Saturday, March 14, 2009

ЯВУУХУЛАНГИЙН ТУНГАЛАГШУУЛАГЧ УЯНГА



Монголын XX зууны сод яруу найрагч Б.Явуухулангийн 80 насны ой энэ онд тохиож буй бөгөөд Монголын Соёл, Яруу Найргийн Академиас түүний яруу найргийн шилмэл түүврийг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ хэвлүүлж байна. Энэ удаа уг номын өмнөтгөлд Б.Явуухулангийн шавь Г.Мэнд-Ооёогийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.

Янгир дүүлэх шовх шовх хадан уулс тэртээ баруун урагш намсан, агь хөмүүлийн үнэртэй говирхог хөндий цэнхэртэн үргэлжилнэ. Цэнхэрлэгч тэртээ алслах хярхаг дээр цас цагаан тэргүүнтэй усан цэнхэр уул хөндөлсөн харагдана. Энэ бол Хасаг Жаргалантын уул. Чухам ийм л хараа булааж, онгод сэргэх сайхан нутаг, наран ээвэр хадан уулсын “Тасархай” хэмээх малчны өвөлжөөнд их яруу найрагч Явуухулан мэндэлсэн юм. Түүний намтарт 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн хэмээн бичсэн байдаг. Бодвол, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүүгээ хүлээж хаврын эхэн сарын ээвэр өдрүүдийг энэ өвөлжөөндөө угтсан буй заа. Чандманалсан гурван гэрийн буурь одоо ч хэвээрээ буй. Говь түшиж өвөлжсөн айлууд урин дулаан болонгуут сэрүүн сэрмүүнийг дагаж Богдын голыг өгсөн Отгонтэнгэр уулын мөнх цагаан оргилыг зүглэн нүүдэллэнэ. Уулын голын хүрхрэх урсгалын чимээ, цаст уулын туйлын цагаан солонгон гэгээ, олон үхэр тэрэгний хонхон дуу жингэнэх нүүдэлчний арган өөжинд бүүвэйлэгдэн аялах бяцхан Явуу “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн” төрсөн нь ийм “учиртай” ажгуу.
Отгонтэнгэр хайрханы мөнх цасны цагаан сэвшээнд цэцэгт цэнхэр уулс түшин зуссан нүүдэлчид намрын сэрүү унуут Богдын голын хоржигнох урсгалыг уруудан нүүсээр уулнаас бууж говийн үзүүр шүргэн өн дулаан өвөлжинө. Дөрвөн цагийн аян нүүдлийн энэхүү замд ирээдүйн яруу найрагч Явуухулан бүрэлдсэн юм.
Хорьдугаар зууны монголын сод их яруу найрагч Б. Явуухулангийн яруу уянга, гэгээн аялгуу бүрэлдэн цогцолсон ахуй нь холын хоёр одны тохиох хөх манхан тэнгэр, цан хүүрэг савсаж, үүлс ороох оргилтой цаст цагаан уул, орог саарал зэрэглээ сүүмэлзэх онгон цэнхэр тал, мөнгөн сарны сүүдэр толиорох хөвөх гол улс, шанхны үзүүр чичирхийлэх тэлмэн жороо хүлэг морь, цээл сайхан эгшигтэй уртын дуу, зүүрмэглэгч хун шиг нүүдэлчний гэр юм.
Тэрбээр харлаг тэх зогсох элгэн улаан хадат говийн өвөлжөөнөөс вансэмбэрүү цэцэг хосоор ханьсаж ургах уулын тагт хүртэл нүүдэл хөтөлж, хангайн царам дахь анчин аавын ангийн отгоос улсын нийслэл Улаанбаатар хот хүртэлх урт аяны замд өвгөдийн хууч яриа, уртын дуу, үлгэр домгийн гайхамшиг дундуур нүүж өнгөрсөн юм. Б. Явуухулан 1953 онд Санхүүгийн сургууль төгсч нийслэл хотод суух болсон тэр жил Бэгз гуай хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн Улаанбаатар хот руу нүүсэн байна. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан бээр 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одов. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм.
Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
“Мөнгөн хазаарын чимээ” /1959/ хэмээх энэ шүлгийг мэдрэхийн тулд нүүдэлчин ахуйг ойлгох хэрэгтэй юм. Яруу найрагт нүүдэлчин айл, нам гүм аниргүй шөнө. Өрх бүтээлгээстэй. Өрхөн завсраар шургах сарны туяа унийн углуургаар гэрэлтэх нь ямархан нэгэн нууцлаг ахуй, далд явдлын шижим аж. Амраг хайртын ирэх морин төвөргөөн ойртон сонсогдсоор, гадаа ирэх нь мөнгөн хазаарын чимээгээр танигдаж байна. Мөнөөх унийн углуургаар туссан гэрэл, зөвхөн чимээ нь сонсогдох, нүднээ үл харагдах мөнгөн хазаарыг бас гэрэлтүүлнэ. Тэрхүү сарны гэрэлтэй мөнгөн хазаар бол хайртаа очиж буй малчин эрийн гүн дээд хүндэтгэлийн бэлгэдэл болой. Нам гүм шөнийн ахуй, үл ялиг сарны гэрэл, морин төвөргөөн, хазаарын чимээ. Хүлээлт. Юутай тунгалаг шөнө, юутай дотно уянгалаг чимээ вэ.
“Намрын мөнгөн өглөө” /1968/ хэмээх өөр нэг шүлэгт
Уяан дээр бөн бөн чичрээд
Унаган хүлэг минь үүрсч байна.
Өрхний завсраар гэгээ ороод
Үүр цайх дөхөж байна.
Хайрт минь одоо би явъя даа
Хүлэг мориныхоо биеийг халааж
Намрын мөнгөн өглөөний
Сэрүүн тунгалагт давхия даа...
“Мөнгөн хазаарын чимээ” шүлгийн шууд үргэлжлэл мэт санагдана. Явуухулангийн шүлэгт хайр сэтгэлийн шүлэг зонхилох байр суурь эзлэх боловч тэр бүгд хоорондоо заавал нэг, үйл явдал, утгын хэлхээ хамааралтайд гол учир буй юм.
Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл юм. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм. Хожим нь 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж
Бүсгүй хүн гэдэг
Хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн
Гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас
Гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа
Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.
Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.
Б. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн. Түүний “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй.
...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...
Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.
...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,
Яахав намайг, тэд дурсан ярьж бай,
Яруу найргийн мод, бүүвэй
Явуухулангийн мод, бүүвэй!
Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.
Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...
...Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!...
...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.
Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.
Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм.
Дуулим хорвоод төрсөн минь учиртай:
Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай.
хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм.
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж “Явуу багш” хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан “Тэхийн зогсоол” бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.
Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
2006 онд Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын их хурал зохион байгуулсан үйлс нь дэлхийн дэвжээнд монголын яруу найргийг гаргах гэсэн Б. Явуухулангийн мөрөөдлийн үргэлжлэл болсон хэмээн зарим хэвлэл мэдээлэл тайлбарлан бичиж байсан нь үнэний хувьтай. Дэлхийн яруу найрагчдын их хурлын сүлд тугийг Б. Явуухулангийн төрсөн бууц, тэхийн зогсоол, Отгонтэнгэр хайрханы тэнгэрт мандуулахдаа бид “Шүлэг минь, хүлэг минь би бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн омог бардам дуулж явлаа.
Монголын яруу найрагчдын эрхэм дотно нөхөр авъяаслаг орчуулагч Саймон Вэккхам Смит Б. Явуухулангийн шилмэл шүлгүүдийг англи хэлнээ орчуулан уншигчдад толилуулж байгаа нь зөвхөн монголын утга зохиолд тохиолдож буй маш чухал үйл явдал төдийгүй, дэлхий дахины соёлт уншигчид, утга зохиолын зүтгэлтнүүд, яруу найрагчдад барьж буй үнэт бэлэг хэмээн үзэж болно. Их яруу найрагч Б. Явуухулан яруу найргаараа дэлхийн дэвжээнд өөрийн байр суурийг шинээр эзлэх боломжийг энэхүү орчуулга олгоно гэдэгт итгэж байна.
ХХ зуун, XXI зууны зааг дээр өргөн олон нийтийн дунд “зууны манлай”-г шалгаруулах санал асуулга явуулахад Б. Явуухуланг “ХХ зууны манлай яруу найрагч”-аар ард түмэн нь өргөмжилсөн юм. Дорнын их яруу найрагч, зууны манлай яруу найрагч хэмээх алдар цолыг тэрбээр тэнгэрт хальснаасаа хойш ард түмнээсээ авсан билээ. Яруу найрагч амьддаа хүртээгүй алдараа үгүй болсон хойноо хүртдэг хувь тавилантай ажээ. Монголын сод их яруу найрагч Б. Явуухулан яруу найргийг “ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн томьёолжээ. Тэрхүү гуурст хүлгийг эмээлэн мордсон яруу найрагч зуун зууныг ч гэтлэн, мянганы чанадтай хүрэх нь дамжиггүй буй заа.
Их найрагчийн амьдралын тэн хагас нь монголын нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн байна. Угаас нүүдэлчин яруу найрагч бээр сав л хийвэл Туул голын хөвөөнд очиж онгодоо дуудах дуртай байлаа. Гол ус түүнд утга уянга, гэгээн тунгалагийг өгдөг байснаас тэр буй заа. Яруу найрагч Туул голыг олон шүлэгтээ, од сартай нь ангир шувуудтай нь дуулжээ. Тэр цагт гол ус ч, яруу найраг ч тунгалаг байжээ. Одоо гол ус тоорогтож, яруу найраг ч бас булингартжээ. Тунгалагшиж нэг, булингартаж нэг урсах нь гол усны хувь тавилан ажээ. Яруу найраг ч бас тийм ажгуу. Явуухулангийн гэгээн уянга байсан цагт, гол ус ч тэр, яруу найраг ч тэр, хүмүүний зүрх сэтгэл ч тэр, цагийн цагт ариусан тунгалагшсаар байх буй заа.
ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ
Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цагаа!
Намрын дунд сарын гол усны зургийг
Нарийн бийрээр торгон үзүүрээр тогтоон барьмаар
Явуухулангийн хоёр ангир бас л эндээ хөвсөөр
Яруу найрагч нь эзгүйг хөөрхий тэд мэдэхгүй ээ
Хөшгөн цагаан манан урсгал сөрж босоод
Хөлгөн дөрвөн уулынхаа хөндийг өгсөж хөвлөө
Билгүүн төгс Явуугийн залуу навчис өвгөрчээ
Бишрэлт хатан Туул нь яг л өнөө янзаараа
Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй
Үүлс бүхнийг ажваас адууны түмэн зүстэй
Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Гуниг болооп буртгаас энэхэн бие ариусмуй.
Дуулим шүлэгч Явуугийн дуу бүхнийг би мэднэ
Дуулж амжаагүй болгоны нь бол Туул гол л мэднэ ээ
Чингисийн эзгүйд Монгол минь нэг ядарсан юмаа
Чиний эзгүйд яруу найраг минь зүдэрлээ
Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт
Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ
Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт
Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ
Эртний судрын элэрч шарласан хуудас мэт
Эмзэгхэн шаржигнах намрын хонгор навчсыг
Хатан Туул мэргэн их мэлмий болоод сонор
Хайхран анзаарч хадгалан бичиглэх нь лавтай
Яг л энээхэн хавьд хожмын шүлэгчид ирнэ ээ
Ялгуун сарыг тэнгэрт нэг, усанд нэг харна аа
Одод усанд шумбахыг Явуу минь тэр жил үзсэн шиг
Ондоо бас нэг гайхалтайг тэд бас үзнэ ээ
Үдшийн бүхий улаан бургас нөмрөн
Үргэсэн гэрэл голын ёроолд буугаад
Туж юмс бүүдэн буудан болсоор байхад
Туул голын ус л улам улмаа гэрэлтвэй.
Мөнгөн навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Мянган жилийн бүдэг бадаг түүний гэгээнд тодорвай
Гол ус ариусан тунгалагших найргийн энэ Шамбал дор
Зул мэт шүлгээ гэрэлтүүлж Явуухуландаа өргөвэй.
2008.XI.7
Улаанбаатар

Monday, March 2, 2009

Г.Мэнд-Ооёо: ПИРАМИД БА ЗОХИСТ АЯЛГУУ



Цаг хугацаа, зүг чиг, орон зайн баримжаа алдагдан төөрөх үе байх ажээ. Мексик хүртэл хорь гаруй цаг нисэх боловч, ертөнцийн хугацааг хорь шахам цагаар сөрж товчлох юм. Мексик баруун зүгт хэмээн бид бодно. Гэтэл бидний онгоц зүүнш Японы арал дээгүүр гарч Номхон далай дээгүүр тувт дорно зүгийг замнана. Тэгэх мөртлөө Мексикийн хойгт баруунаасаа ирж байх юм. Энэ бол бидний нэгэн хэв маягийн иргэн¬шилдээ хэтэрхий дасан зохицсон сэтгэлгээний дадлаас хамааралтай тогтнолшилийн үр дагавар ажгуу. Бидний өвгө дээдэс болох Төв Азийн өндөрлөгийн монголжуу төрхөтнүүдийн нэгэн их сүрэглэл умарш нүүдэл¬лэн улмаар Аляскийн хуурай газраар дамжин говийн чулуун соёлоо тээн эдүгээн Америк тивд хүрч очих тэр цагт цагийн зөрүү хийгээд зүг чигийн баримжааны хямрал огт байгаагүй ажгуу. Яагаад гэвэл тэд өөрсдийн ахуй, дадал, зан үйл, соёлыг тээн, үхэж төрж, үр удмаа өсгөсөөр аажуу тааваар аймаглан нүүсэн юм. Тэд он цагийн урсгалд үүтгэн бүтээж, мөн¬хүү он цагийн алдралд уусан шингэсээр байлаа. Дорнод Азиас гаралтай тэрхүү монголжуу төрхтөнүүд Америк тивийн эх газрыг нээж олоод өөрсдийн соёл иргэншлийг цогцлуулж эхэлсэн нь арван мянган жилээс чинагш болой.
Бидний очсон Мексик бол тэдний буй болгосон Майя соёлын нэгэн голомт бөгөөд тэрхүү их соёл иргэншлийн агуу сүрлэг ул мөр бол эдүгээн Мексикийн пирамид ажгуу.
Дэлхий дахинаараа Египедийн пирамид руу аялан цувж, гайхан шагшиж байх цаг дор Мексик, пирамидын тухай зүүдлээ ч үгүй байлаа. Жараад онд нэгэн жаал хүү ууланд ямаагаа хариулж яваад нэг чулуун хүүхэл-дэйрхүү юм олжээ. Жаал хүү аавдаа үзүүлж, аав нь таньдаг түүхчиддээ үзүүлж. Эртний хүний онго тахилгын холбогдолтой тэрхүү “хүүхэлдэй” археологичдын анхаарлыг татвай. Чулуун онго олдсон шовгор ууланд малтлага хийсэн даруйд л хүрзний ирмэгээр тэгш дөрвөлжин засмал чулуун довжоо гарав. Шаталсан довжоог ахиулан ухах тусам малтлага доош биш уул өөд өгссөөр байв. Хэдэн жил малтаад харсан чинь мөнөөх уул нь тэр чигээрээ Пирамид болохыг мэдэв. Эртний хүмүүсийн бүтээсэн пирамидын дээр хөрс шороо дарж, өвс ногоо, мод бут ургаад уул болон тогтсон нь энэ байжээ. Археологичд Пирамидын орой дээрээс эргэн тойрон цэнхэрлэх ижил уул¬сыг халиав. Уул болгон Пира¬мид мэт. Дахиад л малтлага. Дахиад л пирамид. Мексикийн хойг дөчөөд мянган уултай. Уулс нь бараг бүгдээрээ шовх гурвалжин оройтой. Энэ болгон уул уу, пирамид уу? Ийнхүү наяад оноос хойш Мексик Пирамидын эх орон болохоо мэдвэй.
***
Мехико хотын ойролцоо Тиотихоукан хэмээх эртний хотын аварга том цогцолборыг малтаж ил гаргаад байгаагийн төв хэсэг дэхийг нь Нарны пирамид хэмээнэ. Галт уулын хүрмэн чулууг шоо дөрвөлжлөн засаж, сүмбэр уулын шатлалаар үеслүүлэн зүмбэрлүүлсэн энэ¬хүү наран тахилгын пирамид жаран давхар байшинтай дүйцнэ. Наран тахилгын оройгоос сарны пирамид, гал тахилгын пирамидууд тод харагдана. Монголын таван найрагч /Дан.Нямаа, Ц.Бавуу¬дорж, Б.Золбаяр, Б.Дашзэвэг, бас орчуулагч Г.Инжбадар бид/ таван мянган жилийн түүхтэй энэхүү гайхамшигт наран- пирамидын оройд эх нутгийнхаа уулсыг хадаг яндарт чулуун овоон дээр байгаа мэт хийморь сэргээн алсыг халиан зогсоно. Уулсыг дуурайсан пирамидууд, цаашлаад зөв гурвалжин дүрст пирамидан уулс тэнгис далай хийгээд тэнгэрийн хаяа руу алсран цэнхэртэж үргэл¬жилнэ. Түүнээс цааш далай тэнгэрийн хярхаг, бодлын алс. Бодлын алсад эх нутгийн минь ноён уулс, талын минь намхан толгод дээрх чулуун овоо үзэгдэнэ. Монголын хээр талын хад чулуунаа онго шүтлэгийн дүрслэлээ сийлэн үлдээнэ. Тэнгэр эрхис, од саранд тахилга өргөж асан эртний нүүдэлчид хувь заяа, зам мөрөө даатган их гал өрдөн залбирч дуулж хуурдаж зан үйлийн соёлоо тээн ирж, улам өргөжүүлэн сүндэрлүүлэн зүрх сэтгэлийнхээ тэмүүллийг агуу том пирамид болгон наранд өргөсөн нь энэ буюу.
Монголчуудын овоо босгох ёс хийгээд сүмэрийн Зиккурат сүм, Энэтхэгийн Гуптагийн соёлын суварган барилга, Бурхан багшийн агуу том суваргууд, Майя шүтлэгийн Пирамидууд нь нэг угшилт соёлын гинжин цувуу болох тухайд манай нэрт сэтгэгч Ч.Эрдэнэ нэгэнтээ дурдаж байсан нь чухам энд л тодрон бодогдож байна.
Хээр талын нүүдэлчид пирамид хэлбэрт уулынхаа чулуун овооноос дээр хөхрөгч тэнгэр эцэгтээ сүслэн залбирах хийгээд энэхүү пирамидийг бүтээгч Майя нар уул хэлбэрт пирамидынхаа оройгоос тэргэл улаан нарандаа сүслэн залбирахын утга чанар төрөл садны сүлбээтэй болохыг илүү тод мэдэрвэй.
Энэхүү Пирамид соёлыг бүтээх цагт Майя нар сарны хуанли зохиож, өвөрмөц адармаат дүрс үсгээр ном барлаж, пирамид цогцолбор бүхий уран барилга, вааран урлалыг нэн гайхалтайгаар хөгжүүлж байжээ.
Майя соёлын энэхүү хөрсөн дээр манай тооллын өмнөх 613 оноос Мексикийн хуанли эхэлж алт мөнгөн урлал, уран барилга, ном соёл бүхий олон хот тосгон буй болж аандаа Майяпан төр улсыг байгуулж зуу гаруй жил оршин тогтносон байдаг. Удалгүй Майяпан эвдрэн нурж үнс нурам болоод оройд нь дайнч үндэстэн Ацтекууд Майяг эзлэн мөхөөж мөнөөх агуу пирамидууд дээр амьд хүнээр тахил өргөдөг зан үйлийг тогтоож барилга байгууламжийн хормойгоор цусан гол урсгах суваг хүртэл бий болгожээ. Бараг хоёр зуун жил хүчирхэгжиж цэцэглэж ирт сэлмээр хавь ойроо чичрүүлсэн хүчирхэн Ацтекийн эзэнт улсыг Эрнан Кортес хэмээх испани эрээр удирдуулсан жижигхэн дээрэмчдийн отряд хурдан морь, галт зэвсэгтэй орж ирээд эзлэн авсан гэдэг. Ийнхүү Майя соёл иргэншлийн аварга том хотууд, өдий төдий уран барилгын цогцолборууд үнс нурам, үртэс тоосонд хувилж түүний оронд испани маягийн хот тосгод буй болов.
Зан үйл, өмнөх үеийн сэтгэлгээ соёлтойгоо цуг мартагдсан пирамидуудыг он цагийн тоос шороо дарж, хагд шарилж далдлаад, даан удалгүй мод бут ой шугуй эзлэн халхлаад нэг мэдэхэд цэнхэр цэнхэр уулс болон хувирсан байна.
***
Пирамид хотуудын шороон дээр испани маягийн хот тосгон буй болсоны адил Майя дуу шүлэг, үлгэр домгийн балар эртний улбаа нь хэл соёлтойгоо онгон эдгэрч тэрхүү хөрсөн дээр хожмын Латин Америкийн Испани хэлт утга зохиолын томоохон суваргууд буй болов. Үүний дотор Индианы домог мифүүд хийгээд ялангуяа мексик домог үлгэрүүд нэн алдартай. Өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн Францын яруу найрагч, зохиолч Жиэн-Мари Густав Ли Клөзио бээр олон шилдэг бүтээл туурвисны дотор эртний мексик домгуудын франц орчуулга нь гол бүтээлд нь зүй ёсоор тооцогддог. Испани хэлт яруу найрагчдаас Ч¬лийн Пабло Неруда дэлхий дахиныг цоглог хурц дуу хоолойгоороо бишрүүлж байв. Тэрбээр Монголд ирж “Тэнд миний садан нутагладаг юм” хэмээх шүлгээ монголчуудад бэлэглэж байлаа. Дэлхийн яруу найрагчдын XXVIII Их хурлын тайзны төвд Мек¬сикийн яруу найрагч Нобелийн 1990 оны утга зохиолын шагналт Октавио Пазын зургийг нэн тод томруунаар голч болгон бүтээгээд тойруулан дэлхийн яруу найргийн 28 дахь удаагийн Их хурлыг зохион байгуулсан яруу найрагчдын хөргийг зурсан байв. Дэлхийн Испани хэлт утга зохиолд хамгийн их нөлөөтэй байгаа 1985 оны Нобелийн энх тайвны шагналт Эрнесто Кахан энэ удаагийн их хурлын гол удирдагчийн нэгэн. Аргентинд төрж, Израйлаар овоглодог энэ яруу найрагч, физикч тэрбээр атомын цөмийн эрчим хүчний судалгаанд гайхалтай нээлт хийсэн төдийгүй, яруу найргийн мөр бадаг үг, авианд ч тийм цөмийн эрчим хүчний задаргаа хийж болох юм хэмээн үздэг. Эрнесто Кахан бол өөрийн гарвал язгуурыг монголтой холбож,
-Кахан гэдэг миний овог бол танай монгол хэлний Хагаан буюу Хаан хэмээх үг юм шүү дээ хэмээн ярих дуртай.
Эртний дундад зуунуудыг шинэ эринээр сольсон
Эрх чөлөөний оршил нь тэр буюу
хэмээн Чингэс хааны тухай их үйлсийн тухай гайхам сонин шүлэг бичсэн тэрбээр
-Чингэс хааныг алаач, талаач хэмээн сурах бичгээс уншиж, тийм мэдээлэл дунд өссөн би “үл үзэгдэхүйн мэдэрхүйгээрээ” энэ шүлгийг бичсэн хэмээн ярьж Дундад зууны сэргэн мандалтыг Чингэс хаан эхэлсэн гэж лекц уншдаг нэгэн билээ.
Мексикийн бахархал болсон яруу найрагч, зохиолч, утга зохиолын шинжээч О.Паз мөнөөх эртний индиан гарвалтай үлгэр домгийн мөр улбааг өөрийн уран бүтээлдээ шингээн сүлсэний үрээр дэлхий дахинаа алдаршсан юм билээ. Мексикийн бас нэгэн өвөрмөц яруу найрагч Жэйм Сабинесийн тухай нутаг нэгт найрагчид нь байнга дурсдаг байсан нь учиртай.
Ялаа хэдхэн хоногийн настай
Яст мэлхий хоёр зуун настай
Ямар ялгаатай гэж?
Иймэрхүү утгатай түүний шүлгийн бадгаар Японы яруу найрагч каллиграфи бичээд үзэсгэлэнд тавьсан харагдана лээ. Мексикийн өнөө үеийн хамгийн том яруу найрагч Мануэл С.Лэева Мартинез гуай юм. Дэлхийн яруу найргийн “Алтан титэм”-ийг тэргүүндээ залсан цөөхөн яруу найрагчийн нэгэн тэрбээр манайхаар бол Б.Явуухулан юм. Түүний дүү, охин, ач нар нь бүгдээрээ яруу найрагч бөгөөд Мануэл С.Лэева гуайн утга зохиолын их сургуулийг Мексикийн эдүгээгийн олонхи найрагч төгссөн гэж бодвол Мексикийн яруу найргийн хойч үе бараг бүгдээрээ түүний шавь ажээ. Мануэл С.Лэева гуай энгэртээ Монгол, Энэтхэгийн их хурлын хоёр тэмдэг зүүж нээлтэд ирээд, Чи Энэтхэгийн хуралд очоогүй болохоор энэ тэмдэгээ чамд дурсгая хэмээн Энэтхэгийн тогос нартай тэмдэг миний энгэрт хадаж билээ. Түүний утга зохиолын сургуулийн сүлжээ Мексик даяар арав гаран буй бөгөөд энэ удаагийн их хурлын тодорхой зардлыг тэрбээр хувиасаа хандивлажээ. Мануэл С.Лэева гуайн Монголд зориулсан хос сонет шүлэгт:
Таалал орших талын Монголын яруу найргийн
Тавилан оршихуйн дээдэд мандал өргөвэй.
Молор тунгалаг оюун сэтгэлээсээ, Мексикээсээ
Морьтон ард таны эрчимт мандалд өргөвэй.
Ийм нэгэн сайхан бадаг буй билээ. Тэрбээр 2006 онд Монголд 10 шавьтайгаа ирж яруу найргийн мандал өргөсөн болой.
Эдүгээн Мексик яруу найраг нэн эртний Майя нарын Пирамид соёлын хөрсөн дээр испани хэл соёлын үрийг суулган буй болгосон Латин-Америкийн соёл иргэншлийн өвөрмөц онцлогийг хадгалан цэцэглэж буй ажээ. Яруу найргаараа хүмүүнийг улам гоё сайхан болгоё хэмээсэн энэ удаагийн хурлын тунхаглал бол чухам Мануэл С.Лэева гуайн яруу найргийн голч тэнхлэг буй заа.
***
Пирамидын тэг дөрвөлжин суурь дээрээс дээш зүмбэрлэх тэгш өнцөгт гурвалжин талууд нь ертөнцийн дөрвөн зүгийг тольдон номин далай, ногоон талаас мөнх хөх тэнгэр лүү хурцлагдан шовхорч цойлох амой. Басхүү тэнгэр од эрхис, нар сарнаас ирэх гэгээн эрчимийг шовх үзүүртээ соронздон татаад пирамидын налуугаар эх газрын их далайн дөрвөн зүг найман зовхис руу гулсуулан урсгах болой. Харин пирамидын суурь нь хэвтээ дөрвөлжин мэт боловч, магадгүй төв Азийн тэгш өндөрлөгт эртний нүүдэлчдийн бэлгэдэл дөрвөлжингийн хас дүрст тэмдэглээний ул мөрийг илэрхийлсэн байж тун магадгүй санагдвай. Америк тив рүү нүүн одсон эртний монголжуу төрхөт нүүдэлчдийн үлдээсэн хас язгууртай хадны бичээс, Хүннүгийн үеийнх хэмээдэг рүни бичигтэй төсөөтэй бичээс хийгээд Америк тивийн хадны дүрс тэмдэгнүүдтэй нэгэн язгуур илэрч байгаа хийгээд Пирамид ба тахилгын овооны утга агуулгын хоорондын хамаарлаас ургуулан яагаад ч юм ийм бодол төрсөн хэрэг. Тэгээд ч пирамидын орой дээрээс нь буюу тэнгэрээс хавтгай дээр байгаагаар халиаваас дөрвөлжин, гурвалжин, дугуй гурван дүрсээс бүтсэн байгаа нь орчлон ертөнцийн үүсэл хийгээд оршихуйн зүй тогтлыг багтаасан гэлтэй. Мөн уг дүрслэлд ертөнцийн тогтмол чанар хийгээд, хөдөлгөөний үндсэн чанар хадгалагдсан харагдана.
Ерөөс Пирамид бол мөнх тэнгэрийн эрчим хүчийг эх газар луугаа урин буулгагч-цэнэг хуримтуулан дамжуулагч аж. Пирамидаас хожуу буй болсон Бурханы суваргууд, Сүмэрийн Зиккурат байгууламжууд, шовгор оройт барилгууд, монгол нүүдэлчний гэр сууц, цөм л мөнөөх эрчим хүчний эх булагтай гинжин холбоотой.
Эртний Майя нар Пирамид соёлыг бүтээж ахуйд Энэтхэг дахинд Веда агуу их яруу найраг – гүн ухааны хөлгөн туурвилууд хүмүүний оюун ухаанаас ундран бууж байв. Гэхдээ Веда яруу найргийн дууллууд хүнээс гарсан уу, тэнгэрээс буусан уу гэдгийг одоо ч бүрэн тайлдаггүй. Пирамид бүтээсэн цаг үеийг ертөнцийн хүний байгаллаг зүй тогтлоор авч үзвэл, оюун санааны тиг нь яах аргагүй ураг садан ажгуу. Яруу найраг хийгээд гүн ухааны тэнгэрлэг нэгэн ухаарлын цэгээс пирамидын тэгш гурвалжин налуугаар доош уруудуулан буулгахуйд тэгш дөрвөлжин шүлгэн байгууламж болон хувирна. Яруу найргийн бичиг үсгээр хэлбэржсэн тэгш хэм, тэг дөрвөлжин донж дан нь хүн төрөлхтөний соёлд буй болоод мөн л хэдэн мянган жилийг элээжээ. Яруу найраг өөр өөр хэл, сэтгэлгээ, ондоо ондоо үсэг бичгээр бүтэх боловч нэг л ижил байгууламжтай харагддаг нь ер сонин юм шүү. Бичиг үсэг үүсээгүй байхад ч ардын дуу юм уу мөргөл залбирлын дуудлага, аман яруу үгсийг хэл аялгуунаас хэлбэршилд шилжүүлэхэд мөн л ийм дүрсэнд илэрхийлэгдэнэ. Энэ бол жам. Пирамид хийгээд яруу найргийн бүтээн байгуулалтын донж данг ийн адилтган бодох тухай төсөөлөл огт байгаагүй миний ой тойнд ижилсүүлэх ийм нэгэн тиг буусан нь Мексикийн пирамидын оройд болой. Пирамидын оройн голч цэгэн дээр мөнгөн гадас гүн тийш нь хатгасан байх бөгөөд мөнөөх гадасны зулайд хуруугаа хүргэж эрчим хүчээр өөрийгөө цэнэглэх гэсэн олны цуваа үл тасрах нь бас л нэгэн далд учигтай буй заа.
***
Орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл нь хэдий цагт анхлан үүссэн байнав, Веда тэр цагт үүссэн хэмээн Энэтхэгийн хожмын мэргэд айлддагтай яг адил утгаар пирамидын байгууламжийн санаа мөн л тийм үүсгэлтэй байхаа. Вэдийн яруу найраг нь нэгэн түм гаруй шүлэг, тарниас бүтэх бөгөөд судлаачдын тэмдэглэснээр манай тооллын өмнөх дөрвөн мянган жил орчмоос хоёр мянга орчим он дамжуулан үе уламжлуулан туурвисан гэдэг нь бас л манай дэлхий дээрх олон Пирамидуудын настай адил сонсогддог юм. Веда судрыг зохиосон эзний тухай ямар нэгэн мэдээ уламжлаагүй, мэргэн арш нар үнэнийг таньж ухаарсан дотоод гэгээрлийнхээ туршлагаар тэнгэр-Богдосын хэлийг үгээр дамжуулан илэрхийлсэн нь юм хэмээх нь буй.
Ведийн ариун үгс нь орчлон цогцлон бүтсэн тэрхүү эрчим хүчтэй эн тэнцэхүйц эрчим хүчтэй хэмээн үзнэ. Дэлхийн яруу найрагчид хуран чуулах бүрийд Энэтхэг яруу найрагчдын бахархал болгон дуудах нэгэн өвөг шүтээн байдаг нь энэхүү Веда болой. Ведийн шившлэг шүлгүүдэд замбутив, бурхан, диваажин гурав онцгой байртай бөгөөд энэ нь бодит ахуй, бурханлаг үйлс, мэдрэмж ухаарал энэ гурвыг илэрхийлнэ. Ведийн мэргэдийн шүлэг нь дотоод совин бил¬гээс үүдэн үнэнийг танигч мэдлэгээс ундарч, гарцаагүй буй болох зүйлийг эрч хүчтэйгээр зөгнөнө. Веда яруу найргийн сахиус нь тэнгэрүүдийн ертөнцөөр зорчиж, тарнийн нууцлаг гүн утгасыг мөнхийн цаг хугацааны хязгааргүйд гаргаж тавьдгаараа агуу. Энэтхэгийн суут яруу найрагч, соён гэгээрүүлэгч Равиндранат Таагүрийн “Өргөлийн дуулал” хэмээх Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн амь сүнсийг тэтгэгч нь Веда яруу найргийн мөнхийн санаа зориг болой. Чухамхүү хэлбэл Веда хэмээх агуу их зохист аялгуун пирамидын суурь хийгээд сүндэрлэгч эрчимээс Энэтхэгийн хожмын их хөлгөн судрууд, Бурхан багшийн “Ганжуур” хийгээд Галидааса тэргүүтний агуу их яруу найраг үүдэлтэй. Яруу найраг бол нэгэн ёсны оюун санааны ертөнц дэх үгээр цогцлоосон Пирамид буюу.
Яруу найрагчийн онгод урам сэрэхийн цагт эрт галавын домог сэлт амилан, эрхэс одод хөдөлгөөндөө орж, байгал дэлхийн өнгө аялгуу найрсан оюун сансарын тэрхүү хэт алс цэгээс пирамид мэт налуугаар ямар нэгэн тэгш дөрвөлжин байгууламжинд хувилан шүлэг төрнө. Үүнийг дорно дахинд зохист аялгуу хэмээн нэрийдэх болой.
***
Мексикийн Пирамидийн эрчимт орой биеэс дэлхийн нөгөө бөөрөн дээрх Отгонтэнгэр уул, Дарьгангын Алтан-Овоо, Богд Дүнжингарав уул цэлсхийн үзэгдэх мэт болбой. Пирамид хийгээд Ведийн тэртээх цаг үед эдүгээн Монголын Алтай, Хангай Хэнтийн уулсын их хөндий, гол мөрдийн сав даган нүүдэллэх овог аймгууд Хойд цэнхэрийн агуй, Рашаан хад, Ямаан ус, Их Тэнгэрийн аманд дүрслэл сэтгэлгээний бүтээл болох сүг зургуудаа туурвиж, магадгүй хээр талын уртлаг эрчимт аялгуугаар яруу сонсголонт тэгш хэм бүхий урт дуугаа шадлан дуулж асан буй заа. Тэр аялгуу, тэрхүү зохист ялгууны тэмдэглээ нь өдгөөгийн бидний хадны сүг зураг хэмээн нэрлэх туурвил мөн байх. Өндөрлөг эрчимт газраа овоо яндар босгож гал асаан од эрхис, нар саранд тахил өргөн өвдөг газрыг өлцөртөл, хажуу газрыг халцартал дуулалдах тэдний дуун монголын хад чулуунаас хангинан сонсогдох мэт болном.
Манай Монголын нэгэн их эрдэмтэн Х.Нямбуу агсан тэмдэглэхдээ “Түмэн насан буюу хас тэмдэг дэлхий дахинд тархсан хэдий ч Монгол газар сайгүй янз бүрээр бүр Хүрлийн үеэс юмуу, түүнээс ч эрт хад чулуунд сийлэгдэн, хүрэл зэсээр цутгагдан үлджээ. Хас тэмдэг нь мөнөөх Хойд Цэнхэрийн агуйн хоёр тэмдгийн гайхалтай уран сийлбэр загвар болох нь алт” гээд Хас тэмдгээр онолын физик болон сансар судлалын нэн шинэхэн ололтыг ч нэгэн зэрэг дүрсэлж болно хэмээсэн нь буй. Нээрээ л тийм. Хас дүрст загвар бол бас л яруу найргийн тэгш дөрвөлж байгууламжтай мөртлөө дөрвөн шад бүхий мөнхийн хөдөлгөөнт дүрслэл хийгээд түүний голчоос омего цэгийн хоорондох гурвалжин тэргүүтэн нь эргээд л пирамид сэтгэлгээтэй мөргөнө. Хас бол хоёр хосын нийлбэр, бас хоёр хосоор шадалж дөрвөн өлмийд бадаг үүсгэдэг монгол яруу найргийн шүлгийн тогтолцооны анхны илэрхийллийн томьёо гэмээр.
***
Мексикийн пирамидын оройгоос, түүний эрчимт мандлын гулсалтыг даган уруудаж эх газартаа буувай. Тэгээд дэлхийн бөмбөрцөгийн налууг тойрон уруудаж эх нутагтаа газардвай. Мексик, түүний Пирамид миний зүүдэнд даруй зуу гаруй хоног үзэгдэв. Бас Мексикт юу болов, ямар содон сонин мэдээ сонсогднов хэмээн чих тавих болов.
Мексикийн пирамид бүхий хотын туурь орчимоос нэгэн болор хүний хохимой толгой олджээ. Тэр хохимой толгойг олсон хүний зүүдэнд хэдэн мянган жилийн тэртээх түүхэн үйл явдал кино мэт үйл явдлаараа үзэгддэг болов гэнэ. Мөнөөх хохимой хүн төрөлхтөний эрдэмтэдийн гайхашралыг төрүүлээд зогсохгүй эртний өвгө дээдэс энэ хохимойг юунд хэрэглэж байсан, ямар багажаар хийсэн, ер манай дэлхийн хүмүүс эртний иргэшлийн үед ийм юм хийсэн байж таарах уу гэх олон асуулт эрдэмтэдийг шаналгасаар байгаа юм байна. Ийм болор толгой зөвхөн Мексик, Америкт төдийгүй Монголд нэг байна гэх сураг гаргаад шуугиад өнгөрөв.
Үүнийг ч бараг манай яруу найрагч, зохиолч, нийтлэлч нар амсаад үзэв бололтой. Монголын энэ үеийн содон нийтлэлч Б.Золбаярын маань “Давалгаа болорших дайд” хэмээх нийтлэл 2008 оны тэргүүн нийтлэлүүдийн гутгаарт Балдорж сан-гаас нэрлэгдэж, МЗЭ-ийн шагнал хүртэж, эрин үеийн сод найрагч Ц.Бавуудорж, Дан.Нямаа нар Хөдөлмөрийн гавьяаны хийгээд алтан гадас одон энгэртээ зүүв. Мөн энэ үед надад Монгол Улсын Шинжлэх ухааны академи тэргүүлэх профессор цол олгосон юм. Энэ бүхэн бол яруу найргийн алмааз мөрүүдийн нэгэн тунхаг болой.
Мексикийн яруу найрагчдын их чуулганы үеэр тив тивээс ирсэн үзэг нэгтнүүдээ үндэсний сархад болох “Такила” хэмээх архиар дайлсан юм. Энэ сархадыг зуун наст ургамалаас, гэхдээ зуун настын эртний өвөг болох аварга том шүүслэг ургамалаас нэрж гаргаж авдаг юм хэмээн, мөсөөр сэрүүцүүлж бидэнд өгдөг байлаа. Бид ч усыг уувал ёсыг дагана хэмээх ардынхаа үгэнд орж, бас ч гэж Мексикийг амталж мэдрэхээр шийдэж мөнөөх догшин хайрханаас багагүй хүртэц¬гээсэн болой. Сонины буланд мэдээ гарчээ. Үзвэл, эрдэмтэд Мексикийн “Такила” хэмээх архинаас алмааз гаргаж нээлт хийжээ. Алмааз гэнээ. Бид чинь тэгээд мөнөөх шин-гэн алмаазыг дажгүй хүртсэн биш үү!
Яруу найргийнхаа ач буянаар газрын хол, усны уртаас алмааз эрдэнийг амсаж явлаа хэмээн бодоход ч сайхан санагдана. Тэгээд пирамид зүүдлэхэд үү?
Акапулко 2008.X
Улаанбаатар 2009.II
Өдрийн сонинд 2009.03.02

Monday, February 9, 2009

ЧИНГИС ХААНЫ ТАМГАТАЙ ЗАРЛИГ ЦАГААН ҮҮЛИЙН СҮМД БУЙ


Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө Хятад газрын зүүн өмнөд аглагт даяанчлан суугаа Бомбын шашны хутагт Чан Чунь аршид урилга илгээжээ. 1219 оны билгийн улиралын таванд тэр цагт төрийн бичиг болох монгол бичгээр үйлдсэн эл урилгын бичиг Бээжин хот дахь Цагаан үүлийн сүмд 790 дэх жилдээ нандигнан хадгалдсаар буй ажээ.
Гол мөрнийг гатлахын тулд онгоц салыг үйлдмүй
Дэлхий дахины илбэн засахын тулд оюунт мэргэдийг залмуй
хэмээсэн гүн яруу утгат үгс бүхий энэ захидалд түмэн уулыг давж, мянган голыг гатлан явж Чингис хаантай уулзан найман сарын турш шадарлан дэлхийн эзэнд ном айлдсан Чан Чунь бомбо гэж хэн байсаныг товч тодорхойлсныг үзвэл “Сурвалжилан мэдвээс Цю багш / Чан Чунь/ чиний дүр байдал гэгээн тунгалаг, зан суртахуун чигч, үзсэн нь түгээмэл, сонссон нь оновчтой, эрдэм гүн, мэдлэг өргөн, ёсон ариун, зан төлөв эрхэм, Богд хүний оворыг агуулж эрхэм хувилгаадын суртлыг бүрдүүлжээ” хэмээсэн байна. Чингис хаан Чан Чунь аршийг урьж буйн учир шалтгаанаа захидалд дурдахдаа “Багш та алс холын элсэн говийг бэрх хэмээн ажааралгүй миний бие сэтгэлийг тохинуулах бодлыг өвөрлөн морилон ирвээс таны ширээн дээр хаан би биеэ ариутган үйлчилж багшийн сургаалийн эрхэмлэн хүлээмүй” гэжээ.
Монголын түүхийн ховор чухаг дурсгалт бичгүүдийг хадгалан бүхий Цагаан үүлийн сүмийг бид зоривой. Бээжин хотын баруун урд дүүрэгт орших бомбын /даогийн/ шашны энэ сүмийг Чингис хаан мэддэг байсан ажгуу. Бээжинд суугаа эрдэмтэн, нэрт орчуулагч Я.Ганбаатар биднийг газарчилан монголын түүхийн халуун мөрийг гэрчлэх дурсгалт газруудаар аялуулсны нэгэн сондор нь энэ болой. Чингис хаан энэ сүмийг хутагт Чан Чунь аршид соёрхон бэлэглэсэн гэх бөгөөд хожим нь Чан Чунь аршийг жанч халахад энд нь бунхлан оршоосон юм байна. Чан Чунь аршийг жанч халахаас гурван сарын өмнө тэнгэрт хальсан их эзэн Чингис хаанд зориулсан тахилын сүмийн үүдэнд Чингис хаан отгон хөвгүүн Тулуй төр барьж бүхийдээ 1228 онд үүнийг бариулсан тухай хятад англи хэлээр бичсэн байх юм. Сүмийн нэг дуганд “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийн дагуу уран баримлаар үйл явдлыг томруун сүрлэгээр дэлгэн үзүүлсэн нь энэхүү түүхэн агуу хоёр хүний уулзалтыг нүд хийгээд сэтгэлд энэ тодорхойяа өгүүлэх ажээ.
Чингис хаан морин дэл дээр явж дэлхий дахиныг төвхнүүлэн тохинуулж дуусах цаг нэн дөхсөн хийгээд насны наран дээр хөөрсөн цаг дор тухайн үед ихээхэн алдартай хувилгаан Чан Чунь аршийг урьж мөнхрөх хийгээд урт наслахын ухааны таньж мэдэхийн хамт мориноосоо буугаад улс хотлоор амар тайван аж төрөхүйн мэргэн сургааль юуныг өөрөө болон мэргэд сайдууддаа айлдуулахыг нэн их хүсч байжээ.
Чан Чунь арш улс, хотлоос урилга заллага олонтоо авсан боловч Чингис хааны урилгыг эрхгүйеэ хүлээн аваад нас хэвийсэн 73-ны жилдээ 20 шавиа дагуулан алсын аянд гарч бараг хоёр жил аялан одоогийн Афганстаны нийслэл Кабул хотын хойш этгээд дэх Гиндугушийн нуруунд 1222 оны өвөл очиж Чингис хаантай уулзсан Чан Чунь аршийг дагалдан явсан шавь Ли Чжаны замын тэмдэглэл хожмоо “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээн алдаршсан сурвалж бичгээс үзвэл Чан Чунь, Чингис хааны дэргэд бараг найман сар орчим байж олонтоо уулзаж, зам мөрийн сургааль хийгээд урт наслахын нууцын талаар ном айлджээ. Чан Чунь бомбын тэмдэглэл бичсэн нь Бомбыг буцахын өмнөх уулзалт дээр “Хаан хэлсэн нь: “Тэднийг алба гувчуураас чөлөөлөх хэрэгтэй гээд түүнд эзэн хааны тамга бүхий зарлиг гардуулав” гэжээ. Ийнхүү Чан Чунь аршийн Чингис хаантай уулзаад агуу их ээл ивээлд нь багтаж санаж ирсэн хэргээ ч бүтээсэн бөгөөд Чингис хааны зарлигийг дараах аль ч хаан үл өөрчлөх төрийн уламжлал олон зуун жил үргэлжилсэн нь мөнөөх зарлигийн бичиг сүм дор бат хадгалагдахын түлхүүр болсон бизээ. Чингис хааны өрлөг сайдууд болон шадар ноёд ч мөн хэд хэдэн удаагийн айлтгалд нь суусан байна. Чан Чунь Монгол нутгийг зүүнээс баруун тийш нэвт туулан аялахдаа Хэрлэнгийн хөдөө аралд Чингис хааны отгон дүү Отчигинтой, Алтайн нурууны ар дах ордод хааны нэгэн хатантай уулзсан хийгээд Хэрлэн голын хөвөөн дэх Киданы суварга бүхий Хэрлэн барс хотын балгасыг үзэж, тэндээс кидан бичигтэй тоосго олдсон тухай зэрэг чухал мэдээнүүд уг тэмдэглэлд буй. Өөр нэгэн сонирхолтой мэдээ бол Алтайн нурууны ард нэгэн балгаст ирсэн бөгөөд тэнд будаа тариалангийн газар үргэлжилэн бүхийг тэмдэглэлд бичсэн нь Чингис хааны зарлигаар Алтайн ард тариа тарьж байсан мэдээтэй таарч байна. Чингис хааны дотнын хүн Чингай чинсан энд Чан Чунийг угтан авч олон цэргээр хамгаалан баруун зүгт хамт аялсан байна.
Чан Чунь энэ хавьд саатан үлдэж Чингис хааныг буцахад нь нь угтах санаатай ахар богино хугацаанд Бомбын шашны олон дугантай сүм бариулсан бөгөөд арга буюу аяндаа гарч, харин есөн шавиа үлдээсэн байна.
Цагаан үүлийн сүмийн хэрмийн дотор талд Чан Чунь аршын аялалын замыг газрын зураг дээр томоор дэлгэн үзүүлснийг үзвээс хутагт бээр орон нутгаасаа их холын аянд мордсон өдөр нь 1219.01.18-ны өдөр байх бөгөөд бидний Цагаан үүлийн сүмийг үзэж буй өдөр нь 2009.01.18-ны өдөр байсныг бэлгэшээн түүхийн нэгэн их чухаг үйл явдлын тэртээ рүү зорчиж орох мэт мэт болбай.
Судлаач, орчуулагч Я.Ганбаатар, түүхч П.Дэлгэржаргал бид хэд сүмийн хэрэм дотор энэ мэтийг сониучирхан үзэж, элдвийг ярилцаж байх зуур бомбын нэгэн залуухан лам хүрэлцэн ирэв. Я.Ганбаатар тэд урьдын танил ажээ. Өнгөрсөн жил манай Ерөнхийлөгч энэ сүмд зочлоход тэд уулзсан юм байна. Нас залуухан, эрдэм ном хийгээд ёс мөрд гайгүй нэвтэрсэн болов уу гэмээр залуу бомбо Чан Чунь аршийн зураг дээрх шиг эрүүндээ багашаархан сахал ургуулсныг ажиглав.
Ламын нэр Ли Шинзун гэх бөгөөд сүмийн музейн эрдэм шинжилгээний ажилтан гэж өөрийгөө танилцуулав. Тэд биднийг монголоос яваа түүх, соёлын ажилтан, зохиолчид болохыг мэдээд
- Та нар Чан Чунь гэгээнтний шавийн бичсэн замын тэмдэглэл, Юлуй Чуцайн
тэмдэглэл сэлтийг үзээ биз ээ. Чан Чунь гэгээнтэн уул нь Чингис хааныг өмнөдөд дайлаар мордох гэж байхад нь тосч уулзая гэж бодож байсан юм билээ. Гэтэл баруун зүгт мордлоо гэсэн мэдээ аваад араас нь аян замд гарсан юм. Харин Чингис хаан Чан Чунь гэгээнтэн хоёрын ярьсан ярианы дэлгэрэнгүй эх нь янз бүрийн номд ороогүй нь хаан өөрөө хэнд ч нууцаа задруулж болохгүй гэж зарлигласан учраас юмаа. Биеийг тэжээх арга ухаан, энх тайван улс орныг засах тухай олон уулзалтын яриа буй гэв.
Бид ч хамгийн гол зүйлээ асуулаа:
- Танай сүмд Чингис хааны зарлиг бичиг хадгалагдаж байгаа гэж дуулсан юм
- Тиймээ Чингис хааны хоёр бичиг байгаа
- Яг эх нь мөн үү?
- Тиймээ, тэгэлгүй яахав яг эх нь!
- Монгол бичгээр байна уу?
- Хоёул монгол бичгээр бичсэн эх байгаа. Нэг нь Чингис хааны Чан Чунь
гэгээнтэнийг залах урилга бичиг, нөгөө нь Чан Чунь багшид энэ сүмийг соёрхсон зарлиг бичиг. Хятад Улсын нэгдүгээр зэргийн түүхийн ховор чухаг дурсгалд бүртгэлтэй байдаг юмаа.
- Хоёр бичиг тамгатай байна уу?
- Тиймээ, хоёулаа тамгатай!
- Бид нар тэр бичгийн эхийг үзэхээр ирсэн юм. Та үзүүлж болгоооно уу?
- Одоо боломжгүй байна. Онцгой хамгаалалтад байх учраас олон газраас
зөвшөөрөл авдаг журамтай. Тахилын сүм, зарим дугануудад засвар хийж байгаа. Удахгүй засвар дуусаад түүхийн энэхүү ховор чухаг эх дурсгалыг үзүүлэхээр дэлгэн тавих болно. Тэгэхээр ирж үзэхийг урьж байна гээд лам ямар нэгэн юманд яаран ажил гарлаа уучилаарай гээд явахдаа нэмж хэлсэн нь:
- Чингис хаан, Чан Чунь гэгээнтэн хоёр их хүний уулзалт өнөөдөр улам бүх
үнэ цэнэтэй, ач холбогдолтой болж байгаа. Энх тайван, дайн дажин, амар амгалангийн тухай олон чухал зүйл ярьсан. Чан Чунь гэгээнтэн Чингис хаан хоёр гуравхан сарын зөрүүтэй тэнгэр болсон. Тэд юу ярьсан, ямар нууц дохиогоор холбоотой байсныг хэн ч мэдэхгүй хэмээгээд яваад өгөв.
Нэн удахгүй манай эрдэмтэн мэргэд найман зууны тэртээх монгол бичиг хийгээд хааны тамганы дардас бүхий нэгэн чухаг дурсгалыг судлан шинжлэх боломжтой болох нээ. Түүхч, соёл судлаач, зохиолч, орчуулагч бид хэд залуу бомбын үгийг алмайран сонсч, нэн хөхүүнээр хөөрөн баясвай. Лам яасан ч андуу хэлэхгүй. Чингис хаан агуу их хүчирхэг тэнгэрийн мутраараа дарсан тамганы дардас бүхий XIII зууны монгол бичиг, түүх соёлын хоёр гайхашигт дурсгал түүхийн товрог дундаас товойн гарч ирэх хугацаа нэн холгүй болжээ хэмээн бид бэлэгшээн ярилцаж тахил шүтээнд нь хүж өргөж сүмийн доторх мянган наст модноос адис аваад эгвэй.
Бээжинд төрийн томилолтоор ажиллах хугацаандаа монголынхоо түүх соёлын олон дурсгалын тухай судалж сурвалжилан сайхан ном бүтээлүүд туурвисан Я.Ганбаатар гүүш маань Ерөнхийлөгч Н.Энхбаярын захиалгаар “Чан Чунь бомбын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл”-ийг монгол хэлнээ орчуулж дуусаад байгаа аж. Энэ тэмдэглэл дотор Чан Чунь гэгээнтэний бичсэн олон сайхан шүлэг монгол нутаг, монгол ахуй, монгол газарт төрсөн гүн сэтгэгдэл, түүхэн эгшинүүдээр дүүрэн гэнэ. Чан Чунь гэгээнтэний монгол газар бичсэн шүлгийн бадгаас Я.Ганбаатарын орчуулгаар толилуулбай.
Алтайн уулсын өмнө хормойгоор ус баруунш урсаад
Аглаг уулсад айлчилсан түмэн газрын намар.
Үзмэн сарны тунамал гэрэл зүүн уулнаас мандахуйяа
Охьюу өнгөт шүхэр усан болорыг хүлхэх мэт ээ.
Алтайн уулсын түмэн завьяа хүнгэнэх дуун тод,
Уулын агаар цэвэр ариун, шөнийн тэнгэр цэлмэг.
Төө биеийг илбэн гийгүүлэх тэргэл гэрэл илгээгч
Тэнгэрийн заадал, тунгалаг саранг нэн ч хайрламуй
Монголын хөх тэнгэр доор, мөрөн голын уснаас нь амсаж, цэнгэг агаараар нь амьсгалж бичсэн хутагтын шүлгүүд хүн төрөлхний яруу найргийн сан хөмрөгт ийххүү найман зууны дараа орж ирвэй. Түүх алсрах тусмаа бүдгэрдэг бус, агуу их түүх бол харин түүхийн манан дундаас гэрэлтэн тодордог хувь тавиланг, мөнх тэнгэр адисласан бус уу.
Профессор Г.Мэнд-Ооёо
Бээжин, 2009.01.22

Thursday, January 29, 2009

НОМАДИЗМЫН ДУУЛАЛ

Г.МЭНД-ООЁОГИЙН ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР БУЮУ НОМАДИЗМЫН ДУУЛАЛ
/Dr. Shaleen Kumar Singh/
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо өнөөдөр нэн онцгойн дээр ихэд нөлөө болохуйц нэгэн туурвилаа Англи хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Тэрээр “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүдэлчдийн амьдрал, уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг “Номадизмын дуулал” хэмээн нэрлэж ч болмоор санагдана.
“Гэрэлтэх агшин бүр” хэмээх хамгийн сүүлд хэвлүүлсэн энэ яруу найргийн ном нь юун түрүүнд Нүүдэлчдийн ахуй заншлын бодит байдал, дүр төрхийг ихээхэн нарийн илэрхийлсэн бүтээл болжээ. Г.Мэнд-Ооёо “-Нүүдэлчин монголын үр сад билээ, би. Үүр цүүрээр ачаалж нүүдэг сэн. Ачаатай тэргэн дээр, арган дотор сууж, атан тэмээний нэгэн жигд алхаанд өглөөн нарны туяаг угтсан балчир ахуйдаа ирээдүйнхээ яруу найргийн хэм хэмнэлийг мэдэрсэн ч байж магадгүй.” гэж нэгэнтээ дурсчээ. Үнэхээр ч нүүдэлчин амьдралын тэр хэв маяг нь түүнийг яруу найрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Тэрээр мөн “Аян холд ангаж яваа хүнийг баярлуулахын сайхныг, газар дэлхийдээ шүтэн амьдрагч бүхэн бие биеэс хамаат оршиж, найрсан туслалцахын учрыг багадаа узэж амталсан маань хожим бичих найргийн минь зан чанарт шингэсэн буй заа.” хэмээн өөрийн уран бүтээлийн гарваль мөн чанарыг нэмэн тайлбарлажээ.
Г.Мэнд-Ооёо хөдөөд өнгөрүүлсэн, хотод суурьшсан он жилүүдийнхээ аль алинаас нүүдэлчдийн үлгэр домог мэт амьдралыг ямагт мэдэрч, санагалзан, энэ нь ч түүний уран бүтээлд нөлөөлсөөр байх шиг. “Эрдэм номын мер хөөж энд тэнд бишгүй л "нүүж" явлаа. Язгуурын нүүдэлчин миний хот хүрээнд суурьшин суусан он жилууд ч нүүдэл мэт санагдаж байна” хэмээн найрагч маань хэлжээ. Түүний амьдрал бүхэлдээ нүүдэлчний язгуур мөн чанараа эрэн бэдсэн их нүүдэл ажээ. Энэ ч утгаараа Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс алгуурхан зогсолтгүй хөдөлгөөн, холыг түүчээлсэн эерүү урсгал, зөн совингоо эрэн бидсэн басхүү эргэн тойрныхоо бүхий л зүйлийг сониуч агаад өөдрөг нүдээр харсан, гэгэлгэн, уянгалаг зүрх сэтгэлийн өнгө аяс хөвөрч, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг эрхгүй тодосгодог. Номонд орсон бүхий л шүлгүүд нүүдэлчдийн зүрх сэтгэлийн гүнд хамгийн ихээр тусч, хүсэл сэтгэлийг нь хөвсөлзүүлэн татдаг бүхнийг илэрхийлэн бичиж, нүүдэлчдийн яруу найргийн онцгой шинжүүдийг өөртөө хадгалсан байх аж. Номын хамгийн эхэнд байх
Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй…
хэмээн үргэлжлэх “Гэрэлтэх агшин бүр” шүлгээс харахад л энэ шүлэг нь жинхэнэ нүүдэлчин хүний сэрэл сэтгэлгээг илэрхийлэн байгаа нь мэдрэгдэнэ. Тааламжтай сайхан нь юунд буй хэмээвээс агшин хормын зогсоц бүрийг шүлэг найрагтаа зохиогч өөрийн төсөөллөөр үргэжлүүлж, гүн утгыг эрэн олсон нь:
…Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй… хэмээх мөртүүдээс
харагдаж байна. “Чамруу би явж байна” нэртэй хоёр дахь шүлэгтээ салхитай олон жимийг туулж, сарьдаг их уулсыг давж, зуу зуун ус мөрнийг гатлаад хайр сэтгэлээн олохоор хэрэн явах нэгэн залууг /түүнийг дагалдагч сарыг ч бас/:
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч,
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам уруу би явж байна"(11) … гэх мэтээр дүрслэн бичсэнээс нь мөн л сайх найрагчийн туулж ирсэн нүүдэлчний амьдарлын зам мөр тодхон харагдаж байна.
Тэрээр шүлэг найрагтаа намар цагийн уйтгар гунигийг хавар цагийн сэргэн мандалттай нь хамт дүрсэлж, алтан нарыг атгасан мэт халуун залуу насныхаа илч гэрлийг бахдаж, хязгааргүй оюун санааныхаа чинад ертөнц дэх аян холын гэрэлт бодлууд, амьдрал цадигийн гэгээн агшнууд, хүмүүний оршихуйн нандин нууц, яруу найргийн зам замнал бүрээ дотоод сэтгэлийнхээ бодрол бясалгалаараа нээн бичсэн байх аж. Энэ нь түүний:
Чам руу би явж байна.
Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийн бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Хайрын охь мөнхийн дуугаа эрсээр
Чам руу би явж байна… хэмээн үргэлжлэх сайхан шүлгээс ч
тодорхой харагддаг. Мөнхүү Яруу найрагч Г.Мэнд-Ооёо:
Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй…
хэмээн нэгэн шүлгэндээ бичсэн байх нь “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлэх” Бурхан Буддагийн өнө цагийн алдар сууг нэн гоо сайхнаар дуулсан мэт сэтгэгдэлийг төрүүлж байна.
Яруу найрагч тэрбээр 'Нээхийн утган хэлхээ' хэмээх сайхан шүлгээрээ өмнөх олон найрагчдын нээн чадахыг ямагт тэмүүлсэн ч хараахан түвдээгүй жамын ертөнцийн нууцын нууцыг гүн ухааны бодрол бясалгалын үүднээс тайлахыг оролдсон ч байж болох юм. Түүний энэ шүлэг “Би” хэмээх үйлийн эзэн дээр үндэслэгдсэн байх ба шүлэг маань бүхэлдээ “Би”-гээр дамжуулан үнэн мөний нүд хийгээд цэцэн билгийн нүдийг нээхүйн харилцан хамаарлыг батласан байх ажээ. Мөсөн уулын орой нь хүний нүднээ үзэгдээд, ёроол нь далайн гүнээ хөвөн огт харагддаггүйтэй адил яруу найрагчид шүлгийнхээ гол утга санааг далд битүү утгаар хэлэх, салаалан нуух хандлага ихээхэн ажиглагддаг. Г.Мэнд-Ооёогийн:
Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм… хэмээх
мөртүүдээс ч бас утга найрслын ийм түүн лугаа жишээг олж харав би. Тэгвэл эл шүлгийн дараах мөртүүдээрээ тэрбээр:
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм... хэмээн нууцалсан
нууцынхаа тайллыг нээн толилуулах нь нэн зохист туурвил болжээ.
Энэхүү номонд нүүдэлчний ахуй сэтгэлгээний шүлгүүдээс гадна хайр сэтгэл, байгаль дэлхий, гоо сайхан, гүн ухааны сэдэвт олон сайхан шүлгүүд багтсан байна. Яруу найргийг орчуулна гэдэг нэн бэрх ч энэ номын орчуулагч яруу найрагчийн шүлгүүдийн үнэ цэнэ, үнэн мөнийг огт алдагдуулахгүйгээр гойд сайн орчуулсан байгааг бас онцлон хэлүүштэй. Г.Мэнд-Ооёо найрагчийн “Цагийг эргүүлэгч шувууны даллага, 'Чиний хөмсөг нисч яваа тогорууны далавч шиг', “Уулсын дүрийг тайлахуй”, 'Дөрвөн улаан навч' “Алтан хараацай” гэх мэт шүлгүүдэд нүүдэлчдийн амьдралын хэв тусгал, байгаль дэлхийн шим мандалтайгаа салшгүй холбоотойгоор дүрслэгдсэн. Мөнхүү Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс Буддизмын мөн чанар, сэтгэлгээ, урлал зүйн хэв шинжүүд олонтоо илэрдэг билээ. Энэ нь түүний шүлгүүдийг Монголын уламжлалт соёлын тусгалтай салшгүй холбоотойг харуулж байна. Профессор Я.Баатар “Г.Мэнд-Ооёо уламжлалт найруулах ухааныг орчин үеийн найруулах ухаантай холбож, уламжлал шинэчлэлийн нарийн судсыг нь атгаж чадсан юм. Хэрвээ ингэж чадаагүй бол дан ганц уламжлалт найруулгыг шүтээд сонгодог бичгийн найруулга мэтээр хэн хүнд авсаар ойлгогдохгүй хэдэн хуучин үгээр хөөцөлдөж явах байсан билээ. Гэтэл яруу найрагч тэгсэнгүй. Хуучин үгсийг сонгохдоо ч гэсэн зүй журмын дагуу зохих байрыг нь олж шигтгэж өгдөг учраас этгээд гажуу байдаггүй юм.” хэмээн бичсэн нь ч дээрхийг гэрчилнэ. Энд нэгэн жишээг дурдахад Энэтхэгт Хинди шашны үзэл санаан дээр тулгуурлсан уран зохиолын өв дуурьсал давамгайлах бөгөөд эндэхийн хамгийн нэртэй яруу найрагчдын нэг болох Раул Санкритъяаяан хэмээх хүн нүүдэлчдийн уугуул сэтгэлгээнд ихэд татагдаж, түүний мөн чанарыг олон олон бүтээлээрээ нээн бичиж байсан билээ. Тэрээр нэгэн шүлэгтээ:
"Sair kar duniya ki gafil zindgani phir kahan
Zindagani gar rahi to naujabani phir kahan."
хэмээн шүлгэлсэнийг нь хөрвүүлвээс
Агуу ертөнцөөрөө хэсэгтүн, ахиад төрнө гэж үгүй ээ.
Амьдралаа нэгэнт үрсэн хойноо дахиад залуу болохгүй ээ” гэсэн утгатай юм.
Эцэст дүгнэхэд “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн ном нь бүхэлдээ Нүүдэлчдийн амьдрал, сэрэл, сэтгэлгээний дуулал болж чаджээ. Тиймээс ч энд орсон шүлгүүд нь хайр сэтгэл, байгаль дэлхий, амь амьдрал, басхүү төрж өссөн газар шорооныхоо эгэл сайханд ууссан нэгдсэн, нүүдэлчин ахуйн тэр л гоо сайхныг магтан дуулсан гүн хүндэтгэлт учир агуулгыг өөртөө шингээсэн байх юм. Эцэст нь зүрх сэтгэлийн яруу дууллын нандин эгшгийг бүхий л талаараа тун хүчирхэгээр атгаж чадсан яруу найрагч Г.Мэнд-Ооёо таньд би чин сэтгэлийнхээ гүнээс амжилт хүсэн буйгаа ирэлхийлье.


Англи хэлнээс орчуулсан Б.Баясгалан

Thursday, January 15, 2009

ХУУЧИН СҮМИЙН ДЭЭГҮҮР САРАН МАНДАХ ЦАГ ДОР

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ

Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхдын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлнэ
Хулсан лимбэний гуниглангуйн чанадах тайтгарал
Хуудуу холоос бурхадын гэгээг дуудмуй

Шингэн бэхээр татсан эртний ханз үсэг мэт
Шинэхэн тэнгэрт сүмийн сүүдэр утгын дүрстэй
Замбуу тивийн сүүдэр болоод гуниглал дотор
Заавал ч үгүй гэрэл болоод сэтгэлийн зул буй

Хумхийн тосны чинээ хувьхан чөлөөнд ч
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор ...

2003. 09.15

Tuesday, January 6, 2009

ТУНГАЛАГШИХУЙД ОДУУЛАХ ХУНДАГАНЫ ДУУ

Дотно нөхөд зочлоход галын бурхан мишээвэй
Долоон бурхан ч бас энүүхэн ар дээр заларч буй
Тэртээх үүлс манайх руу дөхөж ирээд завилжээ
Тэнгэр ч бас тэрүүхэн дээрээс ширтэнэ.
Мөнгөн гүцэнд охь сөгнөе, аршаан болтугай
Алтан хундаганд дүүргэж адислая, аз жаргал орштугай.

Бэлгэтэй үг хэлэхэд булингартай ус тунгалагшдаг
Ерөөлтэй хүмүүс учрахад ертөнцийн магнай тэнийдэг
Буурцагт хорвоогийн үр бүхэнд төлжихийн шалтгаан оршдог
Бууралтахуйн жам нь шинэдэхүйн цагийг хүлээн зөвшөөрдөг
Бутарч сарнихуйн зохисгүйг эвсэн бүтэхүйд найрсуулмуй
Бурангуйн мунагийг ариусахуйн чанарт шилжүүлмүй.

Гадаад оршихуйн хаан суудал тань уул мэт байг
Газар дэлхийн уул болгонд Шамбалын туяа буй
Дотоод оршихуйн амар амгалан тань тэнгэр мэт байг
Хүмүүний заяаны тэнгэрлэгт бурхадын бүрэлбаа буй
Буцахуйн гунигланг ирэхүйн инээмсэглэлд урвуулмуй
Будангуйрахуйг тунгалагшихуйд одуулмуй.

2008