Monday, April 30, 2012
Данзанравжаагийн тухай “Гэгээнтэн” роман хэвлэгдлээ
Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгож өгүүлжээ.
Шамбалын нууц оршсон хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт хаалт боолтын дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.
Будда болон Ловон Бадмажунай тэргүүт дээд Богдос нараас эши үндэстэй нууц тарнийн судал, хий, дуслын бясалгалаар чинадын нууцад нэвтэрч дээд оюуны далд увдисыг Монголын говь нутагт төгөлдөржүүлэн оньсолсон хийгээд нүүдэлчин Монголчууд соёл, эрдэм ухааны өвөө хүнээс хүнд, цагаас цагт уламжлан хойч үедээ илгээж буйг Ноён хутагт Данзанравжаагийн түүхэн баримтат үйл амьдралаар дамжуулан задлан шинжилсэн уг романы онцлог ажээ.
Зохиогчийн тухай:
Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, нийтлэл, судалгааны олон ном бичсэн бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхийн 40 шахам хэлнээ орчуулагдан уншигчдын хүртээл болжээ.
Хүүрнэл зохиолын төрлөөр бичсэн “Алтан Овоо” хөлгөн судар нь 1993, 2002, 2007, 2010 онуудад хэвлэгдсэнээс гадна англи хэлнээ орчуулагдан гарчээ. Шашин соёлын сэдвээр “Билгийн мэлмий нээгч” /1996/, “Алтан-Овооны алтан шастир” /2008/ зэрэг ном нь нийтийн хүртээл болж байжээ.
Г.Мэнд-Ооёогийн Францын зохиолч Патрик Фишмантай хамтарч бичсэн Монгол цэцэн билигт ардын үлгэрт үгүүллийн ном нь энэ 2012 онд франц хэлээр Парис хотноо хэвлэгдсэн байна.
Ч.БОЛОР
http://art.news.mn/content/105719.shtml
Tuesday, March 20, 2012
МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ
Tuesday, September 27, 2011
Intoduction to A Patch of White Mist by Ruth O'Callaghan

(The Cycle Of The Life Of Stars And The Way Of Men)
(The Cycle Of The Life Of Stars And The Way Of Men)
Friday, September 16, 2011
яруу найраг гэж юу вэ?....

/2006 онд бичсэн нэгэн нийтлэлийнхээ төгсгөлийн хэсгээс.../
..... Би урт холын аянд нисч явахдаа яруу найргийн тухай яриа яахлаараа дандаа дүүлэн нисэх утга агуулгатай байдаг билээ хэмээн бодож суув. Ер нь яруу найраг гэж юу вэ? Гэсэн асуултанд хамгийн сонгомол тодорхойлолтыг хэн өгсөн билээ? гэж ном судар онгичиж үзэв. Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчих гэвэл мэдэхээ байчихдаг” гэснийг хамгийн оносон хариулт гэж үзсэн ч байна. Яруу найргийн тухай, яруу найргийн үг хэлний тухай ч юмуу тодорхой нэг хэсэг ойлголтын тухай бол оночтой үг олон байнаа. Яг, яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд төгс хариулт одоо болтол гараагүй юм байна даа хэмээн бодоход хүрлээ.
Саяхан нэг өдөр Дэлхийн Яруу Найргийн өдрийг тэмдэглэх тухай бодож суугаад Явуухулан багшийнхаа “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх алдарт шүлгийг дахин уншаад ганцаараа дуу алдаж, босон харайлаа. Тэрбээр яруу найргийг,
УХААН БОДЛООС БОСООГООРОО ТӨРСӨН ГУУРСТ ХҮЛЭГ
хэмээн тодорхойлжээ. Морин дэл дээр нисч омог омогшил авсан Монгол найрагчаас өөр хэн ингэж томъёолж чадах билээ? Чухам бидний эрээд хайгаад байсан яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд өгсөн төгс хариулт энэ л байна. Би эрснээ оллоо! Олох олохдоо Монголоосоо оллоо!
Монголын үр сад бидний морин дэл дээр нисч ахуйд “ухаан бодолд” өдөлсөн тэрхүү онгодын “гуурст хүлэг” буюу яруу найргийн жигүүр дэвэн дүүлэх цаг болоод нөхцөл нь бүрдвэй. “Гүү-үү-үү-үүг”!
Улаанбаатар. 2006.III
НЭГЭН АЯЛЛЫН ТОД ЗУРАГ

/ Хүннү гүрний түүхт ойг олноороо ярьж буй энэ үед манай нэрт түүхч Гүнжийн Сүхбаатарын тухай бичсэн хөрөг, эргэцүүлэлээ нийтэлж байна. /
Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм. Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв. Ийнхүү тэр их хүнtэй аяны дөрөө харшиж, Хүннүгийн хаадын онгон орших Хараагийн Ноён уул, Түрэгийн хаадыг онголсон Хөшөө цайдам, Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийд, Цогт хунтайжийн номын өргөө байсан цагаан балгас гээд Монголынхоо түүхийн алтан мөрүүдийг бичиглэсэн газар орноор аялж мэргэдээс ном сонсож, чих онгойж, нүд нээж явлаа. Тэр нэгэн аяллалын турш би Сүхбаатар гуайгаас холдсонгүй. Бид хөшөө цайдамд хүрч ирэхэд Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс рүү Сүхбаатар гуай маань шунгаад орчихов. Үнэхээр эртний судлалын эрдэмтэн хүнд түүх соёлын энэхүү ховор чухал дурсгалын үг үсэг бүрийн халуун мөрийг нүдээр үзэж гараар тэмтрэх нь хосгүй завшаан буй заа. Гэрэлт хөшөөнд хожим нэмж Сандо амбаны бичүүлсэн бичээсэнд тэрээр тийм ч таатай хандахгүй байв. Сандо амбан чинь тэр цагт Монголын түүх соёлын өвийг хамгаалж засварлуулж их ажил хийсэн юм байна шүү дээ гэж хэн нэгэн нь өдөхөд Сүхбаатар гуай Монголын түүхийн хувь заяанд Манж, Хятадын зүгээс нөлөөлсөн муу үр дагавруудыг зад шүүмжилж гарлаа. Тэрбээр Хубулай хааны талаар тун таа муутай явдаг нь илт. Монголын тусгаар тогтнолын түүхэнд хар толбо үлдээсэн хэнбугайг ч бай зад шүүмжилэхэд бэлэн явна. Өндөр гэгээний улс төрийн үйл хэргийн талаар ч бас тийм таатай үг хэлсэнгүй. Түүний зүрхэнд эх орны түүхэн үйл явдалын амьд халуун мөрүүд урсан өнгөрч, сэтгэл нь нэг үе омог бахархлаар дэврэн оргилж, нэг үе харуусал эмзэглэлээр шаналж өвдөж байх шиг санагдана. “Монголын түүхийн дээж бичиг” хэмээх нэг чухал номынхоо оршилд түүний бичсэн нэг тод өгүүлбэр бий. “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйл, гайхамшигт бүтээл туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” хэмээн бичсэн нь түүхээр зөвхөн бахархахын хамт эх орны тусгаар тогтнолын бартаат сургамжийг ямагт санаж явахын учрыг хойч үеийнхэндээ сануулан сэнхрүүлсэн их түүхчийн зүрхний цусаар бичигдсэн үг тэр буй заа. Сүхбаатар гуай түүхэн хүмүүсийн гавьяаг бахдахын хамт алдаа согогийг хайр найргүй шүүмжилнэ. Тэрхүү алдааг үл уучилна. Манайханы зарим нь түүнтэй саналын зөрүүтэй бодлоо хааяа хэлэх боловч тэрбээр юуг ч үл сонсон, ямар ч аугаа түүхэн хүний алдааг үл уучилна. Харин энэ тухай би тийм тийм номынхоо төд дэхь хуудсанд биччихсэн байгаа хэмээн уншихыг сануулна.Түүний энэ араншин баахан зөрүүд хүний байдалтай мэт санагдах авч түүхийн гашуун сургамжийг хэзээ ч үл давтаасай хэмээсэн эрдэмтэн түүхч хүний гал халуун эх оронч зүрх сэтгэлийн нь тодхон зураг болж хоногшин үлджээ.
Бид Хараагийн Ноён ууланд ирлээ. Хүннүгийн хаад ихсийн онгоныг хадгалсан энэ оронд эртний түүхийг нэвтэрхий судалсан их эрдэмтэнтэй цуг өнгөрүүлсэн хэдэн мөч минь юутай үнэтэй билээ. Ноён уулын онгон маань бидний сүсэглэж очсоноор онгон зэрлэг, газар орон байсангүй. Баахан сэндийлсэн нүх, овоолсон шороо. Эндээс Козловын малтлага хийсэн Хүннүгийн хаадын дурсгалт их эд өлгийн соёлын үнэт зүйлс нь Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй бөгөөд манай түүхийн музуйд ширдэгний өөдөс тэргүүтэн жаахан юм бий л дээ. Ядахдаа энд нэг сайхан пайз босгож, үүх түүхийг нь бичээд харуул хамгаалалтай болгох сон гэж бид ярьж явлаа. Уулын ам өгсөөд модон дундуур баахан алхав. Сүхбаатар гуай маань харин энд дуугаа хурааж дүнсийчихэв. Уул нь бид малтлага хийсэн онгоныг бүртгэж явсан юм. Гэтэл хуучин алтны уурхайн гаргасан хонгил нүх, хэргээ бүтээгээд гээгдсэн техникийн сэг, мөнөөх өвгөдийн онгоны малтсан малтаагүй булштай холилдоод толгой эргүүлчихэв. Энд хэзээ нэгэн цагт алт ухсан хүмүүс булш бунханыг хөндөж сүйтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр энэ Ноён ууланд байгалийн их алт, соёлын их алт эрдэнэстэй холилдон оршиж байжээ. Аль алиныг нь ухаад ачаад явчихаж. Нэгэн бодлын гунигтай. Сүхбаатар гуай цүнхээ уудалж баахан зураг тэмдэглэл гаргаж ирээд энэ булшнаас ийм ийм юм гэрсан, тэрнээс тийм тийм юм гарсан гээд нүдэнд харагдтал ярьж явав. Малтлага хийгээд их юм олох ч яахав, дараа нь дээдсийн оршсон энэ газрыг хэрхэн хадгалах, хамгаалах, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, хайрлуулах талаар түүхчид та нар юу хийх ёстой вэ гэх маягийн сэдвээр яриа өдөв. Түүхч маань баахан сэтгэл өвдсөн маягтай. Ноён уулыг ийм сэг болсон онхол цонхол, нүх довноос өөр юмгүй орон гэж төсөөлөөгүй болтой. Г.Сүхбаатар гуай,Н.Цүлтэм гуай, С.Эрдэнэ гуай бид хэд булш болгоныг дугаарлаж, зураглалыг гаргаж, тэмдэгжүүлэх, алсдаа энд нь нэг сайхан үзмэрийн понарам байгуулах тухай санал боловсруулж болох юм гэж ярьж зогслоо. Би Сүхбаатар гуайгаас та энд олон ирсэн үү гэж асуугаад мэл гайхав. Тэрбээр энд анх удаагаа ирж байгаа ажээ. Та чинь тэгээд судлаад л байсан биз дээ гэхэд эрдэмтэн тийм гэснээс өөр юм хэлсэнгүй. Нүд нь баахан гунигтай болж ирээд намайг чинь эсэргүү үзэлтэн, үндэсний үзэлтэн энээ тэрээ гээд гадагш ийш тийш явуулдаггүй, томилолт өгдөггүй байсан юм шүү дээ хэмээн харамсангүй өгүүлэв. Түүний амьдрал, бүтээлч үйлсийн нэгэн хэсэг цаг үеийг нь хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран өнгөрсөнийг бид мэднэ. Тэрбээр алдсан цаг хугацаагаа нөхөн авах эрч хүчийг хуримтлуулж байна уу гэмээр хөнгөн шингэн, өглөө эрт босоод гүйнэ. Биеийн тамир хийнэ. Бид түүнийг уртнаслах байх улам л их юм хийх байх гэж бодож явлаа. Гэвч хорвоо энэ их түүхчийг төрүүлж, монгол улсад хүлээлгэн өгсөн шигээ бас нэгэн өдөр буцаагаад аваад явчихсан юм. Тэр нэгэн намар түүхчийн зүрх зогсчээ. Жинхэнэ гал халуун эх оронч түүхчийн зүрх зогссоныг би их л хожуу дуулж, ганцаараа баахан гуниглаж суусан билээ. Түүний зүрхэнд эх орны мянга мянган жилийн түүх, бахархах бахархалтайгаа, халаглах харамсалтайгаа багтаж байх шиг санагддаг асан билээ. Одоо надад тэр их хүнтэй шадарласан нэгэн аяллын халуун агшинуулыг бичиглэсэн хэдэн гэрэл зураг л үлджээ. Бас өөрийн судалгааныхаа арга барилыг үзүүлсэн ноён уулын соёлтой холбоотой зурагт тэмдэглэл нь бас хадгалагдаж үлджээ.
Ах минь явчаад эргэж ирсэнгүй
Аль алинаасаа салан холдох нь хялбар
Ахин бие биетэйгээ уулзах нь хэцүү…
Энд эх нутаг минь үзэгдэхгүй нь
Элэг зүрхийг минь шимшрүүлнэ.
Эртний түүхийн халуун мөрийг шингээсэн энэ шүлгийг их эрдэмтэн
Г.Сүхбаатар ах маань орчуулсан байдаг юм. Үүнийг түүхчид төдийгүй зохиолчид, манай эртний яруу найргийн нэгэн эрдэнийн шигтгээ хэмээн тэмдэглэх боллоо. Монголын Сяньби аймгийн үед зохиогдсон энэхүү “Ахын дууг” одоо би таныг дурсахдаа дуулмаар санагдаж байна. Та түүхч төдийгүй бас сайн орчуулагч байжээ. Таны орчуулгаар эртний өвгө дээдсийн зүрхний халуун айзмыг бид яруу найргаас мэдэрч байна.
Энгүй их энэ эрдэмтнийг дурсахад элэг зүрх минь шимширнэ. Тэр сайхан эрүүл чийрэг хүний зүрх тийм амархан зогсох гэж үү? Гэвч амьдрал шимширэлэээр дүүрэн. Түүний зүрх ч эх орныхоо түүхийн шимшрэлээр дүүрэн байсан байх аа. Шимшрэл халаглалын эмзэг хүнд ачааг зүрхэндээ тээж явна гэдэг бага ачаа гэж үү?
Он цаг урсан өнгөрч, бүх юм улиран одлоо ч эх орончийн зүрх сэтгэлийн халуун элч үл хөрмүй.
2007
Monday, September 12, 2011
Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ”

/Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд/
Saturday, April 23, 2011
ӨӨРИЙН ЭГШИГ
Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийн анирлана
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана.
Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгт
Талын уяхан эгшиг ингэ буйлж байсан,
Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэн
Хээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн.
Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, би
Өвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэд
Үүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэд
Үүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахад
Хос чавхдаст морин хуур шигээ хөглөгдөж
Хорвоогийн дуут нэгэн бие гэдгээ мэдэрсэн
Хоршин дуулах гэж тал минь намайг дуудсан,
Хонгорхон дэрс бид хоёрыг та л хөг оруулсан.
Нуурын хөвөөгөөр адуун туурай бөмбөрдөн өнгөрөхөд
Нууцхан сэтгэлд морин хуурын хос чавхдас хөвчирч
Гадсаа тойрох өнчин цагаан ботгоны буйлаанд
Гархин эргүүлэг элэгдэхийн чимээ намайг урхидсан.
Алсын ууландаа алтан гургалдайн дуу сондгойрвол
Амгалан үдшийн сар аялгуун чимээгээр дутвал
Аялагхан зүрхнийхээ зуун утсыг хөглөөд
Ахуу их ятган аялгуугаараа аргадна, би
Сэмэрсэн салхийг нийтгэхэд дуун чавхдас болсон
Сэмхэн, намайг аав хуурдахад хуур гэдгээ мэдсэн
Хүлэг морь толгой хаялан хазаарын амгай жингэнэхэд
Хүслийн алсад морин хуурын хос чавхдас зурайсан.
Амар амгалан талынхаа аялагхан чавхдас би
Аанай л та яасхийж товшив, аясаар нь дуурсмуй
Өвгөн буурал таныхаа үүр шөнийн зүүдийг манаж
Өвсний чинь үндсэнд бүүвэйн дуу зохиож өгөмзэй!