Алтан Овоо ном нь Өлзий утас, Молор Эрдэнэ, Чандмань, Цагаан лянхуа, Алтан хүрд, Цогт Эрдэнэ, Цагаан Лавай, Аршааны хумх хэмээх найман бөлөгтэй.
ӨгҮҮлэх инҮ:
Алаг хорвоогоос хальж одсон аав минь болоод Алтан-Овоотой дэлхийд хүрч ирсэн хүү хоёрынхоо холбох цэг, зааглах зай дээр би зогсож байна.
Сүлдэн тахилгат ууландаа мацан цацан өгсөж, басхүү уужим бэл, тэртээх алс руу уруудан гулсан буусан замын зааг дээр би зогсож байна.
Мушгиран ташгиран одоод их талын дундуур цувьсан зэс шиг сунайсан энэ улаан халзан зам альхан тийш одно вэ? Үүний учрыг би долоон настайдаа ааваасаа асууж билээ,
- Аав аа, энэ замаар явбал аль хүрэх бэ?
- Сумын төв орно оо, миний хүү!
- Аав аа, тэгвэл аймгийн төв орох зам хаана вэ?
- Бас л энэ замаар явна. Миний хүү сумынхаа сургуульд суугаад эрдэм сурч, дараа нь аймгийн төв орно шүү дээ.
- Улаанбаатар орох зам хаана байна вэ, аав аа?
- Энэ л замаар Улаанбаатар ордог юм аа.
- Аа, мэдлээ. Бурхны орон руу энэ замаар явна, тийм ээ! Аав хүд хүд инээж,
- Миний хүү юмны учрыг зөв ухаарч байна. Бүх зам хүрээ орно гэсэн үгтэй юм. Энэ замаар миний хүү дэлхийн хаяанд ч хүрч болно ...
Үнэхээр би Замын худаг хэмээх дэрстэй хоолойн дээд биеэр гарсан тэрхүү замаар сумын төв орж, сургуульд суугаад мөнөөх замаар аймаг, Улаанбаатар, түүнээс цааш өөр бусад улс орон руу аялан явсан билээ. Насан туршдаа хийх миний аяны урт зам анхны тэр нарийн жимээс цааш үргэлжилсэн агаад өглөөн нарнаас үдшийн сар хүртэлх зам ч тэр, балчир наснаас идэр нас хүртэлх оюун бодлын зам ч тэр, ер бүх зам ганц эхлэлтэй ажгуу.
Одоо би нутгийнхаа уулын тэртээ бэл рүү бууж одох замын үзүүр дээр зогсож байна. Энэ зам дэлхий ертөнцтэй намайг холбох цаг мөнхийн судас болон түмний хөлөөр хөдөлж, түүхийн агшнуудаар лугшин цохилж байна.
Би нутгийнхаа замаар явж байна
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Нум мэт
Нугаран тахийна,
Сум мэт
Сугаран талийна.
Хөтлийг цамнан,
Хөндийг гудран
Талдаа ташран
Уулаад угаж,
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Ээдрээтэй,
Адармаатай,
Эл замууд
Ил замууд
Бага замууд
Балархай жимүуд
Түүхийн буданг
Зүү шиг мэтгэж
Он жилүүдийг
Олс шиг хэлхэнэ.
Ужид эртний
Улбаа,
Заяа тавилангийн
Зангилаа
Анхны мөр
Алсын мөр
Үүрдийн гарам
Үлдэх ором.
Зам хөвөрнө,
Жам хөтөлнө.
- Үзүүр нь зэрэглээн дунд замирч байгаа хөтөл дээгүүр гараад очтол эртний их улбаа буй. Чингисийн зам гэдэг чинь тэр дээ. Чингисийн замаар ороод өгсөөд байтал ганц гэр харагдана ...
Замд таарсан цоохор морьтой майтгар хөх өвгөн надад ийнхүү зам заасан юм. Олоон жилийн өмнө заалгасан Чингисийн замын улбаагаар судрын балархай мөр олж мөшгөөд, өвгөд эмгэдийн галын дэргэдэх хууч домгийн элэрхий ганц нэг үгийн сэжүүрийг гогодож мөшгөөд, хойно өгүүлэх нэгэн үлгэрийн халуун судсыг олж атгасан бөлгөө.
ҮЛГЭР-1.
Чингис хааны алтан цогцсыг тээсэн хасаг их тэрэг эх нутгийн зүг хангирсан хөдөлсөөр Ордосын шар тохойд нэгэн саатав. Муны хөөвөр хэмээх газар хасаг тэрэг нь булдаа хүртэл шигдсэнд таван хүлгээр татаж гаргаад эзний онгон сүнс хоргодсон тул өмсгөл цамц, өрөөсөн оймсыг нь онголоод чинагш явсаар л авай.
Бурхан Халдунд очих зүгийн зөвийг бодож, их цуваа бага зэрэг зүүнш ташиж, сөнөдийн нутгаар орж, Еншөөгийн их говийг туулж, одоогийн Онгон элсийн баруун хаяаг эмжин чанх хойш зүгийг барин явж атал эзний алтан цогцсыг тээсэн хасаг их тэрэгний нөгөө өрөөсөн дугуй булдаа хүртэл элсэнд шигдэв. Их цуваа түр саатан амсхийх зуур Тулуй мориноос бууж эзний нөгөө өрөөсөн оймс, алтан бүс, аяны асрыг онголох зарлиг гаргав. Эзний сүнс энд хоргодохын хийгээд, эд зүйлийг энд онголохын нэгэн учир буй.
Чингис хаан нохой жилийн (1226) намар Хэрлэнгийн хөдөө арал дахь ордноосоо цэрэглэн мордож, арваад өртөө газар аялаад, цэрэг дайны агт морьдын эрдэм сургуулийг үзэхээр хааны түмэн сүргийн нутаг болох эдүгээн Дарьганга нутгийн Харваах хэмээх газар түр буудаллав. Тэнд хулан, хавтгай, бөхөн, зээр, гөрөөсийг довтлон намнаж, цэргийн ид бах хийморийг сэргээж, хүлэг морьдын шандас хурдыг үзэж эзэн ихэд баясан, өөрөө Хасарын хөвгүүн Есүнхэ мэргэний хамт Зост бор морийг унан хулан хөөгөөд одов. Есүй хатны санаа зовж Боорчид хэлбэл тэд араас нь нэхэн очвол эзэн хаан Онгон долоон худаг хэмээх газар мориноос унаж хүнд бэртсэн байв.
Эзний аяны асрыг Элсэн бөөргийн дундаас таван зүйлийн аршаан бургилан гарах Цоорхой хэмээх газар барьж хааны биеийг сувилсан билээ. Тангудын хаанд явуулсан элчийг хүлээж биеэ сувилах зуур Чингис хаан Есүй хатан Есүнхэ мэргэн хоёрт нэгэн зүүдний совингоо ярьсан билээ.
Тэр зүүдэнд нь үхэхийн цаг ойртов хэмээн орж ирээд Өгөөдэй Тулуй хоёрыг дуудуулан ойр байсан өрлөг сайд, шадар жанждаа цуглуулж байгаад намайг үхэхээр Өгөөдэй хаан ширээг залгамжилна хэмээн гэрээсэлсэн бөлгөө.
Эргэлэн хөмрөглөсөн их элсэн манхны хөвөө эмжин ургасан тоорой модны доогуур шуугин урсах ариун таван булгийн хоржигнох чимээ, модны мөчирт жиргэх шувуудын жиргээг сонсон уяраад Чингис хаан шөнө дөл биеэ чилээрхэн өвдөх үед би хаана ч байсан сүн сүнс минь эх нутагтаа буцах болно хэмээн үглэж байсан ажгуу. Эзний бие сайжирч байсан боловч аян дайнд мордоход арай л болоогүй гэлтэй байв. Гэсэн ч Тангуд руу дуун бариулсан элч дайтахын үгийг авчирсан тул эзний хилэн бадарч бие чилээрхүү, халуунтай байсан ч,
- Яавч тэр үгийг зүгээр орхихгүй! хэмээн, Мөнх тэнгэр чи мэд! хэмээн тэндээс Тангудыг дайлаар мордсон бөлгөө.
Ийн эзний эд зүйлсийг онголсон тэрхүү газрыг Онгон хэмээн нэрийдсэн бөгөөд тэрхүү биеэ сувилсан таван аршааны цоорхойг Онгон таван булаг хэмээнэ. Бурхан Халдун уул хүрсэн Чингис хааны сүүлчийн их зам Дарьгангын нутгаар дайрч гарсны учир ийм болой.
Өөр нэгэн зүйл:
Онгон их элсний олон шаргал бөөрөг дундуур хэсэг цагаан манан сүлжиж сэлгэн нүүсээр өтгөн улаан бургасны мөчирт өлгөгдөн сатаарвай.
Манан хоргодох манхны өвөр дэх зүлэгт ногоон хонхорт мянган хонь хэвтэхүйц цар бүхий чулуун булш байх бөгөөд түүнийг дээдсийн онгон хэмээжээ. Хэзээ хаанаас хэрэг болгож энэ их элсэн далайн гүнд үүнийг онголоов? Манан нэг татран, нэг бүдгэрэн түүхийг тодруулж, мөнхүү бас төөрөлдүүлнэ. Бургас руу хошууран шургаж буй хониныхоо үзүүрийг дарах аавын шилбүүрийн хуйвны тачигнахуйяа аянгат дуунд мөнөөх хэсэг цагаан манан басхүү түүнээс дайжих мэт сарнивай.
Манан хөөрөв. Би асууруун: “Аав аа, энд юу байсан юм бол?” Аав юм бодоод дуугүй. Би бас дахиад асууруун: “Аав аа, энэ булш юм болов уу?” Аав хөмсөг зангидан өгүүлрүүн: “Дуугаа! Чингис хаан үүгээр явж өнгөрсөн юм.” Манан хөшиглөв ... Чингис хааны улбаа... Манан зангирав ...
Хөвгүүн миний сэтгэлд ер хэлж үл мэдэгдэх, барьж үл тэмтрэгдэх, холын цагаан манан сүүмэлзэн татвай. Түүх манантай, түүний улбаа манан дунд бүртэлзэж, алс чанадын цагаан манан улам бүр гүн бодлогошрон улам бүр нойрсон оршмуй.
Бас нэгэн зүйл:
Чингис хаан үүгээр явж өнгөрсөн юм гэнэ. Хадан дээр морин туурайн мөр байна. Чингисийн морь гишгэсэн юм гэнэ. Тэнгэрээс унасан тэвнэ шиг хоёр мөнгөн хад байна. Чингисийн гүүн зэлний гадас юм гэнэ.
Тэнгэрээс буулгаж, газарт суулгасан цар таваг шиг их хүрээ байна. Энд Чингис хаан агтаа хурааж байсан юм гэнэ.
Гурван зээрдийн нуруу гэж байна. Чингисийн зээрд морьд гүйж өнгөрсөн юм гэнэ.
Давхар гэж газар байна. Чингисийн бэр бие давхар болсон юм гэнэ. Хүүт гэж газар байна. Чингисийн ач хүү төрсөн юм гэнэ.
Дөш гэж дөрвөлжин бор уул байна., Гангын цагаан овоо гэж сандал шиг түшлэгтэй уул байна. Чингис хаан Гангын цагаан овоон дээр сандайлаад Дөш ууланд дээр сэлмээ давтаж суусан юм гэнэ. Төмрөө улайсгаад Ганга нууранд дүрж хатаагаад ган болд сэлмээ өргөн мөрдөж байсан юм гэнэ. Тэгээд Гангын ус цагаан болчихсон юм гэнэ.
Онгон, Молцог хэмээх хоёр их элс Дарьгангад буй. Чингисийн хоёр хар бух мөргөлдөхөөр хэрсээр байгаад түүнээс энэ их элс тогтсон юм гэнэ.
Шилийн Богдын ар руу оройг нь тайрчихсан юм шиг оготор хөх уул бий. Хажууд нь гүцний таг шиг шовгор толгой бий.
Шилийн Богдоос өндөр харагдаад байна гээд Чингис хаан өшиглөчихсөн нь тэр юм гэнэ...
Чингис хааны нутаглаагүй, явж өнгөрөөгүй газар, ус алга аа. Ингэхээр бид чинь мордоод давхихдаа Чингисийн замаар гарч, буцахдаа Чингисийн замаар ирж байна. Өнгөрснийг өнөөдрөөс салгаж үл болно. Түрүүчийн явж өнгөрсөн замыг өнөөгийн яваа замаас, ирээдүйд явах замаас салгаж үл болно. Ингэж бодож явна аа.
Намайг оюутны амралтаар ирсэн нэг зун аав, Бөөжөө Дарчин хэмээх өвгөнөөс “Богд Чингис хааны магтан сургасан оюун түлхүүр оршивой” хэмээх номыг хүүдээ уншуулна гэж өвөртөлж авчирсан юм сан.
- Миний хүү, аав нь эзэн Богд Чингис хааны эрдэм ухааны далайгаас залж ирлээ. Манай ногоон азарга, Сүжийн хөтлийн зам хоёр тэр хөлгөнийг дааж авчирлаа. Үүнээс хойш миний хүү, энэ замыг эзэн Богд манайд заларсан зам гэж дотроо сүжиглэж яваарай гэсэн сэн.
Аавын минь гэрийн алтан хойморт ч эзэн Чингис заларч ирсэн зам бий шүү дээ хэмээх гэгээн бодолтойгоо насны нар үд голлох тийш шогшиж явна!
...Би эзэн Чингисийнхээ замаар Монгол улсынхаа хувь заяаны тухай бодсоор явж байна...
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Наран доогуур
Цувисан зэс шиг
Саран доогуур
Цуулсан хулс шиг
Тохойрон тэгшрэн
Тодрон бүдгэрэн
Толгой даваад
Тойром тойроод
Тал дундуур
Гал дундуур
Намайг дагуулж
Чамайг дагуулж
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Донхолдоо донслуулж
Дэнхэлдээ дэнслүүлж
Дуу ч дуулж
Буу ч үүрч
Босож ч явсан
Унаж ч явсан
Хаадын ч зам.
Харцын ч зам.
Харанхуйд хань,
Төөрсөнд төрөл...
Зам хөвөрнө.
Жам хөтөлнө.
Ом сайн амгалан болтугай.
No comments:
Post a Comment