Saturday, November 1, 2008

ТАЛЫН ЗЭРЭГЛЭЭ, ДАЛАЙН ЯРАЛЖ


Найрагч анд Юй Си-д



Хөхөмдөг далайн нууцлаг яралж бийрийн мөр мэт.
Хөхрөгч тэнгэрийн илбэн үүлс муутуу цаас мэт.
Тэнгэр далай хоёр тохиох тэр хярхагт шүлэг төрнө.
Тэнд Юй Си андын найргийн завь хөвж явна.

Хөхөмдөг талын нууцлаг зэрэглээ бийрийн мөр мэт.
Хөхрөгч тэнгэрийн илбэн үүлс муутуу цаас мэт.
Тэнгэр тал хоёр тохиох тэр хярхагт шүлэг төрнө.
Тэнд миний найргийн хүлэг давхиж явна.

Өдөржин бидний дээр нэг л нар.
Шөнөжин бидний доор нэг л сар.
Өдөржин нарны гэрэлтэй алтан бийр.
Шөнөжин сарны туяатай мөнгөн бийр.

Чиний далай цэнхэртэнэ. Миний тал цэнхэртэнэ.
Чи бид хоёрын тэнгэр дотор бүхий л ертөнц багтана.
Цэнхэрлэгч орчлонд чиний найраг, миний найраг.
Цэнхэрлэгч найраг дотор чиний далай, миний тал.

Миний хээр талд чиний ажнай хүлэг давхина
Чиний далайн цээлд миний алтан загас сэлнэ.
Нарны гэрлээс цугтаа алтан утас ээрнэ.
Сарны туяанаас цугтаа эрдэнийн чулуу түүнэ.

Чамайг ирэхэд миний талын зэрэглээ
Чиний өмнө далайн яралж болж эрхэлнэ.
Намайг очиход чиний далайн яралж
Миний өмнө талын зэрэглээ болж эрхэлнэ.

Эвэрдээгүй одос унаад эрэлд одож болмуй
Энгэрийн модны хүрэлзгэнэ шүлгэнд донгодож болмуй
Сарны туулай хээр талд дэгдэхэд үл гайхмуй
Салхин дарвуулгүй нүцгэн хөлөөр далайг яахин гатлах буй.

Дууны аялгуун дотор мянган жил амьдарч болмуй
Бийрийн мөрөөр мянганы тэртээд буцаж болмуй
Далайн яралж, талын зэрэглээг учруулж болмуй
Даяанч найрагч Юй Си андын оюуны сансарт хэрхэн дүүлэх буй?



2008.VI.13
Богд Уулын ар хормой. Хатан Туулын хөвөө.
Номын өргөөнөө тэрлэвэй

ДЭЭДСИЙН ҮЛГЭР ЛҮҮ НЭВТРЭХҮЙ




Оюун билгийн аливаа сод туурвил нь нэгэн улс үндэстний хүрээнээс хальж, тив дэлхийн соёлт хүмүүн төрөлхтний зүрх сэтгэлийг эзэмдэн догдлуулснаар мөнх хутаг олдог жамтай билээ. Орон зайн хязгааргүйг гэтэлж, цаг хугацааны алсаас бидний үед хүрч ирсэн суут бүтээлүүдийн нэгийг та дэлгэж байна.
Английн утга зохиолыг үндэслэгч, сэргэн мандалтын үеийг эхлүүлэгч, англи хэлт яруу найргийн анхдагч их дууч Жеоффрей Чосер (1340-1400) дэлхийн соёлын түүхнээ алтан үсгээр бичигдсэн агуу их хүмүүн бөлгөө.
“Кентерберийн туульс” хэмээх 24 шүлэглэсэн туужаас бүрдсэн их хөлгөн судараа Ж.Чосер 1386 оноос эхлэн насан төгс хүртлээ 14 жилийн турш туурвижээ. Эртний гүн ухаантан Аристотелээс эхлэн дэлхийн алдар суут хаад, жанжид, эрдэм билигтнүүд зэрэг агуу их хүмүүсийн түүх домог, онцгой үйл явдлуудын товчооныг үнэн бодит явдлаас ургуулан уран сайхны дүрээр, англи хэлний яруу баялгаар бүтээсэн түүний туурилууд цаг хугацаа, түүхийн хатуу шалгуурыг даван туулж XXI зуунтай золгосон байна.
Алдарт “Кентерберийн туульс”-ын нэгэн тууж болох “Дээдсийн үлгэр” бол дэлхийн агуу их хүмүүн Чингис хааны тухай өрнө дахинд дуулсан яруу найргийн ууган туурвилын нэгэн болой.
Ж.Чосерийн амьдарч туурвин бүтээж байсан цаг үе нь Тогоонтөмөр ухаант хаан Юань улсыг захирч монголын судар ном бичиг шастир цэцэглэн дэлгэрсэн хийгээд, бас Юань улс доройтон мөхөж асан цаг үетэй давхцаж буй бөгөөд түүхэн ийм цаг үед Чингис хааныг туужийн гол баатар, үлгэрлэгч болгон зохиолын төвд хөрөглөн тавьсан нь санаандгүй хэрэг бус аа. Чингис хаанаар үлгэр болгосон “Дээдсийн үлгэр” англичуудын оюун санааны амьдралд нөлөө үзүүлээд зогсоогүй, Британийн эзэнт гүрэн мандан цогцолоход Чосерийн энэхүү суут бүтээлийн оролцоо буй хэмээн зарим судлаачид тэмдэглэсэн байдаг нь учиртай.
Ж.Чосер “Дээдсийн үлгэр”-ийг бичихдээ Марк Пологийн аяллын тэмдэглэл хийгээд, дэлхийн хамгийн хүчирхэг орон Юань улсаас өрнө рүү нээсэн соёлын хаалга ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн нь гарцаагүй. Америкийн нэрт эрдэмтэн Чингис хаан судлаач Жек Ведерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч эзэн Чингис хаан” хэмээх бестселлер болсон судалгааны томоохон номоо Ж.Чосерийн “Дээдсийн үлгэр”-ийн оршил хэсгээр эхэлсэн байна. Ер нь өрнө зүгийн сүүлийн үеийн түүхийн бүтээлүүдийг үзэхэд түүхэн цаг үеийн амьд тусгал болсон яруу найргийн сонгодог мөр бадгаар ишлэл авсан нь олонтаа. Яруу найраг бол цаг хугацаа орон зайн хязгааргүй алсыг тогтоон бичиглэсэн шидэт агшин юм.
“Дээдсийн үлгэр”-т гарч байгаагаар Чингис хааны асарт харийн хөлөг баатар гэв гэнэт гуулин биетэй хүлэг морьтой нисэн ирж байна. Араб Энэтхэгийн их хаан Монголын эзэн хаанд энэхүү шидэт гуулин морь, далдыг тандан мэдэгч толь, мунхагийн харанхуйг тас татагч илд, мөн хааны гүнжид шувууд жигүүртний хэлийг мэдэгч бөгж тэргүүтнийг бэлэглэж байгаа нь XXI зууны интернэтийн дэвшил, халаасны цахим орчуулагч, тив алгасан онгоц пуужингаар зорчих тэргүүтнийг зөгнөсөн мэт.

Тэнгист яагаад таталт түлхэлт болдгийг
Тэнгэрт яагаад манан будан бүрхдэгийг
Тэнд энд яагаад үер уруй буудгийг
Энэ бидний үе тааж ядан явавчиг
Ирээдүй хойчийн хүмүүс танин мэдэх бизээ

хэмээн эзэн Чингис хэлж байгаа нь шинжлэх ухааны танин мэдэхүйн ирээдүйн хөгжлийг зөгнөн гэрээсэлсэн мэт буюу. Чухам үүнээс үзвэл Ж.Чосер агуу их зөнч найрагч ажгуу. Харийн зочны хүлэглэсэн гуулин морийг эзэн хааны ордныхон шинжин тандахдаа “Pegasus” буюу эртний Грекийн үлгэрт гардаг туурайн төвөргөөнөөс нь яруу найргийн онгод дэвэрдэг жигүүрт хүлэг байх хэмээн таамаглаж буй нь монголчуудын яруу найргийн зөнч мэдрэмжийг хэлсэн гэлтэй. Бас мөнөөх онцгой толийг үзсэн хүмүүн:

Олон өнцөгтийг цараанд нь зөв суулгасан
Орох гэрлийг доош нь дээш нь солбисон
Ойх тусгалын хуулийг оноож яг чадсан
Одон оронч Альхазен, Вителло, Аристотель нарын
Онол номын дагуу бүтээсэн толь байна


хэмээвэй. Энэ нь чухам физикийн призм хэмээх талстыг санагдуулна. Жан Коктоугийн яруу найрагчийг призмтэй адилтгасантай жишиж тунгаан үзвэл тэрхүү шидэт толь нь яруу найргийн увдис буюу шидэт чанар бололтой.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн онд эзэн Чингис хааны эрдэм билиг, оюун сүлд эргэн залрах мэт олон чухал тэмдэглэлт үйл явдал монгол оронд тохиосны нэг нь Ж.Чосерийн “Дээдсийн үлгэр” эзэн хааны эх хэлнээ амилан хөрвөсөн явдал юм.
Монгол Улсын нэрт яруу найрагч, дуун хөрвүүлэгч Дамдины Бямбаа эх оронч эр зориг гаргаж хэн хүн зүрхлэн барьж авмааргүй нэвтэрхүйеэ бэрх үгийн оньс шидээр сүлжсэн мөнөөх туульсийг орчуулан толилуулбай. “Дээдсийн үлгэр”–ийн энэхүү орчуулга дэлхийн сонгодог яруу найрагч Ж.Чосерийн “Кентерберийн үлгэр”-үүдээс монгол хэлнээ гарч буй анхны бүтээл болохынхоо хувьд төдийгүй шүлэглэх уран чадвар, монгол хэл, яруу найргийн боломжийг чадамгай илэрхийлсэн шилдэг орчуулга болсон гэж үзэж болно. Орчуулагч бээр “Дээдсийн үлгэр”-ээс өмнө мөн Английн их яруу найрагч Самуэл Тейлор Колерижийн “Хубилай хаан” хэмээх алдарт шүлгийг орчуулсан нь яруу найргийн боловсролтой соёлт уншигчдын талархалыг хүлээсэн болно. Чухам тэрхүү урам зориг нь “Дээдсийн үлгэр”-ийг орчуулах тэнхээ болсон нь лавтай.
“Дээдсийн үлгэр” Д.Бямбаагийн орчуулгаар анх нийтлэгдсэнээс хойш дорхноо л монголын хэвлэл мэдээллийн орон зайд хүндтэй байр эзлэж эхлэв. Хэдийгээр нэгэн жил гаруйхан хугацаа өнгөрөөд байгаа ч “GUNU”, “Өнөөдөр”, “Дал”, “Зууны мэдээ” зэрэг арав гаруй сонин сэтгүүл, эмхэтгэлд нийтлэгдэж, Дундад Улсын “Дэлхийн уран зохиол” сэтгүүлд монгол бичгээр гарчээ. Түүгээр ч үл барам “Их Монгол -800”-ийн оргил үйл явдал болох хамгийн шилдгийг шалгаруулах цэнгүүнийг “Дээдсийн үлгэр”-ийн оршил хэсгээр нээсэн нь учрал тавилангийн зураг төөрөг буюу. Монголын ахмад үеийн нэрт яруу найрагч Д.Бямбаа гуай маань “Дээдсийн үлгэр” болоод “Хувилай хаан” хэмээх дэлхийн яруу найргийн очир эрдэнэс болсон туурвилуудыг эх хэлээрээ яруу төгс буулгасан нь монгол орчуулгын яруу найргийн эрдэнэсийн санд орох нь магад буюу. Тэрбээр яруу найрагч туурвин цогцлоохын ид хавыг эзэмшсэн уран бүтээлч болохоо энэ бүтээлээрээ нотлон харуулж чадвай.


2006

ЯРУУ НАЙРАГ ДАХЬ ОД ЭРХИСИЙН ОРЧИХУЙ

Яруу найраг бол хүмүүний дотоод сансарын од эрхис юм.Түүнд орон зай орчил хөдөлгөөн, нууц дохиолол, үл тайлагдах олон чанар буй. Гэсэн хэдий боловч хүн төрөлхтөн бие биесийн оюун сэтгэлгээний тэрхүү гайхамшигт сансарт нэвтэрч үзэхийн хүсэл эрмэлзлэл нь яруу найргийн орчуулгын эрдмийг буй болгосон байна. Бичгийн мэргэд, тэрчлэн яруу найрагчид өөрсдөө ч яруу найргийн орчуулгыг бараг боломжгүй зүйл гэж үзэж бичиж ирсээр асан боловч, яруу сайхны цаглашгүй хэрэгцээ нь өөрөө тэр хана хэрэмийг гэтлэн давж яруу найргийн орчуулгын үнэт сан хөмрөгийг буй болгосоор авай. Яруу найргийн орчуулгын сан хөмрөг нэн баян. Бараг түүн шиг их очир эрдэнэсийг манай гарагийн хаанаас ч олдворлох аргагүй.
Монголчуудын орчуулгын уламжлалыг Хүннү, Хятан гүрний үеэс л авч ярина. За тэгээд Их монгол улс, Юань гүрний үед бол бүүр ч ярих юмтай. Энэтхэг, Төвд, Нанхиад, Дорно дахинаас орчуулсан дундад зууны ном эрдэнэсийн өв санг хэдэн зуун ботиор тоолдог билээ. Ялангуяа улс орнууд бие биеэс айж бэргэж, чулуун хэрэм, үзэл сурталын хүрээгээр тусгаарлагдсан төрх байдлаас интернэт мэдээллийн цаг үед нүүж ирсэн XXI зуунд яруу найргийн орчуулгын эрэлт бүүр ч чухал байна. Яагаад гэвэл, яруу найраг руу нь нэвтрэхгүйгээр хүн төрөлхтөн бие биесийн соёлын үнэт зүйлийг бүрэн танин мэдэх боломжгүй юм. Юнескогоос хоёр зууны зааг дээр хүн төрөлхтөнд хандаж яруу найргийг XXI зууны оюун соёлын хамгийн чухал хэрэглээ, үнэт зүйлс болгон зарлаж яруу найраггүйгээр ямар ч урлаг байхгүй хэмээх томъёоллыг эш үндэс болгохдоо улс үндэстнүүдийн хэлний үзэгдлүүдэд буй утга соёлын давтагдашгүй чанарыг хадгалж хамгаалалахын тухайтад онцлон анхаарсан байна. Өнөөдөр хятадын сонгодог яруу найргийг таван хэлнээ харьцуулан үзэх боломжийг соёлт уншигчдадаа олгож буй нь дээр өгүүлсэн хүн төрөлхтөний орчуулгын өв сан ялагдашгүй баян байгаагийн тод гэрч мөн буюу. Манай монголын авъяаслаг дуу хөрвүүлэгч, эрдэмтэн, хятадач Я.Ганбаатар яруу найраг хийгээд түүний орчуулгатай шадарласан олон жилийн сан хөмрөг дотроосоо хятадын 51 сонгодог яруу найргийг шилэн сонгож англи, герман ,орос орчуулгуудыг нь олж цуглуулахын хамт, хятадаас нь монгол руу яруу сайхан орчуулж таван хэлний яруу найргийн нэн сонин сайхан ном бүтээвэй. Чухамхүү яруу найргийг эрхэмлэн дээдэлж хайрлан биширч, ойлгож гэгээрдэг хүмүүн л ийм зовлонтой хийгээд жаргалтай үйлсийг сайн дураараа эрхлэж чадах буй заа. Эрхэм нөхөрт үнэн талархан мэхиймүү. Я.Ганбаатар Нанхиадын сонгодог яруу найргийн эдгээр бүтээлүүдийг монголчлохдоо хятад эхээс нь орчуулсан нь магад боловч, англи, герман, орос орчуулгуудыг харьцуулан тулгаж үзэх боломжийг олжээ. Соёлт мэргэн уншигч дээрх таван хэлний аль нэгээр нь уншихдаа, мөн бусад хэлний орчуулгуудыг харьцуулан харах аз завшааныг энэ номноос олмуй.

Я.Ганбаатар олон жилийнхээ орчуулгын сангаас дээжлэн “Нанхиадын сонгодог яруу найраг “ хэмээх таван хэлний яруу найргийн номоо энэ 2006 онд Монгол улсад болж буй Дэлхийн Яруу Найрагчдын XXYI их хуралд зориулсан байна. Үүнийг эрдэм соёлт эрхэм бичгийн хүмүүний, яруу найргийн их далай руу илгээж буй нэгэн тунгалаг ариухан булаг хэмээн зүйрлэлтэй. Монголын эрдэм билигт хөвгүүд охид дэвэн дэлхийн олон улс оронд сурч боловсорч, хэл соёлтой нь танилцахын хамт, ялангуяа уран зохиол, яруу найрагтай нь бүүр дотно найрсан холбогдож авъяас чадлаа хурцлан ард олныхоо оюун сэтгэлгээг ариусган гэгээрүүлэх энэ мэт буянт үйлсийг хийж болохын үлгэр нь энэ ном боллоо. Я.Ганбаатар орчуулгын энэ бүтээлтэйгээ зэрэгцүүлэн “Нанхиадын сонгодог утга соёл ” хэмээх томоохон бүтээлээ хэвлүүлж байгаагийн зэрэгцээ “Тэнгэрт бошгоор үүдсэн их хүн улсын түүх оршвой ” нэрт түүхийн судалгааны ном ,”Моодун Шаньюй” нэрт түүхэн роман бичиж дуусгаад байна.
Монголчууд нэг хэлний соёлын ертөнцийг өөр хэлний соёл руу нүүлгэхийг “дуун хөрвүүлэх” “орчуулах“ хэмээх үгээр илэрхийлдэг билээ. Дуун хөрвүүлэх гэдэг нь дуу аялгууны эгшиглэн хийгээд түүний сэтгэлийн дүрслэлийн айзам нугалааг яг эргүүлэн тавих лугаа дүйлгэн өөр хэл рүү буулгахын учрыг сэнхрүүлсэн мэт. Орчуулах гэдэг нь нэг хэлийг нөгөө хэл рүү зөөхдөө од эрхисийг огторгуйгаар оруулахын дайтай ажил эрхэлдэг хэмээн нэгэн орчуулагч зүйрлэсэн бий.
Чухам од гарагийн өөр өөр орд гэрийг бие биесд нь зорчуулах мэт нөр хичээнгүй үйл бүтээж, монголын утга соёлын эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулсны цагаан буян өнө үүрд дэлгэрэх болтугай.

2006.06.30

АХ МИНЬ ЯВЧИХААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ




Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм.


Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв. Ийнхүү тэр их хүнтэй аяны дөрөө харшиж, Хүннүгийн хаадын онгон орших Хараагийн Ноён уул, Түрэгийн хаадыг онголсон Хөшөө цайдам, Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийд, Цогт хунтайжийн номын өргөө байсан Цагаан балгас гээд Монголынхоо түүхийн алтан мөрүүдийг бичиглэсэн газар орноор аялж мэргэдээс ном сонсож, чих онгойж, нүд нээж явлаа. Тэр нэгэн аялалын турш би Сүхбаатар гуайгаас холдсонгүй. Бид Хөшөө цайдамд хүрч ирэхэд Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс рүү Сүхбаатар гуай маань шунгаад орчихов. Эртний судлалын эрдэмтэн хүнд түүх соёлын энэхүү ховор чухал дурсгалын үг үсэг бүрийн халуун мөрийг нүдээр үзэж гараар тэмтрэх нь хосгүй завшаан буй заа. Гэрэлт хөшөөнд хожим нэмж Сандо амбаны бичүүлсэн бичээсэнд тэрээр тийм ч таатай хандахгүй байв. Сандо амбан чинь тэр цагт Монголын түүх соёлын өвийг хамгаалж засварлуулж их ажил хийсэн юм байна шүү дээ гэж хэн нэгэн нь өдөхөд Сүхбаатар гуай Монголын түүхийн хувь заяанд Манж, Хятадын зүгээс нөлөөлсөн муу үр дагавруудыг зад шүүмжилж гарлаа. Тэрбээр Хубилай хааны талаар тун таа муутай явдаг нь илт. Монголын тусгаар тогтнолын түүхэнд хар толбо үлдээсэн хэнбугайг ч бай зад шүүмжилэхэд бэлэн явна. Өндөр гэгээний улс төрийн үйл хэргийн талаар ч бас тийм таатай үг хэлсэнгүй. Түүний зүрхэнд эх орны түүхэн үйл явдалын амьд халуун мөрүүд урсан өнгөрч, сэтгэл нь нэг үе омог бахархлаар дэврэн оргилж, нэг үе харуусал эмзэглэлээр шаналж өвдөж байх шиг санагдана. “Монголын түүхийн дээж бичиг” хэмээх нэг чухал номынхоо оршилд түүний бичсэн нэг тод өгүүлбэр бий. “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйл, гайхамшигт бүтээл туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” хэмээн бичсэн нь түүхээр зөвхөн бахархахын хамт эх орны тусгаар тогтнолын бартаат сургамжийг ямагт санаж явахын учрыг хойч үеийнхэндээ сануулан сэнхрүүлсэн их түүхчийн зүрхний цусаар бичигдсэн үг тэр буй заа.

Сүхбаатар гуай түүхэн хүмүүсийн гавьяаг бахдахын хамт алдаа согогийг хайр найргүй шүүмжилнэ. Тэрээр алдааг үл уучилна. Манайханы зарим нь түүнтэй саналын зөрүүтэй бодлоо хааяа хэлэх боловч тэрбээр юуг ч үл сонсон, ямар ч аугаа түүхэн хүний алдааг цулайтал хэлнэ. Харин энэ тухай би тийм тийм номынхоо төд дэхь хуудсанд биччихсэн байгаа хэмээн уншихыг сануулна.Түүний энэ араншин баахан зөрүүд хүний байдалтай мэт санагдах авч түүхийн гашуун сургамжийг хэзээ ч үл давтаасай хэмээсэн эрдэмтэн түүхч хүний гал халуун эх оронч зүрх сэтгэлийн нь тодхон зураг болж хоногшин үлджээ. Бид Хараагийн Ноён ууланд ирлээ. Хүннүгийн хаад ихсийн онгоныг хадгалсан энэ оронд эртний түүхийг нэвтэрхий судалсан их эрдэмтэнтэй цуг өнгөрүүлсэн хэдэн мөч минь юутай үнэтэй билээ. Ноён уулын онгон маань бидний сүсэглэж очсоноор онгон зэрлэг, газар орон байсангүй. Баахан сэндийлсэн нүх, овоолсон шороо. Эндээс Козловын малтлага хийсэн Хүннүгийн хаадын дурсгалт их эд өлгийн соёлын үнэт зүйлс нь Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй бөгөөд манай түүхийн музуйд ширдэгний өөдөс тэргүүтэн жаахан юм бий л дээ. Ядахдаа энд нэг сайхан пайз босгож, үүх түүхийг нь бичээд харуул хамгаалалтай болгох сон гэж бид ярьж явлаа. Уулын ам өгсөөд модон дундуур баахан алхав. Сүхбаатар гуай маань харин энд дуугаа хураагаад дүнсийчихэв. Уул нь бид малтлага хийсэн онгоныг бүртгэж явсан юм. Гэтэл хуучин алтны уурхайн гаргасан хонгил нүх, хэргээ бүтээгээд гээгдсэн техникийн сэг, мөнөөх өвгөдийн онгоны малтсан малтаагүй булштай холилдоод толгой эргүүлчихэв. Энд хэзээ нэгэн цагт алт ухсан хүмүүс булш бунханыг хөндөж сүйтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр энэ Ноён ууланд байгалийн их алт, соёлын их алт эрдэнэстэй холилдон оршиж байжээ. Аль алиныг нь ухаад ачаад явчихаж. Юутай харамсалтай, юутай гунигтай. Сүхбаатар гуай цүнхээ уудалж баахан зураг тэмдэглэл гаргаж ирээд энэ булшнаас ийм ийм юм гарсан, тэрнээс тийм тийм юм гарсан гээд нүдэнд харагдтал ярьж явав. Малтлага хийгээд их юм олох ч яахав, дараа нь дээдсийн оршсон энэ газрыг хэрхэн хадгалах, хамгаалах, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, хайрлуулах талаар түүхчид та нар юу хийх ёстой вэ гэх маягийн сэдвээр яриа өдөв. Түүхч маань баахан сэтгэл өвдсөн маягтай. Ноён уулыг ийм сэг болсон онхол цонхол, нүх довноос өөр юмгүй орон гэж төсөөлөөгүй болтой. Г.Сүхбаатар гуай, Н.Цүлтэм гуай, С.Эрдэнэ гуай бид хэд булш болгоныг дугаарлаж, зураглалыг гаргаж, тэмдэгжүүлэх, алсдаа энд нь нэг сайхан үзмэрийн понарам байгуулах тухай санал боловсруулж болох юм гэж ярьж зогслоо.

Би Сүхбаатар гуайгаас

-Та энд олон ирсэн үү гэж асуугаад мэл гайхав. Тэрбээр энд анх удаагаа ирж байгаа ажээ.

- Та чинь тэгээд судлаад л байсан биз дээ гэхэд эрдэмтэн

- Тийм гэснээс өөр юм хэлсэнгүй. Нүд нь баахан гунигтай болж ирээд

- Намайг чинь эсэргүү үзэлтэн, үндэсний үзэлтэн энээ тэрээ гээд гадагш ийш тийш явуулдаггүй, томилолт өгдөггүй байсан юм шүү дээ хэмээн харамсангүй өгүүлэв. Түүний амьдрал, бүтээлч үйлсийн нэгэн хэсэг цаг үеийг нь хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран өнгөрсөнийг бид мэднэ. Тэрбээр алдсан цаг хугацаагаа нөхөн авах эрч хүчийг хуримтлуулж байна уу гэмээр хөнгөн шингэн, өглөө эрт босоод гүйнэ. Биеийн тамир хийнэ. Бид түүнийг урт наслах байх улам л их юм хийх байх гэж бодож явлаа. Гэвч хорвоо энэ их түүхчийг төрүүлж, монгол улсад хүлээлгэн өгсөн шигээ бас нэгэн өдөр буцаагаад аваад явчихсан юм.


Тэр нэгэн намар түүхчийн зүрх зогсчээ. Жинхэнэ гал халуун эх оронч түүхчийн зүрх зогссоныг би их л хожуу дуулж, ганцаараа баахан гуниглаж суусан билээ. Түүний зүрхэнд эх орны мянга мянган жилийн түүх, бахархах бахархалтайгаа, халаглах харамсалтайгаа багтаж байх шиг санагддаг асан билээ. Одоо надад тэр их хүнтэй шадарласан нэгэн аяллын халуун агшинуудыг бичиглэсэн хэдэн гэрэл зураг л үлджээ. Бас өөрийн судалгааныхаа арга барилыг үзүүлсэн Ноён уулын соёлтой холбоотой зурагт тэмдэглэл нь бас хадгалагдаж үлджээ. Г.Сүхбаатар гуайгаа дурсах бүрд Хүннү, Сяньбигийн үеийн шүлэг санаанд буудаг юм.
Ах минь явчаад эргэж ирсэнгүй

Аль алинаасаа салан холдох нь хялбар

Ахин бие биетэйгээ уулзах нь хэцүү…

Энд эх нутаг минь үзэгдэхгүй нь

Элэг зүрхийг минь шимшрүүлнэ…


Эртний түүхийн халуун мөрийг шингээсэн энэ шүлгийг их эрдэмтэн Г.Сүхбаатар ах маань орчуулсан байдаг юм. Түүхчид төдийгүй зохиолчид, манай эртний яруу найргийн нэгэн эрдэнийн шигтгээ хэмээн тэмдэглэх боллоо. Монголын Сяньби аймгийн үед зохиогдсон энэхүү “Ахын дууг” одоо би таныг дурсахдаа дуулмаар санагдаж байна. Та түүхч төдийгүй бас сайн орчуулагч байжээ. Таны орчуулгаар эртний өвгө дээдсийн зүрхний халуун айзмыг бид энэ яруу найргаас мэдэрч байна. Тиймээ! Ах минь явчихаад эргэж ирсэнгүй…Хүннүгийн залгамжлал Сяньби Улсын нэгэн аймгийн толгойлогч Мугонхүй эв эвдрэлцэн алсад салж одсон ахаа санагалзан дуулсан гэмшлийн энэ дуу гуниш гашуудлыг бидний үед байнга сануулан сэнхрүүлэхийн тулд уламжлагдан үлдсэн ажээ. Их түүхч Гүнжийн Сүхбаатар ах маань ч үүнийг чухам өөрөө орчуулсан нь учиртай буй заа. Эв зангиагаа үл тасалж, эх орныхоо тусгаар тогтнол, эгэл түмнийхээ хувь заяаны төлөө хатан зүрхнийхээ цохилт болгоныг зориулахын учир утгыг чухам энэ шүлгээр дамжуулан бидэнд учирласан юм байна шүү хэмэн бодогдном. Энгүй их энэ эрдэмтнийг дурсахад элэг зүрх минь шимширнэ. Тэр сайхан эрүүл чийрэг хүний зүрх тийм амархан зогсох байсан гэж үү? хэмээн харамсдаг байлаа. Амьдрал шимшрэлээр дүүрэн ажээ. Түүний зүрх ч эх орныхоо түүхийн шимшрэлээр дүүрэн байсан байх аа. Он цаг урсан өнгөрч, бүх юм улиран одлоо ч эх оронч эрдэмтэний зүрх сэтгэлийн халуун элч үл хөрмүй. Ах минь явчихаад эргэж ирсэнгүй. Гэвч та өөрийнхөө агуу их бүтээл туурвилуудыг бүгдийг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээжээ. Хорвоогийн жам ийм ажгуу.

Tuesday, October 28, 2008

The Moon over an Old Temple

From behind the temple the moon is ascending.
Buddha’s ancient aureole gleams on the shiny top.
From a bamboo flute a lonely tune flows suspiring:
Nostalgic linger of a melancholic, wagging heart!

Wild grass sprouts in the slit of the stairway stones
Along the road that leads to the golden-lit Buddha!
The image of Buddha is getting clearer and clearer.
The Living Buddha’s yard is hard to see in the starlight.

From behind the temple the moon is ascending.
Buddha’s suavely sieving evening twilight and
The grave, sad tune of the flute confer solace
To the pilgrims, who come from back of beyond!

Simple alcoves, old scrolls of painted characters!
It’s a heavenly renewed temple filled with mystery
The silhouettes reflect the people’s world in deep
Pondering to become like Buddha’s shiny heart!

Whatever you want, just show off looking at Buddha’s
Image, where the cross-legged Buddha sits abidingly.
Let the heavenly bamboo flute flow out its pneuma
While the moon from behind the temple is ascending!

English translation by Imre P. Zsoldos svd

Tuesday, August 26, 2008

My Gentle Lyric-在我柔情深處

在我柔情深處

我是蒙古遊牧民族的孩子。我們每每在黎明破曉時分遷移。小小的我總是坐在推車上的籃子裡,在駱駝勤奮的均勻步伐中,我欣喜地迎接著晨曦。或許這正是我日後寫詩的靈感節奏韻律。當我們到達了新營地, - 藍色起重機, 白色霧影, 層層的岩石、變化多端的小山,一切看來都那麼新奇。


那時,我父親會讓我坐在他腿上,把我環抱住,再拿著他的小琴,拉奏出一首悠長而清新的旋律-Dariganga Mongols的" Jaakhan Sharga"J,當圍繞著我的嘶鳴聲響起,山彷彿更加雄偉,水更加清澈,鳥的歌唱更加悅耳。我小小的身體也因而成了父親彈奏的樂器。我的詩歌跟著Morin Khuur 的旋律,橫跨過令人肅然起敬的草原。


遊牧民族的孩子喜歡在一種距離之外觀想事情。一個遊牧家庭,在海市蜃樓的幻景裡,沿著地平線緩緩移動,游牧孩子看見了,並且告訴母親。於是母親和我帶著一壺茶和滿盤子的乳塊和奶酪招待這些搬遷的遊牧人。他們因長途遷徙而饑渴,他們充滿了感激,在我的我童年裡我學到這些,我也因此了解到如何向那些仰賴大地生存、相互依靠的人類伸出溫暖的手。這些無疑都是我詩中養分的來源。
遊牧人家的爐床總是像世界的中心。Morin Khuur置放在祭壇邊,"長歌"播放著。拴住的馬在自己的崗位上嘶鳴,一隻年輕的駱駝在樁住邊低吼,風如長笛般在草地上演奏...。一個個傳奇在爐火邊燃起,北斗七星巨大的弧形壟罩著霧濛濛的蒙古包...


一股難言的力量,似乎從天而降,感動著我。又宛若一支柔和的曲調,由地面上升、漂浮向天堂。彷彿一個石人般,我獨自站立在草原中間,冥想著遊牧人的祖先長久以來的偉大歷史。石人不朽,將隨時間之旅與我們步入千年萬年...游牧生態表達的是一種精神。


游牧之旅啟程時顯得無精打采,然而,朝著天地交接處行進時,某種感動終究使漫長旅途興起不屈不撓的意念,那麼,又是什麼力量令人渴望了解那首"長歌"的真意,還有使人不知不覺陷入生活的柔情深處呢?

Invitation to a Mid Summer Month Poetry Festival

It wasn’t a painter who was invited to design a stage
It was the divination who decided the mid summer sun
To draw a curtain of red cheesecloth in the horizon,
Through the fancy clouds’ brocade-blue gaps

Steppe Blue Mountains would come, from far, riding pillion on a Horse-Fata Morgana
Like old men from neighborhood their horses mounting and dismounting, in turn
A herd of horses with its chestnut stallion would come, too, haunted by swallows over a narrow appliqué mountain ridge,
Testing their gait in spank and canter, in turn

Sounds of bridles’ harnesses from more than hundred riders
Producing jingle of jingle bells in the mid summer sky,
The God’s demeanour of the old men with Zurgaadai sticks
Who walk very carefully through the steppe in their vamped boots not to harm the flowers

And watching a twittering sparrow against the sun
Listening to the sound of a trotting horse’s hooves
Getting excited of the smallest virtue of nature
Why all this? Isn’t it, because everything fits into its own being and space?

On fancy stages before an audience of hundred thousand
I often happened to stand, cherished by the pouring rain of applause
O dear, why was I not hasty to lean against the backs of the old men with suntanned face
To recite my verbs of horse’s neigh melody to them?

O, my dear countryside being forced to distance from me as ancient caravan roads did
My heart’s lovely spot that, too, comes running toward me when I rush to it
And my father, always at peace, who left on the lead of a horse and cart
And my lovely mother looking over the pass with her eyes shaded for her son, and chaffing year by year


Mare’s milk turns fermented when a horse neighs in the steppe
Fire shimmers in the hearth when stars start to blink in the sky
Making colostrums-tea by making water and fire meet
In essence, doesn’t all existing come to being through their alliance in Substance’s Holy Globe?

As everything returns to its origin and everything leaves breaking in pieces
I, too, will depart dissolving in the steppe and leave dispersed in the air
But before this happens, from the fancy of the oasis that hosts the sun in its marrows
I want to see how Holy Yanjinlham of Poetry rises prominent

Touching the withers of barkhans (dunes) with their silk-blue tufts
Blue teapot like storks come heading to their pool
Their small dark bellies denuded, chubby boys come rushing over
Along with their little sparrows, almost flying

Everything is in its place fitting its nature
With silver ingot-mountains growing dim when one cries and flaring up when one sings
With calico-clouds fraying when one grieves and swaying when one smiles
Doesn’t the simplest decore of everything keep the immeasurable nature of everything?

I’ll ride levering the silver inlayed stirrups my cotoneaster whip in my hand
To the stage of my poetry - the flower-covered green mound
To the sky where vultures and eagles cool their wings flapping, forcefully
Somewhere over the roof of the auditorium – where it is so blue!

Monday, August 25, 2008

THE STORY OF A POET

Amidst the hot air stiffened with dust and standing in columns The exhausted sun was blushing feebly The victorious heroes in glittering helmets Were leaning on their tired horses with manes dangling down

The air was hot and stiff with dust. The exhausted sun had lost most of its red. Standing in columns, the victorious heroes in glittering helmets leaned on the limp manes of their tired horses.
His Highness Bogdo,s new Gher was ready. The sacred Emblem had already been enshrined. He suddenly had the ghost of an idea. Before he had even shaken off the dust from his long ride, His Highness issued a proclamation and sent out letters with the greatest of dispatch, inviting the stellar poets of his realm to assemble at his new residence without delay.
The wisest and most talented poets galloped through the passes of a hundred peaceful mountains, forded the shallows of thousands of clear rivers. On strong horses, with worn out and tender hooves, the poets arrived at His Highness,s new home.
Rows of shiny white ghers and generous meals awaited them. They were offered the best mutton, the best wine and airag. Maidens and servants ran to do their bidding. At the junction of three famous rivers, three hundred poets came together. They feasted for three months, hardly putting their goblets down, giving the sun no rest. But the stream of drinks eventually diminished, and the world,s greatest banquet came to an end.
Then His Highness Bogdo issued his Decree. Two hundred and seventy of the invited poets were given gold brocade and silk as a reward for their writing. With his Highness,s blessing, two hundred and seventy grateful poets started home. The ranks of those wearing deels were overcome with joy.


Edited to prose by Lyn Coffin

Tuesday, May 13, 2008

МОРИН ХУУРЫН ХАС ӨРГӨӨ ЗҮҮДЛЭХҮЙ ЦАГ ДОР



Монголын морин хуур дэлхийн чихийг дэлдийлгэж, хаа очсон газар болгондоо гайхагдан шагшигдаж байгааг мэдрэхэд омог барархал оргилно. Гадаадынхан одоо зөвхөн сонсогч байхаа хэдийнээ больжээ. Өөрийгөө Даваадондов гээд монголжуу нэрэлчихсэн Америк шар залуу монгол дээл өмсчихсөн гарч ирээд манай “Жонон хар”-ыг амилуулаад хүлгийн дэл дээр яваа юм шиг толгой ганхуулан цээж найгасхийж байна. Япон бүсгүй Макамура “Хэнтийн өндөр уул”-ыг хуурын аялгуунд чадамгай тоглож байна. “Түмэн агтын төвөргөөн-Токио” хамтлаг гээд зарлахад бас нэг юм бодогдож байна. Японд одоо ажиллаж байгаа морин хуурын сургалтын газар дөрвөн зуу гаруй бий гэж байна. Өвөр Монголын хуур урлаачид нэг түмэн морин хуурыг Японы зах зээл дээр борлуулжээ. Японоос ирсэн Өвөр Монголын Чи Булаг хуурчийн хүү Чи Бүргэд хэмээх залуу монголын цөлжилтийн сэдвээр морин хууранд зориулсан хөгжим зохиож өөрөө хуурдаад зүрх сэтгэл дотор элчилгүй шаргал говь, эрмэг сэрвэг өвс уйтгарт салхинаа эх газраасаа салж ядан сэрчигнэхийг нүднээ үзэгдэж сэтгэл сэмэртэл эгшиглүүлэв.
Дөнгөж сая Улаанбаатарт болсон Морин хуурын олон улсын наадам-симпозиумын үеэр л энэ мэтийг нүдээр үзэж чихээр сонслоо. Нэлээд хэдэн жилийн өмнө Японд болсон Азийн бага олимпийг морин хуураар нээж, Нобелийн шагналын ёслол ч морин хуур, уртын дуутай болж байна хэмээн сонссоноо ч эргэн санав. Дэлхийд алдартай Токиогийн “Орчард” танхим, НҮБ-ийн төв байр, Венийн филармонийн “Брамс” алтан танхимд морин хуур эгшиглэхдээ В.А. Моцарт, Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковскийг дуурсган гайхуулав.
Морин хуур нүүдэлч малчин айлын хоймороос төрийн хоймор хүртэл дуурсч, улмаар монголын нэрийн хуудас, бэлгэ тэмдэг, бидний омог бахархалын аялгуу болон дэргэдэх дэлхий даяхан дээрх тэнгэр хурмаст хүртэл цацран дурсах хувь тавилантай байжээ.
Морин хуурын ийм их амжилтанд хүрэх зам амар хялбар байгаагүй. Хорь дугаар зууны хоёр дахь хагаст морин хуур нүүдэлч малчдын ахуйн хэрэглээнээс арилж байв. Чухам ийм цаг үед монголын урлагийн зүтгэлтэнүүд, тухайлбал их хуурч Г.Жамьян гуай тэргүүтэн морин хуурыг урлагийн тайзнаа гаргаж, тив дэлхийд толилуулж эхэлсэн юм. Улмаар морин хуурын сургалт буй болгож Ц.Батчулуун тэргүүтэн гарамгай хуурчид төрсөн түүхтэй. Г.Жамьян гуайн хөшөөг алтаар босголтой. Ц.Батчулуун Морин хуурын чуулгыг нөхдийн хамт үүсгэн байгуулж арван таван жилийн дотор дэлхийн дэвжээнд шагшуулан гаргаж чадлаа. Монголын морин хуурын чуулга дэлхийн чихийг дэлдийлгэхэд манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, түүний дотор Н.Жанцанноров эрхэмийн гавъяа үлэмж болой. Чухамхүү Н.Жанцанноров, Ц.Батчулуун хоёрын нэгэн цаг үед тохиосон уран бүтээлийн андлал монголын морин хуурын хөгжлийн оргил үетэй давхцсан нь монголчууд бидний эрхэм хувь тавилан буй заа. Өөрийгөө хүлж цэнэдэг нөмрөгөө авч шидчихээд бидний эрин үеийн энэ их хоёр хүмүүний аугаа гавъяаг ам дүүрэн хэлчихэд судсаар нь монгол цус гүйж байгаа хэн боловч найз нараа магтлаа хэмээн атаа нисгэхгүй байхаа.
Монголын ард түмэн морин хуурыг бүтээж буй болгохдоо улалмжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнээ морин хуурандаа цогцлоожээ. Морин хуурын цар буюу лус савдгийн унаа хөлөг нь байгаль уул устайгаа шүтэлцэж, морин хуурын тэргүүн нь мөнх хөх огторгуйд нумын хөвчийн тавилтаар хязгааргүй дүүлж буй байдлаар тэнгэр шүтлэгтэйгээ нэгдэж, хүлгийн тэргүүн эх газар луу эргэн үүрсэж буй дүрслэл нь Майдар бурханы ирээдүй цагийн ногоон морийг бэлгэднэ.
Морин хуурын оршихуйн амин сүнс нь адууны сүүлэн чавхдасанд буй. Адууны сүүлээр хийсэн чавхдас л уул ус, өвс ургамал, хад чулуунд нойрсох байгалийн үл сонсогдох хөг аялгуутай хүүрнэн, нүднээ үл үзэгдэх лус савдаг газрын сахиустай ойлголцох буй заа. Тиймээс ч хуурын царыг монголчууд ширээр хийж байсан нь цаанаа ийм учиртай юм билээ. Адуу мал, тэнгэр хурмаст морин хуурын ийм байгаллаг зан чанарт илүү уярах ёстой болоод л манай ард түмэн адуу малынхаа арьс үсийг сонгосон байх. Дарьгангын Чансан хуурч түмэн адуун дотроос хамгийн сайхан янцгаадаг хүлгийг сонгож хуурынхаа чавхдасыг хийдэг, тэр нь ижилгүй сайхан дуутай болдог байсан хэмээн домоглон хэлэлцдэг нь ухаж бодууштай хууч болой. Морин хуурын чавхдасыг сатурк мэт нийлэг зүйлээр хийж, улмаар металл утас ч оруулж байгаа гэхийг сонсоод дээрхийг эргэн дурсахад хүрлээ. Ингэвэл морин хуур өөрийн төрөлх шинж чанараа алдана гэсэн үг. Тэгвэл түүнийгээ ямар хийл ч гэдэг юм, өөрөөр нэрлээд морин хуураас өрх тусгаарлах хэрэгтэй. Ер нь тайзны эрэлт шаардлагаар Оросын хийлийн мастер Денис Яровой хэмээх хүн морин хуурын өнөөгийн бүтэцийг эхэлж буй болгосон түүхтэй. Морин хуур хөгжмийнхөө оргил үед нэгэнт хүрч иржээ. Ц.Батчулуун, Ч.Батсайхан, Г.Идэрбат, И.Цогбадрах нарын дараачийн үеийг залгаж нэрт хуурч Пүрэвхүүгийн хүү Тэмүүжин, болон Р.Амарбаяр, Д.Шинэцог гээд чадварлаг хуурчид гараад ирлээ. Үнэнхээр бахархмаар шүү. Монголчуудын удмын санд морин хуурын чанад хөг аялгуу нь байсан цагт цагийг эзэлсэн хуурчид төрсөөр л байх юм байна.
Морин хуурынхаа хийц бүтэцийг үүнээс цааш “сайжруулах” гэж оролдох хэрэггүй л болов уу. Харин уламжлалт язгуур хуурынхаа тухай одоо л ярихгүй бол оройтох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд морин хуурыг дэмжин дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаснаас хойш албан газар, айл гэрт залах болоод морин хуур сурах талаар их л ахиц гарлаа. Гэхдээ нүүдэлчин малчин айлд тайзны мастер хуур байх нь тохиромжтой харагдахгүй байна. Иймд арьсан цартай, тавиухан аралтай язгуур морин хуураа хийж, нүүдэлч малчид уул ус, тэнгэр эрхисээ аргадаж, адуу малтайгаа хүүрнэж, ингэ ботгоо буйлуулж, ус булгаа тунгалагшуулж байгаасай. Морин хуурын царыг хийх арьс хийгээд адууны сүүл хялгасны шинж чанарт дахин нарийн судалгаа хийгээд морин хуураа язгуур чанараар нь улам сайн болгох боломж байгааг үгүйсгэхгүй байх. Ингэж морин хуурынхаа соёлын язгуур чанарыг хадгалж үлдэхгүй бол хийлтэй төрөлсөх цагт нь эргүүлэн авчирч чадахгүй болчихож мэдэх юм.
Саяын наадам, симпозиум сайхан болж өнгөрлөө. Их ч юм бодогдууллаа. Морин хуураараа бахархах ааг омогшил юуныг бадраахын хамт цаашид бодох юм байгааг ч сэрдхийн сануулллаа. Оюуныг дэмжигч санхүү бизнесийн байгууллагууд гараад ирж байгаа нь юутай сайн. “Монгол Шуудан” банк тэргүүтэй хорь шахам байгууллага морин хуурын наадмыг ивээн тэтгэжээ. Ингэж л дэм дэмэндээ, дээс эрчиндээ чангарах ёстой буй заа.
Монгол Улс одоо, морин хуурандаа нэг сайхан өргөө барьж өгөх цаг болчихжээ. Эртний нүүдэлчин өвөг маань эх нутгийнхаа чулуун элгэнд хас бэлгэдлээр хүрд мэт хурдалж яваа дөрвөн хүлгийн тэргүүнийг дүрсэлсэн нь морин хуураар хөглөгдсөн сэтгэлгээ юм байна хэмээн санагддаг билээ. Тийм нэгэн хас өргөөг төр улс барьж байгуулах шийдвэр гаргаад хөрөнгийн талыг нь ч бол шийдээд өгвөл хандивлан дэмжигчид хаа сайгүй гараад ирэх бололтой байна. Тэрхүү хас өргөөг хас чулуугаар урлаж хойморт нь морин хуураа алтаар бүтээж залсан ч хотойхгүй их алт эрдэнэтэй улс билээ, манай Монгол.
Морин хуур эгшиглэхэд айл гэрийн жавар үргэнэ гэдэг. Цаашлаад монголын амар амгаланг даллана. Тэгээд бүр дэлхийг тайтгаруулна.

2005.V.6

Г.МЭНД-ООЁО

ИКЕДА ГУАЙН МӨРӨӨДЛИЙН ХҮЛЭГ



Үг бол манай ертөнцийн оюун санааны биежсэн эрдэнэсийн талст юм. Үй олон тэрхүү эрдэнэлэг талст утгын бөмбөрцөг дотор эвсэн цогцолж хүмүүн төрөлхтөний гэгээрлийн хүлэг нь болдог ажгуу. Үгийн тэрхүү шидэт хүлгийг эзэгнэгчийн нэг нь гэвэл Дайсаку Икеда гуай мөнөөс мөн. Түүний үгс 2400 гаруй ном болж дэлхийн дөч гаруй хэл дээр орчуулагдан манай бөмбөрцөгийн номын өргөөнүүдэд заларч номын садангууд нь түүнтэй танил болжээ. Ерэн нэгэн онд Дайсаку Икеда гуай Чингиз Айтматов хоёрын ярилцлагыг уншсанаа санаж байна. Бурхан хийгээд чөтгөр хоёрын тэмцэлдээн мэт хуучин шинэ дахин сэлгэлт, эргүүлгийн үе буюу бидний хэллэгээр өөрчлөн байгуулалтын эхэнд тэр хоёр их хүмүүн уулзаж утга зохиол, улс төр хоёрын уулзвар хийгээд цаг үеийн зайлшгүй тэр нөхцөлд уран бүтээлч хүн ямар байр сууринд байх тухай, цаг үед оюун санаагаа хэрхэн хадгалж орших тухай ярилцсаныг уншиж билээ. Миний хувьд түүнтэй анхлан танилцсан минь тэр байх. Гэхдээ тэрбээр аль жар далаад онд дэлхийд танигдаж, “хүн төрөлхтөний хувьсгал” хэмээх цуврал туурь, дэлхийн гарамгай хүмүүстэй хийсэн ярилцлагууд, яруу найргийн бүтээлүүд нь хэдийн алдаршсан бөлгөө. Дэлхий дахинаар аялж явахдаа авсан гэрэл зургийн бүтээлүүд нь ч түүний дотоод ертөнцийн гоо сайхан хийгээд билгийн мэлмийнх нь толь болдог байна.
Икеда гуайн билгийн толинд хүрээгүй алс гялбаж туссан газар орон бол Монгол аж. Дөчөөд жилийн өмнө Сокагийн их сургууль байгуулах нөр их ажилтай байхад нь түүний их багш Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Тода бээр “Дайсаку хоюул энэ их ажлаа дуусгаад Монголын хээр талд очиж хурдан хүлгээр нэг эрх чөлөөтэй давхих юмсан” гэхэд залуу шавь нь “тэрхүү мөнх хөх тэнгэрийн доор зогсож байгаад багшдаа шүлгээ зориулахсан” хэмээн мөрөөдөж байсан гэдэг. Бараг мөрөөдөл болгондоо хүрсэн Икеда гуай одоо болтол монголын хээр тал нутагт очиж, тэр нэг сайхан шүлгээ зориулж амжаагүй яваа ч цэл залуугийн мөрөөдлийн жигүүр нь дэвэн дэвсээр буй ажээ. Тэрбээр Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Дэлхийн Яруу найрагчдын их хуралд оролцох бодолтой байсан ч цаг зав нь таараагүй. Харин маш сайхан урмын үг илгээж, “Хувь хүнийг ч бай, нийгмийг ч бай салган төөрөлдүүлж байгаа өнөө үед “яруу найргийн сэтгэл” л хүнийг хүнтэй холбох хүч, хүмүүнлэг сэтгэлийг тэжээх орон, амь амьдралыг гэрэлтүүлэх оюун ухааны талст болно” хэмээн бичиж билээ. Тэрхүү оюун ухааныг гэрэлтүүлэгч ордондоо намайг урьжээ.
Дайсаку Икеда гуайтай уулзахын өмнө би түүний оюун ертөнцийн замыг заагч XIII зууны Японы гүн ухаантан Ничирин гэгээнтэний “Цагаан лянхуа” сударыг барьж үзлээ. Буддын философийн нэгэн эх үндэс болсон эл судар номын гэгээн дор Дайсаку Икеда багшийн шүтэн бишрэгч арван хоёр сая хүн Японд буй ажээ. Ничирин Дайшин гэгээнтэн бээр хүмүүний оюун санааны гэгээрэлийг өөд татаж, хүчирхийлэлгүй энх амгалангаар сайн сайханд хүрэх буддын шашны номлолыг Японы аралд хүчтэй гарган ирж, Хувилайн довтолгооны эсрэг байсан ч түүний таван элчийг Камакура аралын хошуувчинд цаазалсныг эсэргүүцэн захидал бичиж байлаа. Ничирин гэгээний үзэл санааг дээдлэгч “Сока Гаккай” нийгэмлэгийг үндэслэгчийн нэг Японы нэрт сурган хүмүүжүүлэгч Цүнсабуро Макигучи, Жосей Тода нар дэлхийн хоёр дугаар дайны түрэмгий санааг эрс эсэргүүцэж засаг төрийн байр суурийн эсрэг байсны учир чийгт гяндангийн торын цаана сууж, Макигучи багш нь шоронд нас эцэслэж, Тода багштайгаа хоёулаа сургуулиа байгуулж, нийгэмлэгээ бэхжүүлж, хожим нь Тода багшийнхаа дурсгалд зориулж Дэлхийн Энх Тайвны Ордоноо байгуулжээ.
Дэлхийн Энх Тайвны Ордоны цахилгаан шатаар өгсөж, нүд ирмэхийн зуур хаалга цэлсхийн нээгдэх агшинд би бээр тэрхүү их хүмүүнтэй нүүр учирбай. Дайсаку Икеда гуай урт нарийн хонгилоор намайг замчлан алхсаар төдөлгүй хээр тал мэт уужимхан чөлөөнд гарч ирэхүйеэ нижигнэсэн алга ташилт, өнгөт цэцгийн баглаа угтав. Танхимд Японы өнцөг булан бүрээс ирсэн шүтэн биширэгчид нь цуглажээ. Бидний яриа чуулсан олны өмнө шууд л үргэлжиллээ. Дайсаку Икеда гуай
- Монголын нэрт соён гэгээрүүлэгч зохиолч Ч.Лодойдамба “Амьдралд бэлэн юм байхгүй. Цөмийг хүчилж, тэмцэж байж олж авдаг. Чухам үүнд л амьд явахын сайхан, амьдралын утга учир нь оршдог” гэж хэлсэн байдаг хэмээн үгээ эхэллээ. Энэ үгийг тэмцэгч залуус та бүхэнд зориулахыг хүсч байна. Та нар зөвшөөрч байна уу гэхэд танхим тиймээ хэмээн нирхийж байна. “Олон хүн нэгдсэн цагт юуг ч дийлж, юуг ч олж авч чаддаг юм. Залуучуудын нэгдмэл эвийг дийлэх хүч гэж байхгүй. Ялалтын эзэн болсон залуучууддаа баяр хүргэе” хэмээгээд спорт урлагийн од болсон залуусаа нэр цохоод ярилцаж байлаа. Тэд амжилтанд хүрэх урмын сайхан үгийг Икеда багшаасаа аваад оргилд хүрэх мөрөөдлийн жигүүр нь өдлөн дэлж байна даа хэмээн би бодож суув. Яриа үргэлжилсээр
- Хүний аж амьдрал, энх жаргал, нийгмийн хөгжил мандал, цаашлаад даян дэлхийн энх амгалан бүхэн нүгэл буян хийгээд сайн муугийн эцэс төгсгөлгүй тэмцлийн үр дүн бөгөөд үүний тулд ялалт байгуулахаас өөр зам бидэнд байхгүй. Энэхүү тэмцлийн цорын ганц зэвсэг бол үнэн үг юмаа. Тийм биз дээ хэмээн Икеда гуай над руу хандав.
- Тиймээ, сайн сайхан хийгээд өөдрөг зөв сэтгэл бол гэрэл гэгээ юм. Муу муухай хийгээд буруу сэтгэл бол сүүдэр харанхуй юм. Муу үгийн сүйтгэгч нүглийг сайн үгийн гэрэлт эрчимээр номхотгож болно. Буянт сайн үгийг дэлгэрүүлэх явдлаар л муу үгстэй тэмцэхээс өөр өргө байхгүй хэмээн би хэлэв.
- Монголд “Эрдэнэт биеийг аав ээж төрүүлнэ. Эрдэмт хүмүүн болохыг багш мэднэ”, “Шавийн эрдэм багшаас, зулын гэрэл тосноос” гэж ярьдаг. Багштай байна гэдэг юутай тулгатай, түшигтэй бас гэгээтэй билээ. Ерөнхийлөгч /намайг хэлж байна/ өөрийн орны яруу найрагч Явуухулан багшийгаа амьдралын болоод соёл, яруу найргийн их багш хэмээн хүндэтгэж, тэрхүү ачийг өдий болтол хариулсаар иржээ. Багшийг нь хар хэл ам дайрахад ч шавийн ёсоор багшийнхаа талд байжээ. 2006 онд Монгол улсад Дэлхийн Яруу найрагчдын их хурлыг амжилттай зохион байгуулсан үйлс нь багшийнхаа гэрээсийг биелүүлсэн явдал гэж ойлгож болох юмаа. Энэ хүнийг өөрийг нь бас хар буруу санаанаас үүдсэн хардлага сэрдлэг тойроогүй юм байна. Гэсэн хэдий ч хар муу санааны хардлагын хүчийг даван туулж сайн үгийн эрчимийг нийгэм болон дэлхийд түгээж ирсэн байна. Энэхүү багш шавийн агуу ялалтын хүчийг бид нар магтан дуулах ёстой биш үү... гэхэд танхимд “тиймээ” гэх үгс цуурайтаж, алга ташилт нижигнэж байв. Миний бие магтаалын энэ халуун үгэнд төөнүүлэн шатах мэт халуу дүүгэхийн хамт өчүүхэн миний амьдрал үйлсийн зурвасыг энэ их хүмүүн мэдэж, түүний тухай танхим дүүрэн зарлаж байхад гайхах, бахархах зэрэгцэн юу хэлэхээ мэдэхгүй сууж байлаа. Үүнийг Икеда гуай таасан мэт:
- Би таны эхээс төрөөд сургуульд сураад юу хийсэн бүгдийг чинь мэднэ шүү хэмээн наргиан болгоход танхим дахин нирхийж хүлэгдсэн биеийн чилээс тайлагдвай. Цааш нь
- Би ч гэсэн залуу наснаасаа эхлэн үнэн мөнийн төлөө тэмцсээр ирсэн. Бие маань муудаж, дэмийрэн халуурч байхдаа ч үзэг цаасаа нийлүүлсээр л байсны хүчинд эдүгээ хэвлүүлсэн ном 2400 гараад явж байна. Энэ бүхэн бол залуус та нартаа өвлүүлэн үлдээх оюуны өмч юм шүү... Залуус нэгэн дуугаар уухайлан, зарим нь бүүр нулимсаа барьж чадахгүй мэгшиж байлаа.
- Монголын яруу найрагч Б.Явуухулан
Сайхан бүсгүйн хөл гаслангуй модонд хүрэхэд
Салаа мөчир бүхэн нь цэцэглэн жимсэлдэг...
Бүсгүй хүн гэдэг гоо сайханы эх булаг учираас
Бүхий л сайхнаа өөртөө нууж байдаг
гэж дуулжээ. Өөрөөр хэлбэл энд буй бүсгүйчүүд та нарын тухай ярьж байгаа юм шүү дээ. Ерөнхийлөгчийн охины нэр Мөнхийн заяа. Нүдний өмнө харагдах цэнгэл жаргал биш, мөнхөд хүртэх тэр л аз заяаны тухай санаа. Өөрийнхөө төлөө бус аав ээж, ах дүү, найз нөхөд бүгдийн тусын тулд сайн сайхныг дэлгэрүүлэх утга. Зөв амьдралын үндэс нь зөв итгэл үнэмшил бөгөөд энэ нь бурханы ариун үзэл санаа юм...
Икеда гуай үргэлжлэн залуустайгаа ярилцаж байна. Танхим дотроос хэн нэгнийг цохож ярилцана. Тэгснээ
- Монголд очсон хүн байна уу? Хоёр бүсгүй нэг залуу босч байна.
- Тэгвэл монголоос сурсан алтан үгээсээ хэл дээ
- Танилтай хүн талын чинээ
Танилгүй хүн алгын чинээ гэж боссон охин монголоор хэлэв. Алга нижигнэв.
- Сайн байна. Чамайг шагнанаа. Би чамайг хэлээгүй бол монгол нөхдийнхөө өмнө нүүр улайх байлаа шүү. Би ч бас ийм алтан үг мэднээ.
“ЗОРИГ БҮХНИЙГ ЯЛНА”
Танхим дүүрэн алга ташилт нижигнэхэд Икеда гуай “зориг бүхнийг ялна” хэмээн үгээ давтаж, үүнээ тэдний зүрх сэтгэлийн гүнд лавтайяа шигтгэн суулгаж байвай. Икеда гуай залуусыг улам хатуужин зоригжуулахыг хүсчээ.
- Бага залуудаа Тода багшдаа уншиж өгч байсан Германы яруу найрагч Ширагийн “Морьтоны дуулал” шүлэг санаанд орлоо
Цэрэг эрс минь, алив мориндоо
Цээжээ дэлдээд, тулаанд эрслэн мордоо
Өрнүүн залуугийн ааг буцалж байхад
Өр зүрх цохилж байхад, зөвхөн урагшаа тэмүүл...
Танхимд мөн л алга ташилт, уухай. Яг энэ үед Икеда гуайн сэтгэлд шүлгийн мөрүүд орж ирэв бололтой
Хүн төрөлхтөн яг одоо тэнгэрийн хүлэгт мордоод
Хүчирхэг залуусын хурлан давхихыг хүлээж байна
Та нар залуусын орон болох Монголын чацуутантайгаа нэгдээд
Тал нутагт энхийн урь үнэний салхийг дарцаглуулаарай...

Даян дэлхийн энх амгалан хийгээд хүн төрөлхтөнийг соён гэгээрүүлэх үйлсийг манлайлагчийн нэгэн, бурхан шашны энэрэнгүй их үзэлтэн, гүн ухаантан их сэтгэгч, сурган хүмүүжүүлэгч, зохиолч, яруу найрагч Дайсаку Икеда гуайн “Тэнгэрийн хүлэг” хийгээд сэтгэлийн өглөгийн хариуд бид нэг ч болсон сайхан үг хэлэх ёстой байлаа.
- Таны мөрөөдлийн хүлэг монголын хээр тал нутагтаа байгаа. Эзэн Чингис хааны 800 жилийн тэртээх адуун сүргийн удам хонгор зүсмийн хурдан хязаалан үрээг танд бэлэглэж байна. Энэ хүлэг Чингис хааны мэндэлсэн Дэлүүн болдог хэмээх газарт дөрвөн хөлөө гишгэж мэндэлсэн юм. Алдарт уяач, яруу найрагч сэтгүүлч Д.Дамбадаржаагийн адуун сүрэгт байгаа шүү. Та монголд очиж өөрийн мөрөөдлийн хүлгийг эмээлээрэй хэмээхэд Икеда гуай өөрийн хүлэгтээ “энхийн жигүүр” хэмээн нэр хайрлавай.
Тиймээ таны хүлэг хийгээд сайн үгс энх амгалан үйлсийн тань бэлэг тэмдэг болон Монголын хээр талд жигүүрлэвэй. Аливаа бүхэнд бэлгэ дэмбэрэлийг боддог монгол хүний хувьд эрхэм хүндэт Дайсаку Икеда гуайтай золгосон өдөр Юрий Гагарины сансарт дүүлсэн 4-р сарын 12-нд тохиосонд бэлгэшэээвэй. Монгол хүн үлгэр домогтоо жигүүрт морины тухай дуулж, хүсэл мөрөөдөл рүүгээ нисдэг байсан бөгөөд XX зууны Монголын сод яруу найрагч Б.Явуухулан багш “Яруу найраг бол ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн бичсэн юм. Монголчууд морин хуур хөгжмөө хүлэг морины сүүлээр чавдаслаж, хурдан мориныхоо тэргүүнийг дээр нь залж хязгааргүй сансар огторгуйд дүүлэн нисч буй тэнгэрийн хүлэг болгон бүтээсэн юм.
Тйимээ мөрөөдлийн хүлэг монголын хээр талд үүрсэн байгаа. Хүлэглэн давхигтун, Икеда гуай!

2008.04.12 Токио