Friday, May 7, 2010

НЭГ АГШИН, ГАНЦ ШИРХЭГ

Цал буурал агины ганцхан ширхэг молцог
Цагийн цагт анхилуун үнэрээ гээдэггүй еэ,
Буудайн ширхэг үрэнд зуун жилийн нар салхи
Буман хүний хөлсний дусал багтаж буй гэдэг ээ.

Нарны нэгээхэн цацраг голын усыг сүвлээд
Чулуунаас нь ойхдоо үлэмжийн гялбаа гялбуулдаг,
Цаг мөнхөд харагдах энэ мэт гэрэлт агшин
Цаглашгүй амьдралын минь хором бүрийг гийгүүлдэг ээ!

Усны уяхан нэг дусал, уулын чимх шороо
Өвсний ганхах нэг намиа, одны жирвэх дохио
Эрхий дарам газар бүрэндээ энэчлэн ихийг агуулсан
Энгүй бүхнээ хэлхэж эх орон минь цэлийдэг ээ!

Орой сар хавиргалж байхад аавын хуурдсан аялгууг
Орчлонгийн тэр мөчид надаас бишид нь сонсоогүй ээ.
Сэтгэлийн минь толинд туссан энэ мэт гэрэлт агшин
сэм сэмээр намайг хувиргасан бүхэн ганц ганц хувь аа.

Ахин хэзээ ч хаан ч нэгэн адил байдаггүй
Агшин бүрийг амьдралынхаа туршинп хэлхмүй
Эрхин хэлхээнээс нэг нь ч сугарч болдоггүйн учир
Эрин зууны тоосонд эр хүн өндиймүй.

Ард олноосоо нэг нэг дуу нэмж сонссоор
Агуу их дуулал надад нэгдэн найрч яваа.
Алхам бүртээ дуунд умбалаа ч, дуугаар цангасаар
Амьдрах мөч бүхнээ дуугаар хэлхэж яваа!

Эх орныхоо ганц ширхэг бүрийг үгээрээ хэлхвэл
Эрдэнэсийн хосгүй нэгэн сондор тэр больюу
Амар амгалан амьдралынхаа агшин бүрээр
Аяа, цаг мөнхийн диваажин бүтээх буюу.

No comments: