Monday, March 2, 2009

Г.Мэнд-Ооёо: ПИРАМИД БА ЗОХИСТ АЯЛГУУ



Цаг хугацаа, зүг чиг, орон зайн баримжаа алдагдан төөрөх үе байх ажээ. Мексик хүртэл хорь гаруй цаг нисэх боловч, ертөнцийн хугацааг хорь шахам цагаар сөрж товчлох юм. Мексик баруун зүгт хэмээн бид бодно. Гэтэл бидний онгоц зүүнш Японы арал дээгүүр гарч Номхон далай дээгүүр тувт дорно зүгийг замнана. Тэгэх мөртлөө Мексикийн хойгт баруунаасаа ирж байх юм. Энэ бол бидний нэгэн хэв маягийн иргэн¬шилдээ хэтэрхий дасан зохицсон сэтгэлгээний дадлаас хамааралтай тогтнолшилийн үр дагавар ажгуу. Бидний өвгө дээдэс болох Төв Азийн өндөрлөгийн монголжуу төрхөтнүүдийн нэгэн их сүрэглэл умарш нүүдэл¬лэн улмаар Аляскийн хуурай газраар дамжин говийн чулуун соёлоо тээн эдүгээн Америк тивд хүрч очих тэр цагт цагийн зөрүү хийгээд зүг чигийн баримжааны хямрал огт байгаагүй ажгуу. Яагаад гэвэл тэд өөрсдийн ахуй, дадал, зан үйл, соёлыг тээн, үхэж төрж, үр удмаа өсгөсөөр аажуу тааваар аймаглан нүүсэн юм. Тэд он цагийн урсгалд үүтгэн бүтээж, мөн¬хүү он цагийн алдралд уусан шингэсээр байлаа. Дорнод Азиас гаралтай тэрхүү монголжуу төрхтөнүүд Америк тивийн эх газрыг нээж олоод өөрсдийн соёл иргэншлийг цогцлуулж эхэлсэн нь арван мянган жилээс чинагш болой.
Бидний очсон Мексик бол тэдний буй болгосон Майя соёлын нэгэн голомт бөгөөд тэрхүү их соёл иргэншлийн агуу сүрлэг ул мөр бол эдүгээн Мексикийн пирамид ажгуу.
Дэлхий дахинаараа Египедийн пирамид руу аялан цувж, гайхан шагшиж байх цаг дор Мексик, пирамидын тухай зүүдлээ ч үгүй байлаа. Жараад онд нэгэн жаал хүү ууланд ямаагаа хариулж яваад нэг чулуун хүүхэл-дэйрхүү юм олжээ. Жаал хүү аавдаа үзүүлж, аав нь таньдаг түүхчиддээ үзүүлж. Эртний хүний онго тахилгын холбогдолтой тэрхүү “хүүхэлдэй” археологичдын анхаарлыг татвай. Чулуун онго олдсон шовгор ууланд малтлага хийсэн даруйд л хүрзний ирмэгээр тэгш дөрвөлжин засмал чулуун довжоо гарав. Шаталсан довжоог ахиулан ухах тусам малтлага доош биш уул өөд өгссөөр байв. Хэдэн жил малтаад харсан чинь мөнөөх уул нь тэр чигээрээ Пирамид болохыг мэдэв. Эртний хүмүүсийн бүтээсэн пирамидын дээр хөрс шороо дарж, өвс ногоо, мод бут ургаад уул болон тогтсон нь энэ байжээ. Археологичд Пирамидын орой дээрээс эргэн тойрон цэнхэрлэх ижил уул¬сыг халиав. Уул болгон Пира¬мид мэт. Дахиад л малтлага. Дахиад л пирамид. Мексикийн хойг дөчөөд мянган уултай. Уулс нь бараг бүгдээрээ шовх гурвалжин оройтой. Энэ болгон уул уу, пирамид уу? Ийнхүү наяад оноос хойш Мексик Пирамидын эх орон болохоо мэдвэй.
***
Мехико хотын ойролцоо Тиотихоукан хэмээх эртний хотын аварга том цогцолборыг малтаж ил гаргаад байгаагийн төв хэсэг дэхийг нь Нарны пирамид хэмээнэ. Галт уулын хүрмэн чулууг шоо дөрвөлжлөн засаж, сүмбэр уулын шатлалаар үеслүүлэн зүмбэрлүүлсэн энэ¬хүү наран тахилгын пирамид жаран давхар байшинтай дүйцнэ. Наран тахилгын оройгоос сарны пирамид, гал тахилгын пирамидууд тод харагдана. Монголын таван найрагч /Дан.Нямаа, Ц.Бавуу¬дорж, Б.Золбаяр, Б.Дашзэвэг, бас орчуулагч Г.Инжбадар бид/ таван мянган жилийн түүхтэй энэхүү гайхамшигт наран- пирамидын оройд эх нутгийнхаа уулсыг хадаг яндарт чулуун овоон дээр байгаа мэт хийморь сэргээн алсыг халиан зогсоно. Уулсыг дуурайсан пирамидууд, цаашлаад зөв гурвалжин дүрст пирамидан уулс тэнгис далай хийгээд тэнгэрийн хаяа руу алсран цэнхэртэж үргэл¬жилнэ. Түүнээс цааш далай тэнгэрийн хярхаг, бодлын алс. Бодлын алсад эх нутгийн минь ноён уулс, талын минь намхан толгод дээрх чулуун овоо үзэгдэнэ. Монголын хээр талын хад чулуунаа онго шүтлэгийн дүрслэлээ сийлэн үлдээнэ. Тэнгэр эрхис, од саранд тахилга өргөж асан эртний нүүдэлчид хувь заяа, зам мөрөө даатган их гал өрдөн залбирч дуулж хуурдаж зан үйлийн соёлоо тээн ирж, улам өргөжүүлэн сүндэрлүүлэн зүрх сэтгэлийнхээ тэмүүллийг агуу том пирамид болгон наранд өргөсөн нь энэ буюу.
Монголчуудын овоо босгох ёс хийгээд сүмэрийн Зиккурат сүм, Энэтхэгийн Гуптагийн соёлын суварган барилга, Бурхан багшийн агуу том суваргууд, Майя шүтлэгийн Пирамидууд нь нэг угшилт соёлын гинжин цувуу болох тухайд манай нэрт сэтгэгч Ч.Эрдэнэ нэгэнтээ дурдаж байсан нь чухам энд л тодрон бодогдож байна.
Хээр талын нүүдэлчид пирамид хэлбэрт уулынхаа чулуун овооноос дээр хөхрөгч тэнгэр эцэгтээ сүслэн залбирах хийгээд энэхүү пирамидийг бүтээгч Майя нар уул хэлбэрт пирамидынхаа оройгоос тэргэл улаан нарандаа сүслэн залбирахын утга чанар төрөл садны сүлбээтэй болохыг илүү тод мэдэрвэй.
Энэхүү Пирамид соёлыг бүтээх цагт Майя нар сарны хуанли зохиож, өвөрмөц адармаат дүрс үсгээр ном барлаж, пирамид цогцолбор бүхий уран барилга, вааран урлалыг нэн гайхалтайгаар хөгжүүлж байжээ.
Майя соёлын энэхүү хөрсөн дээр манай тооллын өмнөх 613 оноос Мексикийн хуанли эхэлж алт мөнгөн урлал, уран барилга, ном соёл бүхий олон хот тосгон буй болж аандаа Майяпан төр улсыг байгуулж зуу гаруй жил оршин тогтносон байдаг. Удалгүй Майяпан эвдрэн нурж үнс нурам болоод оройд нь дайнч үндэстэн Ацтекууд Майяг эзлэн мөхөөж мөнөөх агуу пирамидууд дээр амьд хүнээр тахил өргөдөг зан үйлийг тогтоож барилга байгууламжийн хормойгоор цусан гол урсгах суваг хүртэл бий болгожээ. Бараг хоёр зуун жил хүчирхэгжиж цэцэглэж ирт сэлмээр хавь ойроо чичрүүлсэн хүчирхэн Ацтекийн эзэнт улсыг Эрнан Кортес хэмээх испани эрээр удирдуулсан жижигхэн дээрэмчдийн отряд хурдан морь, галт зэвсэгтэй орж ирээд эзлэн авсан гэдэг. Ийнхүү Майя соёл иргэншлийн аварга том хотууд, өдий төдий уран барилгын цогцолборууд үнс нурам, үртэс тоосонд хувилж түүний оронд испани маягийн хот тосгод буй болов.
Зан үйл, өмнөх үеийн сэтгэлгээ соёлтойгоо цуг мартагдсан пирамидуудыг он цагийн тоос шороо дарж, хагд шарилж далдлаад, даан удалгүй мод бут ой шугуй эзлэн халхлаад нэг мэдэхэд цэнхэр цэнхэр уулс болон хувирсан байна.
***
Пирамид хотуудын шороон дээр испани маягийн хот тосгон буй болсоны адил Майя дуу шүлэг, үлгэр домгийн балар эртний улбаа нь хэл соёлтойгоо онгон эдгэрч тэрхүү хөрсөн дээр хожмын Латин Америкийн Испани хэлт утга зохиолын томоохон суваргууд буй болов. Үүний дотор Индианы домог мифүүд хийгээд ялангуяа мексик домог үлгэрүүд нэн алдартай. Өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн Францын яруу найрагч, зохиолч Жиэн-Мари Густав Ли Клөзио бээр олон шилдэг бүтээл туурвисны дотор эртний мексик домгуудын франц орчуулга нь гол бүтээлд нь зүй ёсоор тооцогддог. Испани хэлт яруу найрагчдаас Ч¬лийн Пабло Неруда дэлхий дахиныг цоглог хурц дуу хоолойгоороо бишрүүлж байв. Тэрбээр Монголд ирж “Тэнд миний садан нутагладаг юм” хэмээх шүлгээ монголчуудад бэлэглэж байлаа. Дэлхийн яруу найрагчдын XXVIII Их хурлын тайзны төвд Мек¬сикийн яруу найрагч Нобелийн 1990 оны утга зохиолын шагналт Октавио Пазын зургийг нэн тод томруунаар голч болгон бүтээгээд тойруулан дэлхийн яруу найргийн 28 дахь удаагийн Их хурлыг зохион байгуулсан яруу найрагчдын хөргийг зурсан байв. Дэлхийн Испани хэлт утга зохиолд хамгийн их нөлөөтэй байгаа 1985 оны Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан энэ удаагийн их хурлын гол удирдагчийн нэгэн. Аргентинд төрж, Израйлаар овоглодог энэ яруу найрагч, физикч тэрбээр атомын цөмийн эрчим хүчний судалгаанд гайхалтай нээлт хийсэн төдийгүй, яруу найргийн мөр бадаг үг, авианд ч тийм цөмийн эрчим хүчний задаргаа хийж болох юм хэмээн үздэг. Эрнесто Кахан бол өөрийн гарвал язгуурыг монголтой холбож,
-Кахан гэдэг миний овог бол танай монгол хэлний Хагаан буюу Хаан хэмээх үг юм шүү дээ хэмээн ярих дуртай.
Эртний дундад зуунуудыг шинэ эринээр сольсон
Эрх чөлөөний оршил нь тэр буюу
хэмээн Чингэс хааны тухай их үйлсийн тухай гайхам сонин шүлэг бичсэн тэрбээр
-Чингэс хааныг алаач, талаач хэмээн сурах бичгээс уншиж, тийм мэдээлэл дунд өссөн би “үл үзэгдэхүйн мэдэрхүйгээрээ” энэ шүлгийг бичсэн хэмээн ярьж Дундад зууны сэргэн мандалтыг Чингэс хаан эхэлсэн гэж лекц уншдаг нэгэн билээ.
Мексикийн бахархал болсон яруу найрагч, зохиолч, утга зохиолын шинжээч О.Паз мөнөөх эртний индиан гарвалтай үлгэр домгийн мөр улбааг өөрийн уран бүтээлдээ шингээн сүлсэний үрээр дэлхий дахинаа алдаршсан юм билээ. Мексикийн бас нэгэн өвөрмөц яруу найрагч Жэйм Сабинесийн тухай нутаг нэгт найрагчид нь байнга дурсдаг байсан нь учиртай.
Ялаа хэдхэн хоногийн настай
Яст мэлхий хоёр зуун настай
Ямар ялгаатай гэж?
Иймэрхүү утгатай түүний шүлгийн бадгаар Японы яруу найрагч каллиграфи бичээд үзэсгэлэнд тавьсан харагдана лээ. Мексикийн өнөө үеийн хамгийн том яруу найрагч Мануэл С.Лэева Мартинез гуай юм. Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг тэргүүндээ залсан цөөхөн яруу найрагчийн нэгэн тэрбээр манайхаар бол Б.Явуухулан юм. Түүний дүү, охин, ач нар нь бүгдээрээ яруу найрагч бөгөөд Мануэл С.Лэева гуайн утга зохиолын их сургуулийг Мексикийн эдүгээгийн олонхи найрагч төгссөн гэж бодвол Мексикийн яруу найргийн хойч үе бараг бүгдээрээ түүний шавь ажээ. Мануэл С.Лэева гуай энгэртээ Монгол, Энэтхэгийн их хурлын хоёр тэмдэг зүүж нээлтэд ирээд, Чи Энэтхэгийн хуралд очоогүй болохоор энэ тэмдэгээ чамд дурсгая хэмээн Энэтхэгийн тогос нартай тэмдэг миний энгэрт хадаж билээ. Түүний утга зохиолын сургуулийн сүлжээ Мексик даяар арав гаран буй бөгөөд энэ удаагийн их хурлын тодорхой зардлыг тэрбээр хувиасаа хандивлажээ. Мануэл С.Лэева гуайн Монголд зориулсан хос сонет шүлэгт:
Таалал орших талын Монголын яруу найргийн
Тавилан оршихуйн дээдэд мандал өргөвэй.
Молор тунгалаг оюун сэтгэлээсээ, Мексикээсээ
Морьтон ард таны эрчимт мандалд өргөвэй.
Ийм нэгэн сайхан бадаг буй билээ. Тэрбээр 2006 онд Монголд 10 шавьтайгаа ирж яруу найргийн мандал өргөсөн болой.
Эдүгээн Мексик яруу найраг нэн эртний Майя нарын Пирамид соёлын хөрсөн дээр испани хэл соёлын үрийг суулган буй болгосон Латин-Америкийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг хадгалан цэцэглэж буй ажээ. Яруу найргаараа хүмүүнийг улам гоё сайхан болгоё хэмээсэн энэ удаагийн хурлын тунхаглал бол чухам Мануэл С.Лэева гуайн яруу найргийн голч тэнхлэг буй заа.
***
Пирамидын тэг дөрвөлжин суурь дээрээс дээш зүмбэрлэх тэгш өнцөгт гурвалжин талууд нь ертөнцийн дөрвөн зүгийг тольдон номин далай, ногоон талаас мөнх хөх тэнгэр лүү хурцлагдан шовхорч цойлох амой. Басхүү тэнгэр од эрхис, нар сарнаас ирэх гэгээн эрчимийг шовх үзүүртээ соронздон татаад пирамидын налуугаар эх газрын их далайн дөрвөн зүг найман зовхис руу гулсуулан урсгах болой. Харин пирамидын суурь нь хэвтээ дөрвөлжин мэт боловч, магадгүй төв Азийн тэгш өндөрлөгт эртний нүүдэлчдийн бэлгэдэл дөрвөлжингийн хас дүрст тэмдэглээний ул мөрийг илэрхийлсэн байж тун магадгүй санагдвай. Америк тив рүү нүүн одсон эртний монголжуу төрхөт нүүдэлчдийн үлдээсэн хас язгууртай хадны бичээс, Хүннүгийн үеийнх хэмээдэг рүни бичигтэй төсөөтэй бичээс хийгээд Америк тивийн хадны дүрс тэмдэгнүүдтэй нэгэн язгуур илэрч байгаа хийгээд Пирамид ба тахилгын овооны утга агуулгын хоорондын хамаарлаас ургуулан яагаад ч юм ийм бодол төрсөн хэрэг. Тэгээд ч пирамидын орой дээрээс нь буюу тэнгэрээс хавтгай дээр байгаагаар халиаваас дөрвөлжин, гурвалжин, дугуй гурван дүрсээс бүтсэн байгаа нь орчлон ертөнцийн үүсэл хийгээд оршихуйн зүй тогтлыг багтаасан гэлтэй. Мөн уг дүрслэлд ертөнцийн тогтмол чанар хийгээд, хөдөлгөөний үндсэн чанар хадгалагдсан харагдана.
Ерөөс Пирамид бол мөнх тэнгэрийн эрчим хүчийг эх газар луугаа урин буулгагч-цэнэг хуримтуулан дамжуулагч аж. Пирамидаас хожуу буй болсон Бурханы суваргууд, Сүмэрийн Зиккурат байгууламжууд, шовгор оройт барилгууд, монгол нүүдэлчний гэр сууц, цөм л мөнөөх эрчим хүчний эх булагтай гинжин холбоотой.
Эртний Майя нар Пирамид соёлыг бүтээж ахуйд Энэтхэг дахинд Веда агуу их яруу найраг – гүн ухааны хөлгөн туурвилууд хүмүүний оюун ухаанаас ундран бууж байв. Гэхдээ Веда яруу найргийн дууллууд хүнээс гарсан уу, тэнгэрээс буусан уу гэдгийг одоо ч бүрэн тайлдаггүй. Пирамид бүтээсэн цаг үеийг ертөнцийн хүний байгаллаг зүй тогтлоор авч үзвэл, оюун санааны тиг нь яах аргагүй ураг садан ажгуу. Яруу найраг хийгээд гүн ухааны тэнгэрлэг нэгэн ухаарлын цэгээс пирамидын тэгш гурвалжин налуугаар доош уруудуулан буулгахуйд тэгш дөрвөлжин шүлгэн байгууламж болон хувирна. Яруу найргийн бичиг үсгээр хэлбэржсэн тэгш хэм, тэг дөрвөлжин донж дан нь хүн төрөлхтөний соёлд буй болоод мөн л хэдэн мянган жилийг элээжээ. Яруу найраг өөр өөр хэл, сэтгэлгээ, ондоо ондоо үсэг бичгээр бүтэх боловч нэг л ижил байгууламжтай харагддаг нь ер сонин юм шүү. Бичиг үсэг үүсээгүй байхад ч ардын дуу юм уу мөргөл залбирлын дуудлага, аман яруу үгсийг хэл аялгуунаас хэлбэршилд шилжүүлэхэд мөн л ийм дүрсэнд илэрхийлэгдэнэ. Энэ бол жам. Пирамид хийгээд яруу найргийн бүтээн байгуулалтын донж данг ийн адилтган бодох тухай төсөөлөл огт байгаагүй миний ой тойнд ижилсүүлэх ийм нэгэн тиг буусан нь Мексикийн пирамидын оройд болой. Пирамидын оройн голч цэгэн дээр мөнгөн гадас гүн тийш нь хатгасан байх бөгөөд мөнөөх гадасны зулайд хуруугаа хүргэж эрчим хүчээр өөрийгөө цэнэглэх гэсэн олны цуваа үл тасрах нь бас л нэгэн далд учигтай буй заа.
***
Орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл нь хэдий цагт анхлан үүссэн байнав, Веда тэр цагт үүссэн хэмээн Энэтхэгийн хожмын мэргэд айлддагтай яг адил утгаар пирамидын байгууламжийн санаа мөн л тийм үүсгэлтэй байхаа. Вэдийн яруу найраг нь нэгэн түм гаруй шүлэг, тарниас бүтэх бөгөөд судлаачдын тэмдэглэснээр манай тооллын өмнөх дөрвөн мянган жил орчмоос хоёр мянга орчим он дамжуулан үе уламжлуулан туурвисан гэдэг нь бас л манай дэлхий дээрх олон Пирамидуудын настай адил сонсогддог юм. Веда судрыг зохиосон эзний тухай ямар нэгэн мэдээ уламжлаагүй, мэргэн арш нар үнэнийг таньж ухаарсан дотоод гэгээрлийнхээ туршлагаар тэнгэр-Богдосын хэлийг үгээр дамжуулан илэрхийлсэн нь юм хэмээх нь буй.
Ведийн ариун үгс нь орчлон цогцлон бүтсэн тэрхүү эрчим хүчтэй эн тэнцэхүйц эрчим хүчтэй хэмээн үзнэ. Дэлхийн яруу найрагчид хуран чуулах бүрийд Энэтхэг яруу найрагчдын бахархал болгон дуудах нэгэн өвөг шүтээн байдаг нь энэхүү Веда болой. Ведийн шившлэг шүлгүүдэд замбутив, бурхан, диваажин гурав онцгой байртай бөгөөд энэ нь бодит ахуй, бурханлаг үйлс, мэдрэмж ухаарал энэ гурвыг илэрхийлнэ. Ведийн мэргэдийн шүлэг нь дотоод совин бил¬гээс үүдэн үнэнийг танигч мэдлэгээс ундарч, гарцаагүй буй болох зүйлийг эрч хүчтэйгээр зөгнөнө. Веда яруу найргийн сахиус нь тэнгэрүүдийн ертөнцөөр зорчиж, тарнийн нууцлаг гүн утгасыг мөнхийн цаг хугацааны хязгааргүйд гаргаж тавьдгаараа агуу. Энэтхэгийн суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Равиндранат Таагүрийн “Өргөлийн дуулал” хэмээх Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн амь сүнсийг тэтгэгч нь Веда яруу найргийн мөнхийн санаа зориг болой. Чухамхүү хэлбэл Веда хэмээх агуу их зохист аялгуун пирамидын суурь хийгээд сүндэрлэгч эрчимээс Энэтхэгийн хожмын их хөлгөн судрууд, Бурхан багшийн “Ганжуур” хийгээд Галидааса тэргүүтний агуу их яруу найраг үүдэлтэй. Яруу найраг бол нэгэн ёсны оюун санааны ертөнц дэх үгээр цогцлоосон Пирамид буюу.
Яруу найрагчийн онгод урам сэрэхийн цагт эрт галавын домог сэлт амилан, эрхэс одод хөдөлгөөндөө орж, байгал дэлхийн өнгө аялгуу найрсан оюун сансарын тэрхүү хэт алс цэгээс пирамид мэт налуугаар ямар нэгэн тэгш дөрвөлжин байгууламжинд хувилан шүлэг төрнө. Үүнийг дорно дахинд зохист аялгуу хэмээн нэрийдэх болой.
***
Мексикийн Пирамидийн эрчимт орой биеэс дэлхийн нөгөө бөөрөн дээрх Отгонтэнгэр уул, Дарьгангын Алтан-Овоо, Богд Дүнжингарав уул цэлсхийн үзэгдэх мэт болбой. Пирамид хийгээд Ведийн тэртээх цаг үед эдүгээн Монголын Алтай, Хангай Хэнтийн уулсын их хөндий, гол мөрдийн сав даган нүүдэллэх овог аймгууд Хойд цэнхэрийн агуй, Рашаан хад, Ямаан ус, Их Тэнгэрийн аманд дүрслэл сэтгэлгээний бүтээл болох сүг зургуудаа туурвиж, магадгүй хээр талын уртлаг эрчимт аялгуугаар яруу сонсголонт тэгш хэм бүхий урт дуугаа шадлан дуулж асан буй заа. Тэр аялгуу, тэрхүү зохист ялгууны тэмдэглээ нь өдгөөгийн бидний хадны сүг зураг хэмээн нэрлэх туурвил мөн байх. Өндөрлөг эрчимт газраа овоо яндар босгож гал асаан од эрхис, нар саранд тахил өргөн өвдөг газрыг өлцөртөл, хажуу газрыг халцартал дуулалдах тэдний дуун монголын хад чулуунаас хангинан сонсогдох мэт болном.
Манай Монголын нэгэн их эрдэмтэн Х.Нямбуу агсан тэмдэглэхдээ “Түмэн насан буюу хас тэмдэг дэлхий дахинд тархсан хэдий ч Монгол газар сайгүй янз бүрээр бүр Хүрлийн үеэс юмуу, түүнээс ч эрт хад чулуунд сийлэгдэн, хүрэл зэсээр цутгагдан үлджээ. Хас тэмдэг нь мөнөөх Хойд Цэнхэрийн агуйн хоёр тэмдгийн гайхалтай уран сийлбэр загвар болох нь алт” гээд Хас тэмдгээр онолын физик болон сансар судлалын нэн шинэхэн ололтыг ч нэгэн зэрэг дүрсэлж болно хэмээсэн нь буй. Нээрээ л тийм. Хас дүрст загвар бол бас л яруу найргийн тэгш дөрвөлж байгууламжтай мөртлөө дөрвөн шад бүхий мөнхийн хөдөлгөөнт дүрслэл хийгээд түүний голчоос омего цэгийн хоорондох гурвалжин тэргүүтэн нь эргээд л пирамид сэтгэлгээтэй мөргөнө. Хас бол хоёр хосын нийлбэр, бас хоёр хосоор шадалж дөрвөн өлмийд бадаг үүсгэдэг монгол яруу найргийн шүлгийн тогтолцооны анхны илэрхийллийн томьёо гэмээр.
***
Мексикийн пирамидын оройгоос, түүний эрчимт мандлын гулсалтыг даган уруудаж эх газартаа буувай. Тэгээд дэлхийн бөмбөрцөгийн налууг тойрон уруудаж эх нутагтаа газардвай. Мексик, түүний Пирамид миний зүүдэнд даруй зуу гаруй хоног үзэгдэв. Бас Мексикт юу болов, ямар содон сонин мэдээ сонсогднов хэмээн чих тавих болов.
Мексикийн пирамид бүхий хотын туурь орчимоос нэгэн болор хүний хохимой толгой олджээ. Тэр хохимой толгойг олсон хүний зүүдэнд хэдэн мянган жилийн тэртээх түүхэн үйл явдал кино мэт үйл явдлаараа үзэгддэг болов гэнэ. Мөнөөх хохимой хүн төрөлхтөний эрдэмтэдийн гайхашралыг төрүүлээд зогсохгүй эртний өвгө дээдэс энэ хохимойг юунд хэрэглэж байсан, ямар багажаар хийсэн, ер манай дэлхийн хүмүүс эртний иргэшлийн үед ийм юм хийсэн байж таарах уу гэх олон асуулт эрдэмтэдийг шаналгасаар байгаа юм байна. Ийм болор толгой зөвхөн Мексик, Америкт төдийгүй Монголд нэг байна гэх сураг гаргаад шуугиад өнгөрөв.
Үүнийг ч бараг манай яруу найрагч, зохиолч, нийтлэлч нар амсаад үзэв бололтой. Монголын энэ үеийн содон нийтлэлч Б.Золбаярын маань “Давалгаа болорших дайд” хэмээх нийтлэл 2008 оны тэргүүн нийтлэлүүдийн гутгаарт Балдорж сан-гаас нэрлэгдэж, МЗЭ-ийн шагнал хүртэж, эрин үеийн сод найрагч Ц.Бавуудорж, Дан.Нямаа нар Хөдөлмөрийн гавьяаны хийгээд алтан гадас одон энгэртээ зүүв. Мөн энэ үед надад Монгол Улсын Шинжлэх ухааны академи тэргүүлэх профессор цол олгосон юм. Энэ бүхэн бол яруу найргийн алмааз мөрүүдийн нэгэн тунхаг болой.
Мексикийн яруу найрагчдын их чуулганы үеэр тив тивээс ирсэн үзэг нэгтнүүдээ үндэсний сархад болох “Такила” хэмээх архиар дайлсан юм. Энэ сархадыг зуун наст ургамалаас, гэхдээ зуун настын эртний өвөг болох аварга том шүүслэг ургамалаас нэрж гаргаж авдаг юм хэмээн, мөсөөр сэрүүцүүлж бидэнд өгдөг байлаа. Бид ч усыг уувал ёсыг дагана хэмээх ардынхаа үгэнд орж, бас ч гэж Мексикийг амталж мэдрэхээр шийдэж мөнөөх догшин хайрханаас багагүй хүртэц¬гээсэн болой. Сонины буланд мэдээ гарчээ. Үзвэл, эрдэмтэд Мексикийн “Такила” хэмээх архинаас алмааз гаргаж нээлт хийжээ. Алмааз гэнээ. Бид чинь тэгээд мөнөөх шин-гэн алмаазыг дажгүй хүртсэн биш үү!
Яруу найргийнхаа ач буянаар газрын хол, усны уртаас алмааз эрдэнийг амсаж явлаа хэмээн бодоход ч сайхан санагдана. Тэгээд пирамид зүүдлэхэд үү?
Акапулко 2008.X
Улаанбаатар 2009.II
Өдрийн сонинд 2009.03.02

Monday, February 9, 2009

ЧИНГИС ХААНЫ ТАМГАТАЙ ЗАРЛИГ ЦАГААН ҮҮЛИЙН СҮМД БУЙ


Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө Хятад газрын зүүн өмнөд аглагт даяанчлан суугаа Бомбын шашны хутагт Чан Чунь аршид урилга илгээжээ. 1219 оны билгийн улиралын таванд тэр цагт төрийн бичиг болох монгол бичгээр үйлдсэн эл урилгын бичиг Бээжин хот дахь Цагаан үүлийн сүмд 790 дэх жилдээ нандигнан хадгалдсаар буй ажээ.
Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлдмүй
Дэлхий дахины илбэн засахын тулд оюунт мэргэдийг залмуй
хэмээсэн гүн яруу утгат үгс бүхий энэ захидалд түмэн уулыг давж, мянган голыг гатлан явж Чингис хаантай уулзан найман сарын турш шадарлан дэлхийн эзэнд ном айлдсан Чан Чунь бомбо гэж хэн байсаныг товч тодорхойлсныг үзвэл “Сурвалжилан мэдвээс Цю багш / Чан Чунь/ чиний дүр байдал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёсон ариун, зан төлөв эрхэм, Богд хүний оворыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ” хэмээсэн байна. Чингис хаан Чан Чунь аршийг урьж буйн учир шалтгаанаа захидалд дурдахдаа “Багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн ажааралгүй миний бие сэтгэлийг тохинуулах бодлыг өвөрлөн морилон ирвээс таны ширээн дээр хаан би биеэ ариутган үйлчилж багшийн сургаалийн эрхэмлэн хүлээмүй” гэжээ.
Монголын түүхийн ховор чухаг дурсгалт бичгүүдийг хадгалан бүхий Цагаан үүлийн сүмийг бид зоривой. Бээжин хотын баруун урд дүүрэгт орших бомбын /даогийн/ шашны энэ сүмийг Чингис хаан мэддэг байсан ажгуу. Бээжинд суугаа эрдэмтэн, нэрт орчуулагч Я.Ганбаатар биднийг газарчилан монголын түүхийн халуун мөрийг гэрчлэх дурсгалт газруудаар аялуулсны нэгэн сондор нь энэ болой. Чингис хаан энэ сүмийг хутагт Чан Чунь аршид соёрхон бэлэглэсэн гэх бөгөөд хожим нь Чан Чунь аршийг жанч халахад энд нь бунхлан оршоосон юм байна. Чан Чунь аршийг жанч халахаас гурван сарын өмнө тэнгэрт хальсан их эзэн Чингис хаанд зориулсан тахилын сүмийн үүдэнд Чингис хаан отгон хөвгүүн Тулуй төр барьж бүхийдээ 1228 онд үүнийг бариулсан тухай хятад англи хэлээр бичсэн байх юм. Сүмийн нэг дуганд “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн дагуу уран баримлаар үйл явдлыг томруун сүрлэгээр дэлгэн үзүүлсэн нь энэхүү түүхэн агуу хоёр хүний уулзалтыг нүд хийгээд сэтгэлд энэ тодорхойяа өгүүлэх ажээ.
Чингис хаан морин дэл дээр явж дэлхий дахиныг төвхнүүлэн тохинуулж дуусах цаг нэн дөхсөн хийгээд насны наран дээр хөөрсөн цаг дор тухайн үед ихээхэн алдартай хувилгаан Чан Чунь аршийг урьж мөнхрөх хийгээд урт наслахын ухааны таньж мэдэхийн хамт мориноосоо буугаад улс хотлоор амар тайван аж төрөхүйн мэргэн сургааль юуныг өөрөө болон мэргэд сайдууддаа айлдуулахыг нэн их хүсч байжээ.
Чан Чунь арш улс, хотлоос урилга заллага олонтоо авсан боловч Чингис хааны урилгыг эрхгүйеэ хүлээн аваад нас хэвийсэн 73-ны жилдээ 20 шавиа дагуулан алсын аянд гарч бараг хоёр жил аялан одоогийн Афганстаны нийслэл Кабул хотын хойш этгээд дэх Гиндугушийн нуруунд 1222 оны өвөл очиж Чингис хаантай уулзсан Чан Чунь аршийг дагалдан явсан шавь Ли Чжаны замын тэмдэглэл хожмоо “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээн алдаршсан сурвалж бичгээс үзвэл Чан Чунь, Чингис хааны дэргэд бараг найман сар орчим байж олонтоо уулзаж, зам мөрийн сургааль хийгээд урт наслахын нууцын талаар ном айлджээ. Чан Чунь бомбын тэмдэглэл бичсэн нь Бомбыг буцахын өмнөх уулзалт дээр “Хаан хэлсэн нь: “Тэднийг алба гувчуураас чөлөөлөх хэрэгтэй гээд түүнд эзэн хааны тамга бүхий зарлиг гардуулав” гэжээ. Ийнхүү Чан Чунь аршийн Чингис хаантай уулзаад агуу их ээл ивээлд нь багтаж санаж ирсэн хэргээ ч бүтээсэн бөгөөд Чингис хааны зарлигийг дараах аль ч хаан үл өөрчлөх төрийн уламжлал олон зуун жил үргэлжилсэн нь мөнөөх зарлигийн бичиг сүм дор бат хадгалагдахын түлхүүр болсон бизээ. Чингис хааны өрлөг сайдууд болон шадар ноёд ч мөн хэд хэдэн удаагийн айлтгалд нь суусан байна. Чан Чунь Монгол нутгийг зүүнээс баруун тийш нэвт туулан аялахдаа Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны отгон дүү Отчигинтой, Алтайн нурууны ар дах ордод хааны нэгэн хатантай уулзсан хийгээд Хэрлэн голын хөвөөн дэх Киданы суварга бүхий Хэрлэн барс хотын балгасыг үзэж, тэндээс кидан бичигтэй тоосго олдсон тухай зэрэг чухал мэдээнүүд уг тэмдэглэлд буй. Өөр нэгэн сонирхолтой мэдээ бол Алтайн нурууны ард нэгэн балгаст ирсэн бөгөөд тэнд будаа тариалангийн газар үргэлжилэн бүхийг тэмдэглэлд бичсэн нь Чингис хааны зарлигаар Алтайн ард тариа тарьж байсан мэдээтэй таарч байна. Чингис хааны дотнын хүн Чингай чинсан энд Чан Чунийг угтан авч олон цэргээр хамгаалан баруун зүгт хамт аялсан байна.
Чан Чунь энэ хавьд саатан үлдэж Чингис хааныг буцахад нь нь угтах санаатай ахар богино хугацаанд Бомбын шашны олон дугантай сүм бариулсан бөгөөд арга буюу аяндаа гарч, харин есөн шавиа үлдээсэн байна.
Цагаан үүлийн сүмийн хэрмийн дотор талд Чан Чунь аршын аялалын замыг газрын зураг дээр томоор дэлгэн үзүүлснийг үзвээс хутагт бээр орон нутгаасаа их холын аянд мордсон өдөр нь 1219.01.18-ны өдөр байх бөгөөд бидний Цагаан үүлийн сүмийг үзэж буй өдөр нь 2009.01.18-ны өдөр байсныг бэлгэшээн түүхийн нэгэн их чухаг үйл явдлын тэртээ рүү зорчиж орох мэт мэт болбай.
Судлаач, орчуулагч Я.Ганбаатар, түүхч П.Дэлгэржаргал бид хэд сүмийн хэрэм дотор энэ мэтийг сониучирхан үзэж, элдвийг ярилцаж байх зуур бомбын нэгэн залуухан лам хүрэлцэн ирэв. Я.Ганбаатар тэд урьдын танил ажээ. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч энэ сүмд зочлоход тэд уулзсан юм байна. Нас залуухан, эрдэм ном хийгээд ёс мөрд гайгүй нэвтэрсэн болов уу гэмээр залуу бомбо Чан Чунь аршийн зураг дээрх шиг эрүүндээ багашаархан сахал ургуулсныг ажиглав.
Ламын нэр Ли Шинзун гэх бөгөөд сүмийн музейн эрдэм шинжилгээний ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Тэд биднийг монголоос яваа түүх, соёлын ажилтан, зохиолчид болохыг мэдээд
- Та нар Чан Чунь гэгээнтний шавийн бичсэн замын тэмдэглэл, Юлуй Чуцайн
тэмдэглэл сэлтийг үзээ биз ээ. Чан Чунь гэгээнтэн уул нь Чингис хааныг өмнөдөд дайлаар мордох гэж байхад нь тосч уулзая гэж бодож байсан юм билээ. Гэтэл баруун зүгт мордлоо гэсэн мэдээ аваад араас нь аян замд гарсан юм. Харин Чингис хаан Чан Чунь гэгээнтэн хоёрын ярьсан ярианы дэлгэрэнгүй эх нь янз бүрийн номд ороогүй нь хаан өөрөө хэнд ч нууцаа задруулж болохгүй гэж зарлигласан учраас юмаа. Биеийг тэжээх арга ухаан, энх тайван улс орныг засах тухай олон уулзалтын яриа буй гэв.
Бид ч хамгийн гол зүйлээ асуулаа:
- Танай сүмд Чингис хааны зарлиг бичиг хадгалагдаж байгаа гэж дуулсан юм
- Тиймээ Чингис хааны хоёр бичиг байгаа
- Яг эх нь мөн үү?
- Тиймээ, тэгэлгүй яахав яг эх нь!
- Монгол бичгээр байна уу?
- Хоёул монгол бичгээр бичсэн эх байгаа. Нэг нь Чингис хааны Чан Чунь
гэгээнтэнийг залах урилга бичиг, нөгөө нь Чан Чунь багшид энэ сүмийг соёрхсон зарлиг бичиг. Хятад Улсын нэгдүгээр зэргийн түүхийн ховор чухаг дурсгалд бүртгэлтэй байдаг юмаа.
- Хоёр бичиг тамгатай байна уу?
- Тиймээ, хоёулаа тамгатай!
- Бид нар тэр бичгийн эхийг үзэхээр ирсэн юм. Та үзүүлж болгоооно уу?
- Одоо боломжгүй байна. Онцгой хамгаалалтад байх учраас олон газраас
зөвшөөрөл авдаг журамтай. Тахилын сүм, зарим дугануудад засвар хийж байгаа. Удахгүй засвар дуусаад түүхийн энэхүү ховор чухаг эх дурсгалыг үзүүлэхээр дэлгэн тавих болно. Тэгэхээр ирж үзэхийг урьж байна гээд лам ямар нэгэн юманд яаран ажил гарлаа уучилаарай гээд явахдаа нэмж хэлсэн нь:
- Чингис хаан, Чан Чунь гэгээнтэн хоёр их хүний уулзалт өнөөдөр улам бүх
үнэ цэнэтэй, ач холбогдолтой болж байгаа. Энх тайван, дайн дажин, амар амгалангийн тухай олон чухал зүйл ярьсан. Чан Чунь гэгээнтэн Чингис хаан хоёр гуравхан сарын зөрүүтэй тэнгэр болсон. Тэд юу ярьсан, ямар нууц дохиогоор холбоотой байсныг хэн ч мэдэхгүй хэмээгээд яваад өгөв.
Нэн удахгүй манай эрдэмтэн мэргэд найман зууны тэртээх монгол бичиг хийгээд хааны тамганы дардас бүхий нэгэн чухаг дурсгалыг судлан шинжлэх боломжтой болох нээ. Түүхч, соёл судлаач, зохиолч, орчуулагч бид хэд залуу бомбын үгийг алмайран сонсч, нэн хөхүүнээр хөөрөн баясвай. Лам яасан ч андуу хэлэхгүй. Чингис хаан агуу их хүчирхэг тэнгэрийн мутраараа дарсан тамганы дардас бүхий XIII зууны монгол бичиг, түүх соёлын хоёр гайхашигт дурсгал түүхийн товрог дундаас товойн гарч ирэх хугацаа нэн холгүй болжээ хэмээн бид бэлэгшээн ярилцаж тахил шүтээнд нь хүж өргөж сүмийн доторх мянган наст модноос адис аваад эгвэй.
Бээжинд төрийн томилолтоор ажиллах хугацаандаа монголынхоо түүх соёлын олон дурсгалын тухай судалж сурвалжилан сайхан ном бүтээлүүд туурвисан Я.Ганбаатар гүүш маань Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг монгол хэлнээ орчуулж дуусаад байгаа аж. Энэ тэмдэглэл дотор Чан Чунь гэгээнтэний бичсэн олон сайхан шүлэг монгол нутаг, монгол ахуй, монгол газарт төрсөн гүн сэтгэгдэл, түүхэн эгшинүүдээр дүүрэн гэнэ. Чан Чунь гэгээнтэний монгол газар бичсэн шүлгийн бадгаас Я.Ганбаатарын орчуулгаар толилуулбай.
Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад
Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.
Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа
Охьюу өнгөт шүхэр усан болорыг хүлхэх мэт ээ.
Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,
Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.
Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч
Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй
Монголын хөх тэнгэр доор, мөрөн голын уснаас нь амсаж, цэнгэг агаараар нь амьсгалж бичсэн хутагтын шүлгүүд хүн төрөлхний яруу найргийн сан хөмрөгт ийххүү найман зууны дараа орж ирвэй. Түүх алсрах тусмаа бүдгэрдэг бус, агуу их түүх бол харин түүхийн манан дундаас гэрэлтэн тодордог хувь тавиланг, мөнх тэнгэр адисласан бус уу.
Профессор Г.Мэнд-Ооёо
Бээжин, 2009.01.22

Thursday, January 29, 2009

НОМАДИЗМЫН ДУУЛАЛ

Г.МЭНД-ООЁОГИЙН ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР БУЮУ НОМАДИЗМЫН ДУУЛАЛ
/Dr. Shaleen Kumar Singh/
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо өнөөдөр нэн онцгойн дээр ихэд нөлөө болохуйц нэгэн туурвилаа Англи хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Тэрээр “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүдэлчдийн амьдрал, уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг “Номадизмын дуулал” хэмээн нэрлэж ч болмоор санагдана.
“Гэрэлтэх агшин бүр” хэмээх хамгийн сүүлд хэвлүүлсэн энэ яруу найргийн ном нь юун түрүүнд Нүүдэлчдийн ахуй заншлын бодит байдал, дүр төрхийг ихээхэн нарийн илэрхийлсэн бүтээл болжээ. Г.Мэнд-Ооёо “-Нүүдэлчин монголын үр сад билээ, би. Үүр цүүрээр ачаалж нүүдэг сэн. Ачаатай тэргэн дээр, арган дотор сууж, атан тэмээний нэгэн жигд алхаанд өглөөн нарны туяаг угтсан балчир ахуйдаа ирээдүйнхээ яруу найргийн хэм хэмнэлийг мэдэрсэн ч байж магадгүй.” гэж нэгэнтээ дурсчээ. Үнэхээр ч нүүдэлчин амьдралын тэр хэв маяг нь түүнийг яруу найрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Тэрээр мөн “Аян холд ангаж яваа хүнийг баярлуулахын сайхныг, газар дэлхийдээ шүтэн амьдрагч бүхэн бие биеэс хамаат оршиж, найрсан туслалцахын учрыг багадаа узэж амталсан маань хожим бичих найргийн минь зан чанарт шингэсэн буй заа.” хэмээн өөрийн уран бүтээлийн гарваль мөн чанарыг нэмэн тайлбарлажээ.
Г.Мэнд-Ооёо хөдөөд өнгөрүүлсэн, хотод суурьшсан он жилүүдийнхээ аль алинаас нүүдэлчдийн үлгэр домог мэт амьдралыг ямагт мэдэрч, санагалзан, энэ нь ч түүний уран бүтээлд нөлөөлсөөр байх шиг. “Эрдэм номын мер хөөж энд тэнд бишгүй л "нүүж" явлаа. Язгуурын нүүдэлчин миний хот хүрээнд суурьшин суусан он жилууд ч нүүдэл мэт санагдаж байна” хэмээн найрагч маань хэлжээ. Түүний амьдрал бүхэлдээ нүүдэлчний язгуур мөн чанараа эрэн бэдсэн их нүүдэл ажээ. Энэ ч утгаараа Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс алгуурхан зогсолтгүй хөдөлгөөн, холыг түүчээлсэн эерүү урсгал, зөн совингоо эрэн бидсэн басхүү эргэн тойрныхоо бүхий л зүйлийг сониуч агаад өөдрөг нүдээр харсан, гэгэлгэн, уянгалаг зүрх сэтгэлийн өнгө аяс хөвөрч, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг эрхгүй тодосгодог. Номонд орсон бүхий л шүлгүүд нүүдэлчдийн зүрх сэтгэлийн гүнд хамгийн ихээр тусч, хүсэл сэтгэлийг нь хөвсөлзүүлэн татдаг бүхнийг илэрхийлэн бичиж, нүүдэлчдийн яруу найргийн онцгой шинжүүдийг өөртөө хадгалсан байх аж. Номын хамгийн эхэнд байх
Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй…
хэмээн үргэлжлэх “Гэрэлтэх агшин бүр” шүлгээс харахад л энэ шүлэг нь жинхэнэ нүүдэлчин хүний сэрэл сэтгэлгээг илэрхийлэн байгаа нь мэдрэгдэнэ. Тааламжтай сайхан нь юунд буй хэмээвээс агшин хормын зогсоц бүрийг шүлэг найрагтаа зохиогч өөрийн төсөөллөөр үргэжлүүлж, гүн утгыг эрэн олсон нь:
…Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй… хэмээх мөртүүдээс
харагдаж байна. “Чамруу би явж байна” нэртэй хоёр дахь шүлэгтээ салхитай олон жимийг туулж, сарьдаг их уулсыг давж, зуу зуун ус мөрнийг гатлаад хайр сэтгэлээн олохоор хэрэн явах нэгэн залууг /түүнийг дагалдагч сарыг ч бас/:
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч,
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам уруу би явж байна"(11) … гэх мэтээр дүрслэн бичсэнээс нь мөн л сайх найрагчийн туулж ирсэн нүүдэлчний амьдарлын зам мөр тодхон харагдаж байна.
Тэрээр шүлэг найрагтаа намар цагийн уйтгар гунигийг хавар цагийн сэргэн мандалттай нь хамт дүрсэлж, алтан нарыг атгасан мэт халуун залуу насныхаа илч гэрлийг бахдаж, хязгааргүй оюун санааныхаа чинад ертөнц дэх аян холын гэрэлт бодлууд, амьдрал цадигийн гэгээн агшнууд, хүмүүний оршихуйн нандин нууц, яруу найргийн зам замнал бүрээ дотоод сэтгэлийнхээ бодрол бясалгалаараа нээн бичсэн байх аж. Энэ нь түүний:
Чам руу би явж байна.
Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийн бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Хайрын охь мөнхийн дуугаа эрсээр
Чам руу би явж байна… хэмээн үргэлжлэх сайхан шүлгээс ч
тодорхой харагддаг. Мөнхүү Яруу найрагч Г.Мэнд-Ооёо:
Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй…
хэмээн нэгэн шүлгэндээ бичсэн байх нь “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлэх” Бурхан Буддагийн өнө цагийн алдар сууг нэн гоо сайхнаар дуулсан мэт сэтгэгдэлийг төрүүлж байна.
Яруу найрагч тэрбээр 'Нээхийн утган хэлхээ' хэмээх сайхан шүлгээрээ өмнөх олон найрагчдын нээн чадахыг ямагт тэмүүлсэн ч хараахан түвдээгүй жамын ертөнцийн нууцын нууцыг гүн ухааны бодрол бясалгалын үүднээс тайлахыг оролдсон ч байж болох юм. Түүний энэ шүлэг “Би” хэмээх үйлийн эзэн дээр үндэслэгдсэн байх ба шүлэг маань бүхэлдээ “Би”-гээр дамжуулан үнэн мөний нүд хийгээд цэцэн билгийн нүдийг нээхүйн харилцан хамаарлыг батласан байх ажээ. Мөсөн уулын орой нь хүний нүднээ үзэгдээд, ёроол нь далайн гүнээ хөвөн огт харагддаггүйтэй адил яруу найрагчид шүлгийнхээ гол утга санааг далд битүү утгаар хэлэх, салаалан нуух хандлага ихээхэн ажиглагддаг. Г.Мэнд-Ооёогийн:
Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм… хэмээх
мөртүүдээс ч бас утга найрслын ийм түүн лугаа жишээг олж харав би. Тэгвэл эл шүлгийн дараах мөртүүдээрээ тэрбээр:
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм... хэмээн нууцалсан
нууцынхаа тайллыг нээн толилуулах нь нэн зохист туурвил болжээ.
Энэхүү номонд нүүдэлчний ахуй сэтгэлгээний шүлгүүдээс гадна хайр сэтгэл, байгаль дэлхий, гоо сайхан, гүн ухааны сэдэвт олон сайхан шүлгүүд багтсан байна. Яруу найргийг орчуулна гэдэг нэн бэрх ч энэ номын орчуулагч яруу найрагчийн шүлгүүдийн үнэ цэнэ, үнэн мөнийг огт алдагдуулахгүйгээр гойд сайн орчуулсан байгааг бас онцлон хэлүүштэй. Г.Мэнд-Ооёо найрагчийн “Цагийг эргүүлэгч шувууны даллага, 'Чиний хөмсөг нисч яваа тогорууны далавч шиг', “Уулсын дүрийг тайлахуй”, 'Дөрвөн улаан навч' “Алтан хараацай” гэх мэт шүлгүүдэд нүүдэлчдийн амьдралын хэв тусгал, байгаль дэлхийн шим мандалтайгаа салшгүй холбоотойгоор дүрслэгдсэн. Мөнхүү Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс Буддизмын мөн чанар, сэтгэлгээ, урлал зүйн хэв шинжүүд олонтоо илэрдэг билээ. Энэ нь түүний шүлгүүдийг Монголын уламжлалт соёлын тусгалтай салшгүй холбоотойг харуулж байна. Профессор Я.Баатар “Г.Мэнд-Ооёо уламжлалт найруулах ухааныг орчин үеийн найруулах ухаантай холбож, уламжлал шинэчлэлийн нарийн судсыг нь атгаж чадсан юм. Хэрвээ ингэж чадаагүй бол дан ганц уламжлалт найруулгыг шүтээд сонгодог бичгийн найруулга мэтээр хэн хүнд авсаар ойлгогдохгүй хэдэн хуучин үгээр хөөцөлдөж явах байсан билээ. Гэтэл яруу найрагч тэгсэнгүй. Хуучин үгсийг сонгохдоо ч гэсэн зүй журмын дагуу зохих байрыг нь олж шигтгэж өгдөг учраас этгээд гажуу байдаггүй юм.” хэмээн бичсэн нь ч дээрхийг гэрчилнэ. Энд нэгэн жишээг дурдахад Энэтхэгт Хинди шашны үзэл санаан дээр тулгуурлсан уран зохиолын өв дуурьсал давамгайлах бөгөөд эндэхийн хамгийн нэртэй яруу найрагчдын нэг болох Раул Санкритъяаяан хэмээх хүн нүүдэлчдийн уугуул сэтгэлгээнд ихэд татагдаж, түүний мөн чанарыг олон олон бүтээлээрээ нээн бичиж байсан билээ. Тэрээр нэгэн шүлэгтээ:
"Sair kar duniya ki gafil zindgani phir kahan
Zindagani gar rahi to naujabani phir kahan."
хэмээн шүлгэлсэнийг нь хөрвүүлвээс
Агуу ертөнцөөрөө хэсэгтүн, ахиад төрнө гэж үгүй ээ.
Амьдралаа нэгэнт үрсэн хойноо дахиад залуу болохгүй ээ” гэсэн утгатай юм.
Эцэст дүгнэхэд “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн ном нь бүхэлдээ Нүүдэлчдийн амьдрал, сэрэл, сэтгэлгээний дуулал болж чаджээ. Тиймээс ч энд орсон шүлгүүд нь хайр сэтгэл, байгаль дэлхий, амь амьдрал, басхүү төрж өссөн газар шорооныхоо эгэл сайханд ууссан нэгдсэн, нүүдэлчин ахуйн тэр л гоо сайхныг магтан дуулсан гүн хүндэтгэлт учир агуулгыг өөртөө шингээсэн байх юм. Эцэст нь зүрх сэтгэлийн яруу дууллын нандин эгшгийг бүхий л талаараа тун хүчирхэгээр атгаж чадсан яруу найрагч Г.Мэнд-Ооёо таньд би чин сэтгэлийнхээ гүнээс амжилт хүсэн буйгаа ирэлхийлье.


Англи хэлнээс орчуулсан Б.Баясгалан

Thursday, January 15, 2009

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХ ЦАГ ДОР

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхдын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлнэ
Хулсан лимбэний гуниглангуйн чанадах тайтгарал
Хуудуу холоос бурхадын гэгээг дуудмуй

Шингэн бэхээр татсан эртний ханз үсэг мэт
Шинэхэн тэнгэрт сүмийн сүүдэр утгын дүрстэй
Замбуу тивийн сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй

Хумхийн тосны чинээ хувьхан чөлөөнд ч
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор ...

2003. 09.15

Tuesday, January 6, 2009

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларч буй
Тэртээх үүлс манайх руу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр ч бас тэрүүхэн дээрээс ширтэнэ.
Мөнгөн гүцэнд охь сөгнөе, аршаан болтугай
Алтан хундаганд дүүргэж адислая, аз жаргал орштугай.

Бэлгэтэй үг хэлэхэд булингартай ус тунгалагшдаг
Ерөөлтэй хүмүүс учрахад ертөнцийн магнай тэнийдэг
Буурцагт хорвоогийн үр бүхэнд төлжихийн шалтгаан оршдог
Бууралтахуйн жам нь шинэдэхүйн цагийг хүлээн зөвшөөрдөг
Бутарч сарнихуйн зохисгүйг эвсэн бүтэхүйд найрсуулмуй
Бурангуйн мунагийг ариусахуйн чанарт шилжүүлмүй.

Гадаад оршихуйн хаан суудал тань уул мэт байг
Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй
Дотоод оршихуйн амар амгалан тань тэнгэр мэт байг
Хүмүүний заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй
Буцахуйн гунигланг ирэхүйн инээмсэглэлд урвуулмуй
Будангуйрахуйг тунгалагшихуйд одуулмуй.

2008

Sunday, December 28, 2008

Г.МЭНД-ООЁО ПРОФЕССОР БОЛЛОО



Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Олон Улс Судлалын хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр зохиолч, нийтлэлч, утга зохиол судлаач, соёл судлаач, яруу найрагч Г.Мэнд-Ооёод урлаг соёл судлалын тэргүүлэх профессор цол олгов.
Г.Мэнд-Ооёогийн сүүлийн жилүүдэд Монголын уран зохиол, соёлын судалгааг дэлхий дахинд хүргэх хийгээд дэлхийн утга зохиолтой монголын зохиолчид уншигчидыг холбох, судлах, орчуулах , хэвлэн нийтлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг өндрөөр үнэлж энэ хүндэт цол хэргэмийг хүртээсэн байна. Үүний өмнө Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлд Дэлхийн Урлаг Соёлын Академиас утга зохиолын доктор болсон бол Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи түүнд тэргүүлэх профессор цол олгосон байна. Ийнхүү яруу найрагч шинжлэх ухааны профессор боллоо.


СОЁЛ ЯРУУ НАЙРГИЙН АКАДЕМИ

2008 ОНЫ МЭДЭЭЛЭЛ
Соёл Яруу Найргийн Академийн гишүүд, хүндэт яруу найрагч зохиолч, орчуулагчид аа!
Та бүхэнд ирж буй шинэ жилийн баярын мэнд хүргэе. 2009 он уран бүтээлийн онгод, урам зориг, шинэ бүтээл, амжилт ялалтаар дүүрэн байх болтугай.
Эрхэм гишүүддээ 2008 оны ажлынхаа талаар мэдээлэхийн хамт ирэх онд болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байгаадаа баяртай байна.
· 2008.1-р сарын 5-20 “Уран бичлэг ба яруу найраг” үзэсгэлэн Хаан банкны арт галерейд зохион байгуулав.
· 2008.03.1 “Уран бичлэг ба яруу найраг” каталогийг Хаан банкны дэмжлэгтэйгээр хэвлүүлж нийтийн хүртээл болгов.
· 2008.03.15 Их яруу найрагч Б.Явуухулангийн төрсөн өдөрт зориулсан “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” нэртэй аялалыг зохион байгуулж Богд Уулын Цэцээ гүн оргилд Б.Явуухулангийн шүлгийг мандуулав.
· 2008 Монголын Үндэсний Чөлөөт Зохиолчдын Холбоо, Улаанбаатар Их Сургуультай хамтран яруу найрагч Доржийн Гомбожавын 75 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав.
· 2008 VI. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны сайд Н.Болормаагийн дэмжлэгээр “Монголын уран зохиолын дээж” номыг англи хэлээр хэвлүүлж монголын бүх номын сангуудад болон гадаадын номын сан, утга зохиолын байгууллагуудад илгээх төсөл хэрэгжүүлэв.
· 2008. V.26-31 Америкийн яруу найрагч Давид Лехманы айлчлалыг АНУ-ын ЭСЯ, Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран зохион байгуулж, Америк Монголын яруу найргийн үдэшлэгийг Хаан театрт зохион байгуулав.
· 2008. V.26-VII.07 Английн орчуулагч Саймон Вэккхам Смитийг Монголд урьж ирүүлэн Явуухулан тэргүүтэй Монголын яруу найрагчдын зарим бүтээл, Монголын шилдэг өгүүллэгүүдээс орчуулах төсөл хэрэгжүүлэв.
· 2008. Английн орчуулагч Саймон Вэккхам Смитийн орчуулгаар 2008 онд хэвлэгдсэн номууд:
О.Дашбалбар “Оюун санааны яруу найраг ба Газрын төлөөх тулалдаан эхэллээ
Ц.Бавуудорж “Хүмүүн өвс болох үест
Т.Эрдэнэцогт “Сэтгэлийн огторгуй
· Английн орчуулагч Саймон Вэккхам Смитэд Засгийн Газрын шагнал Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан цол олгов.
· 2008.VI.30-нд Тайваний яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Си-гийн “Хөхөмдөг далайн нууцлаг яралж” уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд зохион байгуулав.
· 2008. VIII Дариганга ардын аман зохиол” /Г.Мэнд-Ооёо, Г.Ловор/ номыг Улаанбаатар Их Сургуультай хамтарч хэвлүүлэн олны хүртээл болгов.
· 2008.IV.09-15. Соёл Яруу Найргийн Академийн Ерөнхийлөгч Сока Гаккай интернэйшнл байгууллагын урилгаар Япон Улсад зочлов. Японы “Сейко Шимбун” сонин болон “Пампин” сэтгүүлд Монголын уран зохиолын талаар ярилцлага өгөв.
· 2008.IX.10-11. Тайваны яруу найрагч Юй Си-гийн “Төгөлдөр Орчлон” хөгжимт дуулалт жүжгийн тоглолтыг Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа зохион байгуулав. Тоглолтын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцов.
· 2008. X Мексикийн Акапулко хотод болсон Дэлхийн Яруу Найрагчдын XXVIII их хуралд Монголын төлөөлөгчидийг оролцуулах ажлыг зохион байгуулав. Тус их хуралд Г.Мэнд-Ооёо, Дан.Нямаа, Б.Дашзэвэг, Ц.Бавуудорж, Б.Золбаяр нар оролцож шүлэг зохиолоо уншиж, шинэ хэвлэгдсэн номоо танилцуулав.
· Дэлхийн Яруу Найрагчдын 2008 оны Анталогид монголын яруу найрагчдын бүтээл хэвлэгдэв.
· СЯНА-ийн ерөнхийлөгч Г.Мэнд-Ооёог Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргаар томилов.
· GUNU сэтгүүлийн VI, VII дугаарыг хэвлүүлэв.
· 2008 Яруу найрагч Ц.Бавуудорж, Дан.Нямаа, орчуулагч М.Шагдарсүрэн, судлаач Дэ.Мягмарсүрэн нарыг Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсүүлэв.
· 2008.11 СЯНА-ийн тодорхойлолтоор орчуулагч, зохиолч Ж.Гэндэндарамыг Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн цолоор, яруу найрагч, орчуулагч Д.Бямбааг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнав.
· 2008.10 Тайваний яруу найрагч Юй Си-д Монголын Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Найрамдал медаль гардуулав.
· 2008.12.06-22 Соёл Яруу Найргийн Академийн ерөнхийлөгч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Европын яруу найргийн Академи болон Дэлхийн Урлаг Соёлын Академийн урилгаар Европын орнуудад яруу найргийн уулзалт, наадам, уншлагад оролцов.
· Тайваний гарамгай яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Сигийн санаачилгаар “XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал” бий болгож, энэ жил анхны шагналаа Европ дахинд алдартай М.Рупуст олголоо. Уг шагналын мөнгөн сан 30,000 ам доллар.
2009 ОНЫ ХӨТӨЛБӨРИЙН АГУУЛГА
А. ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР:
- 2009.3.15 Их яруу найрагч Б.Явуухулангийн 80 насны ойн өдөр
- 2009.03.21 Дэлхийн яруу найргийн өдөр
- 2009. С.Эрдэнэ 80, Д.Шагдарсүрэн 70, Ц.Гайтав 80, Д.Нямаа 70 зэрэг ойнууд тохиож буй.
Б. ЯРУУ НАЙРГИЙН ҮЙЛ ЯВДАЛ:
- 2009.03.14 Богд Дүнжингарав уулын Цэцээ гүн оргилд хийх яруу найргийн авиралт
- 2009.VI Данзанравжаагийн дурсгалт газарт болох “Сувдан сондор” яруу найраг уран бүтээлийн аялал
- 2009.09.27-10.04 Дэлхийн Яруу Найрагчдын XXIX их хурал. Унгар Улсын нийслэл Будапешт хот. Ерөнхийлөгч нь Иштван Турц /Энэ их хурлын мэдээлэл ирэхээр гишүүдэд дамжуулна/
- Албан ёсоор зарлаж буй яруу найргийн олон улсын фестивалиуд:
a) Никарагуа Улсын Гранада хотод болох Олон Улсын яруу найргийн V наадам. 2009.02.19-21
b) Лифуаниа яруу найргийн хаврын наадам. Вилниус. 2009.03.18-31
/оролцох хүсэлтэй яруу найрагч, зохиолчид мэдээллийг СЯНА-аас авч болно/
В. ГИШҮҮНЧЛЭЛ
- Соёл Яруу Найргийн Академиас уран бүтээлээрээ хүлээн зөвшөөрөгдөж, англи болон бусад хэлнээ зохиол бүтээл нь орчуулагдаж утга зохиолын сэтгүүл, анталогид буюу дангаараа ном болон хэвлэгдсэн яруу найрагч, судлаач, орчуулагчийг Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсүүлэхэд нэр дэвшүүлж батлан даана.
a) Байнгын гишүүний элсэлтийн хураамж 400$
b) Товч намтар, хэвлэгдсэн ном, 3 хувь зураг
- Дэлхийн Урлаг Соёлын Академийн утга зохиолын доктор цол олгуулахаар тус академийн гишүүн 1 хүний нэрийг дэвшүүлэх боломжтой.
Тайлбар: / Соёл Яруу Найргийн Академиас нэр дэвшүүлэх бөгөөд олгох эсэх асуудлыг Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөл шийдвэрлэдэг журамтай/
- Соёл Яруу Найргийн Академийн “Тэнгэрийн хүлэг” шагналыг 2009 онд 1 яруу найрагчид олгоно.
Г. НОМ ХЭВЛЭЛИЙН ТУХАЙД
- GUNU сэтгүүлийн ээлжит дугаарыг Дэлхийн Яруу Найрагчдын их хуралд зориулж хэвлэнэ. /2009.VI сард/
- Дэлхийн шилдэг яруу найраг цуврал. Америкийн яруу найраг. /Орчуулга, эмхэтгэл хийгдэж буй, Хэвлэх зардал хайж буй/
- Дэлхийн шилдэг яруу найраг цуврал. Хятадын яруу найраг. /Орчуулга, эмхэтгэл хийгдэж буй, Хэвлэх зардал хайж буй/
- Б.Явуухулангийн шилмэл шүлгийн эмхэтгэл англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
- Д.Нямсүрэнгийн шүлгийн эмхэтгэл англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
- Б.Золбаярын өгүүллэгийн ном англи хэлээр хэвлэгдэнэ. Орчуулагч Саймон Вэккхам Смит.
Гишүүдийн анхааралд:
1. Вэб сайтаа шинэчилж байгаа тул гишүүд 25 мөр дотор товч намтар, гэрэл зураг, 2-3 шүлэг /эсээ, шүүмж, орчуулга/ монгол англи хэлээр ирүүлнэ. Эцсийн хугацаа: 2009.1.20
2. Гишүүд албан ёсны хаяг, мэйл, утас, факсынхаа дугаарыг ирүүлнэ. 2009.1.20
3. Байгууллагын чадавхийг дээшлүүлэхэд гишүүд бололцооны хирээр дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Хандивлагч, ивээн тэтгэгч олох, шинэ түншлэл бий болгох, ном хэвлэл дэмжих, ялангуяа GUNU сэтгүүлийг тогтмолжуулах, гадаадад нөлөөтэй болгоход санаачилга, дэмжлэг хэрэгтэй байгааг анхаарна уу.
Сайн үйлс дэлгэрч, Номын цагаан буян арвижих болтугай!

Г.Мэнд-Ооёо: Яруу найргийн ертөнц бол гэгээн сүм шүү дээ






Ц.ЭНХМАА (2008-12-26) /Өнөөдөр сонин, Аяны богц
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо Европын нэлээд хэдэн орноор аялаад иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Явснаас
үг сонс гэдэг. Уран бүтээлчийн аяны богцыг задалбал сонин сайхан зөндөө биз дээ. Ямар ажлаар хаагуур яваад ирэв?
-Яруу найраг, уран зохиолын хэд хэдэн томоохон үйл явдлуудад оролцож Словак, Австри, Франц, Швейцариар аялаад ирлээ. Тухайлбал, Европын яруу найргийн Академийн урилгаар Словакийн алдарт яруу найрагч Жан Смерекийн яруу найргийн наадамд оролцлоо. Энэ наадам Словакийн Братислав, Транава, Скалиса хотуудад болсон. Мөн Европ дахинд нэрд гарсан гарамгай яруу найрагч Милан Рупус гуайд XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал гардуулах ёслолд оролцлоо. Би энэхүү шагнал олгох олон улсын хорооны гишүүний хувьд энэ ёслолд уригдсан. Манай дээд байгууллага болох Дэлхийн урлаг соёлын Академийн удирдлагуудын уулзалт Франц, Швейцарийн хил дээрх алдарт Женева нуурын хөвөөнд болсон. Дараа нь Швейцарийн хэд хэдэн хотоор уран бүтээлийн аялал хийсэн. Бас дэлхийн соёлын гайхамшигт хот Австрийн Венатай танилцлаа.

-Европт яруу найргийн наадмыг яаж зохион байгуулж байна вэ. Манайхаас юугаараа ялгаатай байх юм?
-Словакийн XX зууны гарамгай яруу найрагч Жан Смерекийн нэрэмжит наадмыг Европын яруу найргийн академи, Жан Смерекийн олон улсын яруу найргийн наадмын байнгын хорооноос жил бүр зохион байгуулж, энэ их хүнийг судлах, дэлхий дахинд алдаршуулах, зохиол бүтээлийг нь орчуулах, дэлгэрүүлэх бодлого явуулж байна. Жан Смерек 1980-аад он хүртэл амьдарч байсан, манайхаар бол Явуухулан юм байна. Европын орноос, ялангуяа Скандиновын орнуудаас олон яруу найрагч иржээ. Азиас анх удаа оролцож байна гэж онцолж байлаа. Театр, галерей, их сургууль зэрэг олон газар зочин яруу найрагчдын уншлагыг зохион байгуулсан. Уншлагуудаа маш тансаг орчинд их соёлтой зохион байгуулж найрагчдынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж байна лээ. Нэг л намуухан, яг л сүмд орсон юм шиг санагдсан шүү.

-Та шүлгээ уншив уу? Гадаадын найрагчид ямар хэлээр унших юм?
-Өөр өөрийнхөө хэлээр уншина. Миний яруу найргийн уншлагыг гурван удаа зохион байгуулсан. Би монголоор уншаад, миний шүлгийг орчуулснаа Словакийн нэрт орчуулагч Милан Рихтер болон жүжигчид нь уншиж байлаа. Энэ үеэр гадаадын Элчин сайдын яамдуудад бас ийм наадам болж байх жишээтэй. Бүхий л талаар үндэснийхээ бахархал болсон яруу найрагчийг дэлхий дахинд гаргахын төлөө чармайж байгаа нь илт. Засгийн газар нь жил бүр энэ наадамд зориулж төсөв гаргадаг, шүлгээ уншсан найрагчдад урамшуулал олгодог тогтолцоотой юм байна.
Дэлхийд сайн танигдаагүй Монголын утга зохиолын хувьд үндэсний бахархал болсон зохиолч, найрагчдаа алдаршуулах, танилцуулах ийм наадам зохион байгуулж баймаар юм. Үүнийг төрийн бодлого болгох ёстой юм байна л гэж бодож явлаа.

-Словакийн зохиолчдын байгууллагын үйл ажиллагаатай танилцав уу?
-Словакт зохиолчдын хоёр байгууллага байна. Нэг нь хуучин социализмын үеийн байгууллага, нөгөө нь чөлөөт зохиолчдын холбоо. Мөн клубүүд байна, манайхтай төстэй юм. Ялгаа хийгээд давуутай нь гэвэл тэднийх утга зохиолын сантай. Зохиолчид номынхоо орлогоос хоёр хувийн хандив өргөдөг, зохиолчдын бүтээлийг ашигладаг дуучид, уран бүтээлчид ч орлогын хоёр хувиа өгдөг нь санг сайн арвижуулдаг ажээ. Сангаас зохиолчдыг ном бичих, хэвлүүлэхэд нь тэтгэлэг, зээл олгоно, гачигдалтай үед нь дэмжлэг үзүүлнэ. Сангийн мэдэлд зохиолчдын ордон байна. Энэ ордон нь Соёлын яамны мэдэлд, төрийн өмчид бүртгэлтэй байдаг боловч бүх үйл ажиллагаа нь зохиолчдод зориулагдсан юм билээ. Бид очиж үзсэн. Эртний цайз байсан уран барилгын гайхалтай дурсгалыг сэргээн засварлаад Засгийн газар нь зохиолчдодоо өгсөн юм байна. Ордондоо зохиолчид нь зохиолоо бичиж, номын санд сууж, үзэсгэлэнгээ гаргаж, номын нээлт, яруу найргийн уншлагаа зохион байгуулдаг. Бас л манайд ийм зүйл санаачилж болдоггүй юм болов уу хэмээн бодогдож цагаан атаархал төрж явлаа. Ард түмэн нь яруу найрагчдадаа ямар хайртайг, бас төр нь хэрхэн халамжилдгийг нүдээр үзлээ.

-Яруу найргийн шагнал гардуулах ёслолд та оролцсон гэсэн байх аа
-Тайванийн гарамгай яруу найрагч, соён гэгээрүүлэгч Юй Сигийн санаачилгаар “XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал” бий болгож, анхны шагналаа Европ дахинд алдартай М.Рупус гуайд олголоо. Тэрбээр энэ жил 80 настай, хал үзэж халуун чулуу долоосон, хэлмэгдэж хавчигдаж явсан, уран зохиолын бүхий л төрлөөр бичдэг зохиолч, орчуулагч юм. Цул алтаар урласан медаль, диплом, шилмэл шүлгийн түүврийн шинэ хэвлэл, 30,000 ам.долларыг түүнд гардуулсан. Шагнал гардуулах ёслолыг театртаа өндөр дээд хэмжээнд маш сүрлэг зохион байгуулж байна лээ.

-Энэ шагналыг ямар шалгуураар олгодог юм бол, Та шагнал олгох хорооны гишүүн нь тул сайн мэдэж таарна аа.
-XXI зууны олон улсын яруу найргийн дээд шагнал олгох хороонд Ази, Европ, Америкийн 10 гаруй орны яруу найргийн байгууллагын нэр хүндтэй төлөөлөл оролцдог. Шагналын хорооны гишүүн бүр нэр дэвшүүлэх эрхтэй. Гэхдээ гишүүдийн 100 хувийн санал авсан яруу найрагчдад л олгох дүрэмтэй. Милан Рупус гуай бүх гишүүдийн саналыг авч чадсан.

-Ямар хугацаанд олгож байх юм?
-Жил болгон олгоно. Шагнал гардуулах ёслолыг өөр өөр оронд зохион байгуулна. Заавал шагнал авах яруу найрагчийн эх оронд гэхгүй. 2011 онд Монгол Улсад зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Фукуокагийн Азийн соёлын шагналтай дүйцэхүйц хэмжээтэй шагнал бий болсонд яруу найрагчид баяртай байна лээ. Яруу найрагчид шагналын төлөө бичдэггүй боловч, бүтээснийхээ баяр бахархлыг үзэг нэгтнүүд болон уншигчидтайгаа хуваалцах гайхамшигтай агшныг тэд хүсч хүлээж байдаг гэж шагнал гардуулах үед Дэлхийн урлаг соёлын академийн ерөнхийлөгч Маурус Янг онцолж байлаа.

-Монголоос энэ шагналыг авах боломж байгаа болов уу?
-Боломжтой. Мэдээж Монголоосоо нэр дэвшүүлэх бодол байгаа. Харин зохиол бүтээл нь англи болон бусад хэлээр орчуулагдсан, анхаарал татсан байх нь чухал. Манайхан энэ зүг рүү зоригтой хөдлөөсэй гэж би бодож, хүсэж явдаг.

-Таны удирдах зөвлөлд нь ажилладаг Дэлхийн урлаг соёлын Академийн удирдлагуудын уулзалт Женевт болсон гэсэн. Тэр сониноосоо хуваалцаач?
-Дэлхийн яруу найргийн үйл амьдралын ирээдүйн төлөв, чиг хандлага, улс үндэстнүүдийн яруу найргийн өнөөгийн байдлын тухай мэдээлэл сонсож, санал бодлоо солилцсон. Би Монголын яруу найргийн өнөөгийн чиг хандлагын тухай мэдээлэл хийж, манай академиас сүүлийн жилүүдэд англи хэлнээ орчуулан хэвлүүлсэн номуудаа танилцуулсан. XXI зууны дэлхийн яруу найргийн ертөнцөд монгол үндэстэн, өвөрмөц яруу найрагтайгаа хурдтай нөлөөтэй орж ирж буйг тэд онцлон тэмдэглэсэн шүү.

-Ямар ямар ном хэвлүүлсэн юм бэ? Бүгд англи хэл дээр юм уу?
-Тийм ээ. Данзанравжаагийн шүлгийн бүрэн түүвэр “Үлэмжийн чанар”, Монголын шилдэг яруу найраг, “Монголын уран зохиолын дээж”, О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана”, “Оюун санааны яруу найраг ба газрын төлөөх тулалдаан эхэллээ”, “Монгол яруу найраг ба каллиграфи”, Ц.Бавуудоржийн “Дорно зүгт өвс болно”, миний “Алтан овоо”, “Нүүдэлчний найраг”, долоон залуу найрагчийн “Нэг их том цагаан заан”, Т.Эрдэнэцогтын “Сэтгэлийн огторгуй” зэрэг ном, GUNU сэтгүүлийн дугаарууд гаргасан байгаа.

-Цаашид танай академиас ямар ном гаргах вэ?
-Б.Явуухулангийн шилмэл шүлгүүд, Д.Нямсүрэнгийн амьддаа хэвлүүлсэн гурван ном, Б:Золбаярын өгүүллэгийн номуудыг англи хэлнээ хэвлэн гаргахад бэлэн болоод байна. Орчуулгыг английн оруулагч Саймон Вэккхам Смит хийж байгаа. Одоо Д.Нацагдорж, В.Инжиннашийг хийх санаа буй.

-Танай академи Монголын яруу найргийг гадаадад танилцуулах талаар нэлээд зүйл хийжээ. Тэд хэрхэн хүлээж авч байна вэ?
-Ямар ч байсан бараг цагаан байсан энэ зайд Монголын яруу найргийн англи хэлний номын сан гэхээр шахуу юм бий болсон. Дэлхийн их хурлууд, уран зохиолын янз бүрийн үйл явдлуудад оролцохдоо ганзагалаж явдаг юм. Бас интернэт сайтуудад байрлуулдаг. Сурталчилгааны үе шатандаа гэх үү дээ. Одоо гадаадын хэвлэлийн газрууд, хэвлэн нийтлэлч нартай холбоо тогтоож байна. Гадаадын их дээд сургуулийн мэргэжлийн тэнхимүүд, эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын анхааралд орж байна. Монголын утга зохиолын шилдэг бүтээлүүд үндэсний зах зээл дээр зөвхөн соён гэгээрүүлэх, өглөг хандивын л үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, манай оюуны зах зээл бага. Уран зохиолын номын орлогоороо зохиолчид, зохиолчдын байгууллага хөл дээрээ босох боломж бараг байхгүй. Ийм нөхцөлд дэлхийн оюуны зах зээл дээр өрсөлдөх боломжийг үндэсний утга зохиолд нээж өгөх явдал бол манай академийн ойрын томхон зорилт юм. Гэхдээ энэ эцсийн зорилго биш л дээ. Монголын аугаа их утга зохиолыг дэлхийн оюуны үнэт өв соёл болгож хүн төрөлхтнөөр хүлээн зөвшөөрүүлэх, алтан сан хөмрөгт нь оруулах явдал бол миний холын зорилго юм. Дээрх үйлс бол Монголын Зохиолчдын байгууллагын 80 жилийн ойд барьж буй манай бэлэг юм.

-Яг одоогийн байдлаар манай утга зохиолыг гадаад ертөнцөд хүлээж авч байгаа хандлага ямар байна? Тухайлбал таныг?
-Монголын яруу найраг гэж юу байдаг талаар сураг ч үгүй байсныг бодвол эрх биш тодорхой хүрээнд мэддэг болсон. Янз бүрийн анталоги, лавлах, толь бичгүүдэд оруулж дурддаг болсон. Барууны их дээд сургуулиудад Монголын яруу найргийн талаар лекц семинар хийдэг, сэтгүүлдээ нийтэлдэг боллоо. Нэр хүндтэй, хүлээн зөвшөөрөгдсөн яруу найрагч-орчуулагч нар бидэнд ханддаг боллоо. Дэлхийн яруу найргийн томоохон үйл явдлын индрээс Монголын яруу найраг, Равжаа, Нацагдорж, Явуухулан, Дашбалбар гээд үндэснийхээ найрагчдын нэрийг сонсч, ишлэл авсныг нь тэмдэглэхэд бахархал төрж л байдаг. Энэ бол алхам. Бидний амжилт ард буй. Миний хувьд юу шалихав дээ. Бүтээлүүд маань 20 гаруй хэлээр орчуулагдаж нийтлэгджээ. Гадаад оронд таван ном хэвлэгдсэн. Судалж, сонирхож, шүүмж бичиж, сэтгүүл, сонин, вэб сайтуудад тавигдсан зүйл нэлээд бий. Бас гадаадын томоохон сонин сэтгүүл ярилцлага авдаг аа. Ямар ч байсан сөөм сөөмөөр гадаад ертөнц рүү ахиж байгаа л юм байна гэж урамшиж байдаг. Манай Чинагийн Галсан зохиолч барууны утга зохиолын өнөөгийн ертөнцөд аргагүй л байр суурь эзэлж чаджээ. Үүнд баярлах ёстой. Зарим нь үгүйсгэж л байдаг юм. За энэ ч яах вэ, манайхан бие биеэ хүлээн зөвшөөрч сураагүйн гэм юм уу даа.

-Утга зохиол яруу найргийн амьдралтай холбоотой өөр юу үзэв?
-Швейцарийн алдарт Женева нуурын хөвөөнд орших Чиллон хэмээх эртний цайзад очлоо. Аугаа их яруу найрагч Ж.Г.Байроны хоригдож байсан тасалгаанд орж, түүний шоронгийн хананд өөрийн гараар ухаж сийлсэн нэрийн ормыг хуруугаараа тэмтэрч үзлээ. Байроны энд бичсэн “Чиллоны сонет”, “Чиллоны хоригдол” хэмээх алдарт шүлэг найраглалыг олж ирсэн. Энэ тухай би дараа нэг аятайхан нийтлэл бичих учраас ингээд орхиё.

-Дэлхийн яруу найргийн өнөөгийн чиг хандлагын талаар, тухайлбал, сонгодог уламжлалт яруу найраг, модерн яруу найргийн аль нь өнөөдөр жин дарж байна вэ?
-Би өөрийнхөө үзэл бодлоор хариулъя. Зуу зуун жилээр уншигдаж, улс үндэстэн, хүн төрөлхтний оюун санаагаар шүүгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн, сая сая хүмүүсийн зүрх сэтгэлээр адислагдан эрчимжсэн сонгодог яруу найраг, түүний уран чадвар, агуулга далайц, хэл соёлын үнэт чанар бол миний чиг баримжаа. Тэр бол өнгөрсөн цагт ч, өнөөдөр ч үнэ цэнэтэй, ирээдүйд улам ч үнэ цэнэтэй, мөнхийн зүйл. Гэхдээ би модернист яруу найргийг үгүйсгэдэггүй. Модернист яруу найраг гэхээр бүр зах замбараагүй, эмх цэгцгүй, гаж шүлэг гэж ойлгох хандлага буй болж модернизмаа өөрийг нь гажуудуулж байх шиг. Орчин үеийн элдэв хэв маяг, хэт төмөрлөг хахир хэмнэл, зан чанарын элдэв замбараагүй чөлөөт байдлын тусгал нь яруу найраг болох юм бол өмнөх үзэл суртлаар жолоодуулж байсан үеийнхтэйгээ адилхан л болно гэсэн үг биз дээ.

-Өрнийн болон дорнын өнөөгийн яруу найрагчидтай Монголын зохиолчдыг харьцуулбал ямар дүр зураг харагдах бол?
-Өөрсдийгөө чамлаад, өөр бусдыг өргөөд ч байх юм алга. Гэхдээ тэдний ертөнцөд ороход нэг л эрхэмсэг хээмсэг байдлыг мэдэрдэг. Яруу найраг соёлын дээд түвшинг илэрхийлдэг утгаар яруу найргийн наадамд ирж буй зочин гийчид ч бас тийм байдлаар биеэ бэлтгэнэ. Харин клубийн хэмжээний яруу найргийн үйл явдлууд бол их энгийн болдог юм билээ. Манай яруу найраг, утга зохиолын орчныг цэвэр тунгалаг болгох, зохиолчдынхоо нийгэмд нөлөөлөх байр суурийг эзлүүлэх, гэгээрүүлэх тал дээр зохиолчдын байгууллагууд ажиллах хэрэгтэй юм гэж бодогддог. Алийн болгон яруу найргийн тайз шороотой гуталтай байх вэ? Бас алийн болгон шүлэгчид нь яруу найргийн сахиустай үзгээрээ өдөртөө шар мэдээ бичиж, шөнөдөө шүлэг бичиж амь зогоох вэ? Яруу найргийн ертөнц бол ариун гэгээн сүм юм шүү дээ. Үүнийг бид өөрсдөө л буй болгоно. Тэгээд ч эртний соёлт Европ дахины утга зохиолын ертөнцтэй цухас танилцахад яруу найргийн ертөнц бол гэгээн сүм юм, яруу найрагчид нь бол сүмийн гэгээнтнүүд юм хэмээн бодогдсоноо нэмж хэлье ээ.