ерөөлийн үзүүрт тос
Хараалын үзүүрт цус”
хэмээх үгийг хэлэх дуртай. Сайн үзүүрт сэтгэлээс гарсан яруу үгс нь хүн болоод нийгмийг гэрэл гэгээт зам мөрд хөтлөнө гэсэн энгийн үнэн логик энд байна. Гэгээрэлд хүрэх хамгийн дөт зам мөр яруу найрагт буй. Ерөөс яруу найргаараа дамжин хүмүүний сэтгэлийг ариусгаж, дотоод ертөнцийн харанхуй бурангуйд гэрэл гэгээ тусгаж гэгээрэлд хүрэх, хүн төрөлхтөний сэтгэл оюуныг гэгээрлээр ойртуулан найрсуулах, үл итгэлцэл, цаг хугацаа, орон зай, хил хязгаарийн зааг, хана хэрмийг арилгах явдал юм.

Иймд хүн төрөлхтөний олон үндэстний яруу найраг дахь эрчим хүчний шидэт долгионыг сайн үйлсийн төлөө нэгдмэл их хүч болгон ашиглах боломж байгааг бид анхаарах ёстой. Бидний яруу найраг хичнээн энэрэнгүй, нигүүлсэнгүйг агуулах тусам ариусгагч тэрхүү эрчим хүчний шидэт долгион нь хүн төрөлхтөний амар амгалангийн туйлын хүсэл эрмэлзэлийн үйлсэд төдий чинээн туслах болно.

Хүний оюун сэтгэлээс ундарсан хайрлах, нигүүлсэхүйн гэрэл гэгээ авъяаст хүмүүний эрчимт үгсээр цэнэглэгдсэн яруу найраг л бүх юмыг сайн сайхан болгоно.



Г.Мэнд-Ооёо
2005.11.18 Япон-Токио , Азийн Яруу Найрагчдын бага хурал


АЛТАН ХАРААЦАЙ- The Swallows

Г.Мэнд-Ооёо

АЛТАН ХАРААЦАЙ

Анир аясхан талын минь домгийг алтан хараацай
Аян холоос ирэхэд амдаж нисэлдсээр айсуй
Мөнхийн усаа асгасан номин талынхаа алганаас
Мөрөөдлийн энэ шувуухай цагийн цагт холдсонгүй

Олоон жилийн өмнө аавтайгаа давхиж явахад
Оорцогт толгодын дунд нисэж явсан хараацайнууд
Он цагийг туулсаар эргээд намайг ирэхэд
Онцгой тэр эрэлдээ цөхрөөгүй л явна гэлтэй

Аавын ярьсан домгийг ухаарч амжаагүй насандаа
Алтан хараацай эндсэн байхыг нэг үзэж билээ
Өнө мөнхийн усыг анхалж олсон мөртлөө
Өөрөө уугаагүй амьтныг хайрлан өрөвдөж билээ.

Үүрдийн амь настай, өнө холын мэлмийтэй
Үлгэр домгийн дээжээс амлуулж өгсөн аавдаа
Алтан хараацайнаас өмнө мөнхийн ус олоод
Анх түрүүн уулгахаа амлаж байсан цаг бий

Амьдрал ахархан хорвоод амлсанаа биелүүлж чадсангүй!
Аав минь одоо үгүй, мөнхий ус хүү нь олсонгүй
Алтан хараацай намайг ээрэн нисч яваа нь
Ашид мөнхийн усыг хүнээс л сураглаж байх шиг!

Аавын голомт залгах алаг нүдэн хүүдээ
Алтан хараацайн домгийг ярьж л сууна даа, бас л
Амьдрал мөнх бус болохоор би ч мөн одно
Алтан хараацайн домог хүүхдүүдтэй минь үлдэнэ!

Үлгэр жаргахын цагт мөнхийн ус олоод
Үүрд наслах цаг ирж гэмээнэ, хүмүүс минь!
Мөрөөдөл үлдэх талын минь домгийн алтан хараацайд
Мөнхий усаанаасаа заавал хүргэж амсуулаарай!


The Swallows
Returning from afar, swallows in flocks
Embrace the tales of the gentle, tranquil steppe.
The waters of eternity were spilt into the yellow steppe’s palms,
And, ever since, these little birds have dared not leave.

Once, out riding with my father many years ago,
There were swallows flying over the lonely hills.
Returning from the distant time,
They are perhaps still searching their elixir.

I didn’t understand my father’s story then.
I saw a swallow pass away, though
It had found the water of eternity.
I grieved it hadn’t drunk.

My father shared the cream of stories,
Eternal and prophetic. And once,
I promised that, before the swallows did,
I’d find and offer him the waters of eternity.

In this brief world, promises are not always fulfilled.
My father’s gone now, his son’s not found the waters of eternity.
The swallows circle overhead,
Looking to source these everlasting waters.

To my own son, who’ll gain his father’s hearth and home,
I’ll tell the tale of the swallows.
But, life is not eternal, I’ll be gone,
I’ll leave the swallows’ tale to my children.

The story’s over. The waters of eternity are still not found,
But they’ll be found eventually.
And what the waters of eternity reveal, please share
With these my story’s swallows, pursuing their joyS over the steppe,

Tuesday, January 9, 2007

ДАНЗАНРАВЖААГИЙН ӨРНӨД ТӨРСӨН ШАВЬ


Английн орчуулагч, судлаач Симон Веккхэм Смит унаган англи хүн бөгөөд эртний хэл судлал, утга зохиолын орчуулгаар ажилладаг. Бас хөгжмийн зохиолч. Тэрбээр Буддын философи сонирходог бөгөөд Швейцарт буддын сүмд 3 жил лам байсан. Бага ч үгүй уншлагатай. Эх хэлээсээ гадна франц, испани, герман хэлтэй. Түвд хэлээр уншиж орчуулна. Монгол хэлийг толь бичгээр сурсан. Өөрийн нь ярьдгаар “монгол хэлийг Равжаагийн яруу найргийн хэмжээнд мэднэ”. VI Далай лам Цанянжамцын намтарыг судалж “Янагийн дуулал”-ыг орчуулж байсан удаатай. Данзанравжааг судалж, яруу найргийн бүрэн түүвэр 14000 гаруй мөр шүлгийг орчуулах ажилд гурван жилийнхээ амьдралыг зориулсан.

Тэрбээр Данзанравжаагийн яруу найраг, гүн ухаанд гүн бишрэлтэй ханддаг бөгөөд ноён хутагтын яруу найргийг Өрнөд алдаршуулахаар “илгээгдсэн” хойт насны нь шавь хэмээн өөрийгөө үздэг. Тэрбээр одоо XXI зууны монголын залуу яруу найрагчид”-ын номыг орчуулж байна. Цаашид Инжинашийн “Хөх судар” романыг орчуулах төлөвлөгөөтэй байгаа.

Өнөөдөр та бүхэнд Симоны Дэлхийн Яруу найрагчдын XXVI их хурал дээр тавьсан Равжаагийн яруу найргийн тухай сонирхолтой илтгэлийг толилуулж байна.


Дөмөн


Дөмөн дөмөн гишгэдэлт
Хар нүдэн шарга минь
Түмэн агтны дундаас
Дөлөлзөж байдаг л
Төдхөн зантай тэр минь
Түмнийхээ дунд суудаг л
Ааш зангийн сайханд
Эрвэлзэн суудаг л
Дэнж нуурын гургалдай
Дэмий соньхон жиргэнэ
Дэмий хүний үртэй
Даанч юундаа янаглав
Янаг гэгч юу вэ?
Эртний сайхан ерөөл буй
Энэ хол газрын
Энгэрээр нь дөтөлье

Эгээрч санасан хүнтэйгээ
Уулзаад мордох бахтай
Энэ явахад ном буян хэрэгтэй
Эцэс хойтын сүнсэнд Авидын үүдэнд жаргая

GENTLY

With gentle, gentle steps
My creamwhite horse with black eyes
Stays well away from
The mass of geldings.
That one, my bright one,
Just standing amidst the crowd,
Just standing there, alert,
Its temperament so lovely.
The nightingale on the glacial lake
Sings in vain its strange songs.
Why did the child of the man
Love in vain and too much?
What is this thing called love?
It’s a lovely, ancient benediction.
Let us take the short cut by the southern slope
And reach the distant land.
It’s a pleasure to go meet
The one you desire -
You’ll need the riches of Dharma.
Let's enter Abhidharma and enjoy eternity.


Г.Мэнд-Ооёо

Nomads are coming from the Horizon

NOMADS ARE COMING FROM THE HORIZON
by G.Mend-Ooyo

It is said that in time immemorial, when the ice-covered Earth began to melt, first of all a mountain appeared. Later this mountain came to be known as Otgontenger, or “the youngest son of heaven. Now the mountain is one of the most important sacred sites in Mongolia. The vast territory known as the Central Asian plateau, bringing together khangai (forested area), steppe and the great Gobi, is the homeland of the great dinosaurs and early horses that lived many millions years ago. Traces of the first humans were found here. All these testify that poetry did not appear late in the Mongolian motherland. Mongolia is a country with distinctive seasons and a harsh climate --reaching an unbearable hot +40 degrees C in summer yet experiencing frigid snowstorms of -40 degrees C in winter-- and nomadic culture and civilisation. Now towns and permanent settlements have appeared and the nomadic and settled cultures and civilisations exist side by side. A process of differentiation and synthesis of both traditional and modern, globalised culture is taking place.

It is clear that contemporary Mongolian poetry develops along distinctive Mongolian lines but also takes poetic features from the rest of the world. The first Mongolian poet is the people. The song and poetry of the nomadic people are collective creations. The shortest Mongolian verse is the khos uyanga, or the couplet:
Orchlon (Universe)
Gaslan (Sorrow)
The world is summed up in these two words.

There are also the “universal trinities”. For example, here are the three boundless universes:
The sky has no column
The ocean has no cover
The earth has no belt

Interestingly, the Mongolians are able to describe great notions and ideas in short lines of poetry, just like they can fit a huge amount of beef in the small heart's membrane of a cow to take it on a long trip. On the other hand, the epos "150 nasalsan khugshin luu mergen khaan" (Wise dragon king who lived 150 years), the longest Mongolian poem, has 14000 lines. It takes a whole month to recite.

The Mongolians, who have been following a nomadic way of life since ancient times, have very few inherited written literary monuments, but they have a rich oral tradition that has been passed down up to the 20th Century. From the Middle Ages the poetry of classic Mongolian literature has flourished under the influence of Indian, Tibetan, Chinese and Oriental literature. Chinggis Khan and Khubilai Khan gave their decrees in verse. The poems of Tsogt Taij, Injinnash, Danzanravjaa and Gulirans survive as the classical heritage of written poetry. The 20th Century brought a strong creative outburst of Mongolian literature, which combined the influence of Sanskrit, Tibetan and Chinese literatures and the special features of traditional Mongolian poetry.

Mongolian poetry was enriched with new and original colour and style, combining the influence of East and West, through the works of the Western-educated D Natsagdorj, B Rinchen and Ts Damdinsuren in the 1930s, and B Yavuukhulan, M Tsedendorj and N Nyamdorj in the 1960s. Poets such as Sh Surenjav, D Uriankhai, M Shirchinsuren, B Lkhagvasuren, L Dashnyam, T Galsan, P Badarch, D Shagdarsuren, D Nyamaa, D Tsoodol and S Oyun constitute a new chorus of Mongolian poets, and their works express the combined colour and character of the atmosphere of Western poetry and the Oriental tradition of expression and thought.

In my opinion, the high point of Mongolian poetry was the 1980s, and from that time to the beginning of the new century poets such as D Nyamsuren and D Dashbalbar created truly bright, lucid, quiet, melodic and deeply significant lyrics, yet unfortunately today such poets are no longer among us. Many poets such as S Dulam, Ts Chimeddorj, D Turbat, D Tsogt, D Banzragch, L Myagmarsuren and I belong to this period. One of the unique features of our poetry is that it uses the fundamental character of the Mongolian language: its wide capacity for lyric expression.

A group of young poets with their own original voices --including G Ayurzana, L Ulziitugs and Ts Bavuudorj-- has emerged as the continuation of the poetry of the late 20th Century. Young poets like Ts Buyanzaya, Kh Chilaajav, G Badamsambuu, B Ichinkhorloo, Ts Khulan, J Bayarjargal and others belong to the same generation. The poems of Sh Uyanga, J Bold-Erdene and S Battogtokh, whose names must be included in this list though they passed away at a young age, remained with us as a valuable heritage at the end of the 20th Century.

It must be mentioned that, unfortunately, Mongolian poets tend to have a very short lifespan: G Ser-Od, who created wonderful poetry in the 1930s, lived only to the age of 23. Though their creators didn't live to an old age, their works enjoy eternal life. True poetry --free from time, space and social reform-- doesn't loose its nature and isn't influenced by the cycle of life.

At the beginning of the 21st century, as Mongolian poetry is stepping into the flower garden of world poetry, I would describe its characteristics in the following ways:
Mongolian literature presents to mankind a new, striking poetry, with Mongolian nomadic culture and civilization as its special features.
2. Mongolian literature also presents a poetry of the latest trends, in step with the latest trends of world poetry.
3. We, the writers of present-day Mongolia, carry the responsibility to preserve, reveal and proclaim the heritage of our long poetic tradition for humanity so it can occupy its rightful place in the treasure chest of the world's poetry.

In this age, all coming together in brand new forms of poetry with their own, brand new characteristics, ancient Mongolian poetry, 20th century Mongolian poetry and the bright and lucid poetry of the nomadic culture and civilisation are taking their place among the poetry of the world.

To express this in one line:
Nomads are coming from the horizon


2002. Yasi,Romania