Wednesday, September 1, 2010

Д.Нямсүрэнгийн гурван боть

ЯРУУ НАЙРАГЧ Д.НЯМСҮРЭНГИЙН
ГУРВАН БОТИЙГ
ЭРХЛЭН НИЙТЛҮҮЛЭГЧИЙН УЧИРЛАЛ

1
Яруу найргийн гэгээн ертөнцийд нэвтрэхийг хүсэгч эрхэм уншигч танаа нэгэн сайхан бэлэг барьж буй маань суу билигт найрагч Данзангийн Нямсүрэнгийн гурван боть ном болой. Д.Нямсүрэн насан туршдаа хөдөөх аглаг буйдад зөвхөн яруу найргийн шидэт ахуйд оюуны дээд цэнгэл бясалгалд сууж бичсэн мөнхийн гэрэлт шүлгүүдээ бидэнд өв болгон үлдээсэн юм.
Д.Нямсүрэнгийн Хаврын урсгал (1984), Сэтгэлийн байгаль (1991) хэмээх залуу насны хоёр номыг нь өөрийн бэлдсэн уг эхээр нь тэргүүн боть болгож “Ирж буй цаг” хэмээн нэрлэв. Тэнгэрт буцахаасаа өмнө хэвлүүлсэн “Аглагхан талаасаа” (2002) номыг нь дэд боть болгож “Амитаба” хэмээх алдарт шүлгээр нь нэрлэв. Уг номыг Д.Нямсүрэн нийслэл хотод сүүлчийн удаа морилсон тэр цаг үед нь Дарь.Сүхбаатар бид хоёр өөрийг нь байлцуулан сонголт хийж хэвлүүлсэн юм. Д.Нямсүрэн 1980-аад оны сүүлчээр “Сарны цагаан үүлс” нэртэй ном хэвлэлд бэлтгэсэн боловч өөрчлөн байгуулалтын үеэр хэвлэлийн редакци татан буугдсан тул уг ном хэвлэгдээгүй үлдсэн юм. 2002 онд “Аглагхан талаасаа” номыг бэлтгэхдээ “Сарны цагаан үүлс” номын зарим шүлгийг авч оруулсан болно.
Д.Нямсүрэнгийн гутгаар ботийг өөрийн нь бэлтгэсэн “Сарны цагаан үүлс” нэрийг өгч уг номын шүлгүүд болон түүний хувийн архив, анх нөхөдөд нь хадгалагдаж байсан шүлгүүдээс нь сонголт хийж бэлтгэлээ. Бидний бэлтгэсэн энэхүү гурван боть ном бол “Д.Нямсүрэнгийн сонгомол” учраас олдсон бүхнийг оруулаагүй. Ном бүтээх ажлын явцад Дундговь аймгаас шүлэгч Н.Бямбасүрэн түүнийг хоёр шүлгийг ирүүлсэн хийгээд Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шүлгийн гар бичмэлтэй дэвтрээ өгч тусалсныг талархан тэмдэглэж байна. “Аглагхан талаасаа” ном бэлтгэхэд сонголт хийсэн эхүүдээс үлдсэн нилээд тооны гар бичмэл Дарь.Сүхбаатарт буй. Энэ удаа тэр эхээс оруулж амжсангүй.
2
Д.Нямсүрэн “Хөх өвс” нэртэй яруу найргийн ном бэлдэж байгаа гэж ярьдаг байсан боловч уг номын эх олдоогүй. Хүмүүст дурсгасан дэвтэр бичмэл дотор иймэрхүү агуулгатай шүлгүүд байдгаас үзвэл уг номын шүлгүүдийг эмхэлж цэгцэлж амжаагүй бололтой юм билээ. Яруу найрагч амьд ахуйдаа яруу найргийн өөр хоёр ном бэлдсэн нь “Миний шүлгүүдийн хүүхнүүд”, “Алтан хазаар өвс” нэртэй. “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь 2004 онд хэвлүүлсэн. Уг номын голлох шүлгүүд нь бусад эхүүдтэй давхардаж байгаа тул энэ удаа уг номыг сонгосонгүй. “Алтан хазаар өвс” номыг нь 2005 онд Н.Лутбаяр хэвлэхээр авсан, “Хөх судар” хэвлэлийн газарт хэвлэгдэхээр хүлээгдэж байгаа болно.
3
Д.Нямсүрэн “Зүүдний ертөнц” нэртэй өвөрмөц содон ном бичиж үлдээжээ. Энэ нь зүүд зөнгийн тэмдэглэл болно. Уг номыг дангаар нь хэвлэж уншигч олонд нь толилуулах цаг хугацааг ард үлдээлээ. Д.Нямсүрэнгийн өв дэх өөр нэгэн онцгой содон зүйл бол түүний захидлууд юм. Тэрбээр захидлыг гайхалтай уянгалаг, яг л шүлэг шигээ бичдэг байсан юм. Бас нэг онцлог гэвэл хүмүүст илгээсэн чухал захидлынхаа хувилбарыг өөртөө авч үлддэг байж. Зөвхөн надад гэхэд л Д.Нямсүрэнгийн нэгэн хавтас захиа буй. О.Дашбалбарт, Ж.Саруулбуянд, Л.Мягмарсүрэнд, Я.Баатарт, Ү.Хүрэлбаатарт, Д.Цогтод бичсэн олон захидал байх ёстой. “Д.Нямсүрэнгийн захидлууд” хэмээх нэгэн сонин ном гаргах боломжтой.
4
Д.Нямсүрэн шүлгүүдээ тэмдэглэлийн дэвтэрт бөлөглөн хуулж, бичих явцдаа мөр бадаг, үг хэллэгийг засч өөрчилсөн байх нь үзэгдэнэ. Чухам аль нь сүүлчийн хувилбар болохыг тогтооход бэрхшээл тохиолдож байлаа. Тэрбээр Улаанбаатар луу хийгээд өөр тийш явахдаа унших шүлгүүдээ нэгэн дэвтэрт сонгож бичээд өвөртөлж яваад буцахдаа хэн нэгэнд бэлэглэчихнэ. Ийнхүү миний л мэдэх Хилийн цэргийн хурандаа Т.Алдар, яруу найрагч Л.Мягмарсүрэн, шүлэгч дүү Дарь.Сүхбаатар, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ зэрэг хүмүүст лав нэг нэг дэвтэр байгаа юм. Тэдгээр дэвтрүүдэд хаана ч хэвлэгдээгүй шүлгүүд нь байж магадгүй юм.
5
2004 онд “Миний шүлгийн хүүхнүүд” номыг нь бэлдээд хэвлүүлэх боломж олдоогүй байтал найрагчийн эрхэм дүү Д.Одбаяр Дорнод аймгийн засаг дарга байхдаа 300 ширхгийг хэвлүүлж өгч буян үйлдсэн бөлгөө. Тэр зун сонгууль болж Д.Одбаяр УИХ-ын гишүүнээр сонгогдоод ирэхэд нь би түүнээс “За миний дүү хэдэн саналаар ялав” гэж асуусанд тэрбээр “300” хэмээхэд би наадам болгож “За тэр дээ! Нямсүрэн ах чинь тэр тоог тэнгэрээс илгээсэн байхгүй юү” гэж билээ.
Энэ удаа Д.Нямсүрэнгийн гурван ботийг хэвлүүлэх чамгүй их зардлыг “Модун” компанийн захирал, Дундговь аймгийн харъяат Должидын Батбаяр гаргаж дэмжсэнийг онцгойлон тэмдэглэхийг хүсч байна. Тэрбээр монголынхоо түүх соёлын өв, яруу найргийн үнэт зүйлсийг эрхэмлэн дээдлэгч нэгэн бөлгөө. Должидын Батбаяр дүүгийн өгөөмөр сэтгэл, өлзий буян хишигийг Д.Нямсүрэн бээр Шамбалын орноосоо талархан хүлээн авсан гэдэгт өчүүхэн ч үл эргэлзнэм.
Яруу найрагч Д.Нямсүрэн бээр найргийн гэрэлт тэнгэрээсээ: газар дэлхийд өөрөөс нь хойш юу болж хэн нь хэлсэндээ хүрч, хэн нь мартан сатаарч суугааг тольдон байгаа нь лавтай.
Хорин нэгдэх зуун хийгээд хойших бүхий л зуун болоод мянгануудад суу их билигт Данзангийн Нямсүрэн хэмээгч монгол найрагчийн шүлгүүд уншигдсаар, уянга яруу монгол хэл аялгуун дуурсгасаар байх болно гэдэгт баттайяа итгэмүү. Энэхүү эрхэм дээд итгэл урмаараа анл нөхөр Д.Нямсүрэнгийнхээ гурван боть номыг уншигч танаа баривай.

Г.МЭНД-ООЁО

2010.6.16
Наран өлзийтэй өдөр

1 comment:

Anonymous said...

Үнэхээр сайхан буянтай ажил хийжээ. Таны Монголын оюун соёлд үлдээж буй энэ их соёлын өв бол мөнхөд үлдэх өв билээ. Яруу найрагч анд нөхдийнхөө төлөө, бас уран бүтээлч анд нөхдийнхөө төлөө бүтээсэн болгоныг тань Тэнгэрээс Тэд нар харж байгаа...