Monday, April 27, 2009

А.Мөнх-Оргил: МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛ ДАХЬ МӨНГӨН ҮЕИЙГ ТОДРУУЛАХ НЬ


Утга зохиолын онолчид судлаачид утга зохиолын хөгжил үечлэл өөрчлөлтийг авч үзэхдээ хоёр үндсэн зарчимд тулгуурладаг. Нэг нь утга зохиолын дотоод туурвилзүйн хөгжил, зүй шалтгааныг гол болгодог бол зарим нь түүний хөгжлийг түүнийг туурвигч уран бүтээлчдийн сэтгэлгээнд нөлөөлөх гол хүчин зүйлийн нэг нийгмийн хөгжил, хувьсгал хувиралтай холбон тайлбарладаг. Үнэндээ энэ хоёр арга нь хоёулаа л утга зохиолын хөгжлийг тодорхойлон тогтооход зайлшгүй гол нөлөөтэй юм. Ялангуяа тухайн онцлогоосоо шалтгаалан урлаг уран сайхны хөгжил нь улс төр нийгмийн амьдралтай нэлээд гүн гүнзгий холбоотой болох тохиолдол байдаг. Тухайлбал монголын утга зохиолын зарим зурвас үе, сүүлийн хагас зуун жилийн төрх төлөвийг хэлж болох бөгөөд зарим зүйлийг тодруулахын тулд бяцхан түүх сөхье. 1960-аад он. Өнгөц харахад улс төр нийгмийн амьдралд түр зуурын таатай намжмал үе тохиолдож үнэн чанартаа энэ нь тулган шаардалт, хардалт сэрдэлт, хавчлага мөрдлөг, хэлмэгдүүлэлт, захиргаадалтын <<сонгодог хөгжил цэцэглэлтийн ачаар>> л хүчээр бий болгосон түүхэн үе байсныг бид мэднэ. Чухам энэ үед л 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд улс төр, нийгэм урлаг соёлын бүхий л хүрээн дэх өөдтэй сэхээтнүүдийг бараг үндсээр нь тас цохиж үхэх нь үхэж үлдсэн ганц нэг нь үг хэлгүй юм шиг болоод байснаас хойшхи оюуны ертөнцийн үндэсний шинэ сэхээтний үе бүрэлдэн бий болсон юм. Мөн энэ л үед нийгмийг хамарсан их үйл явц нэгдэлжих хөдөлгөөн ялж, атар газрыг эзэмшин, их бүтээн байгуулалтууд идэвхжсэн юм. 1932 оны <<Литературная газета>>сонинд соцалист реализм гэдэг нэр томъёо анх гарч 1934 онд хуралдсан Зөвлөлтийн зохиолчдын анхдугаар их хурлаар И.В.Сталины зөвлөгөө ёсоор М.Горький илтгэлдээ дурьдан ингэснээр уг нэр томъёо нь албан ёсны болж хожмын урлаг уран сайхны ертөнц дэх нэгэн <<их>>түүхийн хуудсыг нээсэн түүхтэй.
Энэ хурлаас гарсан нэр томъёо уриа лозун үндсэндээ 1935, 1936 оны үес Монголын урлаг уран зохиолд нөлөөлж эхэлсэн бөгөөд завсрын шилжилтийн гэж хэлж болохуйц үедээ явж байгаад 1957 оны дөрөвдүгээр сарын 25-27-нд Улаанбаатар хотноо хуралдсан МЗЭ-ийн II их хуралд МАХН-ын төв хороо баярын бичиг гэж өхөөрдөн нэрлэсэн заавар тушаалаа ирүүлж тэнд <<…Хөдөлмөрчдийг эх орондоо хязгааргүй хайртай, хөдөлмөрт дуртай болгон хүмүүжүүлэх, түүнчлэн ард түмний найрамдал пролетарийн интернационализмын үзэл санаагаар хүмүүжсэн өндөр ухамсартай болгох явдал манай утга зохиолын гол зорилго мөн. Бодит байдлыг хувьсгалт хөгжилд нь түүхт тодорхойгоор үнэн зөв дүрслэн үзүүлэхийг шаарддаг социалист реализмын арга бол манай зохиолчдын бүтээлч үйлсдээ баримтлах ганц арга нь болсон байх ёстой…>>(Хөгжлийн шинэ замаар. УБ.1988) хэмээн тодорхойлсноор Монголын утга зохиол социалист реализмын замд эргэлт буцалтгүй орж энэ нь 1990-ээд оныг хүртэл үргэлжилсэн.
Аливаа зүйл хоёр талтай байдагчлан хэдийгээр ингэж утга агуулга үзэл санааны нэг хэв загварт барьж чөдөрлөж байсан боловч үнэндээ ганц сувгаар ч гэсэн дэлхийн утга зохиолын өв сантай танилцан, чухам тэр үеэс л Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд уран бүтээлчид төдийгүй судлаач шүүмжлэгчид олноор очиж суралцаж уран бүтээлийн арга эрдэм, туурвил зүйн уран чадварт суралцан, лабораторийг эзэмшиж эх орондоо ирцгээж уран сайхны тодорхой төвшний бүтээлүүдээ туурвисныг түүх гэрчилнэ. Дээр дурдсан дотоод гадаад, түүхэн зайлшгүй олон зүй шалтгаануудын улмаас дээрээс нь цаг үе түүх хувьсгалын тохироо бүрдсэнээр Монголын шинэ үеийн утга зохиолын түүхэнд алтан үе хэмээн нэрлэгдсэн нэгэн шинэ үеийнхэн өсөж өндийн өөрсдийн дуу хоолойгоороо тодрон гарч ирцгээсэн юм.
Энэ л үед Явуухулан, Пүрэвдорж, Эрдэнэ, Мягмар, Түдэв, Цэдэндорж, Гармаа нарын олон аавын хөвгүүд өөрсдийн шилдэг бүтээлүүдээ туурвин тухайн үед тогтоод байсан хиймэл, урлах арга туурвил зүйн ядуу төвшнөөс хүний дотоод сэтгэлийн гүн рүү өнгийсөн, утга уянгын шинэ төвшинд хүрч чадсаныг судлаачид нэгэнтээ хүлээн зөвшөөрдөг. Хэдийгээр урлаг уран сайхан оюун санааны утопи үзлийн хүнд механизм ажилласаар байсан боловч 60-аад оны утга уянга, дотоод ертөнц тийш хандсан аяс цааш гүнзгийрч чадсаныг сургалт практикийн төвшинд далаад он гэж тодорхойлоод байгаа Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Д.Цэдэв, Д.Батбаяр, Д.Урианхай, Ж.Лхагва, С.Дулам, Ч.Галсан, Ч.Дагвадорж нарын уран бүтээлүүд тодорхой харуулж чадна. 1976 онд гарсан Д.Урианхайн <<Бид дотоод шаталтын хөдөлгүүр>> найраглал нь өгүүлэгдэхүүний шинэ хэлбэр сонин санаа, чөлөөт эрэлхийллийн шинжтэйгээрээ бяцхан туршилт байсан боловч тухайн үед Б.Ганбат, Б.Цэдэв, Д.Цэмбэл, Б.Даш-Ёндон, Д.Сэсрэн, Д.Отгонсүрэн нараас хандсан олон шүүмжүүд гарч цаашид тийм эрэл хайгуул дахин гарахааргүйгээр салам шүүмжлүүлжээ. 1968 онд гарсан << Аянга >> романдаа Ж.Пүрэв түүхэн хүний дүрийг бүтээж феодал хүнийг хар цагаан алдаа оноо аль алинтай нь дүрслэн үзүүлснээрээ монголын утга зохиол судлалын томоохонд тооцогдох утга зохиолын маргааныг 1970-аад оны эхээр дэгдээж тухайлбал Д.Чойжамц, Д.Цэнд, Д.Намдаг, Ш.Нацагдорж, Ц.Цэдэнжав, Ц.Мөнх, С.Лувсанвандан, Бат-Очир, << Баяр >> нарын хүмүүсээс хандсан 14 шүүмж өгүүлэл гарч энэ нь 1980-аад онд чиглэл үзэгдэл болж байсан түүхэн хүний дүрийг бүтээх арга зүй зарчмын зөв хөрс суурийг бэлдэж өгснөөрөө чухал ач холбогдолтой болсон юм. Энэ мэтийн энхэл донхолтой эрээнтэй бараантай ололт амжилттай замаар явсаар Монголын утга зохиол 1980-аад онтой золголоо. Энэ үе бол зарим судлаачийн бичсэнчлэн уран бүтээлийн зогсонги, намжмал, царцанги, хөшүүн үе бишээр барахгүй харин ч уран бүтээлийн шинэ сэтгэлгээ арга ур чадвар туурвил зүйн хувьд ч нийгмийн нөлөллийн хувьд ч нэлээд онцлогтой үе байсан юм. Үүнийг тодруулахын тулд бас дахин бяцхан түүх сөхье.
Монголын утга зохиол урлаг уран зохиолын бүхий л төрөл зүйлээр төгөлдөржин баяжиж тэднийг өөрсдийн болгон эзэмшиж тодорхой хэмжээний ур чадвар утга уянга, туурвилзүйн шинэчлэлтүүдийг хийж чадсан үндэсний зохиолчидтой болж байсан яг тэр үед бидний <<үлгэр дууриал>> хойд хөршид Хрушевын хүүхдүүд гэж нэрлэгдэж байсан В.Шукшин, Ю.Трифонов, В.Распутин , В.Быков, А.Астафьев, Ч.Айтматов, Ю.Рытхэу, А.Бек нарын зохиолчид өөрсдийн өвөрмөц бүтээлүүдээрээ гарч ирж тухайн үеийн социалист нийгэмд буй сөрөг тал утопи үзэл онолыг шүүмжлэн, түүгээр ч зогсохгүй дэлхий хүн төрөлхтний өмнө тулгарсан асуудлуудыг хөндөн хүмүүсийн сэтгэлд нэгийг бодогдуулж чухам үүгээрээ тухайн үеийн утга зохиол урлагийн хөшүүн царцанги байдлыг хөдөлгөөнд оруулж шинэ уур амьсгалыг бий болгож дуу дуугаа авалцан гарч ирцгээж чухам л мөс зүсэгч Ленин хөлөг онгоцыг санагдуулан утга зохиолын перестройкыг гардан бүтээгчид болон түүхэнд үлджээ. Ганц жишээ дурдахад 1960-аад оны эхээр гарсан Ч.Айтматовын <<Цайран харагдах хөлөг >> туужид зорьж бүтээж байгаа социалист нийгэм амьдралд хэр бодитой болох талаар, ерөөсөө энэ нийгэм нь хязгааргүй далайн тэртээд хэзээ ч хүршгүй цайран харагдах гоёмсог хөлөг онгоцтой адил юм хэмээн илэрхийлсэн зохиолчийн зоригтой дуу хоолой, ур чадвар авъяасын хослол байсныг хэлэхэд хангалттай.
Иймэрхүү уур амьсгал монголын утга зохиолд бүхэл бүтэн үеийн хэмжээнд гарч ирээгүй тэгэх аль ч талын боломж бүрдээгүй байсан хэдий ч жижиг жижиг оч гялсхийж байсан тухайлбал Пүрэвдорж Чингисийг санагалзан тусгаар тогтнолыг мөрөөдөж, Намдагийн хөгшин чоно ульж, Чойном солгой хөгжим шиг нийгэмд согтууран <<жаргаж>>, улс орон нь нэг л унасан шинжтэйг харж уур нь хүрч байсан ч энэ нь тухайн үедээ төрийн ган төмөр нүүртэй тулгаран зарим нэгийнх нь зохиолыг хэвлэхгүй байх энүүхэнд болж, тагнан туршиж нэгий нь нөгөөгийнх нь эсрэг хандуулж, хагалан бутаргаж, тэмээ маллуулан, байцаан шийтгэж үндэсэрхэг үзэлтэн төрийн гэмт хэрэгтэн болгож, шорон гянданд суулгаж, үхэж үрэгдэн үлдсэн бусад нь намын ухуулагч болж үндсэндээ дөнгөж ерээд онд л шүлэг зохиолыг нь зөв үнэлэн, үхсэн нэгийг нь шагналаар нэхэн шагнаж цагаатгаад л өнгөрснийг хэний нь зөв хэний нь ч буруу гэх вэ дээ. Энэ бүхнийг шүүн тунгааж чи ч намыг донгоддог байсан би ч шашин үндэсний үзлийг дэмждэг байсан, энэ ч зохиолоо хэвлүүлж чаддаггүй байсан, тэр ч намайг матдаг байсан гэх мэтээр үхсэн араатны сэгийг булаалдан овоорч байгаа махчин шувууд мэт аашилцгаах нь адаглаад л түүхийг тэгэх байсан ингэх байсан гэж шүүдэггүй зөвхөн тодруулдаг гэсэн зарчимд ч тэр хүний хоорондын энгийн харьцааны ёс зүйд ч тэр харш юм.
Тэр үеийн зохиолууд ихэнхдээ л зөрчилгүйн онолд дулдуйдсан, хиймэл зохиомол баатрыг өргөн магтсан манай тал дайсны тал гэсэн байрь сууринаас эерэг эсрэг баатруудыг шийдэн эерэг баатар нь жижиг хувийн өмчтөн, өөрийн өсгөсөн малаа нэгдэлд өгдөггүй << хоцрогдсон>> этгээд, ганц нэг халаасны хулгайчид, архи ууж ажлын норм төлөвлөгөө таслагчид, хамт олны социалист уралдааныг хойш татагчид л голдуу байдаг ч тэд хэн нэг эерэг баатрын ажлын төлөө амь бие аав ээжээ ч хайрладаггүй нэг хоёр гурав дөрөвдүгээр таван жилийн гавшгайч тэргүүний манлай нөхдийг харж засарцгаан тэднээс дутахгүй амжилт гаргаж өөрийнхөө өмнөх үеийг шүүмжлэн өөрөөсөө ичээд төгсдөг байсан нь гашуун үнэн. Ямар сайндаа тэр үеийн зохиолын гол баатар нь аав нь хөдөлмөрийн баатар малчин, ээж нь улсын аварга саальчин, ах нь онц буудагч хилчин, эгч нь хотод Сүхбаатарын нэрэмжит цалинтай оюутан, дүү нь сургуульд таван онцын эзэн, өөрөө Тимурчуудын холбооны тэргүүлэгч, шилдэг пионер гэсэн хэллэг хүртэл гарах вэ дээ. Хэдийгээр тэр үеийн бүх зохиол ийм биш байсан ч жинхэнэ дотоод сэтгэлийн нууцад нэвтэрсэн, хүний хүсэл эрмэлзэл ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн нарийн диалектик зөрчил бүхий зохиол бүтээлүүд чухам 1970-аад оны сүүл 1980-аад онд л олонх уран бүтээлчдийн зохиол бүтээлд илэрч чухам л тэр үеийн ч тэр тэр үеийнхний ч тэр гол үзэл санаа, шинж төрх, уур амьсгал болсон гэхэд болно.
Харамсалтай нь энэ үе, энэ үеийн уран бүтээлчдийг жинхэнэ уран сайхан, ур чадвар туурвилзүйн талаас авч үзэлгүй харин соц реализмийн үзэл онолд таацуулан түүнд үйлчилсэн ухуулга магтаалын бүтээлүүдийг өргөмжлөн магтаж алдрын цаасан малгай өмсгөж байсан нь гашуун үнэн. Тэдний уран бүтээлийн талаар дорвитой судалгаа бараг байхгүй бөгөөд ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгээс гаргасан уран зохиолын түүхчилсэн 6 боть бүтээлүүдэд 1970-аад оны сүүл хүртэлх үеийн бүтээлүүдийг л нэгтгэн тоймлоод байгаа бөгөөд санаатай санаагүй алин боловч 1980-аад оны уран бүтээлчид бараг тэр чигээрээ нэргүй хэлмэгдэлд өртөж , уран бүтээлээ зохих ёсоор үнэлүүлэхгүй байгаа нь шуудхан хэлэхэд улс төр урлаг уран сайхан дахь их хэлмэгдүүлэлт хэлбэр төрхөө өөрчлөн оршсоор байгаатай холбоотой болов уу. Үүнд нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйл бол одоогоор туйлдаа хүрч ялзарсан зохиолчдын хоорондох эцэс төгсгөлгүй их талцаан түүнээс үүдэлтэй ил далд фронтын тэмцэл, улайрал, хэрүүл маргаан, гүтгэлгэ, доромжлол, хуйвалдаан, хутган үймүүлэл, хор найруулал, хов жив, шагнал гавъяа алдар хүндийн төлөөх их тэмцэл, үзэн ядалт, бүлгэрхэл, нуга жалгархал, хамелеончлол, уран зохиолын янхандалт зэрэг юу эсийг нэрлэх вэ. Манайхаас өөр бусад улс орны зохиолч уран бүтээлчдийн дунд ийм их хавтгайрал, завхруулал байдаг ч юм уу үгүй ч юм уу. Хэдийгээр уран зохиол, уран бүтээлчид маань нийгмийн амьдрал, улс төртэй холбоо хамааралтай нь үнэн боловч уран зохиол гэдэг бол улс төр ч биш уран бүтээлчид гэдэг бол улс төрчид ч биш.
Уран бүтээлчид зохиолчид бол ямар нэг сонгуулийн компанит ажил шоу зохион байгуулж кареер хөөгчид биш, ямар нэг дарга сайд түшмэлийн суудлын төлөө тэмцэгчид биш, ямар нэг албан тушаал авилгал ашиглан мөнгө халааслагч биш, ямар нэг эвсэл холбоо нам фракц байгуулан хоорондоо бусадтайгаа бохир аргаар тэмцэгчид биш, ямар нэг сонин хэвлэл радио телевизээр манайхан дайснаараа талцан бие биеийнхээ улыг шагайж гүтгэгч доромжлогч хэрүүлчид биш, ямар нэг наашаа харан инээж цаашаа харан матаж муулагчид биш, ямар нэг худлаа зүйл ярьж бичиж ард түмнийг хуурагчид ч биш ерөөсөө улс төр бол тоглоом, харин уран зохиол бол уран зохиол л байх ёстой. Чухам л сүүлийн арваад жилийн хугацааны урлаг уран сайхан, ялангуяа уран зохиолын ертөнцөд иргэний дайн дэгдэж эх зах хөл толгойгүйдэл, хулгай зэлгий, дээрэм тонуул, урвалт шарвалт, үл хүндлэл, үзэн ядалт, хөл үймээнд чирэгдэлт, хөгшин залуугаар гадуурхах, боохой борооноор гэгчээр далимдуулан олз ологч, доншуучлал дамчин панзчин дарга цэрэг гээд юу эс болсон юу эс болж байгаад бид хэнтэй хариуцлага тооцон хэнийг буруутган хэнийг цахилгаан сандалд суулгах вэ магадгүй үүнийг утга зохиолын буруугүй буруутны онолоор тайлбарлахаас өөр аргагүй биз.
Энэ бүхэн наяад оны уран бүтээлчдэд тэднийг бүхэл бүтэн үеэр нь уран бүтээлийг нь жинхэнэ уран сайхан ур чадварын хувьд авч үзэхэд сайн юманд садаа мундахгүйн үлгэрээр шийтгэл, хэлмэгдүүлэлт болсон ч үнэн үнэнээрээ л үлдэнэ. Энэ үе цаг үеийн нөлөөлөл, түүхэн зайлшгүй тохиолдлынхоо хувьд ч нилээд онцлогтойг хэлсэн бөгөөд түүхийг үргэлжлүүлэн сөхье. 1979 он бол урлаг уран зохиолын үйл амьдралаар дүүрэн он байлаа. Халх голын ялалтын 40 жил, нэгдэлжих хөдөлгөөн ялсны 20 жил, атар газар эзэмшсэний 20 жилийн ойнууд болж түүнтэй холбоотой уран бүтээлчдийн эрдэм шинжилгээний хурал, дугуй ширээний ярилцлагууд болж, МЗЭ-ийн 50 жилийн ойтой давхцан 1979 оны нэгдүгээр сарын 9-10-нд МЗЭ-ийн VI их хурал хуралдаж МАХН-ын ТХ-оос тогтоол гаргаж ардын уран зохиолч цол бий болгон улмаар 1980 оны есдүгээр сарын 3-9-нд Ази Африкийн зохиолчдын уулзалт анх удаагаа монголд болж 1981 онд Ардын хувьсгалын 60 жилийн ой, МАХН-ын XVII их хурлууд болж, ЗХУ-д <<Монголын утга зохиолын номын сан>> 16 ботиор хэвлэгдэж, 1981.3.22-нд Монгол хүн сансарт нисэн, Д.Нацагдоржийн мэндэлсний 75 жилийн ой болж, 1982 онд Монголч эрдэмтдийн IV их хурал Улаанбаатарт болж 1983 оны сүүлээр оны шилдэг шүлэг шалгаруулах <<Болор цом>> баярыг тогтмол явуулахаар болж, 1984 оны зургадугаар сарын 6-7-нд МЗЭ-ийн ээлжит VII их хурал хуралдсан зэрэг олон арван ойн хурал цуглаан, ярилцлага семинар, баяр наадам, үйл явдлууд өдөр өнжихгүй шахам болж үүнд нь намын төв хороо улс төрийн товчоо тушаал заавраа элдэв хэлбэрээр ирүүлсээр байсан бөгөөд энэ бүхэн хэдийгээр утга зохиолд шууд болон тойруу ил далд янз бүрийн хэлбэрээр нөлөөлсөн субьектив хүчин зүйл мөн ч үнэн хэрэгтээ эдгээр нь жинхэнэ уран бүтээлийн уран сайханд эсрэгээр нөлөөлж байсан нь үнэн.
Хэдийгээр тухайн үед энэ олон янзын элдэв гоё нэртэй урлаг уран сайхны улс төрийн дэглэлтүүд явагдаж байсан боловч урлаг уран зохиол өөрийн дотоод хөгжлийн дагуу тодорхой хэмжээний амжилтад хүрч, тодорхой хэмжээний эрэл нээлт шинчлэлтүүдээр баяжсаныг өнөөдөр тодруулан гаргах нь зүй ёсны асуудал юм. 1980-аад оны эхээр харъяаллын хувьд өмнөх үед хамаарах зохиолчдын зарим бүтээлүүд тухайлбал Б.Лхагвасүрэнгийн <<Уянгын тойрог>> Ч.Галсангийн <<Аянгат цагийн тууж>> Д.Батбаярын <<Цахилж яваа гөрөөс>> бүтээлүүд гарсан нь энэ үед 1960-аад онд Оросын утга зохиолд бий болсон шиг цаг үеийн өөрчлөлт шинэчлэлт явагдаж Монголын утга зохиолын перестройка бий болоход уламжлалын суурь дэвсгэр болж чухам хөрс суурийг нь бий болгож өгсөн гэж болно. Улмаар Г.Мэнд-Ооёогийн <<Бодлын шувуу>> ном болон бусад олон хүмүүсийн анхны ном гарсан боловч Д.Нямсүрэн <<Хаврын урсгал >> О.Дашбалбар << Оддын аялгуу>> номууд нь тухайн үеийн яруу найрагт шинэ амьсгаа шинэ эрэл хайгуулууд байсан бөгөөд Л.Мягмарсүрэн <<Урины шувуу>> Д.Төрбат <<Улаан жигүүр>> Я.Баатар <<Уулын бэлийн өндөр >> номуудаар 1983 онд анхны номын баяр хийж уран бүтээлийн гараагаа дуу шуутайхан эхэлсэн түүхтэй. Мөн яруу найргийн тухайн үедээ л шинэд тооцогдох сэдэв дүрслэгдэхүүн бүхий Б.Цэнддоо <<Амь халуун>> Б.Энхтуяа <<Зөөлөн бороо>> номнууд аль ч талаасаа өвөрмөц содон дүр дүрслэл өөр хараа өөр мэдрэмж бүхий бүтээлүүд яах аргагүй мөн.
Ийнхүү гараагаа эрч хүчтэй, шинэлэг содон өнгө аястайгаар эхэлсэн наяад оныхныг нэрлэвэл яруу найрагт О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо, Д.Нямсүрэн, Б.Доржпалам, Д.Төрбат, Ц.Чимэддорж, Дан.Нямаа, Ж.Саруулбуян, Д.Сумъяа, Ч.Мягмарсүрэн, Л.Мягмарсүрэн, Б.Сундуй, Бя.Энхтуяа, Б.Энхтуяа, У.Булган, Р.Гэрэл, Ж.Оюунцэцэг, Ж.Сарантуяа Б.Батхүү, С.Батмөнх, З.Түмэнжаргал, Д.Цогт, А.Мягмаржав, Н.Ням-Осор, Я.Энхээ нар, үргэлжилсэн үгт Д.Норов, П.Баярсайхан, Д.Энхболд, Д.Төрбат, Ц.Нямаа, Ц.Түмэнбаяр, Б.Даариймаа, Б.Догмид, Д.Намсрай, М.Тогмид, Сан.Жаргалсайхан нар, жүжгийн зохиолд С.Жаргалсайхан, Д.Чинзориг, Ш.Гүрбазар, Ц.Балдорж нар, хүүхдийн зохиолд З.Түмэнжаргал, Д.Батжаргал, О.Сундуй нар, шог хошин төрөлд, Б.Цэнддоо, Б.Ерэнтэй нар, орчуулгын төрөлд Х.Мэргэн, С.Нарангэрэл, Н.Энхбаяр нар, судлал шүүмжийн төрөлд С.Байгалсайхан, Д.Галбаатар, Ч.Жачин, Т.Доржпүрэв, Ц.Энхбат, Д.Цэнджав, Я.Баатар, Д.Хүү, Ч.Туяасайхан, Ү.Хүрэлбаатар нарыг дурдах ёстой. Үүнээс харахад наяад оныхон монголын уран зохиолд өөр өөрсдийн дуу хоолойгоороо өвөрмөц содон арга барил, шинж төрхөөрөө орж ирэн утга зохиолын бүхий л төрөл зүйлээр тодорхой тодорхой амжилтуудад хүрч төлөвшүүлэн ерээд оны өөрчлөлт шинэчлэлтийн жинхэнэ хөрс суурийг бэлдэж чухам намжмал хөшүүн царцанги байдалд бүхий л төрөл зүйлээр ан цав гаргаж, хөдөлгөөнд оруулж, чухам М.Горбачевын перестройкыг гардан явуулагчид яах аргагүй мөн.
Утга зохиолын алтан үеийнхний гол онцлог бол бараг бүгд шахам Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцан нэгдэн нягтарцгааж байсан бол наяад оныхон тэгж бүгдээрээ явцгаагаагүй ч тухайн үед ид хөгжин цэцэглэж байсан утга зохиолын нэгдэл дугуйлан гэгч уран зохиолын лаборатори болсон, өөрийн мэдэлгүй их онгод ая хөгийг авдаг уран сайхан уран чадварын албан бус сургалт болсон тийм жинхэнэ амьд ажиллаж чадаж байсан өвөрмөц ахуй орчинд цуглацгаан уран бүтээлийн халуун уур амьсгалыг бүрдүүлж нэгдэн нягтран нэгэн цул болж суралцацгааж байсан. МУИС, УБДС гэсэн хоёр гол дугуйлан идэвхтэй амьд үйл ажиллагаа явуулж МУИС-ийн дугуйланд О.Дашбалбар, Б.Догмид, Дан.Нямаа, Д.Норов, Д.Сумъяа, З.Түмэнжаргал, П.Баярсайхан, Б.Цэнддоо нарын хүмүүс ирж уран бүтээл урлагийн халуун уур амьсгалыг бүрдүүлдэг байжээ. <<УБДС-ийн дугуйлан утга зохиолын уран чадварын их сургууль байлаа. Ийм нэртэй сургууль байдаггүй хэдий ч тухайн үед нэгэн дугуйланд хамт суралцаж байсан нөхдөөс нэрлэвэл Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар, Б.Монголхүү, Н.Сүхдорж, Д.Цэнджав, С.Мягмар гээд зөндөө л бий …УБДС-ийн уран зохиолын дугуйлан тэр үедээ их идэвхтэй ажилладаг байв. АУДС-ийн ганц гишүүнтэй дугуйлан манайтай нийлсэн юм даг АУДС-ийн уран зохиолын дугуйлангийн эрхлэгч нь Д.Цогт ганц гишүүн нь Л.Мягмарсүрэн. Бас л төдхөн хууль цаазын дунд сургуулийн хоёр гишүүнтэй дугуйлан ч бас манайд нийлэв. Сургуулийн захирал дууны яруу найрагч Р.Будханд дугуйлангаа эрхэлдэг бөгөөд хоёр гишүүн нь оюутан Б.Сундуй Ж.Сарантуяа нар байв. Тэгээд л бид МУИС-ийн уран зохиолын дугуйлантай маргаж мэтгэн уран бүтээлээрээ өрсөлдөж байв. Тэр дугуйланд хамгийн их нэрд гарсан нь Ж.Оюунцэцэг байлаа… тэр дугуйлангаас ерөөлч магтаалч Ц.Цэрэндорж, сэтгүүлч зохиолч А.Мягмаржав, П.Баярсайхан, Дан.Нямаа, эрдэмтэн Ю.Мөнх-Амгалан, Д.Баясгалан нар төрөн гарсан юм.>>. (Я.Баатар .УБ. 2002).
Ийнхүү тэд утга зохиолын хүрээнд орж ирцгээн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж утга зохиолын тогоонд чанагдаж, нэгэн үеийг төлөөлөхүйц уран бүтээлийн нэгдлийг бий болгож чаджээ. Чухам л тэдний дундаас яруу найргийн гал цогтой уянга тансаг, сэтгэлийн гүн нууцад нэвтэрсэн шүлэг найраглалууд гарч, жинхэнэ амьд, өсч өндийдөг хөгжил, хөдөлгөөнтэй, алдаж онодог, өөрийн гэсэн дотоод сэтгэхүй ертөнцийг үзэх үзэлтэй, хиймэл зохиомол биш дүрүүд бүтээгдэж уран чадвар, туурвилзүйн содон арга хэлбрүүдийг ашиглан эрэл хайгуул туршилтууд хийцгээж байсан.
Тийм ч учраас С.Жаргалсайхан<<Халуун газар>> Ц.Балдорж <<Өв залгамжлагч >> <<Зэрэглээ>>, Ш.Гүрбазар <<Сэрүүн зүүд>> Д.Төрбат <<Амьдралын улаан шугам>> Д.Норов <<Эцсийн тушаал >> <<Аваа өгөө>> зэрэг нэлээд хурц содон жүжгүүд тавигдаж, Д.Норов <<Уулын хөх сүүдэр>> <<Жаргалын булаг >> Д.Энхболд <<Шар хөвийн зэрэглээ>> <<Паанан>> Д.Төрбат <<Могойн чуулган >> П.Баярсайхан <<Чулуу>> Б.Догмид <<Саран дээр туссан сүүдэр>> С.Жаргалсайхан <<Сахиул>> зэрэг зохиолууд нь тухайн үеийн нийгмийн сул тал доголдлыг янз бүрийн талаас нь илчлэн эх дүрүүдээ сандралд оруулан цочроож, хүний дотоод сэтгэлийн гүн рүү хандсан сэтгэлийн нарийн диалектик зөрчлийг тайлах оролдлого бүхий уянгын зохиолууд гарч Б.Доржпалам, Ц.Чимэддорж, Д.Төрбат нар яруу найргийн уламжлалт бичлэгийн утга агуулга, ур чадварыг гүнзгийрүүлэн тодорхой ахиц дэвшилд хүрч, Д.Цогт тухайн үеийнхний дунд сэтгэлгээ, уран чадварын анхны шан татаж, О.Дашбалбар, Г.Мэнд-Ооёо нар дарьганга аялгуугаа зохиоцгоож, Д.Нямсүрэн өвөрмөц уран тансаг мэдрэмж сэтгэлгээний шүлгүүдээ бичиж, Ч.Мягмарсүрэн монгол ахуйд шүтсэн эгэл энгийн бөгөөд зохис төгс уянгуудаа туурвиж, Дан. Нямаа хайр сэтгэлийн уянгын уян зөөлөн шүлгүүдээрээ мөнхийн сэдвийг магтан дуулж, Ж.Саруулбуян монгол сэтгэлгээтэй хүйн холбоотой олон сайхан дуу шүлгүүдээ бүтээж, монголын шинэ үеийн утга зохиолын түүхэнд анх удаа Ш.Дулмааг эс тооцвол Д.Сумъяа, У.Булган , Р.Гэрэл , Ж.Оюунцэцэг Бя.Энхтуяа, Б.Энхтуяа, Ж.Сарантуяа нарын хэсэг эмэгтэй найрагчид төрөн гарч эмэгтэй хүний дотоод сэтгэлийн нандин нууцад нэвтрэн эмэгтэй хүний зөөлөн торгомсог өвөрмөц нарийн мэдрэмжийг илэрхийлэн гаргаж монголын шинэ үеийн утга зохиолыг судалгааны олон талтай баялаг хэлбэр хүрээгээр нэмэн баяжуулсныг дурдах нь зүйн хэрэг.
Мөн энэ үед шинэ үеийн монголын утга зохиолын Чимэддоржийн Дашням, Норовын Данзан нараар гараагаа эхэлсэн судлал шүүмжийн салбарыг зарим талаар шинэ шатанд гарган, ялангуяа бүдүүн тоймын зохиолын уран сайхнаас илүүтэй утга агуулгыг ярьж мушгин гуйвуулж өөчлөн гоочилж нэг үгээр хэлэхэд улс төрийн хянагчийн үүрэг гүйцэтгэн бороохой лантуу болж байсан шүүмжийн салбарыг улс төрөөс салгах, хараа хяналтаас ангижруулах, зохиолд жинхэнэ уран сайхан сэтгэлгээний задлал хийх талд бага ч гэсэн амжилт олсныг С.Байгалсайхан, Т.Доржпүрэв, Д.Галбаатар, Ч.Жачин нарын зарим шүүмжүүд гэрчлэх бөгөөд утга зохиолын онолын суурь судалгаанууд ч тодорхой хэмжээнд хийгдсэнийг хэлэх ёстой. Хорь гучаад оныхны өвөг дээдсээс хойш бүхэл бүтэн үеэрээ хэлбэрийн хувьд далд << шинэлэг>> хэлбэрээр хэлмэгдсэн үеийнхэн бол наяад оныхон мөн бөгөөд эдгээр хэлмэгдсэн омгийнхон ерээд оны урлаг уран сайхан дахь шинэчлэлтийг жинхэнэ утгаар нь гардаж хийсэн бөгөөд харин нэр нь өөрсдөд нь биш тэдний дүү нарт зүгээр шахуу ирчихсэн юм. Харамсалтай нь тэд нар нь үүнийг ойлгоогүйдээ ч юм уу утга зохиолын их өргөөний үүдээр хүч хөдөлмөр зарцуулалгүй шахам бусдын дэмжлэгээр орж ирсэндээ ч тэр юм уу дураараа аашилцгаан амьдрал үзээгүй эрх хүүхдийн зан гаргацгаах болов. Бараг л бид шинэчлэлийг хийгчид, бид л утга зохиолыг авч явцгааж байгаа бүр байчихаад бид бол монголын утга зохиолын мөнгөн үеийнхэн гэж сэрүүн зүүдэлсэн улс ч гарав.
Ер нь зарим яруу найрагчдыг эс тооцвол тэднийг утга зохиолын бүхэл бүтэн үе гэхэд ч бэрхшээлтэйг хэлж ярьсаар л байна. Харин монголын утга зохиолд мөнгөн үе гэж байх ёстой юм бол утга зохиолын бүхий л төрөл зүйлийг тодорхой хэмжээнд хөдөлгөөнд оруулж дүр дүрслэлийн амин сүнс болсон мэдрэмж, сэтгэлгээг гүнзгийрүүлэн, уламжлал шинэчлэлийн зөв харьцааг хослуулан хэлбэр бүтцийн зоригтой шинэ эрэл хайгуул хийсэн нэр нь тодроогүй баатрууд буюу наяад оныхон л байх ёстой. Ерээд он гарсаар улс төр уран сайхан үзэл санааны ертөнцөд сэдэв чөлөөлөгдөн, уран бүтээлийн жинхэнэ эрх чөлөө бодит байдал болж үндэсний үзэл ухамсар сэргэн, хориотой байсан олон арван онол сургааль урсгал чиглэл нэвтрэн орж ирж нэг үгээр хэлэхэд урлаг уран зохиолын жинхэнэ дотоод зүй тогтлын дагуух хөгжлийн шинэ эрин эхэлсэн нь үнэн. Гэвч энэ түүхэн их эхлэл гарааны шугамдаа элдэв энхэл донхолтой дайралдаж тийм ч амар хоол биш гэдгээ харуулан зарим үед бүр ямар замаар явахаа мэдэхээ байж мунгинахад хүрэв. Нэг хэсэг нь уламжлалыг тэргүүнд тавьж монгол ахуй, монголын гэсэн онцлогтой бүтээл л дэлхийд гарч ирнэ хэмээн зүтгэж нөгөө хэсэг нь уламжлал гэж байхгүй биднийг төрөхөд л манай гаригийн нар мандсан хэмээн тунхаглаж цагаан орон зайд цоо шинээр бүтээлээ туурвицгаан дэлхийн хэмжээний энд хүрнэ гэцгээж зарим нэг нь аль алиныг хослуулан сарьсан багваахайн явдлаар явж харин ч энэ байдлыг өөрт ашигтайгаар ашиглан хувиа борлуулж довоо шарлуулан үүнийгээ ардчиллын хууль нэрээр хаацайлан, үлдсэн бусад нь толгой нь эргэж зөв бурууг ялган салгах чадалгүй болж аль нь зөв болохыг хий дэмий л ажиглацгааж байна. Үнэндээ бол утга зохиол дахь олон эшт үзлийн үүднээс аль алийг нь хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү тэдний хоорондын уран бүтээлийн биш итгэхэд ч бэрх хэрүүл тэмцлийг л хүлээн зөвшөөрдөггүй юм. Энэ их хэрүүл тэмцэл талцаан хуйвалдаан хэний ч ялалтаар өндөрлөхгүй бөгөөд гуравдагч этгээдийн зол болж утга зохиол уран сайхан чанарт эсрэгээр нөлөөлсөөр байгааг өнөөдрийн уран зохиолын ур чадварын төвшин аяндаа нотлон харуулна.
Өнөөдөр залуучууд байтугай ахмад дунд үеийнхний гайгүй сайн дорвитой шинэлэг бүтээл өдрийн од, нүдний гэм болж гарч ирэх нь бүр багасч хаагуур хаашаа явахаа мэдэхээ больсон тэгсэн мөртлөө хэнд ч итгэхээ больсон ойртвол сэжиглэн яах нь вэ гэсэн янзаар хардаж сэрдэн тийм байтлаа салаад явчихаж чадахгүй тийм л хэдэн төөрсөн зүг чигээ алдсан улс болж хувирцгаасан байна. Хулгай дээрэм, алаан хядаан, секс хүчирхийллийн зохиол л уран сайхан гоо зүйн мэдрэмж таашаал гэхээсээ илүүтэй цаг нөхцөөх нэгэн эрэлттэй хэрэгсэл болж зарим шүлэг найргийн наадам тэмцээн нь тайзны шүлгийг л гааруулахаас хэтэрсэнгүйгээр барахгүй наадам өндөрлөсний дараа ирэх жилийн түрүү магнай тэр гэнэ гэсэн яриа тарж жилийн дараа тэр нь үнэн байдаг нь нууц биш болжээ. Эхэн үедээ Болор цом наадамд олон ч сайн бүтээлүүд төрж байсныг бид мэднэ. Харин сүүлийн үед эсрэгээр эргэж залуучуудыг болъё гэхэд цагтаа << Сэлбэ>>, <<Цагаан зээр>> шүлгийг бичиж байсан Ц.Чимэддорж Болор цом наадамд хар араажав гэсэн урт хар шүлэг уншиж үзэгчдийг шоконд оруулав. Дараа жил нь түүнээс дутахгүй урт үстэй, улаан торгон дээл өмссөн, монголын утга зохиолын түүхэн дэх анхны компанийн яруу найрагч гарч ирж дэвсэхэд дэвсгэр болдог, дэрлэхэд дэр болдог, хучихад хучлага болдог дээл хэмээн шүлэг гэсэн нэрийг гомдоохоор юм уншиж мөн л үзэгч сонсогчдыг доромжлов. Энэ нь зөвхөн тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэдгийн л үлгэр бөгөөд цаана нь байж байхад илүүдэхгүй, байхгүй бол үгүйлэгдэхгүй шүлгийн далай үер бууж байгаа нь тодорхой. Энэ их хэцүү, ээдрээ нугачаатай төвөгтэй, сонирхолтой үеийн утга зохиолыг мөнөөхөн нэр нь тодроогүй баатрууд л мөнөөхөн хэлмэгдсэн омгийнхон л нуруун дээрээ үүрч яваа бөгөөд тэднийг монголын шинэ үеийн утга зохиолын түүхэнд байрыг нь зохих ёсоор эзлүүлэх цаг нэгэнтээ болсон.
Энэ бүхнийг тодорхойлон тогтоох нь зүгээр нэг жижиг шүүмжид багтаах боломжгүй нь ойлгомжтой юм. Энэ бүхнийг жинхэнэ уран бүтээл, уран сайхны чанарын хувьд судалгааны нарийн дүн шинжилгээгээр л тогтоох бөгөөд ийнхүү хар цагаанаар нь ялган үнэний дэнсэнд тавьж, ололт амжилт, эрэл нээлт, алдаа доголдлыг нь дэлгэж тавих нь наанадаж утга зохиолын түүхэнд, цаанадаж утга зохиолын цаашдын хөгжилд л хэрэгтэй зүйл. Харин мянганы зааг дахь монголын утга зохиол …
2004 он

No comments: