Найрагч анд Юй Си-д
Хөхөмдөг далайн нууцлаг яралж бийрийн мөр мэт.
Хөхрөгч тэнгэрийн илбэн үүлс муутуу цаас мэт.
Тэнгэр далай хоёр тохиох тэр хярхагт шүлэг төрнө.
Тэнд Юй Си андын найргийн завь хөвж явна.
Хөхөмдөг талын нууцлаг зэрэглээ бийрийн мөр мэт.
Хөхрөгч тэнгэрийн илбэн үүлс муутуу цаас мэт.
Тэнгэр тал хоёр тохиох тэр хярхагт шүлэг төрнө.
Тэнд миний найргийн хүлэг давхиж явна.
Өдөржин бидний дээр нэг л нар.
Шөнөжин бидний доор нэг л сар.
Өдөржин нарны гэрэлтэй алтан бийр.
Шөнөжин сарны туяатай мөнгөн бийр.
Чиний далай цэнхэртэнэ. Миний тал цэнхэртэнэ.
Чи бид хоёрын тэнгэр дотор бүхий л ертөнц багтана.
Цэнхэрлэгч орчлонд чиний найраг, миний найраг.
Цэнхэрлэгч найраг дотор чиний далай, миний тал.
Миний хээр талд чиний ажнай хүлэг давхина
Чиний далайн цээлд миний алтан загас сэлнэ.
Нарны гэрлээс цугтаа алтан утас ээрнэ.
Сарны туяанаас цугтаа эрдэнийн чулуу түүнэ.
Чамайг ирэхэд миний талын зэрэглээ
Чиний өмнө далайн яралж болж эрхэлнэ.
Намайг очиход чиний далайн яралж
Миний өмнө талын зэрэглээ болж эрхэлнэ.
Эвэрдээгүй одос унаад эрэлд одож болмуй
Энгэрийн модны хүрэлзгэнэ шүлгэнд донгодож болмуй
Сарны туулай хээр талд дэгдэхэд үл гайхмуй
Салхин дарвуулгүй нүцгэн хөлөөр далайг яахин гатлах буй.
Дууны аялгуун дотор мянган жил амьдарч болмуй
Бийрийн мөрөөр мянганы тэртээд буцаж болмуй
Далайн яралж, талын зэрэглээг учруулж болмуй
Даяанч найрагч Юй Си андын оюуны сансарт хэрхэн дүүлэх буй?
2008.VI.13
Богд Уулын ар хормой. Хатан Туулын хөвөө.
Номын өргөөнөө тэрлэвэй
No comments:
Post a Comment