Уулсыг ороогоод хөх манан мушгирна
Урдах зам манан руу шургаад төөрчээ
Олмоо чангалахаар овоон дээр мориноосоо буулаа
Орчлон хорвоо манан дунд домогшино
Хүлэг минь дөрөө жингэнүүлэн шилгээвэй
Хүмүүсийн хэл амыг ч хэцийн салхин хийсгэвэй
Бага үдийн алдад өтгөн манан замхарч
Басхүү тэндээс цэнхэр хүдэн суунаглаж,
Уулсын гүн бодол улиран балран солигдоно
Ус мөрөн ч бас булингартаж, тунгалашиж урсана.
Амраглахуйн орны адбиш цэцэглэг дунд хүмүүн бас,
Аль нэгэн цагийнхаа зовлонгийн үрийг суулгамуй.
Чилтэл хадгалсаан, би өөрийгөө. Хүмүүнд ч улирал буй.
Чиний ургуулсан цахирмаа цагийн салхинд зулгарвай
Амьдрал хэмээх жаргал зовлонгоор нэхсэн торон дотор
Алдаа оноо хоёр алаглаж булаглаж оршмуй.
Бараан үүлс атиралдаж аадрын түрүүч айсуй
Баруун уулын дээгүүр аянгын гялбаа зурсхийнэ
Борооноос өрсөн гэрийнхээ зүг морио гуядвай
Бодлын аглагт айсуй хаврын цахирмаа гэрэлтвэй.
2007
No comments:
Post a Comment