Saturday, April 11, 2009

“Гал” хэмээх нууц бүлгэм байгуулагдсан нь

Үржингийн ХҮРЭЛБААТАР
Д. Нацагдоржийн нэрэмжит шагналт
яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч

“ГАЛ” ХЭМЭЭХ НУУЦ БҮЛГЭМ БАЙГУУЛАГДСАН НЬ

Энэ сонирхолтой түүхийн нэгэн гэрч нь тус нууц бүлгэмийн архивын эрхлэгч миний бие болой. Миний ширээн дээр хэд хэдэн бор хавтас, баахан сонины хайчилбар байх бөгөөд тэр бүхэн дээр “Гал” хэмээн дурайтал бичсэн, бас хавчуурга хийсэн нь харагдана. Нээн үзвэл залуу халуун үеийн уран бүтээлийн анхны гараа, адал явдал нүднээ гэрэлтэж, найраг шүлгээр хорхойссон баавгай шиг өвчилсөн нэр бүхий хэдэн залуусын орой үдшийн аяллын тойрог санаанд орно. Нэг их төөрөөд байх юм нэгээхэн ч үгүй. УБДС-ийн гурван давхрын 306 тоот өрөө, Ажилчины районы Архи пивоны үйлдвэрийн замын хойно байх “Нэхмэлийн шар” хэмээх 10 тоот орон сууцны нэгдүгээр давхрын айлын халаасны өрөө, эсвэл Зайсангийн амны эхэнд амралтын газар мэт буйдхан байх Ясны сүрьеэгийн эмнэлэг гэх чандмалан буусан айл шиг гурван газар л байх. Уран зохиолын дугуйлантай өдөр УБДС дээр сайн дураараа хадаастай, степент, цалин буусны дараа бол Зайсангийн аманд байх өндөр Цогоогийн руу марш, бусад өдрүүдэд мэдээж Нэхмэлийн шарын хадмынхаа гурван өрөөний нэгийг эзэмшигч Ооёогийнд зоолттой. Оюутан, оюутны ширээнээс дөнгөж ажил амьдралын босго алхаж буй энэ зааг үед ихэнх нь эхнэр хүүхэдгүй шалдан банди нар бидний хувьд ийм л зөрөг замаар нааш цааш холхиж, найрагт ховсдуулан, бүр тэсч чадалгүй шөнийн гудамжны гэрлэн дор хүртэл шүлгээр “шатаж” явлаа. Энэ дурсгалт зам 80-аад оныхон гэгдэх яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч бидний уран бүтээлийн төдийгүй амьдралын дөт зам байсан юм.
Бид гэдэг маань Д.Дашдорж, Д.Цэнд багштай УБДС-ийн утга зохиолын дугуйлангийн “торгон” хэсэгт багтах амин хэд. Манай сургуулийн дугуйлан хүчтэй, нэртэй байсных болов уу хавь ойрын их, дээд сургуулийнхан ирэмтгий. Тэдний дундаас УБДС-иас Г.Мэнд-Ооёо, Я.Баатар, Ш.Гүрбазар, Ү.Хүрэлбаатар, Ж.Саруулбуян, АУДС-иас Д.Цогт, Л.Мягмарсүрэн, МУИС-иас Ц.Ойдов, Ж.Оюунцэцэг, ХЦДуС-иас Б.Сундуй бид арав нэг л мэдэхэд бие биеэсээ салж хагацаж чадахгүй сайхан анд болж дугуйлан дотроо “торгон” хүрээ үүсгэчихсэн байсан сан. Хэн ч албадаагүй, цаг бүтгээгүй, цалин өгөөгүй атал уран зохиолын гайхамшигт увидас бидний оюун сэтгэл, хүн чанар, үе тэнгийнхний хувьд уяж, хэрж орхисон байлаа.
1977 оны хавар бидний зарим нь дээд сургуулиа төгсч би ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Урлаг судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан, театр сурлаач, Д. Цогт Ясны сүрьеэгийн больницын их эмч, Ш.Гүрбазар МЗЭ-ийн Үлгэрийн тэнхимийн ажилтан болов. Б.Сундуй сургуулиа төгсөөд гадаадад дээд сургуульд явахаар хөөцөлдөж, Г.Мэнд-Ооёо, Я.Баатар, Ц.Ойдов, Л.Мягмарсүрэн нар дараа жил төгсөх оюутнаар үлдсэн ч бидний маршрут ер өөрчлөгдсөнгүй.
Тэр жилийн намар их сайхан байсан санагдана. Харин цаг үе хэцүү. Ялангуяа залуу уран бүтээлч хүн шүлэг зохиол, шүүмж бүтээлээ тэр болгон хэвлүүлэх боломжгүй, олон давхар хяналтын дор үзэл суртлын шүүлтүүрээр шүүгддэг нь цаанаа их углуургатай, бас ч бидний үеийнхэн, өмнөх үеийнхний хооронд яс хаягчид байдаг төдийгүй нэгэнт хар дансанд бүртгэгдвэл найз нөхөд, үе удмаараа сүйрлийн сүүдэр дагуулдаг юм байна гэдгийг ажил, амьдралд түрүүлэн хөл тавьсан бидний хэд зах зухаас нь ойлгохтойгоо болж ирэв. Тэр тухайгаа ч үе үе хөндөж, өсч дэвжихийн тулд улам бүр нэгдэн нягтрах, анд журмыг андгайлан сахих тухай ярилцах болов.
Тэгээд миний бие 1977.10.25-ны өдөр гарын арван хуруу шиг арван анддаа арван зүйл бүхий санал дэвшүүлсэн хоёр хуудас бичгийг хүрээлэнгийнхээ бичгийн бор машинаар бичиж “Дело” хэмээх хатуу гялгар бор хавтасны хавчуулганд хийж эчнээ ярилцлага хийхээр тараавай. Тэр бичгийг маргааш нь буюу мөн сарын 26-нд Я.Баатар, 27-нд Г.Мэнд-Ооёо, 28-нд Л.Мягмарсүрэн, 31-нд Б.Сундуй, 11-р сарын 1-нд Ж.Саруулбуян уншиж дэмжиж мөн л хоёр хоёр хуудас санал бичиж ирүүлсэн байх бөгөөд бусад нь ам болон биеэр үг дуугүй дэмжиж байгаагаа илэрхийлжээ. Нэгэнт санал нийлсэн тул 7 хоногийн дараа буюу 11-р сарын 8-нд нууц бүлгэм байгуулах тухай нууц хурал хийхээр тогтов. Хаана яаж хийх талаар ч тал талаасаа ярьцгаалаа. Энэ хурлын протокол надад бий. Түүнийг танилцуулахын өмнө дээрх эчнээ ярилцлагын талаар хэдэн үг хэлье.
Анх үүнийг сэдэгч миний бие “Уран зохиолын “Гал” нэгдлийн өмнө тулгарч байгаа зорилтын тухай Ү.Хүрэлбаатар миний бодол” гэж гарчиглаад арван зүйлийг дугаарлан байж бичжээ. Хамгийн эхэнд уншсан Я.Баатар “Хувьт өөрийн санаагаа хэллээ би” гэж “Өнчин хүүгийн шашдираас” иш татан “Ядамбат овогтын санал, бодол, хүсэл энэ буюу” хэмээн гарчиглаад “Уран бүтээлийн “Гал” нэгдлийн өмнө даруй тулгарч байгаа зорилтын тухай Ү.Хүрлээ зайсангийн саналыг зөвшөөж сайшаав. Сайшаахын учир нь бид юуг хийж, юуг бүтээлээ ч гэсэн эв нэгдэлтэй байх хэрэгтэй юмаа. Үүн лүгээ уялдуулж Алангоогийн домгийг санахад илүүдэхгүй биз” гэсэн бол удаад нь танилцсан Г. Мэнд-Ооёо “Нөхдийн саналыг талархан угтлаа. Бидний байгууллага, албан ёсны болох бүх тохироо бүрдсэн нь тодорхой болов. “Надад тулах цэг өгөөч, би дэлхийг өргөөдөхье”. Багтаж явсан тэнхээндээ хальж Архимедийн хэлсэн нь бидэнд ч бас хамаатай. Хэн нэгний маань “тулах цэг” бусад нөхөд нь билээ” гэжээ. Хожмоо Г.Мэнд-Ооёо Дэлхийн соёл, урлагийн академийн нэрт зүтгэлтэн болохдоо хар багын дуртай ишлэл Архимедийн тулах цэгийн тухай бодлоо орхиогүй юм. Угийн уяруун Л.Мягмарсүрэн “Алтайн хүүгийн санаа бодол” нэртэй зүйлийнхээ эхэнд “Миний бие ГАЛ хэмээх утга төгөлдөр нэртэй /зөвхөн дотоод чанараараа нууц хэмээгдэх боловчиг сэтгэл зүрх шүлэг зохиолоороо… гажууд нэгэн бус, …үе цагийнхаа утга зохиолын хөгжилд өчүүхэн боловч нэмэр хандив өргөе хэмээсэн тунгалаг санаа өвөрлөсөн идэр залуу, эхлэн бичигчдийн/ хожмоо дурсгаалтай болоод цараатай Уран зохиолын нэгдлийн нэгэн дөл болохдоо юу юунаас илүүтэй баярланам” хэмээн дуу алдсан бол Ж.Саруулбуян “Маш зөв. Галынханд зохион байгуулах л хүчин чадал хомсдоод байсан юм. Би энэ зууны мөнхөд бадамлах “Галын” “Оч” болон төрсөндөө баярладаг юм” гэсэн байна. Энэ мэтээр тэд сэтгэлээ илэрхийлж нэгдэн нягтрахыг зөв хэмээн уухайлан дэмжсэн билээ.
Миний дэвшүүлсэн арван зүйлийн эхэнд “чин үнэнээр бие сэтгэлээрээ сайн дураар нэгдсэн энэ нэгдлийг уран зохиолын “Гал” нэгдэл хэмээн албан ёсоор нэрлэж, үндсэн бүрэлдэхүүнийг албан ёсоор баталж хойшид уг нэгдэлд элсүүлэх, хасах журмыг боловсруулан түүнээ хатуу мөрдье” гэснийг Я.Баатар дэмжиж “Үүнээс хойш Галын гишүүн гэдгийн “гишүүн” гэсэн үгийг хасч “Дөл” хэмээн нэрлэсү. Мөн шинээр элсэхийг завдан буй хүмүүсийг “Оч”, “Цучил” хэмээн нэрлэж, тодорхой хугацааны дараа уран бүтээлийг нь өссөн гэж үзсэний үндсэн дээр “Дөл” болгон дэвшүүлж байх журам тогтооё” гэжээ. Энэчлэн манай бүлгэм нэртэй болов. “Гал” хэмээх нэрийг урд нь бид олон удаа ярилцсан тул нэг их өөр хувилбар гарсангүй. Харин Б.Сундуй түүнийг тодотгон төгөлдөршүүлэх саналтай байсан юм. Түүнийгээ нотлох гэж “Дусал сүү хэмээх оршил”-доо “Гал” гэдэг үг маань анх илч, гэрэл хэмээсэн шууд санаагаар бус манайхан, нэгэн галынхан гэсэн өөриймсөг санаагаар хэлэгдсэн болох тул үүнийгээ утга төгс болгож “Жинчдийн гал”-ынхан гэвэл ямар вэ?” гээд “Жинчдын гал цас хайлуулан улалзана” гэсэн эссэ маягийн зүйл бичжээ. Хожим нь бодоход монголын уран зохиолын дэлхийд гарах гарц болсон нүүдэлчдийн найргийг тэр биднээс хамгийн түрүүнд олж харсан нь энэ байв. Б.Сундуй “Ард түмэн бол эхээс хүй тасарсан жавхлант тэр мөчөөс эхлэн энэ хорвоогоос төрөл арилжих жамт мөчөө хүртэл бие биенээсээ сэтгэлийн нүнжиг нэхэн хүсдэг ба бие биендээ сэтгэлд байгаа нүнжиг бүхнээ харамгүй уудлан өгсөөр байх ёстой сон. Харамсалтай нь энэ зууны маань зарим хүмүүсийн сэтгэлд тийм нүнжиг суугаагүй байгаа ба байлаа ч түүнийгээ уудлан гаргах тэнхээ болсон нийтэч, ухамсартай бодол алга байгаагийнх гэлтэй. …Залуу нөхөд бид ард түмнийхээ оюун санааны далайд эрхэм нандин бодол хүргэхээр зорин яваа идэр жинчид юм. Жинчид гэдэг чинь жинхэнэ хүмүүс явсан юм гэж өвөө минь ярих дуртай сан. Жинчдийн тээж яваа ачаа бол хамгийн үнэтэй, ховор эд байхаас гадна өнөөдрийн ба мөнхийн хэрэгцээний зүйл байдаг. Залуу зохиолчдын нэгдлийг идэр жинчдийн нэгэн галынхан гэлтэй. Нэгэн галын жинчид бол дундаа бадраасан галынхаа дөл мэт нэгэн чин санаа өвөрлөсөн байх тул хэн нэгнийхээ ачааны татлагыг суларвал хэлж, хамжин чангалалцдаг бөгөөд тэн тэнгийн ачаа маань тэгшхэн явна уу гэж харан харсаар нутаг усныхандаа идээний дээж, эдийн дээдийг авчирдаг гэлээ… Сансрын өндөрт байгаа өнөөдрийнхөө хүмүүсийн оюун санааны ертөнцөд жинхэнэ шижир алт мэт гандашгүй бодол хүргэж чадаж гэмээ нь сая жинчин бидний гал цас хайлуулан, улалзсаар төөрсөн нэгийг аварч, даарсан нөгөөг нь дулаацуулж, сэтгэлийн нь нүнжгийг гэсгээх билээ л” гэхчлэн бичжээ. Б.Сундуй маань идэр жинчдээр дамжуулан захиас гэмээр зүйлийг дагнан өгүүлснээс өөр “аж ахуйн чанартай” санал огт бичсэнгүй.
Харин би аж ахуйн чанартай зүйлийн талаар багагүй бувтнаж “Уг нэгдлийг аж ахуй, зохион байгуулалтын хувьд эмхлэн цэгцэлж нэгдмэл удирдлагатай болгох, аж ахуй, уран бүтээлийн ойрын болон хэтийн төлөвлөгөөг нарийвчлан боловсруулах” гэхчлэн бүр тоочин бичсэн авай. Я.Баатар “Тус нэгдлийнхний хувь зорилтыг түмэнд нийцүүлэн уран бүтээлийн нэгдмэл төлөвлөгөө гаргая гэсэн нь туйлын зөв байна. Бидэнд юуг ч хийж чадах хүчин чадал буй” гэсэн бол Г.Мэнд-Ооёо “Чандлан сахих мөрийн хөтөлбөртэй байх нь зүйтэй. Энэ бол эх орон ард түмэн, хүн төрөлхтнөө гэсэн нэгэн үзүүрт сэтгэлийн уяанаа холбогдон гарах юм” гэжээ. Л.Мягмарсүрэн “Эдүгээ энэ өдөр хоногоос эхлэн нийтээр хэлэлцэж мэдлэг боловсролоо дээшлүүлэхтэй уялдуулан тодорхой төлөвлөгөө гаргая гэдэг үнэхээр талархалтай. Дөл бүхэн хувийн төлөвлөгөөтэй, мөн нийт Галаараа бас ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй байгаад, эдгээр төлөвлөгөөнийхөө биелэлтийг тухай бүр нь нийтээрээ бүрэлдэн дүгнэж цэгнэж, дүгнүүлж цэгнүүлж байвал ямрав” гэсэн бол Ж.Саруулбуян “Галд элсүүлэх ба хасах Хүрлээгийн санаа маш зөв. Бид Галаа өрдөхдөө зөвхөн авьяасаар биш, хувиршгүй үнэнч сэтгэлээр өөдлөн бадраах хэрэгтэй. Бидний хамгийн чухал нь нэгдмэл сэтгэл” гэсэн байна. За ингээд ямар ч гэсэн нэрнээс гадна ойрын болон хэтийн төлөвлөгөөтэй болох санал зуун хувь дэмжигддэг юм байна.
Одоо ярилцах бас нэг чухал асуудал бол санхүү. Бидний зарим нь дөнгөж ажлын зах зухад хүрч, ихэнх нь оюутны тарчиг амьдралаас салаагүй байдаг. Санхүүг босгохгүйгээр хол явахгүй. Тиймээс би “Галын гишүүдийн саналыг харгалзан дундын фондыг байгуулъя. Аж ахуй, тэтгэвэр тусламжийг хариуцсан нэг хүнийг тохоон томилж түүний нэр дээр банкинд дундын фондын мөнгө хийе. Уг фондыг байгуулах явц, түүнийг зарцуулах болзлыг маш тодорхой боловсруулсан зааврын дагуу гүйцэтгэе” гэвээ. Г. Мэнд-Ооёо “Нацагдоржоос эхлээд эх орныхоо авьяас билэгт хөвгүүд охидыг өргөн сурталчлах замаар ард түмнийг урлагт шимтэн дурлуулах талаар их ажил хийх хэрэгтэй юм. Үүнд дундын санхүүгээс зарлага гарах ч болно. Цаашид амьдрал судлах, эх оронтойгоо танилцах аялал ч зохиож болох бөгөөд мөнгөн санхүү ч бас үүнд хэрэг болно” гээд “Сайн бүтээл хийх талаар гойд анхаарах, шилмэл бүтээлийг сонгон шалгаруулж хэлэлцэн “Гал” хэмээх нэртэй хэвлэгдэх номонд оруулахаар авч байх. “Гал”-ыг албан ёсоор тунхаглах өдөр анхны шилмэл бүтээлүүдийг сонгож авбал ямар вэ? Хүн бүр мэдлэг боловсролоо дээшлүүлэх талаар төлөвлөгөөтэй ажиллая” гэсэн байна. Бусад нь ойролцоо санал хэлж. Эндээс харахад дундын санхүүг зөвхөн өөрсдийнхөө төлөө бус монголын утга зохиолын сурталчилгаанд зарах хүртэл өргөн хүрээнд ярьж байсан нь тодорхой байна. Ийнхүү санхүүг босгох ажил зарчмын хувьд, зорилгын хамт тодорхойлогдов. Энэ мэтээр олон зүйлийн талаар бичгээр харилцсан байх бөгөөд “Ү.Хүрэлбаатарын бичсэн 10-р зүйлийг бүрэн сайшааж энэ нэгдлийн гол зорилго хэмээн тодорхойлму” гэсэн Я.Баатрын үгийг үндсэндээ дагасан байна.
Одоо 1977.11.08-нд “Гал” хэмээх нууц бүлгэм байгуулах тухай хийсэн хурлын протокол руу орьё. Протоколыг Я.Баатар шаравтар туяатай бичгийн цаасан дээр элементийн үсгээр чернилин ягаан бэхээр ихэд зайтайгаар “Уран бүтээлийн “Гал” нэгдлийн анхдугаар хурлын протокол. 1977-11-8” гэж нямбайлан гарчиглаад “Хуралд ирвэл зохих 9. Ирсэн долоо. Хурлыг дөл Г.Мэнд-Ооёогийнд хийв” гэжээ. Тэгээд ирц бүртгэж. 1.Г.Мэнд-Ооёо УБДС оюутан; 2.Ц.Ойдов МУИС оюутан; 3.Ү.Хүрэлбаатар ШУА-ийн эша; 4.Ш.Гүрбазар МЗЭ ажилтан; 5.Б.Сундуй биеэ даасан; 6.Д.Цогт Ясны сүрьеэгийн эмч; 7.Я.Баатар УБДС оюутан гээд АУДС-ийн оюутан Л.Мягмарсүрэн 5 минут хожимдож ирэв, тодорхой бус шалтгаагаар УБДС-ийн оюутан Ж.Саруулбуян ирээгүй гэж тэмдэглэжээ.
Хурлыг Ц.Ойдов албан ёсоор нээж, хурлыг удирдагчгүйгээр, бүгд тэгш эрхтэйгээр явуулахаар тогтсон байна. Өмнө нь бичгээр болон амаар саналаа солилцсон тул гол асуудал дээр санал нэгтэй байсан боловч зарим зүйл дээр санал зөрөлдөж маргалджээ. Тухайлбал, “Гал” нэгдэл нь байгууллага мөн эсэх талаар удтал маргасны эцэст гурван гишүүний саналаар энэ “Нэгдэл нь сайн дурын биеэ даасан байгууллага мөн” гэж тогтжээ. Маргааны эцэст “Байгууллага гэсэн нэр томъёог буруу хэрэглэж байна. Урьд өмнө нь бид нөхөрлөсөөр ч ирсэн, нөхөрлөж ч байна, нөхөрлөх ч болно. Тиймээс бидний байгууллага нь бие биенээ хайрлан хүндэтгэх нөхөрлөлийн дээд юм” гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай онцгойлон тэмдэглэжээ. Г.Мэнд-Ооёогийн бичсэн “Гал”-ын Сүлд тэмдэгтэй болох, үүнийг Ц.Ойдовоор хийлгэх саналтай байна. Энэ бол ихээхэн бэлэг дэмбэрэлтэй бөгөөд алсдаа бидний хамтран гаргах ном хэвлэлийн гол зураг болох юм гэсэн саналыг Б.Сундуй татгалзаж, “Бас нэгэн сайхан дуутай болбол яанам” гэсэн саналыг нь Ж.Саруулбуян дэмжиж “Мэндээ дуутай болъё гэж байна. Бүгд найрагчид хэн нь ч үг бичнэ. Аяыг хэн хийх вэ? Үүнийг бодвол яана” гэж бичвэр дээрээ бичсэн хэдий ч Б.Сундуй, Л.Мягмарсүрэн, Ш.Гүрбазар нар хэрэггүй хэмээн унагажээ. Бусад асуудал дээр саналын зөрөө тэмдэглэгдсэнгүй.
Уран бүтээлийн “Гал” нэгдлийн зорилгыг анхдугаар хурлын протоколд тэмдэглэхдээ “Бидний нэгдэл нь утга зохиолоос ангид урсгал чиглэл үүсгэх гэсэндээ бус тухайн үеэ үүрч гарах зорилгын үүднээс яригдах ёстой юм. Утга зохиолын түүхэнд янз бүрийн хамтлаг байсан. Тийм хамтлагууд нь тухайн үеийнхээ урлаг, утга зохиолыг шинэ дээд шатанд хүрч байсан. Бид тийм л зорилгод чиглэх ёстой” хэмээн тодорхойлжээ. Тэгээд нууц санал хураалтаар Уран бүтээлийн Гал нэгдлийн анхлагчаар Г.Мэнд-Ооёо, архивын эрхлэгчээр Ү.Хүрэлбаатар, уран сайхны хэлтсийн эрхлэгчээр Ц.Ойдовыг сонгож, хуралдсан бүрэлдэхүүнээрээ зураг авахуулах шийд гаргаснаар анхдугаар хуралдаан өндөрлөсөн байна.
Төдий л удалгүй бидний эгнээнд Мэнд-Ооёогийнд өмнөх жил нь ээлжийн амралтын хэдэн төгрөгөө үрэн байж хөдөөнөөс ирж тавын дөрвөлжин шугамтай дэвтэр дүүрэн шүлэг уншиж бидэнтэй танилцсан шавилгахан банди Очирбатын Дашбалбар нийлсэн бөгөөд ойрмогхон тэр үед цөөвтөр шүлэгтэй байсан өөрийн багш Данзангийн Нямсүрэнг хөтлөн ирж “Гал” нэгдлийн бүрэн эрхт гишүүн болсон юм.
Уран бүтээлийн “Гал” нэгдэлд яруу найргийн анхны гүүн зэл татсан тухайгаа Дарьгангын энэ гурав бидний дундаас хамгийн олон удаа дурсан бичсэн билээ. О.Дашбалбар мөнөөх Г.Мэнд-Ооёогийн хадмын халаасны жижиг өрөөг дурсаж “Арван есийн үйлчилгээний төвийн урд буй хэдэн шар байшингийн 10 тоотын хамгийн хойт орцны нэгдүгээр давхрын умгар өрөөг наяад оныхны утга зохиолын “жанжин штаб” байсан бөгөөд ахмад залуу гэлтгүй мөн ч олон хүн түүгээр дайрч өнгөрсөн дөө” хэмээгээд “Тэр үед бидний гол удирдагч нь Г.Мэнд-Ооёо, оюуны санааны лидер нь Д.Цогт байсан. Бид бүгдээрээ л тэр хоёрыг хүндэтгэж сонсож, тэдний хэлсэн ярьсныг бишрэн шүтэж явсан нь ер муу юм болоогүй” гэсэн бол Г.Мэнд-Ооёо “Гал нэгдэлд нэг төлөвлөгөө байсан, тэр нь өөр өөрийн оргилыг эзлэхэд хамтын урам зоригоор өгсөх явдал байсан юм. “Гал” нэгдэл бол тухайн үедээ уран зохиолын нөлөө бүхий лаборатори байлаа. Онцгой зохион байгуулалттай. Бие биеийн шүлэг зохиол, номыг шүүмжлэн хэлэлцдэг. Шүтэн бишрэгчдийнхээ бүтээлийг задлан шинжилдэг байлаа. Дэлхийн сонгодог яруу найраг, уран зураг, хөгжим, суут хүмүүсийн амьдралын замналын тухай уншсан дуулснаа бие биедээ мэдээлж уриалж, биесээ хөгжүүлж байлаа” гэсэн нь ташаагүй үнэн болохыг би батална. Тиймээс ч Уран бүтээлийн “Гал” нэгдлээс Дорнын их шүлэгч, сэтгэлийн байгалийн дууч, Эрээнцавын эвдрээгүй яруу найрагч хэмээн алдаршсан Данзангийн Нямсүрэн, Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч, нийгэм, улс төрийн нэрт зүтгэлтэн, эх оронч Очирбатын Дашбалбар, Дэлхийн Соёл урлагийн Академийн утга зохиолын доктор, Дэлхийн яруу найрагчдын 24-р их хурлын ерөнхийлөгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо төрж мэндэлсэн юм. Мөн Ц.Ойдов, Ш.Гүрбазар нар Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртэж, Я.Баатар, Ж.Саруулбуян, бид гурав эрдмийн зэрэг хамгаалж, Д.Цогт Монгол улсын шилдэг мэс засалч алтан гарт эмч болж, Л.Мягмарсүрэн яруу найргаараа алдаршиж “Алтан өд”-ийн эзэн болж дор бүрнээ л өөр өөрийн оргилд тэмүүлэх гэсэн гэнэн бага насны гэгээн мөрөөдөлдөө үнэнч хэвээр явна.
ХХ зууны наяад оны ер бусын долгионт жилүүд биднийх байлаа. Нийгмийн амьдралд ямар нэгэн шинэчлэлт өөрчлөлтийн бүглүү чимээ мэдрэгдэж, ардчиллын салхи аман зэрэглээ мэт сүүмэлзэж байхад бид түүнийг арав гаруй жилийн өмнө анирдан угтсан “хашрууд” байв. Утга зохиолын амьдрал илт сэргэж хөгшин залуугүй үгээ бэлбүүрдэж, үзгээ билүүдэж үндэсний үзэл, хэл соёлоо дээдэлж, дэлхийн чиг хандлагыг хурын үүл мэт хурайлан дуудъя уу хэмээн ил, далд хэлэлцэх үесэд 70-аад оноос эвлэлдэн нэгдэж атгасан шагай шиг болсон нэг “Гал”-ын бидний хэсэг залуус магнайдаа сувдан хөлс нэвчүүлэн угтсан юм.
“Энэ нэгдлийн зорилго нь уран бүтээлийнхээ өсөлт хөгжлийн бүхий л нөхцөл бололцоог ашиглах цаг үе хожсон хүчирхэг хөдөлгүүрийг буй болгох явдал” /Ү.Х/, “Бид улс нийгэмдээ тодорхой байр суурь эзлэх, цаашдаа залуучууд, ер нь хүмүүст гүнзгий нөлөөлөх ёстой. Энэ нь юуны өмнө уран бүтээлийн цараа, цаашид уран бүтээлээ сурталчлахаас эхэлнэ” /Г.Мэнд-Ооёо/, “Галын дэлгэрэнгүй түүх болоод Дөл нэг бүрийн амьдралын болон уран бүтээлийн товч намтар байхаас гадна, анх бие биеэнтэйгээ ойртон танилцан нөхөрлөсөн тухайгаа бас бичиж үлдээвэл сонирхолтой сон” /Л.М/, “Ингээд бид урлагийн төлөө дайнд мордож байна. Урлагийн төлөөнөө энэ тулалдаанд ялсан тэр цагт уулсын оройд ялалтын сүлдээ тэнгэрт хатгана” /Ж.С/. “Тийм учраас бидний нэгдэл нь хий хоосон хэнээрхэл, архи дарсны хөнгөн мансуурал биш, уран бүтээлийн эв хамт байх болно” /Я.Б/. Бид ингэж л ярьж, мөрөөдөж байлаа. Бидний нууц энэ байв. Ийм л гэгээн зүйлийг нууцалдаг тийм цаг үед бид уран бүтээлээ эхэлсэн юм.
Хөөрхийдөө, одоогоос 31 жилийн тэртээ нийгмийн харилцаа хаалттай, хүний эрх боолттой байсан тэр хэцүү цаг үед бид тийм зүйл сэтгэж, ярьж, бас хуралдаж байж. Түүнийгээ бас нууц бүлгэмийн анхдугаар хуралдаан гээд байгаа. Тухайн үед үнэхээр хэд гурван хүн нийлж нэгдэж, тэр ч байтугай “байгууллага” байгуулах нь хууль эрх зүйн талаасаа хаалттай байсан тул үнэхээр нууцын зэрэглэлд багтах зүйл байсан байх. Энгийн олон шивнэж ярьдаг байсан тэр цаг үед “одоо жинхэнэ бие даасан сайн дурын нууц байгууллага болж байгааг харгалзан” /Ү.Х/, “Нэгэнт, уран бүтээлийн сайн дурын нууц нэгдлийн хувьд дотоод дүрэмтэй байх нь зөв” /Я.Б/ гэхчлэн ярих нь бас ч эр зоригийн хэрэг байсан юм шүү. Уг нь нэг жижигхэн Төрийн бус байгууллага л байгуулж байж. Энд одоо бол нууцсаад байх ер юу байна даа.

No comments: